| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 240/2017/0325/и |
| Дугаар | 414 |
| Огноо | 2017-11-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 414
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.Н
Хариуцагч: Т.Б
2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Н, хариуцагч Т.Б, нарийн бичгийн дарга Н.Одгариг нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Ц.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 0******* дугаар сард Хөндлөн дэрс гэх өөрийн эзэмшлийн газар дээрээ байрлах өвөлжөө бууцаа Төмөртогоогийн Бд 2.000.000 төгрөгөөр зарахаар тохиролцсон бөгөөд Т.Б нь уг мөнгөө өгөхгүй, мөнгөө авахаар удаа дараа нэхэхэд удахгүй өгнө гэж хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн тул Т.Бгаас 2.000.000 төгрөгийг гаргуулж иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ. Миний бууц хороог юуч ч үгүй болгоод явсан. Гэрээ үлдээгээд явсан мөн гадна талын байшингийн нурууг эвдчихээд явсан. Би энэ хүнийг ямар бодолтой ийм зүйл гаргасныг мэдэхгүй байна. Миний байшинд байсан зуух алга болсон мөн гэрээ авахгүй байгаа нь ямар учиртай юм бэ? Би зуухаа төлүүлж авах хүсэлттэй байна. Тэгээд хог шороог нь янзлуулж авмаар байна. 2.000.000 төгрөгөө өгч чадахгүй юм бол манай бууцнаас өөрийн гэрээ авмаар байна. Би хүнтэй тохиролцоод янзлуулж байгаа тэр хүний хөлс мөнгийг гаргуулах саналтай байна. Зуухаа төлүүлж авмаар байна. Байшингийн нуруу цөмөрсөн мөн зуух эвдэрсэн. Энэ хүний хүүхдүүд эвдсэн. Би 2016 оны ******* сараас 2017 оны 9 сар хүртэл малаа хөлсөөр маллуулж байсан. Энэ хүн манай өвөлжөөг худалдаж авна гэж надад ярьсан. Авахгүй гэж хэлээд гэрээ авахгүй байгаа нь ямар учиртай юм бэ. Би зуух болон байшингийн нуруу эвдэлсэнд хохиролтой байна. Өөр гомдол санал байхгүй гэв.
Хариуцагч Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өөр хүнд зарчихаад надад хүчээр зарах гээд байна. Энэ бууц нь зүв зүгээр байсан хүүхдүүд нь мэдэж байгаа. Хавар ирээд очиход бүх зүйлийг нураасан байсан. Би өөрөө энэ газрыг янзалж өрсөн байсан. Хүчээр надаас мөнгө авах гэж байна. Би байшин хороог бүтнээр өгсөн өөрсдөө нураачихаад надаас мөнгө нэхэж байна. Би авахгүй надад мөнгө байхгүй. Түрүү жил ирэхэд байшингийн нуруу нь хугарсан байсан. Би боломж байвал авна гэж хэлсэн. Тэгээд дараа нь өөр хүнд зарна гээд хүн ирсэн тэгэхлээр нь би яваад өгсөн. Би бууцыг авахгүй. Би энэ зуухыг нь мэдэхгүй. Би хүний зүйлийг хулгай хийдэг хүн биш. Байшин буулгасан гэж хэлсэнд гомдолтой байна гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл, Ц.Нн иргэний үнэмлэхийн хуулбар, 02794*******0 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн иргэнд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, гэрэл зураг 3 ширхэг зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Н нь Т.Бгаас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ц.Н нь “ ...өөрийн эзэмшлийн газар дээрээ байрлах өвөлжөө бууцаа Т.Бд 2.000.000 төгрөгөөр зарахаар тохиролцсон...” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлан,
Хариуцагч Т.Б нь “...Би боломж байвал авна гэж хэлсэн. Тэгээд дараа нь өөр хүнд зарна гээд хүн ирсэн тэгэхлээр нь би яваад өгсөн. Би бууцыг авахгүй...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч Ц.Нд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ******* дугаар баг ******* 2-2 тоотод байрлах өвөлжөөний зориулалттай ******* нэгж талбарын дугаартай 1000 метр квадрат газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээг 2010 оны 10 дугаар сарын 19-ний өдөр олгосон байна.
Нэхэмжлэгч Ц.Н нь дээрхи газар дээр байрлах өвөлжөөг хариуцагч Т.Бд 2.000.000 төгрөгөөр худалдахаар тохирсон гэж үзэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байх боловч нэхэмжлэгчид дээрхи газрыг худалдан борлуулж бусдын өмчлөлд шилжүүлэх эрх олгогдсон нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Түүнчлэн 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан З.*******, Ц.Н нарын хооронд байгуулсан Иргэнд газар эзэмшүүлэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-д “Эзэмшлийн газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулах бол Засаг даргаас зөвшөөрөл авч, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлнэ”, мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-т “Газар эзэмшигчийн өмчлөлд байгаа тухайн газар дээрхи үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх өөр этгээдэд шилжвэл Монгол улсын Иргэний хуулийн 110.1 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ” гэж талууд тохиролцсон байна.
Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “ Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно” гэж заажээ.
Нэхэмжлэгч Ц.Н, Т.Б нарын хооронд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ******* дугаар баг ******* 2-2 тоотод байрлах өвөлжөөг худалдах худалдан авах талаар амаар хэлцэл хийгдсэн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байх боловч Иргэнд газар эзэмшүүлэх гэрээний дагуу эзэмшлийн газар дээрхи үл хөдлөх эд хөрөнгө буюу өвөлжөөг бусдад шилжүүлэх талаар хуульд заасныг зөрчсөн, өөрөөр хэлбэл талууд хэлцлээ улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгчид гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрх үүсэхгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлдэг тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн үнийн дүнг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан Ц.Нн иргэний үнэмлэхийн хуулбар, 02794*******0 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн иргэнд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар зэрэг нь хуульд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангасан байх тул нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно. Нэхэмжлэгч Ц.Нгоос гаргасан 3 ширхэг гэрэл зураг нь өвөлжөөний эвдэрч нурсан байдлыг харуулсан зураг гэж нэхэмжлэгчээс тайлбарласан тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 11******* дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар Ц.Нн хариуцагч Т.Бгаас 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Нн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 46.950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР