Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 01155

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2017/01155

Хөвсгөл аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т овогт Д.Бын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х Гын Лд холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 155/2017/00540/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдаваа, нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж, хариуцагч Г.Л нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч би нөхөр Г.Лтай 2012 онд танилцаж, үерхэж байхдаа хүүхэдтэй болж хүү Л.Д 2014 оны 10 дугаар сарын 25-нд төрүүлсэн. Бид хоёр 2014 оны 10 дугаар сарын 26-нд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Нөхөр Г.Л нь 2013 оноос хойш одоог хүртэл ХААИС-д суралцаж байгаа учир бид хоёр тусдаа гараагүй, манай гэрт хамтдаа байдаг байсан. Би өөрөө болон манай ээж хүү Дийг минь өсгөлцсөн. Нөхөр Г.Л бид хоёр танилцсанаас хойш 2016 оны 12 сар хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан бөгөөд бид хоорондоо эвтэй байсан. 2017 оны 01 дүгээр сараас эхлэн манай нөхөр Г.Л нь хүү бид хоёрт болон амьдралдаа анхаарал хандах нь өөрчлөгдөж, хүү бид хоёр дээрээ ирэхээ больж, харьцаа хандлага эрс өөрчлөгдсөн. 2017 оны 3 сарын 10-ны өдөр гэр бүлээсээ гадуур өөр эмэгтэйтэй болсон нь мэдэгдэж түүнийгээ өөрөө хүлээн зөвшөөрч... хүү бид хоёроос салъя гэдгээ өөрөө хэлсэн юм. Би ийм байдал нэгэнт үүссэн тул шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан хэдий ч нөхөр бид хоёр эвлэрсэнгүй. Иймд учир шүүхэд хандаж байна ...Иймд Бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү Дийг өөрийн асрамжид авч, хүүдээ хульд заасны дагуу тэтгэлэгийг эцэг Г.Лаас гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөх шүүх хуралдаанд гаргасан тайлбараа дэмжиж оролцож байна. Шүүхээс бидэнд эвлэрэх хугацаа тогтоож өгсөн боловч энэ хугацаанд эвлэрээгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би хүү Л.Дийг өөрийн асрамжинд эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулна. Бидний дунд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргах зүйл байхгүй гэв. 

Хариуцагч Г.Л шүүхэд гаргасан тайлбартаа:  Хариуцагч би эхнэр Д.Бтай 2012 онд танилцаж, үерхэж байгаад 2014 оны 10 дугаар сарын 25-нд хүү Д төрсөн. Бид хамтдаа амьдарч байгаагүй. Хоёр талд амьдарч байсан болохоор хэрүүл маргаан ихтэй байсан учраас хоёр тийш болсон. Хүү Л.Дийг Д.Бын эмээ нь хардаг. Б өглөө ажилдаа яваад орой ирдэг. Эмээ нь өндөр настай, цусны даралт нь ихэсдэг. Иймд хүүхдийг өндөр настай хүнээр харуулах өндөр эрсдэлтэй. Хүү Дийг өөрийн асрамжиндаа авч өөрийн ээж, ааваараа харуулах хүсэлттэй байна. Иймд миний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү ...гэжээ.

Хариуцагч Г.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөх шүүх хуралдаанд хэлсэн тайлбараас гадна өөр нэмж хэлэх тайлбар байхгүй. Бидэнд шүүхээс эвлэрэх хугацаа олгож өгсөн боловч энэ хугацаанд бид эвлэрч чадаагүй. Тийм учир гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хүү Л.Дийг ээжийнх нь асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлнө. Бидний дунд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаан байхгүй гэв.   

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Г.Лад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Гэрлэгчид нь 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэр бүл болж, 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн болох нь №6701000199 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн дундаас 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүү Л.Д төрсөн болох нь 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр бүртгүүлж авсан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.  

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2017 оны 01 дүгээр сараас хойш тус тусдаа амьдарч байгаа, зохигч нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон талаарх тэмдэглэл, шүүхээс гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг 1 удаа 2 /хоёр/ сарын хугацаагаар авсан боловч шүүгчийн захирамжид заасан хугацаанд эвлэрээгүй зэрэг бодит шалтгаанаар гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Гэрлэгчдийн дундаас 2014 оны 10 дугаар сарын 25-ны  өдөр төрсөн хүү Л.Дийг хүүхдийн нас, хүүхдэд тавих эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо зэргийг харгалзан эх Д.Бын асрамжид үлдээж эцэг Г.Лаас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Л.Дийг эх Д.Бын асрамжид үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд нь эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99.734 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Лаас эд хөрөнгийн бус үнэлж болохгүй нэхэмжлэлд төлөгддөг 70.200 төгрөгийг, Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2014 оны 10 дугаар сарын 25-ны  өдөр төрсөн хүү Л.Д 3 нас хүрсэн байгаа тул хуулинд зааснаар тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутаг буюу Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 173.500 төгрөгийн тал хувь 86.750 төгрөгийг сар бүр хариуцагч Г.Л төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү Л.Дд сар бүр төлөх 86.750 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, 1.041.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 29.534 төгрөгийг, нийт 99.734 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар Дн Б, Гн Л нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2014 оны 10 дугаар сарын 25-ны  өдөр төрсөн хүү Л.Дийг эх Д.Бын асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Л.Дийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцвал 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.Лаас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Г.Лад, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Д.Бт тус тус даалгасугай.

5. Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 99.734 /ерэн есөн мянга долоон зуун гучин дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Лаас 99.734 /ерэн есөн мянга долоон зуун гучин дөрөв/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бт олгосугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Хуланд даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БЯМБАСҮРЭН