Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 191

 

 

 

 

 

 

 

 

 

     Д.М-, Ш.Т- нарт холбогдох

     эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Н.Түвшинбаяр,

шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч Д.Бурмаа, Г.Наранбаатар,

шүүгдэгч Ш.Т-гийн өмгөөлөгч Б.Дашдорж,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 883 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.Т-гийн өмгөөлөгч Б.Дашдорж болон шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч Г.Наранбаатар, Д.Бурмаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Д.М-, Ш.Т- нарт холбогдох 1809000000268 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Э овгийн Ш-ын Т-, 1991 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн .......... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн ........ тоотод оршин суудаг гэх, /РД: ......./,

Дорноговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 1 хоногийн  баривчлах ялаар шийтгүүлсэн,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011  оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг тэнсэж 1  жилийн хугацаагаар хянан харгалзсан;

 

2. Г овгийн Д-ийн М-, 1998 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн ........... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ....../;

 

 Ш.Т-, Д.М- нар нь бүлэглэж зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн 2018 оны 4 дүгээр сарын 12-наас 13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Автоплаза” худалдааны төвийн жижүүр Ч.Г-од хүч хэрэглэж, авто засварын газрын орлогын 1.200.000 төгрөгийг дээрэмдэж, уг гэмт хэргийг үйлдэх явцдаа Ч.Г-ын биед тархи доргилт, зүүн зулай, чамархай, дагзны хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ш.Т-, Д.М- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э овогт Ш-ын Т-, Г овогт Д-ийн М- нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн, бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар шүүгдэгч Ш.Т-, Д.М- нарыг 5 /тав/ жил 6 /зургаа/ сар тус тус хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Т-, Д.М- нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хөнгөн ял болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногт дүйцүүлэн /450:15=30/ 30 хоног буюу 1 сарын хорих ялыг хүнд ял болох 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялд нэмж нэгтгэн, Ш.Т-, Д.М- нарын биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 5 /тав/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын цагдан хоригдсон 30 хоногийг тус бүрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, 13*17*13.8 см бүхий ажлын хэсэгтэй 1 ширхэг труба төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн Тамгын газарт шилжүүлж, шүүгдэгч Ш.Т-, Д.М- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ш.Т-гийн өмгөөлөгч Б.Дашдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ш.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэнтэй маргаагүй. Мөн тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан дээрэмдэх гэмт хэргээр зүйлчилсэнд маргаагүй боловч анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 93 см урт ... бүхий ажлын хэсэгтэй труба төмөр нь аливаа биетийг устгах, гэмтээх аюултай эд зүйл мөн бөгөөд тухайн эд зүйлийг гэмт этгээд заавал бэлтгэсэн байхыг шаардахгүй тул хэргийн зүйлчлэлийг өөрчлөх үндэслэлгүй гэж  үзсэн. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт: -Энэ хуульд заасан "зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. "Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно" гэж тайлбарласан байхад анхан шатны шүүх буруу тайлбарлаж ял шийтгэл оногдуулсан. Шүүгдэгч нар тухайн хэрэг гарах үед ямар нэгэн зэвсэг, зэвсгийн чанартай зүйл бэлтгэж очоогүй, цас цэвэрлэгч нь зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зүйлд хамаарахгүй болох нь дээрх тайлбараас тодорхой харагдаж байна. Шүүгдэгч Ш.Т- нь хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, болсон үйл явдлын талаар үнэн зөвөөр мэдүүлсэн бөгөөд хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан байдаг. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 883 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар ял оногдуулсныг мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зөвтгөн өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг хэрэглэн хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч Г.Наранбаатар, Д.Бурмаа нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх ял шийтгэл оногдуулахдаа дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар ял шийтгэл оногдуулсан нь шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг, гэм буруугийн хэлбэрт тохироогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт "Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж иж бүрдэл бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж “хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг эд зүйл хэрэгслийг ойлгоно” гэж тайлбарласан байхад анхан шатны шүүх буруу тайлбарлаж ял шийтгэл оногдуулсан. Шүүгдэгч нар гэмт хэргийг үйлдэхдээ ямар нэгэн зэвсэг, зэвсгийн чанартай зүйл бэлтгэж очоогүй, тухайн хэргийн газарт байсан цас цэвэрлэгч нь тусгайлан бэлтгэсэн зүйлд хамаарахгүй, түүнийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зүйл гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болох нь дээрх тайлбараас тодорхой харагдаж байна. Шүүгдэгч Д.М- нь хэрэг үйлдэх үедээ 20 нас 2 сартай байсан нь түүний төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний хуулбараар тогтоогдож байгаа. Гэтэл шүүх Д.М-т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа “...бие сэтгэцийн хувьд бүрэн хөгжөөгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдаагүй, энэ байдал нь шүүх хуралдааны явцад тогтоогдоогүй тул түүнд өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх журмыг хэрэглэх үндэслэлгүй...” гэж үзсэн. Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс 18 насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж заасан байхад хуульд заагаагүй үндэслэлээр тухайн заалтыг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарласан гэж өмгөөлөгчдийн зүгээс үзэж байна.

Шүүгдэгч Д.М- нь үйлдсэн хэргээ эхнээсээ үнэн зөвөөр мэдүүлсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогчид учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 883 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар ял оногдуулсныг мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зөвтгөн өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5-д заасныг хэрэглэн хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Н.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Д.М-, Ш.Т- нарын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримт, камерийн бичлэг зэргээр бүрэн тогтоогдсон. Өмгөөлөгч нар зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй, тухайн эд зүйлийг бүтцийн хувьд зэвсгийн чанартай гэж ойлгохгүй гэж тайлбарлаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэж заасан. Цас цэвэрлэгч труба төмрөөр цохисон нь бүтцийн хувьд хүний биед гэмтэл учруулах зүйл гэж ойлгож, Д.М-, Ш.Т- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар зүйлчилж, ял оногдуулсан нь үндэслэлтэй. Ш.Т-гийн хувьд цас цэвэрлэгч труба төмрийг хайж, олж хохирогчийг цохих гэж далайх явцдаа цохиж чадалгүйгээр Д.М-т шилжүүлэн өгч байгаа нь энэ хэрэгт хамтран оролцож, зэвсэг, зэвсгийн чанартай зүйлийг хэрэглэсэн гэж үзэхээр байна. Хэн нь ямар гэмтэл учруулсан нь камерийн бичлэгээс тодорхой харагддаг. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай  байна. ...” гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Ш.Т-, Д.М- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж, шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.

 

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

 

Шүүгдэгч Ш.Т-, Д.М- нар нь бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Автоплаза” худалдааны төвийн жижүүр Ч.Г-од хүч хэрэглэж, тус авто худалдааны төвийн лангуу түрээслэн ажиллуулдаг Ж.Сүрэнхүүгийн орлогын 1.200.000 төгрөгийг дээрэмдэж, уг гэмт хэргийг үйлдэх явцдаа Ч.Г-ын толгой руу гараараа болон цас цэвэрлэгч төмрөөр цохиж, түүний эрүүл мэндэд тархи доргилт, зүүн зулай, чамархай, дагзны хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Ш.Т-гийн сэжигтнээр өгсөн “...2018 оны 04 дүгээр сарын 11-ний шөнө ...02 цагийн үед М- намайг сэрээгээд гаръя гээд ...Автоплазагийн гаражийн хаалгыг М- эхэлж тогшоод, дотогшоо явж ороод намайг Тэмка гээд дуудахаар нь би араас нь орсон чинь өмнө харж байсан танил манаач ахтай барьцалдаад зогсож байхаар нь би хажуугаар нь ороод манаач намайг заамдаж авах хооронд М- манаач ахыг газар унагаад хөлийг нь суран бүсээр хүлсэн. Би гаражийн хаалганы дэргэд байсан цас цэвэрлэдэг урт төмрийг аваад өрөөний цонхыг хагалах гээд явж байтал М- манаачийн гарыг барьж бай гэсэн. Би гарыг нь хүлэх гэж оролдоод дийлээгүй, урт төмрөө М-т өгөхөд М- манаач ахын толгой руу тэр төмрөөр 4-5 удаа цохиход манаач ах “үхлээ ш дээ” гэж хэлсэн. Тэгээд болиод би төмрийг нь аваад өрөөний цонхны түгжээг эвдэж ороод кассны дэргэд байрлах шургуулганаас нь 1.000.000 орчим төгрөг, нэг хайрцаг задлаагүй парламент тамхи аваад тэр өрөөнөөс гараад М-ыг явъя гэж хэлээд бид хоёр гаражийн баруун талын хаалгаар гарсан. ...” гэх үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /1хх 93-95/,

Д.М-ын яллагдагчаар өгсөн “... 2018 оны 4 дүгээр сарын 12-ны шөнө 02 цаг 30 минутын үед бид хоёр “Автоплаза төв”-ийг ухахаар болсон. ...Т- намайг “хаалгыг нь нүдээд машин тавья” гэж хэлээд орчих гээд явуулсан. ...Би очоод хаалгыг нь нүдээд “машин тавья” гэж хэлээд орсон. Тэгтэл манаач гэх махлагдуу 50-иас дээш насны, халзан, бор царайтай ах “тавих машин чинь хаана байгаа юм бэ” гэхэд би “байрны урд байгаа” гэж хэлээд манаачийн урд талаас зүүн мөр, энгэр хэсгээс нь зуураад авахад хойноос Т- орж ирсэн. ...Бид хоёр нийлж манаачийг унагаад гутлынх нь үдээс, бүсийг нь Т- сугалаад гарыг нь хүлье гээд гарыг нь хүлэх гэхэд ноцолдоод гараа хүлүүлэхгүй байхаар нь Т- толгой руу нь гараараа 4-5 удаа цохиж, хөлөөрөө толгой руу нь өшиглөсөн. ...Би хойд талд нь гарыг нь бариад зогсож байхад Т- үүд рүү яваад буцаж ирэхдээ труба шиг урт төмөр барьж ирээд төмрөөрөө далайгаад цохих гэж айлгатал манаач миний гарыг тавиулсан. Т- манаачийн цамцнаас нь бариад хойшоо татаж унагаасан. Би Т-гийн барьж байсан төмөр газарт байхаар нь аваад манаачийн толгой руу нь хоёр удаа цохисон ба манаач ухаан алдаагүй, өөрөө гараа хойноо гаргаж боолгосон. ...Т- цаашаагаа оффисын өрөө рүү төмрөөр цонхыг нь эвдээд дотогш орох шиг болсон ба би тухайн үед манаачийг хана руу түшүүлээд суулгаж байсан. ...Маргааш өглөө нь босоод Т-гийн гэрт нь очоод бид хоёр “Автоплаза” төвөөс авсан мөнгөө тоолоход 1.000.000 орчим буюу 998.000 төгрөг байсан. ...” гэх үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /1хх 100-101/,

хохирогч Ч.Г-ын "...2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө "Автоплаза" төвийн гаражийн хаалгыг нүдээд байсан. Би "хэн бэ" гээд нь орилтол "машин тавья" гэсэн. ...Хаалга онгойлгож өгөхөд хар куртик, хар өнгийн өмдтэй, нүүрэндээ хар өнгийн маск зүүсэн, 170 см орчим өндөртэй, туранхай биетэй нэг эрэгтэй хүн зогсож байсан. Би тэр залуугаас "машин чинь хаана байгаа юм бэ" гэхэд замын ард байгаа гэсэн. Тэгэхээр нь “машинаа аваад ир” гэж хэлтэл миний цамцны захаар хоолой боогоод түлхэхээр нь “яаж байгаа юм бэ” гээд зууралдаад байж байтал араас нь дахиад нэг залуу ирээд намайг дагзаар газар савж унагаасан. Тэгээд хоёулаа нийлээд миний өмдний тэлээгээр 2 хөлний шилбийг нийлүүлж хүлээд, нэг хар өнгийн үдээс шиг уяагаар миний 2 гарын бугуй хэсгээр бас хүлчихсэн. Тэгснээ хоёулаа гараараа нүүр шанаа орчим цохиж байгаад хамгийн эхэнд орж ирсэн залуу сүүлд ирсэн залуудаа хандаж “төмөр олоод ир, наадхыг чинь алчихъя" гээд байсан, ...нөгөө залуу нь хогийн савны хажууд байсан зам цэвэрлэдэг төмөр иштэй, төмөр иртэй багажийг авч ирээд миний толгойны ар хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. Тэгээд намайг ариун цэврийн өрөө рүү чирээд явж байхад гаднаас хаалга нүдсэн чинь тэр хоёр залуу зугтаад гараад явсан. ...” гэх мэдүүлэг /1хх 35-38/,

хохирогч Ж.Сүрэнхүүгийн “...2018 оны 4 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө манай компанийн дэлгүүрийг дээрэмдэж урьд өдрийн орлого болох 1.200.000 төгрөгийн хохирол учирсан. ...” гэх мэдүүлэг /1хх 188-189/,

гэрч Н.Маамаагийн “...2018 оны 4 дүгээр сарын 6-ны шөнийг харуулсан Автоплазагийн бичлэг үзэж байхад гарч ирсэн саравчтай малгайтай хүн нь манайд ажиллаж байсан Т- байсан. ...Т- 4-5 жил ажилласан. Машины шилэнд тень наадаг байсан. ...Хамгийн сүүлд хэзээ ирснийг нь санахгүй байна. Харагдаагүй жил гаруй болж байна. 2018 оны 4 дүгээр сарын 6-ны шөнө машин тавих гэсэн юм гэж хэлээд ирсэн. ...” гэх мэдүүлэг /1хх 51/,

 “...Ч.Г-ын биед тархи доргилт, зүүн зулай, дагзны хэсгийн хуйханд няцарсан шарх, зүүн зулай, чамархай, дагзны хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл...” учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 5014 дугаартай дүгнэлт /1хх 68/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, /1хх 8-10/,  гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 11-21/,

хувцсанд болон хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 22-27/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 32-33/ болон бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Хэргийн үйл баримтаас үзэхэд, шүүгдэгч Ш.Т-, Д.М- нарын үйлдэлд дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэх шинж тогтоогдохгүй байхад дээрх шинжээр хэргийг хүндрүүлэн зүйлчилсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй байна.

Тодруулбал, Эрүүгийн хуульд заасан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлд хамаарах ойлголтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт заасан агуулгаар ойлгож хэрэглэх нь зүйтэй. Тухайн тайлбарт “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэжээ. Өөрөөр хэлбэл зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь анхнаасаа иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулахаар байна.

 

 

Хэрэгт авагдсан шүүгдэгч Д.М-ын “...би хойд талд нь гарыг нь бариад зогсож байхад Т- үүд рүү яваад буцаж ирэхдээ 1 ширхэг урт төмөр барьсан ирсэн. ...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Ш.Т-гийн “...М- манаач ахыг газар унагаад хөлийг нь суран бүсээр хүлсэн, би гаражийн хаалганы дэргэд байсан цас цэвэрлэдэг урт төмрийг аваад өрөөний цонхыг хагалах гээд явж байтал М- манаачийн гарыг барьж бай гэсэн. Би гарыг нь хүлэх гэж оролдоод дийлээгүй, урт төмрөө М-т өгөхөд М- манаач ахын толгой руу тэр төмрөөр 4-5 удаа цохиход манаач ах “үхлээ ш дээ” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, хохирогч Ч.Г-ын “...хамгийн эхэнд орж ирсэн залуу сүүлд ирсэн залуудаа хандаж төмөр олоод ир, наадахыг чинь алчихъя" гээд байсан. ...Нөгөө залуу хогийн савны хажууд байсан зам цэвэрлэдэг төмөр иштэй, төмөр иртэй багажийг авч ирээд миний толгойны ар хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. ...” гэх мэдүүлэг  зэргээс үзэхэд хохирогчийн толгой руу цохисон цас цэвэрлэдэг гэх труба төмөр анхнаасаа иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, зориулалттай хийгдээгүй, түүнийг шүүгдэгч нар тусгайлан бэлтгээгүй байх тул Ш.Т-, Д.М- нарыг бүлэглэн дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, тухайн зүйлд зааснаар шүүгдэгч Ш.Т-, Д.М- нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болон хувийн байдлыг харгалзан 3 жил 6 сарын хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Энэ талаар гаргасан шүүгдэгч Ш.Т-гийн өмгөөлөгч Б.Дашдорж болон шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч Г.Наранбаатар, Д.Бурмаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй.

 

Түүнчлэн шүүгдэгч Ш.Т-, Д.М- нарын бүлэглэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь тэдгээрийн гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохироогүй байх тул тухайн зүйлд зааснаар шүүгдэгч тус бүрийг 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногт дүйцүүлэн /1350:15=90/ 90 хоног буюу 3 сарын хорих ялыг хүнд ял болох 3 жил 6 сарын хорих ялд нэмж нэгтгэн Ш.Т-, Д.М- нарын нийт биечлэн эдлэх ялыг  3 жил 9 сарын хугацаагаар тогтоов.

 

Шүүгдэгч Д.М- нь гэмт хэрэг үйлдэх үедээ 20 нас 2 сартай байсан ба арван найман насанд хүрсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлгийн зохицуулалт үйлчлэхгүй бөгөөд мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн заалтыг шүүх онцгой тохиолдолд хэрэглэхээр хуульчилжээ. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн ба 18 насанд хүрээгүй хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тусгай журмыг баримтлахаар хуульчилсан бөгөөд хэдийгээр 18 насанд хүрсэн боловч бие физиологи, сэтгэхүйн хөгжлийн онцлогоос хамаарч оюун санаа нь насанд хүрсэн хүний хэмжээнд хүрээгүй буюу өөрийнх нь бие физиологийн хөгжлөөс оюун санааны хөгжил нь тодорхой хэмжээгээр хоцорч байгаа хүнийг өсвөр насны хүнд тооцох боломжтой байдаг. Шүүгдэгч Д.М-ын хувьд энэ нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

 

Шүүгдэгч Д.М- 42 хоног цагдан хоригдсоныг 30 хоног гэж  буруу тооцсон байна.

 

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Ш.Т-гийн өмгөөлөгч Б.Дашдорж болон шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч Г.Наранбаатар, Д.Бурмаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлын “...хэргийн зүйлчлэлийг өөрчилж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн үндэслэлийг хүлээн авч, шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч Г.Наранбаатар, Д.Бурмаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлын “...Д.М-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг хэрэглэн, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 883 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Прокуророос шүүгдэгч Ш.Т-, Д.М- нарт холбогдох дээрмийн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Шүүгдэгч Эзээд овогт Шинэбаярын Т-, Гомжин овогт Даваадоржийн М- нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн, Шүүгдэгч Эзээд овогт Шинэбаярын Т-, Гомжин овогт Даваадоржийн М- нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. ...” гэснийг “...Шүүгдэгч Эзээд овогт Шинэбаярын Т-, Гомжин овогт Даваадоржийн М- нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Эзээд овогт Шинэбаярын Т-, Гомжин овогт Даваадоржийн М- нарыг бүлэглэн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. ...” гэж,

2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар шүүгдэгч Ш.Т-, Д.М- нарт 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тус тус хорих ялаар, Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Т-, Д.М- нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Т-, Д.М- нарыг тус бүр 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Т-, Д.М- нарыг тус бүр 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. ...” гэж,

3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-т заасныг журамлан шүүгдэгч нарт оногдуулсан хөнгөн ял болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногт дүйцүүлэн /450:15=30/ 30 хоног буюу 1 сарын хугацаагаар хорих ялыг, хүнд ял болох 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн Ш.Т-, Д.М- нарын нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 5 /тав/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар тогтоосугай. ...” гэснийг  “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ш.Т-, Д.М- нарт оногдуулсан хөнгөн ял болох 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногт дүйцүүлэн /1350:15=90/ 90 хоног буюу 3 сарын хорих ялыг хүнд ял болох 3 сар 6 сарын хорих ялд нэмж нэгтгэн, Ш.Т-, Д.М- нарын нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 3 /гурав/ жил 9 /ес/ сарын хугацаагаар тус тус тогтоосугай. ...” гэж,

5 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын урьд баривчлагдсан, цагдан хоригдсон 30 хоногийн хугацааг тус бүрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Т-гийн 30 хоног, Д.М-ын 42 хоног тус тус цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

 

3. Шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч Г.Наранбаатар, Д.Бурмаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлын “...Д.М-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг хэрэглэн, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР                                           

                                    ШҮҮГЧ                                                             О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН