Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2017/ШЦТ/213

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа, Улсын яллагч Э.Гантулга, Шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.*******д холбогдох эрүүгийн тоот хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* *******, регистрийн дугаар /*******/

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.******* нь 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “” ХХК-ны хашаанд иргэн *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Ц.*******гийн хэрэг бүртгэлт болон шүүх хуралдааны шатанд өгсөн: 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр би “”-ын хашаанд хөзөр тоглож байгаа хүмүүсийн хажууд нь хараад зогсож байгаад Баянзүрх гэдэг хүн сугны үс минь нэг мод хийлгэчихгүй гэсэн, тэгтэл тэндээс Баатарсайхан юу солиороод байгаа пизда вэ гээд миний ар талд хүрээд ирсэн, тэгээд би эргэж хараад араас цохих гэж байна гэж бодоод нүүр лүү нь гараараа түлчихсэн юм. Тэгтэл ******* намайг өшиглөхөөр нь би зөрүүлээд түүний хөл рүү өшиглөсөн. Тэгээд барилцаж авсан. Тэгээд удалгүй бид хоёр хоёр тийшээ болсон гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/

Хохирогч *******ы хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр би “” хашаанд бөөгнөрөөд хөзөр тоглож байхаар нь Ц.******* бид хоёр тэр хүмүүс хоёр талд нь хараад зогсож байсан чинь Ц.******* намайг муу суганы үс минь хүний муу үзсэн хүн өөдөлдөггүй юм гэхээр нь би чи чинь ямар сонин юм ярьдаг залуу вэ гээд урдаас нь алхсан чинь Ц.******* гараараа миний баруун талын нүд рүү цохисон, тэгээд би гараараа нүүрээ дарсан чинь нүднээс цус гарсан. Тэгээд тонгойсон чинь араас нуруу руу өшиглөөд зодсон, хамт байсан Батбаяр гэдэг залуу бид хоёрыг ирж салгасан. Урьд өдөр нь Ц.******* бид хоёр хөзөр тоглож байгаад салсан. Бид хоёр хэрэгдэж, маргалдаагүй. Би эмнэлэгт үзүүлэх үедээ Ц.******* бид 2 цуг явж үзүүлсэн ба надад 300.000 төгрөг өгсөн. Би эмнэлэгт хэвтэж эмчлүүлээгүй гэх мэдүүлэг /хх-ийн 18-20-р хуудас/

Гэрч хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “Би Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9-р багийн нутаг байдаг “”-ын хашаанд зурагт засварын газар ажиллуулдаг юм. 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ажлын байрандаа юм хийж байгаад цонхоороо харсан чинь Ц.******* гэх хүн нэг хүнийг доогуураа өшиглөөд дээгүүр нь цохиж байгаа харагадсан, тэгээд би очсон чинь Ц.******* гэх хүн мөрөн дээрээс нь барчихсан нуруу руу нь гараараа цохиж байхаар нь би очоод юу болж байгаа юм бэ гээд босгоод ирсэн чинь Баатарсайханы нүднээс нь жаахан цус гарчихсан, нүд нь улаан болчихсон байсан. Тэгээд би салгаад та нар чинь яаж байгаа юм бэ гэсэн чинь ******* нь наадах чинь тоглож байгаад уурлаад над руу дайрсан гэж надад хэлсэн, тэгэхээр нь би чи дайрлаа гэж хүний нүд рүү ингэж цохиод байхдаа яахав дээ гэж хэлсэн. Тэгээд Ц.******* яваад өгсөн гэх мэдүүлэг /х.хийн 21-22-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 456 дугаартай: *******ы биед баруун нүдний алимны битүү гэмтэл, салстын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шүүхийн эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн учирсан үедээ болон цаашид амь насанд аюулгүй болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэхийг баруун нүдний хараа бүрэн тогтворжсон үед харааны бууралтаар тогтоох боломжтой болно гэх дүгнэлт /хх-ийн 27-28/

- Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 3-4/ - *******, Ц.******* нарын эвлэрсэн тухай хэлцэл /хх-ийн 9/ -Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулах тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 10- 15/ -Ц.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Баянхонгор сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-н 42-44/ -Ц.******* нь хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 54/ -Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлах тухай прокурорын тогтоол/хх-ийн 55/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв. Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм. Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянхонгор аймгийн прокурорын газраас Ц.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Иймд шүүгдэгч Ц.*******гийн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ц.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, уг гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Болор мэлмий эмнэлгийн дэвтэр, амбулатороор эмчлүүлэгчийн карт байна. Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, хохирогчтой эвлэрсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгчийн эзэмшлийн зурагтын тоон системд хувиргагч төхөөрөмжийг битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдсан Болор мэлмий эмнэлгийн дэвтэр, амбулатороор эмчлүүлэгчийн картыг хохирогчид буцаан олгох нь зүйтэй байна.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгонТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг хоёр сарын хугацаанд тэнцүү хуваан хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас хохирогчийн хохиролд 450000 төгрөг төлөхөөр эвлэрсэн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******гийн эзэмшлийн зурагтын тоон системд хувиргагч төхөөрөмж битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдсан Болор мэлмий дэвтэр, амбулатороор эмчлүүлэгчийн картыг хохирогчид буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.*******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ