Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2017/ШЦТ/221

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2017/0230/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүжин,

Улсын яллагч Д.Энхтуяа,

Шүүгдэгч Н.М, Р.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М овогт Н.М, Х овогт Р.Г нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201709000341 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын....ний өдөр ....... аймгийн ...... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ....... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ........аймгийн ........ сумын ..... дүгээр баг ........ тоотод оршин суух оршин суух хаягтай, Урьд:

............ аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр.......... дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, М овогт Н.М, Регистрийн дугаар.............,

 

2. Монгол Улсын иргэн, ........ оны .... дүгээр сарын .........-ний өдөр ..... аймгийн....... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ...... аймгийн .....сумын ....дугаар баг ....... тоот оршин суух оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Р.Г, Регистрийн дугаар ...........;

                                                                                                                               

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Р.Г, Н.М нар нь..... оны .... дугаар сарын ...-ны өдөр .... аймгийн Дархан сумын .... дугаар багт байрлах .......... ХХК-д ажиллаж байхдаа 1 093 350 төгрөгийн үнэлгээтэй 197 кг үхрийн махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахаар завдсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Гэм буруугийн талаар

....... аймгийн ........ сумын ......... дугаар багт ............... ХХК-ний ажилчид болох Р.Г, Н.М нар нь 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр мах буулгах явцдаа 1,093,350 төгрөгийн үнэлгээ бүхий 197 кг үхрийн махыг хулгайлан гүн хөлдөөгчид оруулан хөлдөөгчний араар тавьсан болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Н.М-ын өгсөн: Би .......... компаниас үхрийн мах хулгай хийхээр завдсан. Миний буруу. Би буруугаа маш сайн ойлгосон гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Р.Г-ийн өгсөн: 2017 оны 5 дугаар сарын 15-нд ажилдаа ирэхэд М.М ах энэ махыг зөөе гэж хэлсэн. Тэгээд би хамт зөөлцсөн. Би мах хулгайлах гэж байгааг мэдсэн. Би маш их гэмшиж байна гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч М.Э-ын өгсөн: ... Одоогоос 3 хоногийн өмнө буюу 2017 оны 6 дугаар сарын 10-нд ажил дээрээ ирэхэд манай ажлын ерөнхий технологич О манай ажлын М, Г нар 197 кг үхрийн мах хулгайлж баригдаад цагдаад өгсөн байгаа гэж надад хэлсэн юм. Манай компанид 2009 оноос хойш ажиллаж байгаа мэргэжлийн ажилчид байгаа юм. Санал гомдол гэх юм алга. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.. гэсэн мэдүүлэг /хх-ийн 10/,

Гэрч Л.Б-ийн өгсөн: 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ажил дээрээ байж байхад манай ажил дээр байдаг гүний хөлдөөгчнөөс С гарч ирсэн. Манайх тухайн үед тус хөлдөөгчийг ашиглаагүй байсан, гэтэл удаа ч үгүй араас нь М гарч ирсэн. Тэгээд би гайхаад зөрөөд хөлдөөгч рүү ороод хөлдөөгчний араа харахад 5 ширхэг үхрийн гулууз мах тавьсан байсан. Тэгээд би О-д энэ талаар хэлсэн. Дараа нь М ирээд уучлалт гуйсан гэж О хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 11/,

Гэрч З.О-ийн өгсөн: 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдөр миний бие муудаад эмнэлэгт хүргэгдэж хэвтсэн. Тэгээд манай нөхөр ажилдаа явсан. 2-3 хоногийн дараа манай ажлын Атанай нөхөр М асуудалд орсон байна, та мэдсэн үү гэхээр нь би мэдээгүй гэхэд 2-3 гуя хулгайлж байгаад баригдсан гэсэн. Тэгээд нөхрөөсөө асуухад Мт чи эмнэлэгт хэвтээд мөнгө олдохгүй, хэдэн гуя заръя гэж бодсон юм гэсэн. Надан хэлэхдээ Х хамт байсан гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 12/,

Гэрч Б.О-ийн өгсөн: 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр манай компанийн дотоод хяналтын албаны дарга Б нь ажилтан Г, Мнарыг хөргөлтийн өрөөнөөс гарч байхад нь шалгахад 6 ширхэг үхрийн гуя мах нуусан байна гэсэн. Тэгэхээр нь би тэр нар махыг яаж авах юм бол гээд хараад байсан чинь тэд нар ажлаа хаяад явсан. Тэгэхээр нь цагдаа дуудсан. ...гэх мэдүүлэг /хх-ийн 14/,

Капитал зууч компанийн 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хулгайлахаар завдсан 197 кг мах нь 1.093.350 төгрөгийн үнэлгээтэй гэх дүгнэлт /хх-ийн 16-17/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь оногдуулах ялын хэмжээ багасч, шүүгдэгч Н.М, Р.Г нарын эрх зүйн байдлыг дээрдүүлж байх ба Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.М, Р.Г нарын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.  

Иймд шүүгдэгч Н.М, Р.Г нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахаар завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.М, Р.Г нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

2. Ял, эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

 

Шүүгдэгч Н.М, Р.Г нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний хуулбараар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хорих ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж  үзлээ.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.М, Р.Г нарыг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахаар завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүйг дурдсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Н.М, Р.Г нарыг хорих ялаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.М, Р.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ИХТАМИР