| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
| Хэргийн индекс | 020/2014/0604/З |
| Дугаар | 221/МА2015/0282 |
| Огноо | 2015-06-25 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2015/0282
Иргэн Б.Л нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Б.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гэрэлцэцэг нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 177 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Б.Л ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Албан тушаал бууруулах тухай Б-67 дугаар тушаалыг хүчингүй болгож, яамны аль нэг хэлтэст мэргэжилтнээр ажилд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Л нь 2014 оны үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хан алтгүй биелүүлсэн тул Төрийн нарийн бичгийн дарга үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 23.1.2, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журам-ыг тус тус үндэслэн албан тушаал бууруулах шийдвэрийг гаргасан. ... 2012 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь Байгаль орчин, ногоон хөгжлийн яам болон өөрчлөгдсөн байтал хуучин нэрээр нь бичсэн нь албан тушаалдаа хайхрамжгүй, хариуцлагагүй ханддагийг нотолж байна.
Мөн 2014 оны Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хууль, Засгийн газрын Яамдын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай 2014 оны 382 дугаар тогтоолоор Яамдын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан Б.Л ийн өмнө эрхэлж байсан албан тушаал өөрчлөгдөн батлагдсан, орон тоо хасагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 177 дугаар шийдвэрээр: 1. Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 40 дүгээр зүйлийн 40.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Байгаль орчин, ногоон хөгжлийг яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б-67 дугаар албан тушаал бууруулах тухай тушаалыг хүчингүй болгож, Б.Л ийг тус яамны аль нэг хэлтэст мэргэжил мэргэшлийн дагуу мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг ажилгүй байсан хугацаанд буюу 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаагаар ТЗ-7 ангиллаар тооцож, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас гаргуулж,
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-т заасны дагуу Б.Л ийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны аль нэг хэлтэст мэргэжил мэргэшлийн дагуу мэргэжилтнээр томилохыг болон ажилгүй байсан хугацааны цалинг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Байгаль орчин, ногоон хөгжиг аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд /үр дүнгийн гэрээний биелэлтийн А үнэлгээг D болгож үнэлсэн нь үндэслэлтэй эсэх тухайд/ биш хагас жилээр гэрээний биелэлтийг дүгнэсэн нь хууль бус байна гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс давж шийдвэрлэсэн. Мөн Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны А-88 дугаар тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журам-ын 4.6-д Үр дүнгийн гэрээний хэрэгжилтийн явц, биелэлтийг Сайд, Төрийн нарийн бичгийн даргад тухайн оны 6 болон 12 дугаар сарын 30-ны дотор холбогдох газар, хэлтсийн нэгжийн менежерүүд гэрээний илтгэх хуудсын дагуу нэгтгэн биелэлтийг тус тус хариуцан гаргана гэж заасныг харгалзан үзэлгүй хагас жилээр дүгнэх эрх байхгүй мэтээр дүгнэсэн нь хууль зөрчсөн.
... Байгаль орчин, ногоон хөгжлийн яам Хөдөлмөрийн дотоод журамдаа үр дүнгийн гэрээний биелэлтийг гаргаж, дүгнэх хугацааг 6 болон 12 дугаар сарын 30-ны дотор гэж заасан. Тус заалтыг үндэслэн эрх бүхий этгээд нийт /118/ албан хаагчдын үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлж дүгнэн, хууль тогтоомжид заасны дагуу урамшуулал олгох болон сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг шийдвэрлэсэн.
Өөрөөр хэлбэл эрх бүхий этгээд үр дүнгийн гэрээний биелэлтийг хагас жилээр дүгнэсэн нь хууль тогтоомж зөрчсөн зүйлгүй бөгөөд хангалттай эрх зүйн үндэслэлтэй байна. Мөн нэхэмжлэгч ч гэрээний биелэлтийг хагас жилээр дүгнэсэн анхны үнэлгээг хүлээн зөвшөөрч, үнэлгээг сэргээж өгөөч гэдэг. Тиймээс шүүх хагас жилээр үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн нь хууль бус гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
... 2014 оны 1 дүгээр сард үр дүнгийн гэрээ байгуулахдаа хэрэгжүүлэх ажлын ард тодорхой хугацаа заасан байдаг. Өөрөөр хэлбэл 1, 2 дугаар улиралд гэх мэтээр 2014 оны эхний хагас жилд хийгдсэн байхаар төлөвлөсөн байдаг.
... Эрх бүхий этгээд Б.Л ийн үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлж дүгнэхдээ хугацаа нь болоогүй эсвэл үргэлжлэн хийгдэж байгаа ажлыг үр дүн мэтээр тооцож дүгнэсэн зүйлгүй болно. Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолттой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь хуульд нийцүүлэн дүгнэлгүй хэргийг шийдвэрлэсэн.
... Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эрх зүйн актыг бүрэн гүйцэд судлалгүй хэт нэг талыг барьсан дүгнэлт болсон. Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн албан салбар зөвлөл нь эдгээр хууль эрх зүйн баримт бичгүүдэд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд холбогдох асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргасан байна. Нөгөө талаар Төрийн албаны салбар зөвлөл нь хамтын шийдвэр гаргадаг байгууллага тул хууль дээдлэх, шударга ёсны зарчимд нийцсэн бөгөөд нэг хүний үзэл бодлоор шийдэгдээгүй бодит шийдвэр юм. Тиймээс Төрийн албаны салбар зөвлөлийн Б.Л ид сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг хэлэлцсэн 2014 оны 07 дугаар 18-ны өдрийн хурал, тус хурлаас гарсан тогтоолыг хууль бус гэж үзэх ямар ч үндэслэлгүй.
Иймд захиргааны Захиргааны хэргийн анхан шатны шүүх эрх бүхий байгууллагаас баталсан хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Төрийн албаны салбар зөвлөлийн ажиллах журам болон Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Хөдөлмөрийн дотоод журам-ыг үл харгалзан хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн байна.
Мөн Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б-67 дугаар тушаалаар Б.Л ийг албан тушаал бууруулахаар шийдвэрлэж, өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулах арга хэмжээ зохион байгуулахыг холбогдох газрын даргад үүрэг болгосон боловч тус тушаалыг хэрэгжүүлэх талаар холбогдох арга хэмжээ аваагүй. Тиймээс тус тушаалын хэрэгжилт хангагдах хүртэл Б.Л ийг үүрэгт ажлаа хийхэд нь, тухайн албан үүргээ гүйцэтгэсний төлөө цалин хөлсөө авахад нь ямар нэг байдлаар саад тотгор учруулж, хориглоогүй бөгөөд 9 дүгээр сарыг дуустал цалин хөлсөө авч байсан. Гэтэл үүнээс хойш харин өөрөө дур мэдэн ажлаа хаяж явсан.
Ажилдаа ирж, ажлын цагаа бүртгүүлээгүйн улмаас 9 сараас хойш цалин бодогдоогүй нь үнэн боловч энэ нь эрх бүхий этгээд шийдвэр гаргаагүй байхад дур мэдэн ажлаа орхиж явсан, өөрийн хариуцлагагүй үйлдэл юм. Б.Л ийг Б-67 дугаар тушаалын хэрэгжилтийг хангаж харъяа газар шилжүүлэх талаар шийдвэр гараагүй бөгөөд тус яаманд харъяалагдсан хэвээрээ байгаа болно. Тиймээс Б.Л ийн ажил хөдөлмөр эрхлэх, цалин хөлс авах эрх нь зөрчигдсөн зүйлгүй болно. Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 177 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Б.Л ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Б.Л оос Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Албан тушаал бууруулах тухай Б-67 дугаар тушаалыг хүчингүй болгож, яамны аль нэг хэлтэст мэргэжилтнээр ажилд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч албан тушаалтан Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн Б.Л ийг хариуцсан ажлаа хангалтгүй гүйцэтгэж, үйл ажиллагааны эхний хагас жилийн дүнгээр D буюу дутагдалтай үнэлгээ авсан гэх үндэслэлээр албан тушаал бууруулахаар шийдвэрлэсэн нь хууль бус байна.
Учир нь Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 /Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэнэ/, 19 дүгээр зүйлийн 19.3 / Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмыг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага тогтооно/, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам-ын дагуу Төрийн захиргааны удирдлагын газрын даргатай байгуулсан 2014 оны Үр дүнгийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй, хагас жилээр зөвхөн хяналт шинжилгээ хийхээр заасныг зөрчин мэргэжилтэн Б.Л ийн үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн нь буруу байна.
Үүнээс гадна Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлд заасанчлан Төрийн албаны салбар зөвлөл нь төрийн боловсон хүчний бодлогын удирдамжаар хангах, хүний нөөцийн төлөвлөлтийн арга зүйн удирдлагаар хангах, төрийн албаны стандарт удирдлагыг хэрэгжүүлдэг, төрийн албан хаагчийг сонгон шалгаруулах ажлыг эрхлэн гүйцэтгэж, төрийн жинхэнэ албан хаагчаас төрийн албатай холбогдон гаргасан маргааныг хянан шийдвэрлэдэг, өөрөөр хэлбэл албан тушаал бууруулсантай холбоотой маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар хянан шалгах эрх бүхий этгээд болох Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөл нь өөрөө төрийн байгууллагын албан хаагчдын үйл ажиллагааны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх, албан хаагчдын албан тушаалыг бууруулах асуудлаар шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй, улмаар уг тогтоолыг үндэслэн Б.Л ийн албан тушаалыг бууруулахаар шийдвэрлэсэн хариуцагчийн тушаал хууль бус байна.
Түүнчлэн хариуцагч Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б-67 дугаар тушаалаар Б.Л ийг харьяа байгууллагад шилжүүлэн, туслах түшмэлийн албан тушаалд ажиллуулахыг Төрийн захиргааны удирдлагын газрын даргад даалгасан боловч шийдвэрээ хэрэгжүүлж албан тушаалд томилж ажиллуулаагүйгээс нэхэмжлэгчийн ажил хөдөлмөр эрхэлж, цалин хөлс авах эрх зөрчигдсөн байна.
Дээрх байдлуудад анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.
Харин нэхэмжлэгчийн 2014 оны 08 дугаар сард ээлжийн амралтаа эдэлсэн, 09 дүгээр сараас ажиллуулаагүй гэх тайлбараас үзвэл түүний ажилгүй байсан хугацааны олговрыг 2014 оны 07 дугаар сарын 21-нээс бус 09 дүгээр сараас тооцохоор байна. Мөн нэхэмжлэгчид олгох цалингийн хэмжээг тодорхой тооцох шаардлагатай гэж үзэн энэ агуулгаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 177 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар ТЗ-7-3 ангиллаар тооцож гэснийг 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх 7 сар 4 өдрийн ажилгүй байсан хугацааны олговорт 4.613.820 төгрөг гэж, 2 дахь заалтын ажилгүй байсан хугацааны цалинг олгож гэснийг ажилгүй байсан хугацааны олговор олгохдоо гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.БАТБААТАР