| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2019/0110/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/112 |
| Огноо | 2019-12-03 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2019 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 2019/ШЦТ/112
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, шүүгч Бисүүд овогт Чинзоригийн Мөнхтуяа, Сартуул овогт Бат-Эрдэний Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй Нарийн бичгийн дарга Алаг адуун овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч Боржигон овогт Данзансамбуугийн Шинэбал Шүүгдэгч Сайжрах овогт Доржготовын Октябрь Хохирогч Харчу овогт Гомбожавын Ганзориг Ачит лам овогт Лодойнямын Батжаргал, Гаахүү овогт Дагвын Мөнхбат Иргэдийн төлөөлөгч Цөхүр овогт Эрдэнэжаргалын Цэрмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох 1923001090084 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч:Монгол Улсын иргэн, 1975 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багт оршин түр суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Сайжрах овогт Доржготовын Октябрь Регистрийн дугаар: /ИА75110613/
Шүүгдэгч Сайжрах овогт Доржготовын Октябрь нь 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын иргэн Д.Мөнхбатын өмчлөлийн Мустанг-5 маркийн, гаалийн бичигтэй, улсын дугааргүй, цэнхэр өнгийн, шинэ мотоциклийг бусдад зарж борлуулаад мөнгийг нь өгнө гэж хуурч мэхлэн, энэ талаар баримт бичиг үйлдэн, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн иргэн Л.Батжаргалын эмээлийн 10 ширхэг мөнгөн даруулгыг бусдад зарж борлуулаад мөнгийг нь өгнө гэж хуурч мэхлэн, энэ талаар баримт бичиг үйлдэн, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын иргэн Г.Ганзоригийн өмчлөлийн мөнгөн хазаарыг бусдад зарж борлуулаад мөнгийг нь өгнө гэж хуурч мэхлэн, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, 2018 оны 08 дугаар сарын орчим Завхан аймгийн иргэн Б.Баярмаагийн хуучин цагийн, эмэгтэй хүний мөнгөн эмээлийг бусдад зарж борлуулж мөнгийг нь өгнө гэж хуурч мэхлэн, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Завхан аймгийн иргэн Л.Энхнастын 6 ширхэг эмээлийн мөнгөн даруулга, 1 ширхэг шүрэн толгойтой хаш хөөргийг зарж борлуулаад мөнгийг нь өгнө гэж хуурч мэхлэн, энэ талаар баримт бичиг үйлдэн, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Доржготовын Октябрь нь 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын иргэн Д.Мөнхбатын өмчлөлийн Мустанг-5 маркийн, гаалийн бичигтэй, улсын дугааргүй, цэнхэр өнгийн, шинэ мотоциклийг зарж борлуулж мөнгийг нь өгнө гэж авсан, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн иргэн Л.Батжаргалын эмээлийн 10 ширхэг мөнгөн даруулгыг зарж борлуулж мөнгийг өгнө гэж авсан, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын иргэн Г.Ганзоригийн өмчлөлийн мөнгөн хазаарыг бусдад зарж борлуулж мөнгийг өгнө гэж авсан, 2018 оны 08 дугаар сарын орчим Завхан аймгийн иргэн Б.Баярмаагийн хуучин цагийн, эмэгтэй хүний мөнгөн эмээлийг бусдад зарж борлуулж мөнгийг нь өгнө гэж авсан, 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Завхан аймгийн иргэн Л.Энхнастын 6 ширхэг эмээлийн мөнгөн даруулгыг зарж борлуулж өгнө гэж авсан хэргийн үйл баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан нотлох баримтуудаар нотлогджээ. Тухайлбал: Шүүгдэгч Д.Октябрьт цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоцикл заруулахаар өгсөн талаар мэдүүлсэн хохирогч Д.Мөнхбатын “...Тухайн өдөр буюу 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ...манай гэрт Завхан аймгийн Алдархаан сумын харъяат Октябрь орж ирсэн юм. Би Октябрийг өмнө зүс таньж мэддэг. Тэгээд надад шинээрээ байсан гаалийн бичигтэй Мустанг 5 гэсэн бичигтэй цэнхэр өнгийн мотоцикл хүнд зарж өгнө гээд харилцан тохиролцон/ тэмдэглэлийн дэвтэр дээр гараараа мотоцикл авсан, хүлээлгэн өгсөн гарын үсэг зурж авсан. ...мотоцикл 1.950.000 төгрөгөөр үнэ тохирч 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 50% бэлэн мөнгө, 50% мал өгнө гэж худлаа ярьж, цаасан дээр итгэл үзүүлж гарын үсэг зураад авч явсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Долгорын “...2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн өглөө зүс таних Октябрь гэх залуу миний 98930960 дугаарын утас руу 98466368 дугаарын утсаар ярьсан, .... би манай нөхөр хотоос гаалийн бичигтэй мотоцикл авч ирсэн зарж байгаа, чи авахгүй юм уу гэж асуусан чинь тэгье, очоод үзье гэж хэлсэн. ...тэр өдрөө манай гэрт хүрч ирээд Мустанг-5 гэсэн бичигтэй цэнхэр өнгийн мотоцикл харилцан тохиролцож нөхөр Мөнхбат бид хоёртой 2019 оны 05 дугаар сарын 15- ны өдөр 50% бэлэн мөнгө, 50% мал оролцуулна. Дүү нь найдвартай гэж хэлээд тэмдэглэлийн дэвтэр дээр өөрийнхөө гараар хүлээн авсан Октябрь гэж гарын үсэг зурж тэмдэглэл үйлдэж итгэл төрүүлж авсан” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Гомбын “...2019 оны 05 сарын эхээр ...би Мөнхбаттай уулзаад юм ярьж байхад Мөнхбат надаас Октябрь гэж хүнийг таних уу, надаас шинэ мотоцикл удахгүй үнийг нь өгнө гэж аваад алга болчихлоо, надад тэмдэглэлийн дэвтэр дээр “05 сарын 15-ны дотор үнийг өгнө” гэсэн утгатай юм бичиж өгөөд аваад явсан гээд тэмдэглэлийн дэвтэр үзүүлж байсан, үүнээс өөр юм би мэдэхгүй. ...Ямар маркийнх гэдгийг нь мэдээгүй, унаж байгаагүй шинэ мотоцикл 1.950.000 төгрөгөнд бодож өгсөн гэж байсан, өөр надад мэдэх зүйл байхгүй байна” гэсэн мэдүүлэг, Эмээлийн 10 ширхэг мөнгөн даруулга /завхай/-ыг заруулахаар Д.Октябрьт өгсөн талаараа мэдүүлсэн хохирогч Л.Батжаргалын “...2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр манай гэрт Алдархааны гаралтай Октябрь гэх хүн орж ирээд гарахдаа зарах эмээлийн даруулга, баавар байна уу? гэж асуусан юм. Тэгэхээр нь манай нөхөр бид хоёр 10 цагаан завхай байгаа талаар хэлсэн чинь бэлэн мөнгөнд 1.600.000 төгрөгөөр зараад 3 хоногийн дараа аваад ирье гэсэн. Тэгэхээр нь итгээд өгөөд явуулсан юм. ...хуурч мэхлэн итгэл төрүүлж “тэмдэглэлийн дэвтрийн хуудсанд эд зүйлс авсан нь үнэн гэж гарын үсэг зурчихаад” залилан мэхэлж алга болсон...” гэсэн мэдүүлэг, Гэрч А.Ган-Эрдэнийн “...Би хувиараа алт мөнгөний дархан хийж, хийсэн эд зүйлсээ зардаг юм. ...Би Октябрь гэх хүнийг зүс танина. Урд өмнө би зах дээр эд зүйл болон мөнгөн эдлэл мөнгө зарах гээд явж байхад нь тааралдаж 10 гаран лан мөнгө авч байсан. ...Манай эхнэр Л.Батжаргал бид хоёр гэртээ байж байхад Октябрь ирээд манай гэрээс миний хийсэн шинэ цагийн 13 лан мөнгө орсон, Батноров хийцийн дунд гарын 10 ширхэг /завхай/ даруулга авч явсан. Тухайн үед манай эхнэр бид хоёр Октябрь гэх хүнтэй 1.600.000 төгрөгөөр заруулахаар тохирсон, харин Октябрь 3 хоногийн дараа мөнгийг чинь өгнө гэж хэлээд алга болсон. Эмээлийн 10 ширхэг завхай /даруулга/ авч явахдаа тэмдэглэлийн дэвтрийн жоохон цаасан дээр “10 ширхэг мөнгөн завхай /даруулга/ авсан нь үнэн мөнгийг нь өгнө” гэж бичиж итгэл төрүүлсэн...” гэсэн мэдүүлэг, Мөнгөн эмээлээ заруулахаар Д.Октябрьт өгсөн талаараа мэдүүлсэн хохирогч Б.Баярмаагийн “...Тухайн өдөр буюу 2018 оны 08 дугаар сарын орчим би хотод явж байхад урд өмнө манай ломбарданд ирээд юм аваад зараад байдаг таньдаг Октябрь миний утас руу залгаад мөнгөн эмээлээ зарах юм уу бэлэн мөнгөөр хүн авъя гэж байна яахын бэ гэсэн тэр үед нь би зээлийн хугацаа болсон тул мөнгөний их хэрэгтэй байсан учир Чагнаабадамын сэлбэгийн дэлгүүр дээр хүнд зарах гээд үзүүлээд орхисон байсан тул тэнд байгаа очоод ав гэж хэлсэн. Тэгээд надад 2.500.000 төгрөгөөр зарна гэж ярьж тохирсон боловч мөнгөө өгөхгүй их удсан, тэгээд 2 сарын дараа надад бэлэн 1.000.000 төгрөг авчирч өгсөн ба одоо болтол үлдэгдэл 1.500.000 төгрөг өгөхгүй хуурч мэхлэн удаа дараа зугтааж байна. ...Чагнаабадам дээр эмээл байсан очиж авахдаа өөрийнхөө гараар цаасан дээр авсан нь үнэн мөнгөө өгнө гэж гарын үсэг зурсан байдаг юм” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Чагнаабадамын “...Намайг тухайн газарт авто машины сэлбэг зарж байхад Октябрь гэх хүн ирж дунд зэргийн модон, 6 ширхэг мөнгөн завхай даруулгатай эмээлийг ирж авсан. Б.Баярмаа нь барьцаалдан зээлдүүлэх газар буюу /ломбард/ ажиллуулдаг байсан тул хот явахдаа надад Октябрь гэх хүн ирнэ, эмээлийг өгөөрэй, тэгээд бичиг хийлгэж аваарай гэж хэлсэн юм. Тэгээд би Октябрь гэх хүнд Б.Баярмаагийн эмээлийг өгсөн. Цаасан дээр гарын үсэг зуруулж авч явсан нь үнэн гэж бичүүлсэн. Тухайн цаасыг дараа нь Баярмаад өөрт нь өгсөн...” гэсэн мэдүүлэг, Мөнгөн хазаараа заруулахаар Д.Октябрьт өгсөн талаар мэдүүлсэн хохирогч Г.Ганзоригийн “...2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр зүс таних Октябрь гэх хүн ажил дээр авто засварын газар байхад ирээд мөнгөн хазаар хүнд үзүүлчихээд буцаагаад аваад ирье гэж хэлэн надаас авч яваад одоо болтол зугтаагаад алга болсон, утас руу нь залгахаар дуудаад авдаггүй, хэд хэдэн удаа мессеж бичихэд “уучлаарай” гэж мессеж бичсэн тэгээд гэртээ байхгүй зугтаагаад алга болоод байхаар нь Цагдаагийн байгууллагад хандсан юм. ...Би Октябрьт өгсөн мөнгөн хазаараа эргүүлж авмаар байна...” гэсэн мэдүүлэг, Гэрч С.Лхагвасүрэнгийн “...Би Ганзоригийн автомашин засварт ажилладаг юм. Ганзоригт хүн хийж өгсөн гээд нэг мөнгөн хазаар байдаг байсан, түүнийгээ зарна гээд хүмүүст үзүүлдэг байсан. 2019 оны 05 сарын эхээр өдрийг нь сайн санахгүй байна, Ганзориг миний ажилладаг машин засвар дотроо миний зүс таних Октябрь гэж хүнд нөгөө зарах гээд байгаа мөнгөн хазаараа үзүүлээд байж байсан юм. Дараа нь Ганзориг нөгөө мөнгөн хазаарыг Октябрь хүнд үзүүлээд ирье гээд авч явчихаад алга болчлоо гэж ярьж байсан. ...Октябрьт мөнгөн хазаараа үзүүлээд байж байхыг нь би харсан...” гэсэн Эмээлийн мөнгөн 6 ширхэг цагаан даруулга заруулахаар Д.Октябрьт өгсөн талаараа мэдүүлсэн хохирогч Л.Энхнастын “...Намайг хотод байхад Октябрь байнга залгаад та ирэхдээ хуучны эмээлийн цагаан даруулга хэрэгтэй байна, бэлэн мөнгөөр авна гэсэн хүн байна, 2 байхад болно гээд яриад байсан. Тэгээд гэрт ирээд надтай уулзаад 7-10 хоногийн дараа удахгүй хөдөө явж ирээд таны мөнгийг өгнө гээд эмээлийн мөнгөн 6 цагаан хуучны даруулга 1.500.000 төгрөгөөр зараад өгье гэж хэлэн миний тэмдэглэлийн дэвтэр дээр гарын үсэг зураад явсан. ... эмээлийн хуучны 6 цагааныг чинь нэг хүнд өгсөн байгаа мөнгөө аваагүй байна, авахаараа өгнө гэж 1 удаа ярьсан, тэрнээс хойш утсаа авахгүй, мессеж бичихээр хариу өгөхгүй удаж байна. Манай гэрээс салахаа болчихсон юм, зараад өөрөө ашиг авмаар байна гэхээр нь эхлээд жоохон мөнгөн эдлэл юм өгдөг байсан...” гэсэн мэдүүлэг, Д.Октябриас Мустанг-5 маркийн цэнхэр өнгийн мотоцикл худалдаж авсан талаараа мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч С.Нямгаригийн “...Тайширын урд худаг дээр хүргэн ах Галбадрахтай хамт мал усалж байхад шинэ цэнхэр өнгийн Мустанг5 гэсэн бичигтэй мотоцикл унасан хар царайтай намхан эрэгтэй хүн ирсэн. Тэгээд сайхан хаваржиж байна уу гээд өөрийгөө Октябрь гэж танилцуулсан, Тэгээд наймаа панз хийх үү, бараа үнэт зүйл үзвэл үз гэсэн, тэгээд эмээлийн мөнгөн 6 ширхэг хуучны завхай гаргаж ирээд манай хүргэн ах Галбадрах үзэж сонирхож байгаад авсан. Харин би хотоос мотоцикл авах гэж байсан чинь миний мотоцикл цоо шинэ, гаалийн бичигтэй байгаа зарна гэсэн, тэгээд сонирхсон чинь үнэхээр л цоо шинээрээ байсан. Тэгээд хэдэн төгрөг вэ гэтэл 1.950.000 төгрөгөөр зарна гэсэн. Тухайн мотоциклийг үзэж харж байгаад би 1.950.000 төгрөгөөр худалдаж авсан. ...би одоо Октябрьт өгсөн 1.950.000 төгрөгөө нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг, Гэрч Л.Оюунгэрэлийн “...манай нөхөр Нямгариг мал услах гэж Таширын худаг дээр явж байгаад нэг цэнхэр өнгийн мотоцикл унасан хүнтэй тааралдаж, тухайн хүн нь гаалийн бичигтэй шинэ мотоцикл зарна гэхээр нь худалдаж авахаар болж гэртээ ирсэн. Тухайн хүн өөрийгөө Алдархаан сумын харьяат Октябрь гэдэг гэж хэлсэн. Тэгээд манайд 1.950.000 төгрөгөөр цэнхэр өнгийн Мустанг-5 гэсэн мотоцикл зарж, бэлнээр ноолуур авч явсан юм” гэсэн мэдүүлэг, Мөн эмээлийн мөнгөн 6 ширхэг цагаан даруулга Д.Октябриас худалдан авсан талаараа мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч С.Галбадрахын “...Би 04 дүгээр сарын 30-ны өдөр Буурал багийн нутаг Тайширын урд худаг дээр би хүр дүү Нямгариг бид хоёр мал усалж байхад цэнхэр өнгийн Мустанг-5 гэсэн шинэ мотоцикл уначихсан хар царайтай, жижигхэн биетэй, эрэгтэй хүн ирсэн, нэрээ Октябрь гэж хэлсэн. Тэгээд панз наймаа байна, үзэж сонирхох уу гэсэн, тэгэхээр нь юу байгаа юм, үзье гэсэн чинь эмээлийн 6 ширхэг мөнгөн завхай гаргаж үзүүлсэн. Тэгээд 6 ширхэг завхайгаа 1.600.000 төгрөг гэсэн, харилцан тохиролцож байгаад үнийг нь буулгаж 1.300.000 төгрөгөөр авахаар болсон. Тухайн үед 1 кг ноолуур тухайн үед 130.000 төгрөг байсан, би 10 кг ноолуур шуудайнд хийж өгч Октябрь гэгч хүнээс эмээлийн 6 ширхэг завхайг худалдаж авсан. Унаж явсан шинэ цэнхэр өнгийн Мустанг-5 гэсэн бичигтэй мотоцикл зарна гэхээр нь дүү Нямгаригтай уулзуулж, Нямгариг тэр мотоциклийг авсан юм. ...Би тухайн 6 ширхэг мөнгөн завхайг 1.300.000 төгрөгөөр худалдаж авсан тул миний 1.300.000 төгрөгийг олж өгнө үү, би 1.300.000 төгрөг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг, Хохирогч Г.Ганзоригийн мөнгөн хазаарын талаар мэдүүлсэн гэрч,иргэний нэхэмжлэгч С.Эрдэнэбатын “...2019 оны 05 дугаар сарын 08, 09-ний өдөр санагдаж байна. ...98466368 дугаарын утсаар залгаж ярин над дээр мөнгөн хазаар барьж ирж үзүүлсэн. ...ах надад 2.000.000 төгрөг яаралтай хэрэг байна, та надад 2.000.000 төгрөг өгч туслаач, 8% хүүтэй ч хамаагүй, цаад талын хугацаа 1 сар гээд надаас 2.000.000 төгрөг шилжүүлж аваад, оронд нь надад битүү оруулгатай, зоосоор хийсэн мөнгөн хазаар үлдээгээд явсан. Тэгэхээр нь чи хугацаандаа мөнгөө өгөхгүй бол би зарчихна шүү гэж хэлсэн чинь за за ахаа удахгүй 3-4 хоног, цаад талын хугацаа 1 сар болно. Хүнээс мөнгө авах гэж байгаа гэж хэлээд явсан...” гэсэн мэдүүлэг Гэрч З.Батзоригийн “...2018 оны 08 сарын сүүлээр Октябрь нь өөрийн нэр дээр “сүлжмэл мөнгөн хазаар” барьцаанд тавьсан байж байгаад 2018 оны 10 сарын 27-ны өдөр түүнийхээ оронд “10 ширхэг эмээлийн мөнгөн хэрэглэл”, “эмэгтэй сүлжмэл мөнгөн бүс” зэргийг барьцаанд тавиад мөнгөн хазаараа аваад явсан юм. ...Октябрь 2019 оны 01 сарын 25-ний өдөр өөрөө манай ломбарданд ирэхээр нь мөнгөн бүс чинь хураагдсан гэдгийг хэлэхэд үлдсэн эмээлийн хэрэглэлээ 2019 оны 02 сарын 01-ний дотор тооцоо хийж авна, мөн манайхаас 02 сарын 15-ны дотор тооцоогоо хийхгүй бол хэрэглэлийг зарж ломбардны хохирлыг барагдуулна гэж цаасан гараар бичиж гарын үсэг зурсан юм. Үүнээс хойш Октябрь сураггүй болсон юм. ...Шинэ цагийн хийцтэй, 10 ширхэг эмээлийн мөнгөн хэрэглэл /даралт/ байсан, манай ломбарданд мөнгөн бүсний хамт 1.400.000 төгрөгөнд тавьсан байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч П.Лувсанцэрэнгийн “...2018 оны намар өдөр, сарыг нь сайн санахгүй байна, намайг гэртээ байхад Октябрь ирээд панз наймаа байна сонирхох уу гээд надад 6 ширхэг мөнгөн хэрэглэлтэй, жижигэвтэр, эмэгтэй хүн хэрэглэхээр эмээл үзүүлээд зарна гэхээр нь би авахаар болсон юм. Уг эмээлийг би Октябриас 7 тооны адуу өгөхөөр болоод авсан юм. Адуугаа удаагүй ирж авсан юм. ...Хуучны хар дөрөөтэй, ногоон өнгийн гөлөмтэй, хар дэвстэй, 6 ширхэг мөнгөн хэрэглэлтэй, жижигэвтэр эмээл байсан. ...Би тэр эмээлийг 2019 оны 04 сард хуучин эдлэл авна гэсэн хүмүүс Улиастай зах дээр байхад нь мөнгөний хэрэг гараад 3.500.000 төгрөгөөр бэлэн мөнгөнд зарсан юм” гэсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Д.Октябрийн үйлдлийн улмаас хохирогч Д.Мөнхбатад 1.700.000 төгрөг Л.Батжаргалд 1.600.000 төгрөг, Г.Ганзоригт 1.200.000 төгрөг Б.Баярмаад 2.500.000 төгрөг. Л.Энхнастад 1.500.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Нямгаригт 1.950.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Галбадрахад 1.300.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Эрдэнэбатад 2.000.000 төгрөгийн хохирол учирсан нь Завхан аймгийн Улиастай сумын эдийн засгийн шинжилгээний орон тооны бус комиссын шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 38, 39, 40, 41 дугаартай, 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 45 дугаартай эд зүйлүүдэд үнэлгээ тогтоосон дүгнэлтээр тус тус тогтоогджээ. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалсан бөгөөд хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан, тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо. Шүүгдэгч Д.Октябрь нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар маргаагүй байна. Д.Октябрийн дээрх үйлдлүүдийг Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан буюу залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Шүүгдэгч Д.Октябрь 5 удаагийн үйлдлээр нэр бүхий хохирогчдыг залилсан буюу залилах гэмт хэргийг байнга үйлдсэн хэргийн үйл баримт нь тогтоогдож байгаа боловч энэ гэмт хэргийг үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Гэмт хэрэг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэдэг ойлголт нь гэмт хэрэгтний хувьд тодорхой төрлийн гэмт хэрэг үйлдэх нь тогтвортой давтагддаг, тухайн төрлийн гэмт хэрэг үйлдэх амьдрал, зан төлөвийнх нь хэвшил болсон, мэргэшсэн байх шинжийг агуулахаас гадна гэмт хэргийн улмаас нийгэмд учирч буй хохирол, хор уршгийг байнга өсгөн нэмэгдүүлэх бодитой шалтгаан нөхцлийг шаардана. Д.Октябрь 5 удаагийн үйлдлээр бусдыг залилсан ч энэ нь тодорхой цаг хугацаанд давтамжтай үргэлжилсэн үйлдэл байх ба амьдрал, зан төлөвт нь хэвшмэл болсон нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Түүнчлэн шүүгдэгч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэх нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогоогүй, гэмт хэргийн улмаас олсон орлогыг зарцуулсан байдлыг зөвхөн яллагдагчаар өгсөн мэдүүлэгт үндэслэсэн бөгөөд бусад байдлаар нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй. Мөн прокурорын 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолуудад шүүгдэгч Д.Октябрийн үйлдэл тус бүрд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бөгөөд ямар үндэслэлээр тухайн зүйл хэсэгт зааснаар яллагдагчаар татсан нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл үндэслэлгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллагдагчаар татсан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Ийнхүү шүүгдэгч Д.Октябрийн үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлж авсан” залилах гэмт хэргийн шинжтэй байна гэж шүүх үзсэн болно. Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Д.Октябрийн дээрх 5 удаагийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгч Д.Октябрийг эзэмшигч, өмчлөгчийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үндэстэй. Шүүгдэгч Д.Октябрийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Д.Октябрьт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв. Шүүгдэгч Д.Октябриас нийт 8020000 төгрөг гаргуулж, хохирогч Д.Мөнхбатад 1700000 төгрөгийг, хохирогч Л.Батжаргалд 1520000 төгрөгийг, хохирогч Б.Баярмаад 1500000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч С.Эрдэнэбатад 2000000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч С.Галбадрахад 1300000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. Мөн Д.Октябрь нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт төлөхөө илэрхийлж хүсэлтээ бичгээр гаргасан болохыг тэмдэглэх нь зүйтэй. Шүүгдэгч Д.Октябрь өөрийг нь Цагдаагийн байгууллага залилах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж эхлэхээс өмнөх цаг хугацаанд хохирогч Л.Энхнаст нь шүрэн толгойтой хаш хөөргөө буцаан авсан ба хохирогч Л.Батжаргалд 80,000 төгрөгийн, хохирогч Б.Баярмаад 1,000,000 төгрөгийн хохирлыг тус тус сайн дураараа төлж барагдуулсныг залилах гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд тооцох боломжгүй юм. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Мустанг-5” гэсэн бичигтэй, улсын дугааргүй, цэнхэр өнгийн мотоциклийг иргэний нэхэмжлэгч С.Нямгаригт, 1 ширхэг, эмээлийн хуучны мөнгөн даруулга 6 ширхгийг хохирогч Л.Энхнастад, мөнгөн хазаар, /шинэ үеийн, зоосон товруутай/-ыг хохирогч Г.Ганзоригт олгох, хар өнгийн бэхээр “2019 оны 04 сарын 25-нд Доржготов Октьябрь би Мустанг-5 мотоцикл 1.950.000 авлаа. 05.15-нд 50/50 мал өгөхөөр тохирлоо. Авсан Доржготов Октябрь, өгсөн Мөнхбат” гэж бичсэн бичвэр бүхий тэмдэглэлийн дэвтрийг хохирогч Д.Мөнхбатад олгох, хар өнгийн бэхээр “2019 оны 04 сарын 25-нд Доржготов Октябрь би Мустанг-5 мотоцикл 1.950.000 авлаа. 05.15-нд 50/50 мал өгөхөөр тохирлоо. Авсан Доржготов Октябрь, өгсөн Мөнхбат” гэж бичсэн бичвэр бүхий тэмдэглэлийн дэвтрийг хохирогч Д. Мөнхбатад тус тус буцаан олгож, “2019.04.14- ний өдөр Октябрьт хаш хөөрөг 10 сая, эм цагаан 1.500.000 хүлээлгэн өгсөн Энхнаст, хүлээн авсан Октябрь” гэсэн бичиглэл бүхий шаргал өнгийн тэмдэглэлийн дэвтрийн хуудас 1 ширхэг, хар өнгийн бэхээр “2018 оны 10 дугаар сарын 15-нд 10 завхай эмээлийн баавар авсан нь үнэн, Доржготов Октябрь 04-р сарын 15-нд өгнө” гэсэн бичиглэл бүхий тэмдэглэлийн дэвтрийн хуудсыг хэрэгт хавсаргах нь зүйтэй. Шүүгдэгч Д.Октябрийн эзэмшлээс 2.300.000 төгрөгийн үнэ бүхий Монгол гэр /8 ханатай, давхар бүрээстэй/-ийг битүүмжилсэн прокурорын тогтоолоор битүүмжилсэн байх ба шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарах үед хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй байх тул эд хөрөнгө битүүмжилсэн уг тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч хохирол, төлбөрөө сайн дураараа нөхөн төлөөгүй тохиолдолд түүний битүүмжлэгдсэн эд хөрөнгөөс хохирлыг гаргуулахаар Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт хариуцуулах нь зүйтэй гэж үзлээ. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Сайжрах овогт Доржготовын Октябрьт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй. 2.Шүүгдэгч Д.Октябрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Октябрийг 500 /таван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд заасныг баримтлан ялтан Д.Октябрьт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялд түүний сэжигтнээр баривчлагдсан 2/хоёр/ хоногийг оруулан тооцож, биечлэн эдлэх ялыг 484 /дөрвөн зуун наян дөрөв/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай. 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Октябрь нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. 6.Шүүгдэгч Д.Октябрьт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Октябриас нийт 8020000 төгрөг гаргуулж, хохирогч Д.Мөнхбатад 1700000 төгрөгийг, хохирогч Л.Батжаргалд 1520000 төгрөгийг, хохирогч Б.Баярмаад 1500000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч С.Эрдэнэбатад 2000000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч С.Галбадрахад 1300000 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай. 8.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Мустанг-5” гэсэн бичигтэй, улсын дугааргүй, цэнхэр өнгийн мотоциклийг иргэний нэхэмжлэгч С.Нямгаригт, эмээлийн хуучны мөнгөн даруулга 6 ширхгийг хохирогч Л.Энхнастад, мөнгөн хазаар, /шинэ үеийн, зоосон товруутай/-ыг хохирогч Г.Ганзоригт, хар өнгийн бэхээр “2019 оны 04 сарын 25-нд Доржготов Октябрь би Мустанг-5 мотоцикль 1.950.000 авлаа. 05.15-нд 50/50 мал өгөхөөр тохирлоо. Авсан Доржготов Октябрь, өгсөн Мөнхбат” гэж бичсэн бичвэр бүхий тэмдэглэлийн дэвтрийг хохирогч Д.Мөнхбатад, тус тус буцаан олгож, “2019.04.14-ний өдөр Октябрьт хаш хөөрөг 10 сая, эм цагаан 1.500.000 хүлээлгэн өгсөн Энхнаст, хүлээн авсан Октябрь” гэсэн бичиглэл бүхий шаргал өнгийн тэмдэглэлийн дэвтрийн хуудас 1 ширхэг, хар өнгийн бэхээр “2018 оны 10 дугаар сарын 15-нд 10 завхай эмээлийн баавар авсан нь үнэн, Доржготов Октябрь 04-р сарын 15-нд өгнө” гэсэн бичиглэл бүхий тэмдэглэлийн дэвтрийн хуудас 1 ширхэг зэргийг хэрэгт хавсаргасугай. 9.Шүүгдэгч Д.Октябрийн эзэмшлээс 2.300.000 төгрөгийн үнэ бүхий Монгол гэр /8 ханатай, давхар бүрээстэй/-ийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, дээрхи эд хөрөнгөөс хохирлыг гаргуулахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай. 10.Шүүгдэгч Д.Октябрь нь хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт хохирлоо нөхөн төлөхийг илэрхийлж бичгээр хүсэлт гаргасан бөгөөд шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 13.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА
ШҮҮГЧИД Ч.МӨНХТУЯА
Б.УРТНАСАН