Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2019/ШЦТ/111

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Алаг адуун овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч Хотгойд овогт Нэргүйн Баасанжав Шүүгдэгч Цагаан гэрүүд овогт Төрбатын Баатархүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаан гэрүүд овогт Төрбатын Баатархүүд холбогдох 1923001940114 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, Завхан аймгийн Политехникийн коллежид Цахилгааны техникчийн ангийн оюутан, ам бүл 4, ээж 2 дүүгийн хамт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн Хөгжил хороо 2302-23 тоотод оршин суудаг, Одоо Завхан аймгийн Улиастай сумын Политехникийн коллежийн дотуур байранд түр оршин сууж байгаа, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Цагаан гэрүүд овогт Төрбатын Баатархүү, Регистрийн дугаар:/ИГ98102910/ Шүүгдэгч Т.Баатархүү нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч Т.Баатархүү нь 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 17 цагийн орчим иргэн Б.Тогтохбаатарын гар утсаар 5511027947 тоот данснаас өөрийн 5498273247 тоот данс руу 400.000 төгрөгийг шилжүүлэн авсан хэргийн үйл баримт нь энэ талаараа мэдүүлсэн хохирогч Б.Тогтохбаатарын “...2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр би эмнэлэгт үзүүлэхээр ирж ...Уран байгаль зочид буудалд байрласан юм. 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 17 цагийн орчим Уран байгаль зочид буудалд байрлаж байгаад гаднаас хоол захиалж идчихээд мөнгийг нь гар утсаараа мобайлдах гээд чадахгүй болохоор нь манай өрөөнд хажуу өрөөний Баатархүү гээд нэг залуу ороод ирсэн байхаар нь миний дүү энэ хоолны мөнгийг утаснаас шилжүүлээд өгөөч гэтэл за гээд утас авсан. ...Тэгээд 2019 оны 11 сарын 04-ний өдөр 15 цагийн орчим дансныхаа хуулгыг аваад үзтэл миний хаан банкны 5511027947 дугаарын данснаас 2019 оны 11 дүгээр сарын 03-ны 17 цаг 41 минутанд 300,000 төгрөгөөр 5498273247 дугаарын дансанд нэг шилжүүлж аваад 17 цаг 54 минутанд 100,000 төгрөгөөр 5498273247 дансанд дахин шилжүүлж авсан байсан. ...Би тэр залуус хоолны мөнгө шилжүүлээд өг гэж Баатархүүд мобайл банкны пин кодоо хэлж өгсөн юм ...” гэсэн мэдүүлэг, Гэрч О.Сүхбаатарын “ ...Тогтохоо ахын утсаар Баатархүү гэдэг залуу л гүйлгээ хийчихээд гараад явсан өөр юм болоогүй...” гэсэн мэдүүлэг, Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “...Сүхбаатар ах Тогтохбаатар гэдэг ахтай намайг танилцуулж бид гурав тэр өрөөнд архи уусан.Тэгээд бид гурав хоол захиалж идээд нөгөө хоолны мөнгийг Тогтохбаатар ахын данснаас Мобайл банкаар шилжүүлэх болсон. Тогтохбаатар ах өөрөө хөгшин хүн болохоор Мобайл банк ашиглаж чаддаггүй юм байна лээ. Тэгээд намайг хоолны мөнгө шилжүүлээдэх гээд гар утсаа өгөхөөр нь би Мобайл банкны нууц дугаарыг нь Тогтохбаатар ахаар хэлүүлж дансанд нь нэвтэрсэн тэгсэн Тогтохбаатар ахын дансанд 1.400.000 төгрөг байхаар нь өөрийн 5498273247 дугаартай данс руу 300.000 төгрөг шилжүүлж авчихаад хоолны мөнгө 18.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд ахиад өөрийнхөө 5498273247 дугаартай данс руу 100.000 төгрөг шилжүүлж авсан...” гэсэн мэдүүлэг болон 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 17 цаг 41, 54 минутанд тус тус хохирогч Б.Тогтохбаатарын 5511027947 тоот данснаас Т.Баатархүүгийн 5498273247 тоот данс руу 300.000, 100.000 төгрөгөөр тус тус гүйлгээ хийгдсэн ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр нотлогдож байна. Шүүгдэгч Т.Баатархүүгийн үйлдлийн улмаас хохирогчид 400.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.Тогтохбаатар хохирлоо нөхөн төлсөн байна. Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь бусад нотлох баримтаар давхар нотлогдсон бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн болно. Шүүгдэгч Т.Баатархүү нь Б.Тогтохбаатарын Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хохирогчийн эзэмшлийн данснаас нийт 400.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууц далд аргаар авсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Т.Баатархүүгийн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ХААН банкны тоот данснаас 5511027947 тоот данснаас өөрийн 5498273247 тоот данс руу 400.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авсан буюу “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэстэй. Шүүгдэгч Т.Баатархүүд Эрүүгийн хуулийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй, хохирлоо нөхөн төлсөн, хохирогч Б.Тогтохбаатар нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй, улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хүлээн зөвшөөрч байгааг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Т.Баатархүүд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5,1,7, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Цагаан гэрүүд овогт Төрбатын Баатархүүг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууц далд аргаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан шүүгдэгч Т.Баатархүүд Эрүүгийн хуулийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 3.Шүүгдэгч Т.Баатархүүд тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5 дахь заасныг журамлан шүүгдэгч Т.Баатархүүг тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн ял ногдуулдаг журамтай болохыг анхааруулсугай. 5.Шүүгдэгч Т.Баатархүүгийн 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс “Хувийн баталгаа гаргах” авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6.Шүүгдэгч Д.Баатархүү нь хохирогч Б.Тогтохбаатарт 400000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай. 7.Шүүгдэгч Д.Баатархүү нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаагүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувьд ногдох эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, иргэний үнэмлэх шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай. 8.Шийтгэх тогтоолыг уншиж сонгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА