| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 167/2018/0070/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/77 |
| Огноо | 2018-06-19 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2018/ШЦТ/77
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,
Хохирогч Б.Б
Хохирогчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,
Шүүгдэгч Г.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.От холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Г.О
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Г.О нь Дорноговь аймгийн Сайншанд сум, 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 2018 оны 05 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө хохирогч Б.Бийн нүүр хэсэгт гар, өвдөгөөр болон баруун гарын сарвуу хэсэгт гар утсаар цохиж. түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн талаар болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Энэ хүн манай нөхөртэй 2017 оны 09 дүгээр сараас эхлэн явалдсан. Би тухайн үед жирэмсэн байсан бөгөөд 10 дугаар сард төрсөн.... Анх Бтэй утсаар яриад чи ингэсэн байна. Чиний чатыг харлаа гэхэд би чам шиг биш гэж хэлсэн. Өөрөө эх хүн байж яаж төрсөн хүнд ингэж хандаж байгааг ойлгохгүй байна. Хэрэг болсон өдөр нөхөр надтай хэрүүл хийгээд гараад явсан байсан. Бтэй нөхрийн эгчээр нь утсаар яриулаад орой уулзаж ярилцъя гэхэд ирээгүй. Хүүхдээ харахаар ийм жоохон хүүхэдтэй байхад арай ч дээ гэж бодогдоод уур хүрээд тэвчиж чадахгүй байсан учраас очоод шууд алгадах гэсэн боловч чадаагүй үсэнд нь шүргээд өнгөрсөн. Тэгэхээр нь нөгөө гараагаа алгадах гэсэн боловч үс нь баригдсан учраас зулгаагаад хоёулаа унасан. Хохирогч нүүрээ хаасан байдалтай байсан. Гарны хумс нь урт байсан. Тухайн үед нүүрний зүүн тал руу Бийн гарын үзүүрээр цохигдсон байсан. Би гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийн тал дээр эмчилгээтэй холбоотой зардлыг нөхөн төлнө. Харин үс суулгах, гар утасны зардлыг төлөх боломжгүй. Учир нь үс зайлшгүй суулгах талаар болон гар утас нь миний үйлдлээс эвдэрсэн талаар тогтоогдоогүй байна гэв,
Хохирогч Б.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... Би 2017 оны 09 сараас Гтой тааралдан мессежээр харилцдаг болсон. Улмаар эхнэр нь мэдэж энэ оны 5 сард надтай утсаар ярихад би түүнд би чам шиг биш гэж хэлсэн. 5 дугаар сарын 15 нд над руу утсаар яриад уучлал гуйх 24 цагийн хугацаа өгье гэсэн. маргааш нь шөнө над руу залгаад байрны гадаа гараад ир гэсэн. Намайг гарч ирэхэд О над дээр ирээд “чи муу янхан яадаг гэнээ” гэж хэлээд миний хацар луу 1 удаа алгадаад, үргэлжлүүлээд намайг үсдэж аваад доош нь тонгойлгож байгаад миний нүүр лүү 2-3 удаа өвдөглөсөн. Тэгээд дээр гарч суугаад миний нүүр лүү цохих гээд байхаар нь би нүүрээ 2 гараараа дараад хэвтсэн. Манай хажуу айлын Б ирээд бид 2 –г салгасан. Маш их гомдолтой. Хэрэгт хавсаргасан баримтаар 13853000 төгрөгийн хохирлоо нэхэмжилнэ. Шүүгдэгч Г.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 16-наас 2018 оны 05 дугаар сарын 17-нд шилжих шөнө 04 цагийн орчим байсан ба Бийг утсаар нь залгаад гараад ир гэж хэлэхэд Б гараад ирсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд түүнийг алгадах гэтэл гараараа хаагаад цохиулаагүй. Тэгэхээр нь би нөгөө гараараа алгадах гэхэд гарт үс нь баригдахаар нь үсдээд авсан. Тэгтэл Б гараараа миний нүдний шил рүү цохиод миний шилийг унагачихаар нь би зууралдаад унасан бөгөөд би тэрний дээр нь гараад унасан. Би Бийн дээр нь байхад Б нүүрээ баруун гараараа дараад хаагаад байхаар нь би түүний гар луу нь гартаа барьсан байсан гар утсаар 1 удаа цохиод гараа аваач гэж хэлээд мөн нэг удаа алгадсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/, Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэрээсээ гарахад О миний зүс мэдэх Н гэх эмэгтэй дээрээс нь Т /сүүлд нэрийг нь мэдсэн гэх/ гээд 2 эмэгтэйгийн хамт явж байсан. Тэгэхэд Т, О хоёр нь нилээн халамцуу архи уучихсан байдалтай, харин Н нь эрүүл байх шиг байсан. Намайг ирэнгүүт О над дээр ирээд “чи муу янхан яадаг гэнээ” гэж хэлээд миний зүүн талын хацар луу 1 удаа алгадаад, үргэлжлүүлээд намайг үсдэж аваад доош нь тонгойлгож байгаад миний нүүр лүү 2-3 удаа өвдөглөсөн. О намайг ингээд зодоод эхлэхээр нь би түүнд үсдүүлсэн байхдаа “одоо тавьчих, уучлалт гуйя, ярилцья” гэсэн чинь О “чамтай юу ярьдаг юм” гэж хэлээд намайг үсдэж дарж газар унагасан. Тэгээд дээр гарч суугаад миний нүүр лүү цохих гээд байхаар нь би нүүрээ 2 гараараа дараад хэвтсэн. Тэгсэн чинь О гартаа барьсан байсан бараан өнгийн гар утсаараа миний нүүрээ хаасан баруун гарын сарвууны ар хэсэг лүү 10 орчим удаа, дээрээс нь баруун шанаа руу мөн 10 орчим удаа цохьсон. Тухайн үед О миний дээр гарч суусан байхдаа “...чиний хөөрхөн царай чинь яадаг гэнээ, чи бол янхан, танай ээж янхан, танай охин янхан болно" гээд л цохиод байсан. Тэгээд зогсохгүй “чиний үс чинь яадаг гэлээ" гээд үсдэж татаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-13 дугаар хуудас/, Гэрч Б.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О тэр эмэгтэйтэй эхлээд юм ярьж байснаа алгадаж аваад үсдээд хамт газар унаад дээр нь гараад суучихсан. Тэгэхээр нь би салгах гээд очиход О уйлаад та нарт хамаагүй гээд байхаар нь би Оийг бүүр уурлаад, хөөрөөд нөгөө хүүхнийг зодож магадгүй гээд буцаад машинд ороод суусан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Гэрч Г.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О нь Бийг доороо хийгээд дээр нь гараад суучихсан байдалтай байсан. Намайг гарч ирэх үед О нь Бийг нэг гараараа үсдээд нөгөө гартаа барьсан байсан утсаараа Бийн нүүр лүү нь заримдаа нүүрээ дарсан гарынх нь ар хэсэг рүү 10 гаруй удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 21 дүгээр хуудас/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай дүгнэлтэнд: “...Б.Бийн биед баруун сарвууны 4 дүгээр хурууны 3 дугаар шивнүүрийн хугарал, тархи доргилт, баруу нүдний дээд, доод зовхи, духны, баруун зүүн алганы ар хэсгийн цус хуралт. Баруун хацар, хамрын нуруу, нүүр, баруун бугалганы зулгаралт, нүүр болон бугуйны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Б.Бийн биед учирсан гэмтлүүд нь тогтоолд тусгагдсан өдөр буюу 2018 оны 05 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна..." гэжээ /хх-ийн 25 дугаар хуудас/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-44/ Хохирогчийн хохиролтой холбоотой баримт /хх-76-84/ Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос гаргасан нэмэлт баримт, шүүгдэгчээс гаргасан хохирогч болон гэрч Г.Г нарын мессежээр харилцаж байсан гэх баримт зэргийг шинжлэн судлав. Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Г.О нь 2018 оны 05 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сум, 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогчийн гэрийн гадна хардалтын улмаас хохирогч Б.Бийг нүүр хэсэгт гар, өвдөгөөр болон баруун гарын сарвуу хэсэгт гар утсаар цохиж. түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу олж авсан нотлох баримтууд болох Шүүгдэгч Г.Оийн өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 16-наас 2018 оны 05 дугаар сарын 17-нд шилжих шөнө 04 цагийн орчим байсан түүнийг алгадах гэтэл гараараа хаагаад цохиулаагүй. Тэгэхээр нь би нөгөө гараараа алгадах гэхэд гарт үс нь баригдахаар нь үсдээд авсан. ....би зууралдаад унасан бөгөөд би тэрний дээр нь гараад унасан. Би Бийн дээр нь байхад Б нүүрээ баруун гараараа дараад хаагаад байхаар нь би түүний гар луу нь гартаа барьсан байсан гар утсаар 1 удаа цохиод гараа аваач гэж хэлээд мөн нэг удаа алгадсан...” гэсэн мэдүүлэг, Хохирогч Б.Бийн өгсөн: “...Намайг ирэнгүүт О над дээр ирээд “чи муу янхан яадаг гэнээ” гэж хэлээд миний зүүн талын хацар луу 1 удаа алгадаад, үргэлжлүүлээд намайг үсдэж аваад доош нь тонгойлгож байгаад миний нүүр лүү 2-3 удаа өвдөглөсөн. О намайг ингээд зодоод эхлэхээр нь би түүнд үсдүүлсэн байхдаа “одоо тавьчих, уучлалт гуйя, ярилцья” гэсэн чинь О “чамтай юу ярьдаг юм” гэж хэлээд намайг үсдэж дарж газар унагасан. Тэгээд дээр гарч суугаад миний нүүр лүү цохих гээд байхаар нь би нүүрээ 2 гараараа дараад хэвтсэн. Тэгсэн чинь О гартаа барьсан байсан бараан өнгийн гар утсаараа миний нүүрээ хаасан баруун гарын сарвууны ар хэсэг лүү 10 орчим удаа, дээрээс нь баруун шанаа руу мөн 10 орчим удаа цохьсон. гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О тэр эмэгтэйтэй эхлээд юм ярьж байснаа алгадаж аваад үсдээд хамт газар унаад дээр нь гараад суучихсан. гэсэн мэдүүлэг, Гэрч Г.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О нь Бийг доороо хийгээд дээр нь гараад суучихсан байдалтай байсан. Намайг гарч ирэх үед О нь Бийг нэг гараараа үсдээд нөгөө гартаа барьсан байсан утсаараа Бийн нүүр лүү нь заримдаа нүүрээ дарсан гарынх нь ар хэсэг рүү 10 гаруй удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ. Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Г.От холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ. Хохирогчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар буюу эрүүл мэндэд хүндэвтэр хохиролыг хохирогчийг тохуурхан доромжилсон байдлаар үйлдсэн гэж дүгнэлтээ гаргасныг шүүх хянаж үзээд шүүгдэгч хохирогч нарын гэмт хэрэг болохоос өмнөх болон гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хоорондоо харилцсан байдлын талаар мэдүүлсэн хохирогч, гэрч нарын мэдүүлгийг үндэслэн тохуурхах, доромжлох сэдлээр гэмт хэрэг үйлдэгдээгүй байх тул шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Г.Оийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. Шүүгдэгч Г.От холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар санал гаргаж ирүүлсэн ба шүүгдэгчийн бага насны хүүхэдтэй хувийн байдал, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцлийг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод ял болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд хохиролтой холбоотой 14 ширхэг баримтаар 2970200 төгрөгийг , шүүхийн хэлэлцүүлэгт нэмсэн баримтуудаар 11250000 төгрөгийг бүгд 14 220 200 төгрөгийн нэхэмжлэл гаргасан гэх боловч шүүхээс хохирогчийн нэхэмжлэлийн талаар мэдүүлсэн: “... шүүгдэгчээс 13853000 төгрөг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг болон хохирогчийн бүрдүүлсэн баримтуудыг тус тус хянан үзэхэд 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр эрүүгийн хэрэгт Прокурорын хяналтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хохирлын баримтууд нь 13699488 төгрөгтэй холбоотой байна. Энэхүү нэхэмжлэлтэй холбоотой баримтуудыг гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой зардлууд болох эмчилгээ хийсэн 170400 төгрөг, шинжилгээ өгсөн 848000 төгрөг, унааны зардал 318808 төгрөг, гар утас засварлахтай холбоотой зардал 400000 төгрөг бүгд 1737208 төгрөгийг хангаж шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ. Харин хавтаст хэргийн 84-р хуудсанд авагдсан 42000 төгрөгийн баримт нь ямар зардалд зарцуулсан нь тодорхойгүй, гар утас засахад хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлтээс илүү нэхэмжилсэн 250000 төгрөг, баримтгүй нэхэмжилсэн 153512 төгрөг зэрэг 445512 төгрөгийн шаардлагыг хэргийн улмаас учирсан хохиролтой холбоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болголоо. Хохирогчийн гэмт хэргийн улмаас эрхэлсэн ажлаа хийх боломжгүй байдалтай хамааран ажилгүй байсан үеийн цалин 420280 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон хохирогчийн өмгөөлөгчийн саналаар Ач тус эмнэлгээр үс суулгуулах 11250000 төгрөгийн шаардлага зэргийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэлээ гаргах эрхтэйгээр шийдвэрлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Г.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. Шүүгдэгч нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдал, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэнийг ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Оийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О нь 450000 төгрөгийн торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О нь торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оээс 1737208 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бт олгож, хохирогч Б.Бийн 445512 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б нь цалин болон эмчилгээний зардлаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурьдсугай.
8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ГАНБОЛД