Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 020/2014/0412/З |
Дугаар | 221/МА2015/0299 |
Огноо | 2015-07-03 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2015/0299
Иргэн Н.А-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 254 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Н.А-ын нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 11-ний А/814 дүгээр захирамж, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 13/03 дугаар тогтоолын Н.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 437 дугаар захирамжаар Н.А-д Баянгол дүүрэгт 800 м.кв газар эзэмших эрх олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг зөрчин тухайн оны дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах журам, хуулиар тогтоосон хязгаарлалт, зохицуулалтыг зөрчиж, хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлэн захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй байхад газар олгосон.
Н.А нь тухайн газраа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг зөрчин 2 жил дараалан газраа ашиглаагүй хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр Баянгол дүүргийн Засаг дарга 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/814 дүгээр захирамжаар хүчингүй болгосон.
Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дүүргийн Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 437 дугаар захирамж Н.А-д тус дүүргийн 6 дугаар хороо, 43 дугаар байрны хойд далан дээр авто машины ил зогсоолын зориулалтаар 800 м.кв газрыг эзэмшүүлэхээр Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.2-т хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна, 33 дугаар зүйлийн 33.1.2-д газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуй нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэж заасан байхад тухайн заалтыг ноцтойгоор зөрчин газрыг эзэмшүүлсэн байна. Мөн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газар эзэмшүүлэхийг хориглоно гэж заажээ.
Баянгол дүүргийн 2012 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах журам, хуулиар тогтоосон хязгаарлалт, зохицуулалтыг зөрчиж, Цэвэр усны хамгаалалтын дотоод мужид захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй байхад газар олгосон байна.
Иймд Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Газрын тухай 20 дугаар 20.1.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг үндэслэн Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит наймдугаар хуралдаанаас Баянгол дүүргийн Засаг даргын 2008 оны 437 дугаар дугаар захирамжийн Н.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгохыг дүүргийн Засаг даргад даалган шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 254 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.5.3, 35 дугаар зүйлийн 35.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 13/03 дугаар тогтоолын Н.А-д холбогдох хэсэг, Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 11-ний А/814 дүгээр захирамжийн Н.А-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо: Хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтын дагуу иргэн Н.А-д газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй буюу Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4 дэх заалтыг тус тус зөрчин гаргасан хууль бус актаа өөрөө хүчингүй болгосон. Иймд захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 254 дүгээр шийдвэр нь хуульд нийцээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 13/03 дугаар тогтоолоор газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах журам, хуулиар тогтоосон хязгаарлалт, зохицуулалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Н.А-ын газар эзэмших эрхийг хүчингүй болгохыг дүүргийн Засаг даргад даалгажээ.
Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын газрын асуудлаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг нарийвчлан зохицуулсан бөгөөд иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгохыг даалгах эрхийг Иргэдийн Хуралд тусгайлан олгоогүй байна.
Харин Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3, 40 дүгээр зүйлийн 40.2-д иргэнд газар эзэмшүүлэх, уг газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрхийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад олгожээ. Үүнээс үзвэл хариуцагч иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь өөрт эрх олгогдоогүй асуудлаар шийдвэр гаргасан учир маргаан бүхий тогтоолын Н.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй.
Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/814 дүгээр захирамжаар дээрх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоос гадна газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр өмнөх 2008 оны 437 дугаар захирамжийнхаа нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгосон байна.
Баянгол дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 220 дугаар захирамжаар маргаан бүхий 800 м.кв газрыг нэхэмжлэгчид автомашины ил зогсоолын зориулалтаар олгож, 2008 оны 12 дугаар сарын 437 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг 5 жилийн хугацаагаар сунгасан, газар эзэмших, ашиглах гэрээ байгуулан, гэрчилгээ олгосноор Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар хууль ёсоор түүнд газар эзэмших эрх үүсчээ. Улмаар нэхэмжлэгч нь Газар эзэмших, ашиглах гэрээ-ний дагуу газрын төлбөрөө тухай бүрд нь төлж, хуульд заасан үүргээ биелүүлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Гэтэл хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга зохих ёсоор нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн захирамжаа газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй хэмээн хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимтай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан нь Засаг даргын буруутай үйл ажиллагаа атал нэхэмжлэгчийг буруутгаж, улмаар өмнөх захирамжаа хүчингүй болгосон нь буруу байна.
Үүнээс гадна Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн сансрын зураг, газар зохион байгуулагчаар ажиллаж байсан Б.Х-ын гэрчийн мэдүүлэг зэргээр Н.А-ын эзэмших эрх бүхий газрын дундуур өөр этгээд хашаа барьсны улмаас нэхэмжлэгч нь газраа 3 жил эзэмшиж чадаагүй, өөрөөр хэлбэл, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нь тогтоогджээ.
Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, маргаан бүхий актуудын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 254 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Д.БАТБААТАР