Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 65

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийж

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 дугаар баг, Далангийн 44 дүгээр байрны 33 тоотод оршин суух Шарууд овогт Цогзолмаагийн Хандармаа /РД: КМ79012469/

 

    Хариуцагч: Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар

 

Ажилгүй байсан хугацааны цалин 4064940 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагатай иргэний хэргийг Өмнөговь аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэнийг 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Хандармаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батцэцэг, нарийн бичгийн дарга Ц.Үрлэнцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Хандармаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Цогзолмаа овогтой Хандармаа би аймгийн МХГ-т 2006 оны 2 дугаар сараас эхлэн Байгаль орчин, газрын харилцаа, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчаар ажиллаж байгаад 2013 оны 8 дугаар сард хүүхэд төрүүлж, хүүхэд асрах чөлөө авсан. Аймгийн МХГ-ын дарга Д.Мөнхтулгад 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүүхэд асрах чөлөөгөө дуусгаж, үндсэн ажилдаа орох тухай өргөдлөө гаргасан боловч 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр “Орон тоо байхгүй, цомхотгогдсон тул боломжгүй хариу өгөх” гэж өргөдлийг цохсон ба амаар бүтэц өөрчлөгдсөн, газрын байцаагч гэж байхаа байсан, байгаль орчны байцаагчийн орон тоотой болсон, иймд хил дээр очиж ажиллах, нэг бол 6 сарын тэтгэмжээ аваад гар... гэсэн шаардлага тавьсан бөгөөд 2015.09.01-ний өдрийн 307 албан тоотоор “Бага насны хүүхэдтэй тул ажил үүргийн шаардлагаар 2014 оны 14 тоот тушаалаар олгосон 3 жилийн хүүхэд асрах чөлөөний хугацаа дуустал ажилд эргэн авах боломжгүй” гэсэн хариу өгсөн.

Иймээс МХЕГ-т 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр ...миний урьд эрхэлж байсан албан тушаалын орон тоо цомхотгогдсон эсэх, үндсэн ажилдаа эргэн орох үндэслэлтэй эсэхийг тодруулж өгөхийг хүсч өргөдөл гаргасан ба МХЕГ-аас 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 3/3146 тоотоор уг ажлын байрны орон тоо цомхотгогдоогүй, ажлын байр хадгалагдаж байгаа, ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 106.2 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлж, Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчаар үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй" гэсэн хариуг ирүүлсэн.

Аймгийн МХГ-ын дарга Д.Мөнхтулгад 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үндсэн ажилдаа орох тухай өргөдлөө дахин өгсөн боловч 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр аймгийн төвд улсын байцаагчийн орон тоо байхгүй, хил дээр очиж ажилла гэсэн саналыг дахин тавьсан бөгөөд хариугаа бичгээр авъя гэхэд хариуг албан ёсоор шийдвэрлэж өгөөгүй. 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр МХЕГ-ын ёс зүйн хороо, Төрийн албаны салбар зөвлөлд өргөдөл гаргасан бөгөөд МХЕГ-аас 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 3/3931 тоотоор Д.Мөнхтулга даргад “үндсэн ажлын байраар хангах арга хэмжээ авч, хариу мэдэгдэх" гэсэн хариу ирсэний дагуу дарга Л Мөнхтулга нь 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 467 тоотоор “2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс дотооддоо орон тооны зохицуулалт хийж, ажилд авна” гэж мэдэгдсэн.

МХЕГ-ын даргын 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 6/06 дугаар тушаалаар Ц.Хандармаа миний улсын байцаагчийн эрх олгогдсоноор аймгийн МХГ-ын даргын 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 6/04 дүгээр тушаалаар үндсэн ажилд томилох тушаал гарсан.

Д.Мөнхтулга дарга нь өөрийн хянаж баталгаажуулсан 2014 оны 29 тоот “Ажилд түр томилох тухай” тушаалыг үгүйсгэн, хуулиараа үндсэн ажилдаа эргэн орох эрх нээлттэй байсан миний ажилд орох хүсэлтийг шууд шийдвэрлэх боломжтой, өөрийн эрх хэмжээний асуудал байхад өргөдөл шийдвэрлэх хугацааг удаа дараа хэтрүүлж, үндэслэлгүй хариу өгч, удирдах дээд шатны байгууллагын хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэхгүй, хууль зөрчсөн шаардлага тавьж, миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож, сэтгэл санааны дарамтанд оруулж, миний оронд түр томилогдсон Э.Ариунтулгыг “...хөдөөнөөс хүн татаж авчирчихаад энэ хүнээ яахын...” гэсэн шалтгаанаар чөлөөлж, зохих шийдвэрийг гаргалгүй 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 6 сарын хугацаанд ажилд аваагүй.

Иймд Ц.Хандармаа миний 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Төрийн албаны тухай хуулийн 28.2.2 /төрийн албан хаагчийн цалин хөлс нь төрийн захиргааны албан хаагчийн хувьд албан тушаалын болон төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн...нэмэгдлээс бүрдэнэ/ заалтын дагуу аймгийн МХГ-ын даргын 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 6/04 тоот тушаалын хоёрт заагдсаны дагуу буюу Төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээний T3-6-3 зэрэглэлд хамрагдах үндсэн цалин 613.669 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 10% /11-15 жил/, зэрэг дэвийн нэмэгдлийг 18%-иар тооцож 5 cap, 15 хоногийн цалин болох 4.516.600 төгрөгнөөс нийгмийн даатгалын шимтгэлд 10% болох 451.660  төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлөн, зохих бичилтийг хийлгүүлж, үлдэх 4.064.940 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Хандармаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”Удирдлагын хууль зөрчсөн ажиллагааны улмаас үүсэх ёсгүй нөхцөл байдал үүсч, надад 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс декрит авах өдөр хүртэлх хугацаа буюу 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 5 сар 15 хоногийн хугацаанд ажиллаад авах байсан цалин хөлсний бодит хохирол учирсан. Мөнхтулга нь намайг албан ёсоор ажлаас халсан шийдвэр гаргаагүй тул ажиллуулаагүй байсан хугацаанд авах байсан цалин хөлстэй тэнцэх олговорыг нөхөн олгохдоо Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д зааснаар урьд авч байсан цалийн хөлсний дундажаар буюу аймгийн МХГ-ын даргын 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 19 тоот тушаалаар батлагдсан мөнгөн дүнгээр тооцуулахаар өмнөх нотлох баримт ирүүлсэн байгааг үндэслэлгүй гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байна. Аймгийн МХГ-ын даргын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 30 тоотоор ирүүлсэн тайлбарын цалингийн тооцоо хийсэн хавсралтад ажилгүй байсан хугацааг үндэслэлгүйгээр хасч, 11 жилээс доош жил ажилласан гэж үзэж ТЗ-6-2 шатлалаар үндсэн цалинг 580.710 төгрөгөөр тооцон холбогдох нэмэгдлүүдийг нэмэнгүүтээ, нэмсэн дүнгээс нийгмийн даатгалын шимтгэл, ХХОАТ-ыг суутгаж, суутгагдсан дүнгээс нь эргүүлээд урьд тооцсон бүх нэмэгдлээ хасч, 1.822.414 төгрөг олгохоор тооцож гаргасан байна. Тухайн үед ажилласан бол авах байсан үндсэн цалингаа, холбогдох бусад нэмэгдлүүдийг Засгийн газрын 2014 оны 332 дугаартай тогтоолоор “Төрийн захиргааны албан хаагчийн цалингийн сүлжээ”-г шинэчлэн тогтоосноор үндсэн цалин ТЗ-6-3 шатлалд багтаж, 613.669 төгрөг, Монгол улсын засгын газрын 1995 оны 96 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-ын 2-т зааснаар удаан жилийн нэмэгдэл 10 хувь буюу 61.367 төгрөг, Улсын Их Хурлын 1995 оны 73 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам”-д зааснаар зэрэг дэвийн нэмэгдэл 18 хувь буюу 110.460 төгрөг, нэг сарын цалин 785.496 төгрөгөөр тооцон, ажиллаагүй хугацаа 2015 оны 08, 09, 10, 11, 12 дугаар сарын цалин бүхэлдээ 3.927.480 төгрөг, нэмэх нь 2016 оны 01 дүгээр сард ажлын 20 өдөр, үүнээс ажлын 15 хоногийн цалин 589.122 төгрөг, нийт 5 сар 15 хоногийн 4.516.600 төгрөгний цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговорыг нэхэмжилж байгаа бөгөөд үүнээс нийгмийн даатгалын шимтгэл нийт 451.660 төгрөгийг суутгаж зохих байгууллагад нь шилжүүлэн зохих бичилтийг хийлгэж, үлдэгдэл 4.064.960 төгрөгийг гаргуулж өгнө үү?

Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 54 тоот тушаал дээр болохоор ажлаас буруу халсан ба өөр ажилд шилжүүлсэн тохиолдолд дундаж цалин хөлсийг тооцохдоо ажилтаны сүүлийн 3 сарын цалингийн дундажаар тооцно гэж байгаа. Миний хувьд ажиллаж байгаад ажлаасаа халагдаагүй, өөр ажилд шилжээгүй. Намайг хүсэлт гаргасан үед ажилд авсан бол 2013 оны цалингийн шатлалаар цалинжуулахгүй байсан. 2014 оны 334-р тогтоолоор төрийн алба хаагчдын цалинг 20%-иар нэмэх шийдвэр гараад, цалингийн шатлалыг шинэчлэн тогтоосон байгаа. Тэгэхээр миний улсад 13 жил ажилласан болон цалингийн шатлалд өөрчлөлт орсон зэрэг нь хуулиараа хадгалагдаж байгаа.

Миний цалинг 3 жилийн өмнө ажиллаж байсан цалингийн дундажаар тооцож олгохыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тухайн үед намайг ажиллуулж байсан бол 5 сар 15 хоногийн хугацааны цалингаа ТЗ-6-3 шатлалаар цалин хөлсний холбогдох нэмэгдэлүүдтэй авах байсан. Аймгийн мэргэжлийн хяналтын газраас миний байцаагчийн эрхийг олгуулах тухай хүсэлтийг мэргэжлийн хяналтын ерөнхий газарт явуулсан бол энэ асуудал хуулийн хугацаандаа бүрэн шийдвэрлэгдэх боломжтой байсан. Хүсэлт гаргаснаас хойш 5 сарын хугацаанд шалтгаангүйгээр миний хүсэлтийг явуулж шийдвэрлүүлээгүй байж 30 хоногийг хасч тооцоод байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өнө-Орших өрхийн эмнэлэгийн тодорхойлолтыг үндэслээд ажлын 11 хоногийг илүү тооцсон гэж маргаж байдаг. Аймгийн мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн ажлын хоногийн тооцоо, цалингийн сүүлийн 3 сарын дундажаар бодсоныг хүлээн зөвшөөрөхгүй ба өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дотоод  ажил хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Батцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цалингийн шатлал, хохирлын үнийн дүнгийн асуудлаар тус байгууллага нь Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 3-ын В хэсэгт зааснаар албан хаагчдын жирэмсэн, хүүхэд асрах чөлөөтэй байгаа хугацааг ажилласан жилд оруулан тооцсон. Ц.Хандармаагийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл болох 10%-ийн нэмэгдэл дээр ямар ч маргаан гараагүй. Газрын дарга нь төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т заасан бүрэн эрхийн хүрээнд Засгийн газраас баталсан цалингийн сүлжээ, жишгийг баримтлан жил бүр албан хаагчдын үндсэн цалин, нэмэгдлүүдийг шинэчлэн тогтоож ажилладаг. Манай байгууллагын хувьд жил бүр албан хаагчдын цалингийн шатлалыг шинэчлэн тогтоохдоо Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйл, Төрийн албаны зөвлөлийн 134 дүгээр тогтоолыг үндэслэл болгон тус тогтоолын 3-р хавсралтаар тухайн жилийн эцсийн үйл ажиллагааны биелэлт, үр дүнгийн гэрээг дүгнэн “маш сайн”, “сайн” үнэлгээ авсан улсын байцаагчдын цалинг шатлал ахиулах арга хэмжээ авч ажилладаг. Иймд Ц.Хандармаа 2015 онд ажиллаагүй, үр дүнгийн гэрээ байгуулаагүй буюу хүүхэд асрах чөлөөтэй байсан тул ТЗ-6-3 шатлалаар цалин нэхэмжлэх эрх зүйн үндэслэлгүй юм.

Мөн нэхэмжлэгч нь Газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Ажилд томилох тухай” б/04 тоот тушаал хэрэгжиж эхлэхээс өмнөх хугацааны цалинг нэхэмжилж байгаа тул Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ын а-д заасны дагуу Ц.Хандармаагийн албан үүргээ гүйцэтгэж байх үеийн сүүлийн 3 сарын хугацаагаар буюу 2015 оны 4,5,6 дугаар сард олгосон цалингийн дундажаар тогтоогоод тооцож үзэхэд 89 хоногийн 2.032.404 төгрөг байна. Хохирлын хугацааны асуудал дээр Ц.Хандармаа нь тус газарт ажилд орох өргөдөлөө 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр ирүүлсэн байдаг. Тухайн өргөдлийг манай байгууллагаас Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасны дагуу дотооддоо орон тооны зохицуулалт хийх, МХЕГ-т улсын байцаагчин эрхийг хүсч, шийдвэрлүүлэх зэрэг шалтгааны улмаас шууд тушаал гарч, ажилд томилох ямар ч боломжгүй, наад захын шийдвэрлэх хугацаа ажлын 30 хоног байсан. Тухайн үед газрын дарга өргөдлийн шийдвэрлэх хугацааг ажлын 30 хоногоор сунгасан боловч цалингийн олговроос нийт ажлын 60 хоногийг хасалгүй, зөвхөн ажлын 30 хоногоор тооцож хасч байгаа юм. МХЕГ-ын даргын 2015 оны 213 тоот тушаалаар батлагдсан “Мэргэжлийн хяналтын улсын /ахлах/ байцаагчийн эрх олгох, түдгэлзүүлэх, сэргээх, бууруулах, цуцлах журам”-ын 1.10 дахь хэсэгт зааснаар байцаагчийн эрх олгох, шийдвэрлэх хугацааг 14 хоног гэж тодорхой тусгасан байхад Ц.Хандармаа нь өргөдөл өгсөн хугацаанаас эхлэн нэхэмжлэлийн хугацааг тооцох нь үндэслэлгүй байна.

МХГ-ын цалингийн тооцооны хуудсанд 5 сар 10 хоног, мөн 30 хоног үндэслэлгүй хассан гэдэг. Энэ нь Ц.Хандармаа төрөхийн өмнөх амралтыг 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр авах байтал зориудаар хойшлуулан 2016 оны 01 дүгээр сарын  25-ны өдөр жирэмсний болон амаржсаны эмнэлэгийн хуудсыг бичүүлэн өгсөн байдаг. Энэ хоорондох ажлын нийт 11 өдрийг илүү тооцон нэхэмжилсэн байгаа юм. Энэ нь Өнө-Орших өрхийн эмнэлэгийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01 тоот албан бичгээр нотлогдож байна. Хувь хүний орлогын албан татвар төлөх асуудал дээр ХХОАТ-ын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх заалтад нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, үймээн самууны үеэр амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон иргэн, төрийн тусгай албан хаагч, хуулийн этгээд хамаарна гэж ойлгож байгаа тул албан татвараас чөлөөлөгдөх үндэслэлгүй байна. Дээрх хууль тогтоомж, эрх зүйн актыг үндэслэн хариуцагч талаас Ц.Хандармаагийн хохирлын хугацааг 89 хоногоор тогтоож, дундаж цалинг 619.423 төгрөгөөр тооцон нийт 2.032.404 төгрөгийг тооцоолоод байна. Иймд Ц.Хандармаагийн нэхэмжлэсэн 5 сар 15 хоногийн 4.064.940 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Хандармаа нь Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн ажилгүй байсан хугацааны цалин 4064940 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгах шаардлага гаргасныг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй маргана.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Ц.Хандармаа нь Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газарт Байгаль орчин, газрын харилцаа, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчаар ажиллаж байгаад 2013 оны 8 дугаар сард хүүхэд төрүүлж, хүүхэд асрах чөлөө авч улмаар 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүүхэд асрах чөлөөгөө дуусгавар болгож, ажилдаа орох тухай хүсэлтээ ажил олгогчид гаргажээ.

Дээрхи хүсэлтийг Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн бүртгэл хяналтын картын “Орон тоо байхгүй, цомхотгогдсон тул боломжгүй хариу өгөх” /хх-7/, 2015.09.01-ний өдрийн 307 албан тоотоор “Бага насны хүүхэдтэй тул ажил үүргийн шаардлагаар 2014 оны 14 тоот тушаалаар олгосон 3 жилийн хүүхэд асрах чөлөөний хугацаа дуустал ажилд эргэн авах боломжгүй” /хх-8/ гэсэн хариу өгсөн ажил олгогчийн шийдвэрийг хянуулах тухай Ц.Хандармаагийн гаргасан өргөдлийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын  2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 3/3146 тоотоор “... үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй" /хх-11/, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 3/3931 тоотоор “үндсэн ажлын байраар хангах арга хэмжээ авч, хариу мэдэгдэх" /хх-14/ гэж шийдвэрлэснийг тус газрын дарга Д.Мөнхтулга нь 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 467 тоотоор “2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс дотооддоо орон тооны зохицуулалт хийж, ажилд авна” гэж мэдэгдэж улмаар Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн б/04 дүгээр тушаалаар /хх-18/ үндсэн ажилд томилсон үйл баримт тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараахь тохиолдолд хэвээр хадгална:”, 35.1.4-д “жирэмсний болон  амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа”, хуулийн 106 дугаар зүйлийн  106.2-т “Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө.” гэж тус тус заажээ. Дээрх хуулийн заалтуудаас үзэхэд Ц.Хандармаа хүүхэд асрах чөлөө дуусаагүй боловч ажилдаа хэдийд ч эргэн орох эрхтэй, харин ажил олгогч /МХГ/ ажил албан тушаалыг хэвээр хадгалах, үргэлжлүүлэн ажиллуулах үүрэг хүлээж байна.

Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “ ... ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ц.Хандармаа ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч тал нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо Ц.Хандармаагийн албан үүргээ гүйцэтгэж байх үеийн сүүлийн 3 сарын хугацаагаар буюу 2015 оны 4,5,6 дугаар сард олгосон цалингийн дундажаар тооцож 89 хоногийн 2.032.404 төгрөг гэж тооцсон нь үндэслэлгүй байна.

Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн б/04 дугаартай тушаалаар Ц.Хандармааг 2015 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс тус газрын Байгаль, орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчаар томилж үндсэн цалинг ТЗ-6-3 шатлалаар /613619/ төгрөгөөр удаан жилийн нэмэгдлийг 10%, зэрэг дэвийн нэмэгдлийг 18%-иар тооцон олгохоор шийдвэрлэж ажилд томилжээ. Уг тушаалаа 2016 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн б/06 дугаартай тушаалаар хүчингүй болгосон байх ба энэ тушаал нь Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаартай шийдвэрээр хүчингүй болжээ.

Нэхэмжлэгч Ц.Хандармааг Өмнөговь аймгийн МХГ-ын Байгаль, орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчаар томилж үндсэн цалинг ТЗ-6-3 шатлалаар /613619/ төгрөгөөр удаан жилийн нэмэгдлийг 10%, зэрэг дэвийн нэмэгдлийг 18%-иар тооцон олгохоор шийдвэрлэсэн үйл баримтууд захиргааны шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогджээ.

 Иймд нэхэмжлэгчийн тайлбар, нэхэмжлэгчийн өргөдөл /хх-125/, хариуцагчийн тайлбар /2017.01.31-ний өдөр/, Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаартай шийдвэр зэрэг баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч нь ажил олгогчийн буруугаас 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан байх тул энэ хугацааны цалинтай тэнцэх олговорт 4.064.940 төгрөгийг хариуцагч Өмнөговь аймгийн МХГ-аас газраас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар “ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, мөн хуулийн 46.2 дахь хэсэгт “ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Иймд Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газарт Ц.Хандармаагийн нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг үүрэг болгох нь зүйтэй байна.

 

Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан нь гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлийн шаардлагад хамаарах ба Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88.000 төгрөгийг буцаан олгож, хариуцагчаас дээрхи хураамжийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Хүүхэд асрах чөлөө олгох тухай” 14 дүгээр тушаалын хуулбар /хх-4/, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Ажилд томилох тухай” 29 дүгээр тушаалын хуулбар /хх-5/, нэхэмжлэгч Ц.Хандармаагийн 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн хүсэлт /хх-6/, бүртгэл хяналдтын карт /хх-7/, нэхэмжлэгч Ц.Хандармаагийн МХЕГ-т гаргасан 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн өргөдөл /хх-9-10/ , нэхэмжлэгч Ц.Хандармаагийн Өмнөговь аймгийн МХГ-ын даргад гарсгасан 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн өргөдөл /хх-12/, нэхэмжлэгч Ц.Хандармаагийн МХЕГ-ын төрийн албаны салбар зөвлөлд гаргасан 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн өргөдөл /хх-13/, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн б/06 дугаар тушаал, хавсралт /хх-16-17/, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн б/04 дугаар тушаал /хх-18/, 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Өмнөговь аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа /хх-19-20/, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн б/06 дугаар тушаал, хавсралт /хх-25-26/, бүртгэл хяналтын карт /хх-38/, Ц.Хандармаагийн МХГ-т гаргасан өргөдөл /хх-39/, МХГ-ын Ц.Хандрмаад хүүхэд асрах чөлөө олгосон 14 дугаар тушаал /хх-40/, МХГ-ын 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 307 тоот албан бичиг /хх-41/, бүртгэл хяналтын карт /хх-42/, МХГ-ын даргын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/42 дугаартай  тушаал /хх-43/, МХГ-ын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 467 тоот албан бичиг /хх-44/, МХГ-ын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 тоот албан бичиг, хавсралт /хх-45-46/, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн б/04 дугаар тушаал /хх-47/, Өнө-Орших өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хх-48, 211/, жирэмсэн болон амаржсаны эмнэлэгийн хуудас, тэтгэмж олголт /хх-49/, жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгосон жагсаалт /хх-50/, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн б/06 дугаар тушаал, хавсралт /хх-51-53/, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 19 дугаартай тушаал /хх-54/, Өмнөговь аймгийн МХГ-ын ажиллагсдын ажилласан жил, цалингийн нэмэгдэл тооцсон хүснэгт /хх-55-56/, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 70 дугаартай тушаал /хх-57/, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 60 дугаартай албан бичиг /хх-81/, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Ц.Хандармаагийн өргөдөл /хх-82/, бүртгэл хяналтын карт /хх-84/, МХГ-ын 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдприйн 29 дугаартай тушаал /хх-85/ зэрэг нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасныг зөрчиж хуулбар хувиудыг нотариатаар гэрчлүүлээгүй, мөн өөрийн байгууллагын архиваас хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбаруудыг нотариатаар гэрчлүүлээгүй байх тул шүүх дээрхи баримтуудыг шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

 

Харин Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 307 дугаар албан бичиг /хх-8/, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 3/3146 дугаар өргөдлийн хариу /хх-11/, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 3/3931 дугаар албан бичиг /хх-14/, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 467 дугаартай албан бичиг /хх-15/, нэхэмжлэгч Ц.Хандармаагийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-21/, итгэмжлэл /хх-22/, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн хариу тайлба /хх-35-37/, Ц.Хандармаагийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн тайлбар /хх-60-65/, Өмнөговь аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа /хх-70-71/,  Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/08 дугаартай албан бичиг /хх-72/, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 60 дугаар албан бичиг /хх-123/, бүртгэл хяналтын картын хуулбар /хх-124, 126/, Ц.Хандармаагийн 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн МХГ-ын даргад гаргасан өргөдөл /хх-125/, Ц.Хандармаагийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн өргөдөл /хх-127/, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 29 дүгээр тушаал /хх-128/,  МХГ-ын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 30 дугаартай албан бичиг, а/03 дугаартай тушаал /хх-192-193/, Ц.Хандармаагийн цалингийн тооцоолол /хх-194/, Ц.Хандармаагийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тайлбар /хх-195-199, МХГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батцэцэгийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хариу тайлбар /хх-219-221/, Өнө-Орших өрхийн эрүүл мэндийн төвийн 07 дугаартай албан бичиг /хх-222/, Ц.Хандармаагийн нийгмийн даатгалын дэвтэр /хх-223-227/ зэрэг нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар бичгийн нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангаж, эх хувиараа болон хуулбар хувь нь нотариатаар гэрчлэгдсэн байх тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 4064940 /дөрвөн сая жаран дөрвөн мянга есөн зуун дөч/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Хандармаад олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88.000 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулан Ц.Хандармаад буцаан олгож, хариуцагч Мэргэжлийн хяналтын газраас 79,989 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Хандармаагийн нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг Мэргэжлийн хяналтын газарт даалгасугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Р.УРАНЧИМЭГ