| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
| Хэргийн индекс | 143/2017/00341/И |
| Дугаар | 143/ШШ2017/00380 |
| Огноо | 2017-10-25 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 143/ШШ2017/00380
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Э
Хариуцагч: Г.З
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Г.З, нарийн бичгийн дарга П.Цэнднасан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2000 онд Г.Зтой танилцаж, уулзаж, нөхөрлөж байгаад 2001 онд Солонгос яваад ирсэн. 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр охин Э.******* төрсөн. Намайг жирэмсэн 5 сартай байхад өөр хүнтэй суугаад явсан. Одоо охин ******* 8 сартай болсон. Тэр хүнтэйгээ нийлээд охиноо авна гэж сэтгэл санааны дарамтад оруулдаг ба байнга согтуу ирж хэл амаар доромжилдог тул амар тайван амьдрах орчин бүрдэхгүй байна. Иймд хариуцагч Г.Зоос охин *******д тэтгэлэг гаргуулан авах хүсэлтэй байна. Г.З бид 2 гэрлэлтийн баталгаагүй бөгөөд эд хөрөнгийн маргаангүй болно.” гэжээ.
Нэхэмжлэгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би энэ хүний дарамтнаас айж байна. Өөрөө хүлээн зөвшөөрч байгаа бол тэтгэлэг тогтоолгоё.” гэв.
Хариуцагч Г.З шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б.Эын ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцлаа. Г.З миний бие Б.Этай 2016 оны 03 дугаар сараас 2016 оны 04 дүгээр сар хүртэл хамт байсан нь үнэн. Охин Э.******* нь миний хүүхэд мөн болно. Иймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.
Хариуцагч Г.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”Хүлээн зөвшөөрч байгаа. Миний охин мөн. Би нэхэмжлэлээ буцаа гэж дарамтлаагүй. Тухайн үед осолд орсон байсан учраас нэхэмжлэл гаргахаа түр хүлээж бай гэж л нэг удаа хэлсэн. Би дарамтлаагүй.” гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, охин Э.*******гийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ”Шим билэг” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, хариуцагчийн хариу тайлбар, хүсэлт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Э нь Г.Зоос хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд ханджээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Б.Э, Г.З нар хамтран амьдарч, тэдний дундаас 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр охин Э.******* төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт зааснаар эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд тэдний хэн нэг нь хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа тохиолдолд энэ үүргээ биелүүлэх үүрэгтэй. 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин Э.*******гийн эцэг Г.З болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байх тул эцэг Г.Зоос хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б.Эын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Зоос 28209 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 41991 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Эад олгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Э нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан нь шүүхийн онцгой харьяалалд хамаарч байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт заасны дагуу тус шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн болно.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Зоос охин Э.*******г 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б.Эын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Зоос 28209 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 41991 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Эад олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ