Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2017/02313

 

 

     
     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  . . . . . . . байрлах О.Т ХХК /РД: . . . . . . ./-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  . . . . . . . . . байрлах М.З.К ХХК /РД: . . . . .. /-т холбогдох

6 859 549 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, хариуцагчийн төлөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани М.З ХХК-тай 2015 онооос эхлэн хамтран ажиллаж байна. Энэ хугацаанд манай компани гэрээний дагуу эрүүл ахуйн чанарын шарадлага хангасан бараа бүтээгдэхүүнийг тогтмол нийлүүлж ирсэн. Гэвч М.З.К ХХКнь авсан бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоон өгөлгүй удааж манай компаний үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна. Төлбөрөө барагдуулахыг шаардаж удаа дараа албан бичиг хүргүүлж байсан. Тус компани нь 2017 оны 4 сарын 14-ний өдөр манайд хандаж 1004/21 тоот албан бичиг ирүүлэн импортын бараа өгч төлбөрөө төлнө гэж санал ирүүлсэн боловч уг бараанууд зах зээлийн үнээс хэт өндөр үнэлсэн байсан тул манайх саналыг хүлээж аваагүй. Иймд бараа бүтээгдэхүүний үнэ 6 859 549 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Ц шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Харилцагч байгууллага болох О.Т ХХК-ийн нэхэмжилсэн үнийн дүнтэй танилцаж санхүүгийн албанаас тооцоо нийлж эцсийн төлөх дүнгээр харилцан тохиролцож төлөх хүсэлтэй байна.

            ... Нягтлан бодогоос тооцоо хийсэн 6 183 112.39 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Манай компаниас 2018 оны 3 сараас эхлэн уг төлбөрийг төлөх саналтай байна. Одоогоор төлөх ямар ч боломжгүй байгаа юм гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Т ХХК хариуцагч М.З.К ХХК-иас нийлүүлсэн барааны төлбөр 6 859 549 төгрөгийг гаргуулахыг хүсэж байх бөгөөд шүүх хуралдааны шатанд зохигч тооцоо нийлж 6 183 11.39 төгрөгийг нэхэмжилж, үлдэх шаардлагаас татгалзаж байна, хариуцагч үнийг төлөхийг зөвшөөрсөн ч 2018 оны 3 сараас төлөх хүсэлтэй байна гэжээ.

Зохигчийн хооронд 2015 оноос харилцан тохиролцож бараа материалыг худалдан авагч М.З.К ХХК-д хүлээлгэн өгч, түүний үнийг төлөх үүрэг хүлээн, тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн төлж байснаар тэдний хооронд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийг байгуулж, улмаар мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хэрэгт байхгүй ч зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан О.Т  ХХК-ийн зарлагын баримт, санхүүгийн төлбөрийн баримтууд /хх 5-20-р хуудас/-ыг үндэслэн худалдан авагч М.З ХХК дээрх бараа материалыг төлбөрийг төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч М.З.К ХХК-ний захирал шүүх хуралдаанд талуудын хооронд тооцоо нийлсэн дүнг хүлээн зөвшөөрч байх боловч төлөх хугацаан хувьд зөвшөөрөхгүй гэж байгаа ч үүрэг гүйцэтгүүлэгч болох О.Т  ХХК үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул шүүхээс энэ хугацааг тогтоох боломжгүй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдсан тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.З ХХК-иас 6 183 112.39 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Т  ХХК-д олгож, нэхэмжлэгч 676 436,61 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталсугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124 710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.З ХХК-иас 113 880 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ                               Ц.УРАНГУА