| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 240/2017/0347/и |
| Дугаар | 399 |
| Огноо | 2017-11-01 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 399
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Х
Хариуцагч: О.Б
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Х, хариуцагч О.Б, нарийн бичгийн дарга П.Цэнднасан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Х шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: О.Бтай 2005 онд танилцан 2006 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Улсын бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ батлуулан гэр бүл болсон. 2006 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүү Б.Азжаргал төрсөн. Одоог болтол ээж Б.Х дээрээ эрүүл, саруул өсөж байна. Амьдарч байх хугацаандаа О.Б нь архи их ууж, агсам согтуу тавьж үр хүүхэд айлган, цочоож амгалан тайван байдал алдагдуулдаг байлаа. Бид 2007 оны 10 дугаар сард салсанаас хойш тусдаа амьдраад 10-н жил болж байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэжээ.
Нэхэмжлэгч Б.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2006 онд гэрлэлтээ батлуулсан. 2007 онд хамтран амьдрах боломжгүй болсон учраас тусдаа амьдрах болсон. Гэрлэлтээ цуцлуулахыг хүсч байна. Бид хамт амьдарч байх хугацаандаа 1 хүүхэдтэй болсон. Хүүхдээ 1 настай байхад нь салаад тусдаа амьдарсан. Бид энэ хүнийг архи уудаг болсноос салах шалтгаан болсон. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүхэд Өмнөговь аймгийн 1 дүгээр арван жилийн сургуулийн 6в ангид сурдаг. Гэхдээ одоо амьдарч байгаа аавдаа сайн. Бид хоёрын гэрлэлтээ цуцлах гэж байгааг бас мэдэж байгаа. Энэ хүн тусдаа амьдралтай учраас хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй. Энэ хавар хүүхэддээ 800.000 төгрөг өгсөн. Хүүхдийн мөнгө битгий тогтоолгоорой хичээл номонд нь хэрэглэх мөнгийг тохиролцоод өгөөд явна гэсэн учраас тогтоолгохоо больсон. Бас манай гэрийнхэн дургүйцсэн учраас тогтоолгоё гэж бодохгүй байгаа гэв.
Хариуцагч О.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч О.Б миний бие нь Б.Хтэй 2006 онд гэрлэлтээ батлуулсан. Хүүхдийн асрамж болон эд хөрөнгийн маргаангүй. Гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүхэдтэйгээ улздаггүй. Хүүхдээ танихгүй. Аймгийн төврүү орж ирдэггүй. Хүүхэдтэйгээ уулзъя гэж боддог боловч уулзуулдаггүй. Тохиролцоод туслаад дэмжээд явж болно. Энэ жил 800.000 төгрөг өгсөн. Цаашид тусламж дэмжлэг үзүүлээд явна гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Б.Хийн нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, 0241272 дугаартай Б.Азжаргалын төрсний гэрчилгээний хуулбар, 0062640 дугаартай О.Б, Б.Х нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, “Өнө-Орших” өрхийн элүүл мэндийн төвийн Б.Азжаргалыг эрүүл бойжиж буй тодорхойлолт, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 47 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, хүүхдийн саналыг асуусан тухай тэмдэглэл, хариуцагч О.Бгийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хариу тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Х нь О.Бд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Б.Х, О.Б нар нь 2006 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэний бүртгэлийн газарт гэрлэлтээ хууль ёсоор бүртгүүлсэн болох нь 0062640 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тэдний дундаас 2006 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүү Б.Азжаргал төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, талуудын тайлбар зэргээр тус тус нотлогдож байна.
Нэхэмжлэгч Б.Х нь Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан боловч гэрлэгчид удаан хугацаанд тусдаа амьдарсан, цаашид хамтран амьдрах хүсэлтгүй байсан тул эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасныг үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллаагааг дуусгавар болгосон ба гэрлэгчид цаашид хамтран амьдрах боломжгүй болох нь талуудын тайлбар, 41 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэргээр нотлогдож байх тул гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үедээ хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцож болох бөгөөд гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар маргаж ямар нэг тайлбар гаргаагүй тул гэрлэгчдийн дундаас 2006 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүү Б.Азжаргалыг хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, өсч, суралцаж дассан орчин зэргийг харгалзан төрүүлсэн эх Б.Хийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна.
Хариуцагч Б.Х нь “ ... Энэ хүн тусдаа амьдралтай учраас хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй...” гэсэн тайлбарыг гаргаж Б.Азжаргалд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох эсэх талаар зохигчид маргахгүй байгаа боловч Монгол улсын Үндсэн хууль болон Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхэд нь эцэг эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй ба энэ эрх нь эцэг эхээсээ тусдаа амьдарч байсан ч нэгэн адил байх тул хариуцагч О.Б нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.
Иймд нэхэмжлэгч О.Бгаас тэтгэлэг гаргуулан хүү Б.Азжаргалыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн үнийн дүнг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Бэйс овогт Очирын Б, Ямаат овогт Банзрагчийн Х нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2006 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүү Б.Азжаргалыг төрүүлсэн эх Б.Хийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Бэйс овогт Очирын Б /регистрийн дугаар: КЛ81061110/-аас 2006 оны 08 дугаар сарын 18-ны өдөр төрсөн Б.Азжаргалыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. О.Бгаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд мэдэгдсүгэй.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар Б.Хишигдэлгэр, О.Б нарын гэрлэлтийг цуцлаж, нэг хүүхдийн тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Сугирсүрэнд даалгасугай.
6. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасныг баримтлан хүү Б.Азжаргалыг хүссэн үед нь уулзаж байхыг эцэг О.Бд даалгасугай.
7. Зохигчид хүүхдийн асрамж болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын Тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Хийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Бгаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Хт олгож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг хариуцагч О.Бгаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР