Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 2017/ШЦТ/220

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2017/0227

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Банзрагч,

Улсын яллагч Д.Энхтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч Н.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н.О холбогдох эрүүгийн 201709000266 дугаартай хэргийг 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ....-ний өдөр.....  аймагт төрсөн,.... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ....... мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл............ хамт ....... аймгийн ...... сумын .......... ........р баг ........... тоотод оршин суудаг, Урьд:

.......... аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ........дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.3-т зааснаар 220 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Н.О , регистрийн дугаар ..................

                                                                                                                               

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.О нь ............ аймгийн ............сумын.......... дүгээр багийн иргэн Д.П тусгайлан хамгаалсан ногоо даршлах цехэд нэвтэрч 2015 оны 08 дугаар сард 6 ширхэг хайрцагтай плита, цахилгааны 380 киловаттын 20 метр кабель утас, 1, 3, 5 номерын газав 3 ширхэг, 10-24 хүртэлх түлхүүр, ногоон алаг бариултай гар хөрөө, сүх зэргийг хулгайлж 255,000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 10 дугаар сард гүний худагны трубанд хийдэг 380 киловаттаар ажилладаг урт насос, уур гаргадаг 2 киловаттын 900 эргэлттэй 2 ширхэг мотор зэргийг хулгайлж 210,000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 2 ширхэг 200 литрийн багтаамжтай хуванцар сав хулгайлж 100,000 төгрөгийн, нийт 565,000 төгрөгийн хохирол учруулсан;

2017 оны 04 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих шөнө ........ аймгийн ........ сумын 1 дүгээр багийн иргэн С.Н-гийн тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч чемодантай хувцас хулгайлж 1,410,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Н.О нь ........ аймгийн ..... сумын...... дүгээр багийн иргэн Д.П-ийн ногоо даршлах цехэд 2015 оны 08 дугаар сард нэвтэрч 6 ширхэг хайрцагтай плита, цахилгааны 380 киловаттын 20 метр кабель утас, 1, 3, 5 номерын газав 3 ширхэг, 10-24 хүртэлх түлхүүр, ногоон алаг бариултай гар хөрөө, сүх зэргийг хулгайлж 255,000 төгрөгийн, 2015 оны 10 дугаар сард нэвтэрч гүний худгийн трубанд хийдэг 380 киловаттаар ажилладаг урт насос, уур гаргадаг 2 киловаттын 900 эргэлттэй 2 ширхэг мотор зэргийг хулгайлж 210,000 төгрөгийн, 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр нэвтэрч 2 ширхэг 200 литрийн багтаамжтай хуванцар сав хулгайлж 100,000 төгрөгийн, нийт 565,000 төгрөгийн хохирол учруулсан;

2017 оны 04 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих шөнө ...... аймгийн .........сумын ..... дүгээр багийн иргэн С.Н-гийн тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч чемодантай хувцас хулгайлж 1,410,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдсэн болох нь:

Мөрдөн байцаалтад:

Шүүгдэгч Н.О-ийн өгсөн: Би архи уучихсан үедээ хаанаас юу хулгай хийж байгаагаа мэддэггүй юм. Би архи уучихсан үедээ хулгай хийсэн байх аа. ...Би нэг байшингийн цонхыг хагалан орж дотроос нь мотор зэрэг эд зүйл авч явж байсан. Өөр бас бус зүйл авч байсан. ...Бас Н эгчийн хашаанд байсан амбаарын цоожийг эвдэн ороод нэг чемодантай хувцас байхаар нь авсан нь үнэн. Хаана аваачиж өгснөө санахгүй байна. Би хулгай хийдэг нь үнэн гэх мэдүүлэг /хх-ийн 69-70/,

Хохирогч Д.П-ийн өгсөн: ... Би 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 10 цагийн үед манай ногоо даршлах цехийн цонхыг нь хагалаад гадна хаалганы цоожийг нь эвдээд онгорхой орхисон байсан. Яваад ортол дотор талд нь байдаг 4 хаалганы цоожийг бүгдийг нь эвдсэн байсан. Дотор ортол 2 ширхэг 200 литрийн ногоо даршлах сав алга болсон байсан. Би тэгээд ........ сумын хэсгийн цагдаад эд зүйлээ алга болсон байна гэж мэдэгдсэн юм.  ... 2015 оны 8 дугаар сард манай цехийн хаалгыг гадна талаас нь эвдээд хулгайч орсон байсан ба засвар хийж байсан дотроо 25 ширхэгтэй 6 хайрцаг плита алга болсон байсан. Хажуу айлын А-гийн хүүхэд О-ийг хайрцагтай плитаг үүрээд явж байхад нь авч бид нарт өгсөн юм. ...Тэр үед манай цехээс гүний худгийн трубанд хийдэг урт насос, цахилгааны 380 киловаттын 20 метртэй кабель утас, уур гаргадаг 2 киловаттын 900 эргэлттэй 2 ширхэг мотор, 3 ширхэг 1, 3, 5 номерын газов, 10-24 хүртэлх төмөр түлхүүр багаж, ногоон алаг бариултай жижиг иртэй гар хөрөө, сүх зэрэг эд зүйлс алдагдсан байсан. ...гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/,

Хохирогч С.Н-гийн өгсөн: 2017.04.06-аас 07-нд манай гэрийн амбаарын цоожийг эвдэн хулгайч орж дотор нь байсан манай охин Э-ны нөхөр хүүхдийн хувцсыг чемдонд хийгээд далд хийчихсэн байсныг аваад явчихсан байсан. Манай охин Э нөхөр хүүхдийн хамт Солонгос руу 1 жилийн өмнө явсан. Манай охин Этэнд сурдаг юм. Явахынхаа өмнө нөхөр хүүхдийнхээ болон өөрсдийнхөө өвөл зуны хувцаснуудыг нэг том чемоданд хийгээд гэрийн амбаарт далд хийсэн байсан. ...Би нэг ч зүйл буцаан аваагүй 1.410.000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/,

 

Насанд хүрээгүй гэрч А.Б-ийн өгсөн: Н.О гэдэг ах П ахын ногоо дардаг цехийн цонхон талаас нь шуудайтай юм үүрчихсэн гарч ирсэн. Би эзэнд нь хэлнэ шүү гэхэд О ах ахыгаа уучлаарай гээд шуудайтай юмаа үлдээгээд явсан. Очоод үзэхэд хайрцагтай плита байсан. П ахыг ирэхэд нь плитаг нь өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 59/,

 

Гэрч С.Х-ийн өгсөн: ... О янз бүрийн поошиг, сүх, хөрөө зэрэг эд зүйлс барьчихсан авах уу гээд ирэхээр нь би авахгүй гээд загнаад хөөгөөд явуулдаг гэх мэдүүлэг /хх-ийн 60/,

Гэрч Б.А-гийн өгсөн: 2017 оны 4 дүгээр сарын эхээр оройн 23 цагийн үед гэрээс гараад сумын захиргааны тийшээ эхнэрээ тосохоор явж байгаад Отаарсан. Тэгсэн О зүүн мөрөн дээрээ чемодантай юм тавьчихсан явж байсан. Миний харснаар том, бараан өнгийн чемодан байсан. Чемоданы амаар савирч байгаа хувцаснууд нь цайван өнгийн хувцаснууд байсан гэх мэдүүлэг /хх-ийн 61/,

Гэрч Ч.Э-ын өгсөн: 2017 оны 4 дүгээр сарын эхээр болов уу даа цастай шөнө 23 цагийн үед О манайд нэг том чемодан барьчихсан орж ирсэн. ...Тэр чемодан нь бор өнгийн, бариултай, доороо чирдэг дугуйтай байсан. Доторхийг нь онгойлгож үзүүлэхэд хүүхдийн хувцас бололтой зүйл байсан. О манай хүүхдийнх байгаа юм зарах гэсэн юм гэхээр нь би наадахаа аваад явж гэж хэлээд гаргасан гэх мэдүүлэг /хх-ийн 62/,

Гэрч Ц. Г-ийн өгсөн: ... ...... сумын хэсгийн төлөөлөгчтэй манай ШТС-ын камерын шүүж үзэхэд 2017 оны  дугаар сарын 31-ний өглөө 08:00 цагийн үед манай ШТС-ын урд талын хашаанаас нэг эрэгтэй хүн хар өнгийн том сав өнрхүүлээд урдаас хойшоо чигтээ явж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 63/,

Гэрч Т.Б-ний өгсөн: ... 2017 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Петровис ШТС-ын хяналтын замер шүүж үзэхэд 2017 оны 3 дугаар сарын 31-ний өглөө 8 цаг өнгөрч байхад иргэн Н.О хар өнгийн торх мөрөн дээрээ үүрчихсэн, бас нэг торх газар өнрхүүлж хөлөөрөө өшиглөж түрээд засмал зам хөндлөн гараад ШТС-ын урд талд буюу Д.П-ийн хашаанаас гарч ирж харагдсан гэх мэдүүлэг /хх-ийн 64/,

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-12/, хохирогч С.П-ийн эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-29/, Н-ийн эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н. О 2015 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заажээ.

2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйлд ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан нь оногдуулах хорих ялын хэмжээ ихэсч шүүгдэгч Н.О-ийн эрх зүйн байдлыг дордуулж байх тул 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх боломжгүй байна.

Иймд шүүгдэгч Н.О 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2-т заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.П-д 565,000 төгрөгийн, хохирогч С.Н-д 1,410,000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч Д.П нь 50,000 төгрөгийн үнэлгээ бүхий 200 литрийн багтаамжтай хуванцар сав, 1 хайрцаг нь 13500 төгрөгийн үнэлгээ бүхий 2 хайрцаг плита зэрэг нийт 77,000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлийг буцаан авсан байна.

Иймд шүүгдэгч Н.О-с 1,898,000 төгрөг гаргуулж, хохирогч Д.П-д 488,000 төгрөг, хохирогч С.Н-д 1,410,000 төгрөг тус тус олгох нь зүйтэй байна.

 

2. Ял, эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

 

Шүүгдэгч Н.О нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай болох нь №38/17 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа зэргээр нотлогдож байгаа ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын хэр хэмжээ, хувийн байдал, эд хөрөнгийн байдал зэргийг харгалзан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлд заасан ялын төрлүүдэд баривчлах ял байхгүй тул мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хууль буцаан хэрэглэх журмыг баримтлан шүүгдэгч Н.О-г 6 сарын хугацаагаар баривчлах ял эдлэхээс чөлөөлөх нь зүйтэй байна.                                                                                                

Шүүгдэгч Н.О нь 2017 оны 8 дугаар сарын 23-ний өдрөөс эхлэн 5 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.  

Мөрдөн байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн Н.О-ийн эзэмшлийн 550,000 төгрөгийн үнэлгээтэй TOSHIBA маркийн хөргөгч, 350,000 төгрөгийн үнэлгээтэй Planet маркийн 32 инчийн зурагт, 450,000 төгрөгийн үнэлгээтэй HASEE маркийн компъютер зэргийг хохиролд тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.О-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар  шүүгдэгч Н.О-с 1,898,000 төгрөгийг гаргуулж хохирогч ........ аймгийн ...... сум ....... баг, ..... тоотод оршин суух Б овогт С.Н/................./-д 1,410,000 төгрөгийг, хохирогч ...... аймгийн ....... сум .......... баг, ............. хороолол, .......... тоот тоотод оршин суух Д.П /.........../-д 488,000 төгрөгийг тус тус олгосугай.

3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Н.О-г эд хөрөнгө хураахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 5.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Н.О-г 6 сарын хугацаагаар баривчлах ялаас чөлөөлсүгэй.

5.  Шүүгдэгч Н. О нь 5 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

6. Мөрдөн байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн Н.О-ийн эзэмшлийн 550,000 төгрөгийн үнэлгээтэй TOSHIBA маркийн хөргөгч, 350,000 төгрөгийн үнэлгээтэй Planet маркийн 32 инчийн зурагт, 450,000 төгрөгийн үнэлгээтэй HASEE маркийн компъютер зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.

7.   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

8.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.О урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай .

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ИХТАМИР