Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 212

 

Б.Б-, Ж.Ц- нарт холбогдох

     эрүүгийн хэргийн тухай    

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч М.Алдар, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Мөнхцэцэг,

шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Б.Тэнгис,

шүүгдэгч Ж.Ц-ын өмгөөлөгч Ц.Дарьжав,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

          Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч П.Туяат, Б.Батболор нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 8 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Ж.Ц-, түүний өмгөөлөгч Ц.Дарьжав нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Б-, Ж.Ц- нарт холбогдох эрүүгийн 1810000370086 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

          1. Боржигин овгийн Ж.Ц-, 1998 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, автомашины засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

          2. Үертийн боржгон овгийн Б.Б-, 1998 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Завхан аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянгол дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

          Б.Б-, Ж.Ц- нар бүлэглэн:

          1. 2017 оны 12 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө 02 цагийн үед, иргэн Ш.Мөнхбатыг 30-26 АРХ улсын дугаартай, “Nissan Sunny” загварын автомашинтай таксинд явж байхад нь үйлчлүүлж, Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт аваачин хоолойг нь боож, “Samsung S5” загварын гар утас, бэлэн 116.000 төгрөг, түрийвч, банкны карт, автомашины түлхүүр зэргийг дээрэмдэж, 340.300 төгрөгийн хохирол учруулсан,

          2. 2017 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө иргэн Х.Дондогдоржийг 12-07 ӨВА улсын дугаартай, “Toyota Prius 10” загварын автомашинтай таксинд явж байхад нь үйлчлүүлж, Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт аваачин хоолойг нь боож, зодон “Samsung S7” загварын гар утас, автомашины бичиг баримт, түлхүүр, банкны карт, түрийвч, иргэний үнэмлэх зэргийг дээрэмдэж, 706.500 төгрөгийн хохирол учруулсан,

          3. 2017 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө иргэн М.Батпүрэвийг 56-97 УБК улсын дугаартай, “Nissan Tiida” загварын автомашинтай таксинд явж байхад нь үйлчлүүлж, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 16 дугаар гудамжинд аваачин хоолойг нь боож, зодон “HTC” загварын гар утас, бэлэн 7000 төгрөг, автомашин зэргийг дээрэмдэж, 4.555.000 төгрөгийн хохирол учруулсан,

          4. 2017 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө иргэн Н.Мөнхтулгыг 08-10 УВХ улсын дугаартай, “Toyota Prius 20” загварын автомашинтай таксинд явж байхад нь үйлчлүүлж, Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт аваачин хоолойг нь боож, зодон “Samsung J5” загварын гар утас, “MP5” тоглуулагч, дугуй хийлэгч, банкны карт, автомашин зэргийг дээрэмдэж, 8.040.000 төгрөгийн хохирол учруулсан,

          5. 2017 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө иргэн Э.Батбилэгийг 57-92 УНК улсын дугаартай, “Toyota Prius 20” загварын автомашинтай таксинд явж байхад нь үйлчлүүлж, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 19-272а тоот хашааны ойролцоо аваачин хоолойг нь цүнхний оосроор боож, хэвлийн тус газар нь хутгалж, “IPhone 5” загварын гар утас, бэлэн 300.000 төгрөг, автомашин зэргийг дээрэмдэж, 9.530.000 төгрөгийн хохирол учруулсан, бусдад нийт 23.171.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ж.Ц-, Б.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.           

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ж.Ц-, Б.Б- нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар тус бүрийг 6 жилийн хорих ялаар шийтгэж, оногдуулсан ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Ж.Ц-ын цагдан хоригдсон 23 хоног, Б.Б-ын цагдан хоригдсон 31 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг устгаж, Ж.Ц-, Б.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Ц- гаргасан давж заалдах гомдолдоо: “...би компьютер тоглоомонд донтож, дэмийрэл оноштойгоор эмнэлэгт удаан хугацаанд хэвтэж байсан. Б- надад хэргийн тухай ярихад нь би кино, тоглоомны дүрд тоглох мэтээр хүлээн авч, хамт явж байсандаа гэмшиж байна. Сэтгэцийн эмнэлэг намайг эдгэрсэн гэж үзээд, шүүхээр ял шийтгүүлсэн боловч би цагдан хоригдож байх хугацаандаа дахин нойргүй болж, зовж шаналж, эмнэлэгт хэвтсэн. Би өдөр, шөнөгүй тоглоомонд донтон буруу амьдарч, хүмүүст халдан хохирол учруулсандаа гэмшиж байна. Хохирогч нараас уучлалт гуйж, хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Иймээс миний эрүүл мэндийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг багасгаж, ял эдлэх дэглэмийг бууруулж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Ж.Ц-ын өмгөөлөгч Ц.Дарьжав давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

1. Ж.Ц-ын сэтгэцийн байдлыг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд дэх үндэслэл муутай, гүйцэд биш асуудлууд нь шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулснаар шийдэгдээгүй. Тухайлбал:

2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 663 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 1 дэх хэсэгт “Ц-ын сэтгэцэд гаргасан өмнөх дүгнэлт үндэслэлтэй бүрэн гүйцэд байна”, 7 дахь хэсэгт “Ц- нь одоо үнэн зөв мэдүүлэг өгч, хэрэг хариуцах чадвартай байна” гэсэн атлаа өмнөх дүгнэлтэд “Ц- урьд нь хэрэг хариуцах чадвартай байна” гэж дурьдсан нь үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөөгүй байна.

Мөн 3 дахь хэсэгт “Тус эмнэлгийн эмч Ерөөлтийн эмнэлгээс өвчтөн илгээх хуудаст дурьдагдсан хий үзэгдэлт дэмийрлийн хам шинж нь тухайн үеийн сэтгэцийн байдлыг харуулсан статус буюу сэтгэцийн байдал юм” гэсэн атлаа Ж.Ц-ын сэтгэцийн энэхүү байдал нь хэзээ бий болсон болон хэрэг хариуцах чадварт нөлөөлөх эсэх зэрэгт огт үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна.

Эмч Ерөөлтийн эмнэлгээс өвчтөн илгээх хуудасны “хийгдсэн эмчилгээ” хэсэгт “солиорлын эсрэг” гэж дурьдагдсанаас үзвэл Ж.Ц-ын “солиорол” өвчнийг эмчилсэн гэж ойлгогдож байхад 663 дугаартай дүгнэлтэд “Солиорол” өвчний талаар огт дурьдаагүй төдийгүй “хөнгөн” хэлбэрийн сэтгэл гутралыг хэвтэж эмчлүүлсэн агуулгатай байгаа нь зөрчилтэй, ойлгомжгүй байдлыг бий болгосон.

Түүнчлэн 4 дэх хэсэгт “Хөнгөн сэтгэл гутрал нь сэтгэцийн өвчин хараахан биш” гэснээс үзвэл тус эмнэлгийн түргэн тусламжийн эмч дуудлагаар очоод сэтгэцийн өвчтэй биш хүнийг авч явдаг, эмч нар сэтгэцийн өвчтэй биш хүнийг эмнэлэгт 2-3 удаа хэвтүүлж, 50-60 хоногоор эмчилдэг, хяналтанд оруулдаг болж таарч байна.

Ж.Ц- 2 дахь удаагаа уг эмнэлэгт дээрх оношоор хэвтэж эмчлүүлсэн ба 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн өвчний түүхэд эмчийн хэд хэдэн удаагийн үзлэгээр “хий үзэгдэлт, дэмийрэл, солиорол” гэх онош үзэх бүртээ бичиж, эмчилгээ заасан хэсэгт нойрсуулах эм байнга уулгахаар “онцгой анхаарах” гэсэн заалт тогтмол бичсэн байгаагаас үзвэл Ц-ын өвчний онош, эмчилгээ нь шинжээчийн дүгнэлттэй зөрчилдөж эргэлзээг бий болгож байдаг.

Шинжээч Д.Ганзоригийн анхан шатны шүүх хуралдаанд өмнөх шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болон гүйцэд биш байдлыг тодорхой болгоогүй, өвчний түүхэд бичигдсэн онош, эмчилгээ шинжээчийн дүгнэлттэй зөрөх боломжгүй талаар мэдүүлж, Ж.Ц- эмчлэгдээд эмнэлгээс гарсан тохиолдолд хяналтанд байж зөвлөгөө авч байх шаардлагатайг болон сэтгэцийн байдал нь даамжирвал дахин сэдэрнэ гэсэн нь Ж.Ц- хорих газарт ял эдлэх боломж муутай хэмээн ойлгогдож байна. Энэ нь сэтгэцийн шинжээчийн дүгнэлтүүдийг нэг мөр болгох шаардлагатайг харуулна.

2. Ж.Ц- хорих 461 дүгээр ангид хоригдсоны дараа дахин нойргүйдэлд орж, сэтгэцийн эмгэг сэдэрч тус ангийн эмнэлэгт хэвтсэн боловч сэтгэцийн эмчийн үзлэг шинжилгээ, эмчилгээ хийлгэх боломжгүй, сэтгэцийн эмчийн жор бүхий эмийг оруулж өгөхөд үзлэг шинжилгээ хийгдээгүй гэх шалтгаанаар хэрэглүүлэхгүй өвчний байдал хүндэрч байна.

Ж.Ц- нь зүрхний булчингийн сулрал өвчтэйн улмаас цусан хангамж дутагдаж нүүр царай хөхрөн муурч унах, агааргүйдэн зүрхний хэм алдагдах зэрэг байдал бий болж, өвдөх зовиургүй боловч зүрх зогсох магадлалтайг онцгой анхаарах асуудал болоод байна.

Иймд Ж.Ц-ын сэтгэцийн байдлыг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүдийн үндэслэл, бүрэн гүйцэд эсэх асуудалд хууль зүйн дүгнэлт өгөхийн зэрэгцээ түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ял, ял эдлэх дэглэм нөхцлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Б.Б- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, нэр бүхий 5 хохирогч нараас гомдол саналгүй болсон тухайгаа илэрхийлсэн тул эдгээр нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсье...” гэв.

Прокурор Д.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Б.Б-, Ж.Ц- нар бүлэглэн 5 удаагийн үйлдлээр, 2017 оны 12 дугаар сарын 8-наас 23-ны өдрийн хооронд Баянзүрх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хувиараа такси үйлчилгээ эрхэлж байсан иргэн Ш.Мөнхбат, Х.Дондогдорж, М.Батпүрэв, Н.Мөнхтулга, Э.Батбилэг нарын хоолойг боож зодон, тэдний дотор Э.Батбилэгийн хэвлийн тус газарт хутгалж, гар утас, бэлэн мөнгө, банкны карт, бичиг баримт, дагалдах хэрэгсэл, автомашин зэргийг тус тус дээрэмдэн авч нийт 23.171.800 төгрөгийн хохирол учруулсан, ийнхүү хүч хэрэглэх явцдаа М.Батпүрэв, Н.Мөнхтулга, Э.Батбилэг нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

Хохирогч Ш.Мөнхбат нь “...2017 оны 12 дугаар сарын 9-ний шөнө 30-26 АРХ улсын дугаартай, “Nissan Sunny” загварын автомашинаар такси үйлчилгээнд явахдаа... Парадоксын автобусны буудлаас 2 эрэгтэй хүн авсан... Өгөөмөр захын ар талын гэр хорооллын гудамж руу орсон ... ард сууж явсан хүн гараараа миний хоолойг боох үед хажууд сууж явсан хүн намайг зодсон ... нэг сэрэхэд миний “Samsung S5” загварын гар утас, бэлэн 116.000 төгрөг, түрийвч, банкны карт, автомашины түлхүүр зэрэг алдагдсан байсан...” /1хх-ийн 221-222, 2хх-ийн 225, 3хх-ийн 26-27/ гэж,

хохирогч Х.Дондогдорж нь “...2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 04 цагийн үед, 12-07 ӨВА улсын дугаартай, “Toyota Prius 10” загварын автомашинтай такси үйлчилгээнд явахдаа ... “Enjoy” баарны дэргэдэх автобусны буудлаас 26 орчим насны 2 эрэгтэй хүнийг авсан... Өгөөмөр захын ар талын гэр хорооллын гудамж руу орсон... тэгтэл хойно сууж байсан залуу араас боож, хажууд сууж байсан залуу нүүр нүдгүй зодож эхэлсэн. Би ухаан алдсан ба нэг сэрэхэд ... миний автомашины түлхүүр, “Samsung S7” загварын гар утас, түрийвч, бэлэн 50.000 төгрөг, бичиг баримт зэрэг алдагдсан байсан...” /2хх-ийн 34, 235-236, 3хх-ийн 30-31/ гэж,

хохирогч М.Батпүрэв нь “...2017 оны 12 дугаар сарын 17-ны шөнө 02 цагийн үед, 56-97 УБК улсын дугаартай, “Nissan Tiida” загварын автомашинтай такси үйлчилгээнд явахдаа... Парадоксын автобусны буудлаас 2 танихгүй залууг авсан... Нисэхийн эцсээс хойшоо гэр хорооллын гудамж руу орсон... хойд талын суудал дээр сууж байсан залуу миний хоолойг уяа мэт зүйлээр боосон, хажууд сууж байсан залуу миний толгой нүүр, хацар, дух, хамар луу цохиод хамраас цус гаргасан... намайг эсэргүүцэхэд “Чамайг хутгална шүү” гэж заналхийлээд эд зүйл онгичиж эхэлсэн... нэг сэрэхэд гадаа хэвтэж байсан ба тэр 2 залуу миний “HTC” загварын гар утас, бэлэн 7000 төгрөг, автомашин зэргийг аваад явсан байсан...” /1хх-ийн 109-112, 2хх-ийн 239/ гэж,

хохирогч Н.Мөнхтулга нь “...2017 оны 12 дугаар сарын 17-ны орой 08-10 УВХ улсын дугаартай “Toyota Prius 20” загварын автомашинаар такси үйлчилгээнд явахдаа 2 залууг суулгасан... Өгөөмөр захын ар талын гэр хорооллын гудамж руу орсон... тэгтэл хойно сууж байсан залуу араас боосон, хажууд сууж байсан залуу миний нүүр, ам руу цохиод, куртикний халааснаас “Samsung J5” загварын гар утас, бэлэн 10.000 төгрөг, бичиг баримт зэргийг авсан... би ноцолдож байгаад автомашинаас буухад миний автомашиныг аваад зугтаасан...” /2хх-ийн 90-92, 230, 3хх-ийн 34-35/ гэж,

хохирогч Э.Батбилэг нь “...2017 оны 12 дугаар сарын 22-ны шөнө 03 цагийн үед, 57-92 УНК улсын дугаартай, “Toyota Prius 20” загварын автомашинаар такси үйлчилгээнд явахдаа 2 залууг суулгасан... Нисэхийн эцсээс хойшоо гэр хорооллын гудамж руу орсон... тэгтэл хойно сууж байсан залуу уяагаар хоолой боосон, би боолгохгүй гээд эсэргүүцтэл урд сууж байсан залуу нь хутга тулгасан... нэг сэрэхэд гадаа байсан ба миний автомашин, халаасанд байсан “IPhone 5” загварын гар утас, бэлэн 300.000 төгрөг зэргийг аваад явсан, миний гэдэс рүү хутгалсан байсан...” /1хх-ийн 22-23, 2хх-ийн 237, 3хх-ийн 39-40/ гэж тухайн газар, цаг хугацаанд болсон үйл явдал, эрүүл мэнд, эд хөрөнгөд халдсан этгээдүүдийн үйлдэл оролцоо, алдагдсан эд зүйлийнхээ шинж онцлогийн талаар /хх-ийн 16/ тодорхой мэдүүлсэн байх бөгөөд тэдний мэдүүлэг нь:

гэрч Ж.Ариунтуул /1хх-ийн 117-119/, Д.Баттулга /2хх-ийн 233-234/, Д.Батцэнгэл /1хх-ийн 28-29/ нарын мэдүүлгүүд, хэргийн газар, тээврийн хэрэгсэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 6-19, 97-106, 128, 213-214, 2хх-ийн 27, 66-79, 80-86/, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 1 ширхэг хутгыг хураан авч, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /2хх-ийн 224/, хохирогч М.Батпүрэв, Н.Мөнхтулга, Э.Батбилэг нарын эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүх эмнэлгийн шинжээчийн 311, 345, 565 дугаартай дүгнэлтүүд /1хх-ийн 41, 131, 2хх-ийн 131/, алдагдсан эд хөрөнгийн үнэлгээ /1хх-ийн 245, 2хх-ийн 42, 98, 3хх-ийн 44, 50-52, 61, 66, 68/ зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдсон, хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлжээ.

Хохирогч нарын өгсөн мэдүүлэг нэгэн адил утгатай байх бөгөөд эдгээр нь шүүгдэгч Б.Б-, Ж.Ц- нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэм буруугийн талаар мэдүүлсэн /1хх-ийн 30-34, 69-70, 150-151, 223-225, 2хх-ийн 35-38, 61, 112-116, 224/ мэдүүлгүүдтэй зөрчилдөхгүй байна.

Өөрөөр хэлбэл, Б.Б-, Ж.Ц- нар шөнийн цагаар хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг иргэдийн автомашинд суун хотоос зайдуу, олны нүднээс далд газарт хүргүүлэн улмаар эд хөрөнгийг нь авах зорилгоор хүч хэрэглэн довтлохдоо, Б.Б- автомашины арын суудлаас жолоочийн хоолойг гараараа болон уяагаар боож эсэргүүцэл үзүүлэх чадваргүй болгож, Ж.Ц- урд суудлаас жолоочийг зодож, ухаан алдуулаад, улмаар эд хөрөнгийг нь авах байдлаар хамтран оролцжээ.

Эрүүгийн хуулийн Арван Нэгдүгээр бүлэгт “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”, Арван Долдугаар бүлэгт “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-ийн шинж, онцлог түүнийг тодорхойлж буй нөхцлийн бүрдэл зэргийг тус тус тогтоон хуульчилсан ба энэ хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Батпүрэв, Н.Мөнхтулга, Э.Батбилэг нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байхад мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Б-, Ж.Ц- нарын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгалгүй орхигдуулж, прокуророос зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь учир дутагдалтай болжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн “хүч хэрэглэж” гэх шинжид бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу өөр гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хамааруулан ойлгохгүй юм.

Гэвч шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад буюу 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа нэгэнт өнгөрсөн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцүүлэн хэргийг эцэслэн шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.Ц-ын өмгөөлөгч Ц.Дарьжав давж заалдсан гомдолдоо: “...Ж.Ц-ын сэтгэцийн байдлыг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд үндэслэл муутай, гүйцэд биш гарсан тул дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай...” хэмээн маргажээ.

Хэргийн материалаас судлахад, Ж.Ц- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр “Компьютер тоглоомын хэтрүүлэн хэрэглээ”, 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдөр “Хий үзэгдэлт дэмийрлийн хам шинж” гэсэн оноштойгоор Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд тодорхой хугацаанд хэвтэн эмчлүүлсэн болох нь түүний өвчний түүхийн хуулбар /2хх-ийн 183-192, 3хх-ийн 175-183/-аар нотлогдож байна.

          Ж.Ц-ын сэтгэцийн байдалд хийсэн үзлэгийн үр дүн, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд анх хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх зэрэгт үндэслэн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 244 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 237-239/ гарсан байх бөгөөд уг дүгнэлтээр түүнийг үнэн зөв мэдүүлэг өгөх, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартайн гадна, гэмт хэрэг үйлдэгдэх үед өөрийн үйлдлийг ухамсарлан жолоодох чадвартай байсныг тогтоожээ.

          Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад, өмгөөлөгч Ц.Дарьжаваас нэмэлт шинжилгээ хийлгүүлэх хүсэлт гаргасны дагуу 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдөр 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 663 дугаартай дүгнэлт гарсан ба уг дүгнэлтэд “...244 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, бүрэн гүйцэд байна. Ж.Ц- нь “Компьютер Мания” гэх өвчний оношоор анх эмнэлэгт хэвтсэн. Энэ нь “Бусад зуршилт ба импульсив” эмгэгт багтах магадлалтай бөгөөд дангаараа ийм онош байхгүй. Энэхүү эмгэг нь гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө бий болсон байна. “Хий үзэгдэлт дэмийрлийн хам шинж” нь тухайн үеийн сэтгэцийн байдлыг харуулсан статус юм. Ж.Ц- тус эмнэлэгт 2 дахь удаагаа хэвтэн эмчлүүлэхдээ хөнгөн сэтгэл гутралын байдал илэрч байсан. Энэ нь сэтгэцийн өвчин хараахан биш бөгөөд тухайн үеийн сэтгэцийн байдал юм. Энэ сэтгэцийн байдал нь хэрэг үйлдэгдэхээс хойш үүссэн байх боломжтой. Ж.Ц-т илрэх “Компьютер тоглоомын хэтрүүлэн хэрэглээ” болон “Гэмтлийн дараах дарамтат эмгэг” нь одоогоор эдгэрсэн болно. Дээрх өвчнүүд нь гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлөхгүй. Тэрээр одоо үнэн зөв мэдүүлэг өгч, хэрэг хариуцах чадвартай байна” /3хх-ийн 112-114/ хэмээн тодорхой тусгасан байна.

          Эдгээр дүгнэлтүүдийг гаргасан шинжээч нар тухайн асуудлаар мэргэшсэн нарийн мэргэжлийн эмч нар байх бөгөөд шинжилгээ хийлгэх явцад хууль сануулсан, тэд гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг бүрэн хүлээх чадвартай этгээдүүд байна.

          Өөрөөр хэлбэл, Ж.Ц-ын сэтгэцийн байдлыг тогтоосон 2 удаагийн шинжээчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байх тул дахин шинжилгээ хийлгэх шаардлагагүй болно.

          Дээрх байдлуудыг үндэслэн, анхан шатны шүүх Б.Б-, Ж.Ц- нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Шүүхээс Б.Б-, Ж.Ц- нарын гэм буруу, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын болон учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар тус бүрт 6 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцсэний гадна, тэдний хувьд хорих ялыг биеэр эдлэхэд саад болохуйц өвчин, бусад шалтгаан тогтоогдсонгүй.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ял эдлэх дэглэм, нөхцлийг бууруулах эрх хэмжээтэй.

Хэдийгээр шүүгдэгч Б.Б-, Ж.Ц- нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрсдийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан, хохирогч нараас гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон тухайгаа илэрхийлсэн байх боловч тэд бусдын эд хөрөнгийг хууль бусаар өөрийн мэдэлд оруулах шунахайн зорилгоо хэрэгжүүлэхдээ, хохирогч нарын хоолойг боож ухаан алдуулах, хэвлийн тус газарт нь хутгалах зэргээр амь насанд нь аюултай арга хэрэглэсэн нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ял эдлэх дэглэм нөхцлийг бууруулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Ц-, түүний өмгөөлөгч Ц.Дарьжав нарын гаргасан “...сэтгэцийн шинжилгээг дахин хийлгэх, оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ял эдлэх дэглэм нөхцлийг бууруулах...” тухай давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 8 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Ц-, түүний өмгөөлөгч Ц.Дарьжав нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 М.ПҮРЭВСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                                                        М.АЛДАР

                                    ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН