Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 221

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Т-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            хохирогч Б.Т-, түүний өмгөөлөгч Ч.Нямцоож,

            шүүгдэгч Д.Т-, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг,

нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Т-, түүний өмгөөлөгч Ч.Нямцоож нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Д.Т-т холбогдох 1710010500599 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Д овгийн Д-ын Т-, 1984 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, “Ази фарм” ХХК-д харилцагчийн ахлах менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ...... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:....../,

Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 539 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан;

 

Д.Т- нь 2017 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Corporate” зочид буудалд Б.Т-тэй маргалдан, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Д.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д овогт Д-ын Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Д.Т-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т- нь 06 /зургаа/ хоног цагдан хоригдсоныг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-аас 352.970 /гурван зуун тавин хоёр мянга есөн зуун дал/ төгрөгийг гаргуулан хохирогч Б.Т-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7.251.874 /долоон сая хоёр зуун тавин нэгэн мянга найман зуун далан дөрөв/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Б.Т- нь гэмт хэргийн улмаас ажилгүй болсон хугацааны цалинтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, эрүүгийн 1710010500599 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Хохирогч Б.Т-гийн өмгөөлөгч Ч.Нямцоож гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 07 дугаартай шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг эс зөвшөөрч байна. Шүүх иргэний нэхэмжлэлээс 7.251.874 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн бодитой үнэлж чадаагүйгээс хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, шүүгдэгчийн хууль бус үйлдлийг өөгшүүлсэн шийдвэр гаргасан гэж үзэж байна. ...Хохирогч Б.Т- нь шүүгдэгч Д.Т-т 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө зодуулж, биедээ гэмтэл авч, ”Гурван гал” эмнэлэгт 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд хэвтэн эмчлүүлж, хагалгаа (мэс засал) хийлгэж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан. Энэ нөхцөл байдал хавтас хэрэгт авагдсан шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтаар хангалттай тогтоогддог, ...эрүүл мэндээрээ хохирч, сэтгэл санааны хувьд ч хүнд байдалд байгаа тул Иргэний хуулийн "... бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээх, боломжгүй тохиолдолд мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй ..." гэх зохицуулалтын хүрээнд шүүгдэгч Д.Т-т холбогдуулан нэхэмжлэл гаргаж, ...уул эрхийнхээ хүрээнд өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах, сэргээлгэхээр хууль хяналтын байгууллагад хандсан.

Шүүх “... хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхээс үзэхэд хамрын мэс ажилбар хийлгэсэнтэй холбоотой эмчилгээ сувилгаа огт хийгдээгүй, ...Д.Т-ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол биш байна ...” гэх дүгнэлт хийж, Эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах болон эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авахад зарцуулсан зарим зардалд 2.770.300 (хоёр сая долоон зуун далан мянга гурван зуун) төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 2.417.330 (хоёр сая дөрвөн зуун арван долоон мянга гурван зуун гучин) төгрөгийн нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болголоо.

2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хооронд эмчийн магадлагаагаар ажлаас түр чөлөөлөгдөж, Гэмтэл согог судлалын үндэсний төв, “Натур” эмнэлэг, “Гурван гал” эмнэлэгт хандан эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан ба “Гурван гал” эмнэлэгт 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд хэвтэн эмчлүүлж, хагалгаа (мэс засал) хийлгэж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан. Нэхэмжилж байгаа зардал нь шүүгдэгч Д.Т-ын эрүүл мэндэд хохирол, хор уршиг, гэм хор учруулсантай шууд шалтгаант холбоотой гарсан зардлууд бөгөөд түүнд зодуулсан гэмтлээ эмчлүүлэх зорилгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Мөн шүүгдэгч Д.Т- Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр бичгээр гаргасан хүсэлтдээ: "...Би Б.Т-гийн гаргаж өгсөн эмчилгээний зардалтай танилцахад 2.800.000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан байна, учирсан бодит хохирлыг нөхөн төлөхөд татгалзах зүйлгүй /хавтас хэргийн 69 дүгээр тал/, Улсын яллагчийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 461 дүгээр яллах дүгнэлтийн хавсралтад: “... 4. Хохирогч Б.Т- нь яллагдагч Д.Т-аас 4.990.300 төгрөг нэхэмжилж байгаа ба баримтаар 1.036.870 төгрөгийн баримт гарган өгсөн, үүнээс хохирол нөхөн төлөгдөөгүй болно...” /хавтаст хэргийн 140-142 дугаар тал/ гэж дурдаад, анхан шатны шүүх хуралдааны үед улсын яллагч: “... Мөрдөн шалгах ажиллагаанд 4.990.300 төгрөгийн нэхэмжлэл хэрэгт авагдсан бөгөөд үүнээс 1.036.870 төгрөг нь баримттай байгаа...” /анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Шүүх хуралдааны тэмдэглэл”-ийн 3 дугаар тал/ гэсээр байхад эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах болон эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авахад зарцуулсан зарим зардлаас 352.970 (гурван зуун тавин хоёр мянга есөн зуун далан) төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Нөгөөтэйгүүр хүний эрүүл мэндийг эд хөрөнгөд хохирол учрахаас ч багаар үнэлж байгаад харамсаж байна. Түүнчлэн, Шүүх: "... Гурван гал" хувийн эмнэлэг нь Монгол улсад татвар төлдөг, найдвартай, томоохон хувийн хэвшлүүдийн нэг бөгөөд тухайн мөнгийг эмнэлэг аваагүй учир Татварын Ерөнхий газарт илгээгээгүй бөгөөд дээрх мэдүүлгээр тухайн баримт няцаагдаж байна..." гэх дүгнэлт хийж, хавтаст хэргийн 30 дугаар талд авагдсан “Гурван гал” эмнэлгийн 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 90 дугаартай 1.500.000 (нэг сая таван зуун мянга) төгрөг төлсөн баримтыг үнэлээгүй. Уул баримтыг үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж, 16.15 дугаар зүйлийн З дахь хэсгийн “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж тус тус заасан зохицуулалтыг зөрчсөн.

Хавтас хэрэгт авагдсан төлбөрийн баримт, дансны хуулга зэрэг нотлох баримтаар “Гурван гал” эмнэлэгт:

2017 оны 12 дугаар сарын 2-ны өдөр үзүүлсэн /Үйлчилгээний нэр: Үзлэг, Төлбөр: 35.000 төгрөг, данснаас 13 цаг 29 минутад зарлага гарсан. Баримт 01:39 цагт хэвлэгдсэн/,

2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр үзүүлж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд анх хамартаа тавиулсан оёдлоо авахуулсан /Үйлчилгээний нэр: Ажилбар, Төлбөр: 150.000 төгрөг, данснаас 15 цаг 35 минутад зарлага гарсан. Баримт 15:35 цагт хэвлэгдсэн/,

2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр хамартаа мэс засал хийлгэсэн /Үйлчилгээний нэр: Ажилбар, Төлбөр: 1.500.000 төгрөг, данснаас 13 цаг 26 минут, 13 цаг 27 минутад нийт 2 удаа зарлага гарсан, Баримт 01:56 цагт хэвлэгдсэн/, мөн анхан шатны шүүх хуралдааны үед гэрч Д.Батчулуун: “... Хохирогчийн өмгөөлөгчийн “Та хохирогчийг хэдэн удаа үзсэн бэ” гэх асуултад “... 5-6 удаа ирсэн” /Анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Шүүх хуралдааны тэмдэглэл”-ийн 12 дугаар тал/ гэж мэдүүлснээс үзэхэд тухайн баримт хууль ёсны болох нь тогтоогдсоор байхад хохирогчийг нотлох баримт хуурамчаар үйлдэж, өөрөөс гараагүй мөнгийг нэхэмжилж байгаа мэтээр үзэж байгаатай эвлэрэх боломжгүй. ...Тодруулбал, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13, 4.1.14, 4.1.15, 17 дугаар зүйлийн 17.3.2 дахь хэсэгт зааснаар Албан татвар суутган төлөгч нь "бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгох" үүргийг хүлээдэг. ...Мөн гэрч Д.Батчулуун хэрэгт хувийн сонирхлоор хандаж худал мэдүүлсэн байх боломжтой бөгөөд шүүгдэгч болон хохирогчийн өмнө ажиллаж байсан "Ази фарма" ХХК нь "Гурван гал" эмнэлэгтэй ажил хэргийн харилцаа холбоотой байгууллагууд юм. Үүнийг анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч: "... “Ази фарма” ХХК, “Гурван гал” эмнэлэг хоёр хамтрагч байгууллагууд, “Гурван гал” эмнэлэг манайхаас хэрэгцээнийхээ эмийг авдаг ..." гэж мэдүүл байсан тул хохирогчид 1.350.000 (нэг сая гурван зуун тавин мянган) төгрөг буцааж олгосноо баримтаар нотлохыг шаардаж байсан болно. Улмаар "Гурван гал" эмнэлэгтэй ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг, зэрэглэл дүйцэхүйц эмнэлгүүдээс үнийн санал авахад хамрын гэмтлийг 1.200.000-2.000.000 төгрөгөөр эмчлэх талаар баримт өгсөн. Шүүх "... энэ хэргээс болж түүнийг ажлаас чөлөөлсөн, халсан тухай баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүх дээрх үндэслэлээр хохирогчийг ажлаасаа халагдсан, улмаар энэ хугацааны цалинг олгох нь зүйтэй гэх үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна ..." гэх дүгнэлтийг хийж, 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх ажлын 36 өдрийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс 3.834.544 (гурван сая найман зуун гучин дөрвөн мянга таван зуун дөчин дөрвөн) төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосон нь мөн л үндэслэлгүй байна. Хохирогч Б.Т-г "Ази фарма" ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б-527 тоот тушаалаар /хавтаст хэргийн 45 дугаар талд/ "...Ахлах эдийн засагч албан тушаалд ... 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн томилж, туршилтын хугацааг 3 сараар..." тогтоосон бөгөөд 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд хууль болон гэрээнд заасан баталгаагаар хангагдан ажиллах эрхтэй байсан боловч Д.Т-т зодуулсан асуудлаас болж гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б-622 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр халагдахад хүрсэн тул учирсан хохирлыг шүүгдэгчээр арилгуулах хүсэлттэй байгаагаа илэрхийлж нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ шалтгаанаар халагдсаныг шүүгдэгч хүлээн зөвшөөрдөг. Шүүх: “... өмгөөлүүлэх эрхээ эдэлж, өмгөөлөгчийг сайн дураараа сонгон авч, хууль зүйн туслалцаа авах гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр үйлчлүүлсний төлөө ... төлсөн төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцогдохгүй...” гэх дүгнэлт хийж, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээний хөлс 1.000.000 (нэг сая) төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосныг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар "Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ... өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй...” ч уул эрхээ эдлэх, хэрэгжүүлэх урьдач нөхцөл нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл байсан. ...11 сар орчмын хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тодорхойгүй шалтгаанаар сунжирч, удаа дараа шалгах хугацаа сунгагдах, шалгаж байсан мөрдөгчийг солих, прокурор нэмэлт хэрэг бүртгэлт явуулахаар хэргийг буцаах зэрэг нөхцөл байдал үүссэн учир өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар өмгөөлөгчид хандах, хууль зүйн туслалцаа хүсэх зайлшгүй шаардлага гарсан тул гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх нь зүй ёсны шаардлага хэмээн үзэж байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэсэн хэсэгт зохих өөрчлөлт оруулж, гомдолд дурдсанчлан 7.604.844 (долоон сая зургаан зуун дөрвөн мянга найман зуун дөчин дөрөв) төгрөгийг шүүгдэгч Д.Т-аас гаргуулж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч Ш.Т- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би эмнэлэгт 5 хоног хэвтэж, 10 гаруй нэр төрлийн эм тариа хэрэглэсэн. Тэдгээр эмнүүд нь бүгд тархи мэдрэлд уудаг эм. Кавинтон, витамин B комплекс, глюкоз, церукал, лаборь, дезотепин, актовегин, амитриптилин гэсэн эмнүүд байгаа. Эдгээр эмнүүд дотор 5 ширхэг тариа, 3 ширхэг эм, 2 ширхэг натри хлорид багтсан. Би өөрийн өвчний түүх дээрээ дээрх эмнүүдийг хийлгэе гэж бичүүлээгүй. 1.500.000 төгрөгийн баримттай холбоотой асуудлыг тухайн хуулийн хэрэгжилтэнд хяналт тавьдаг байгууллагаас “2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 13 цаг 56 минут 06 секунтэд “Гурван гал” групп хэрэглэгчийн системээс 1.500.000 төгрөгийн үнийн дүнтэйгээр хэвлэгдэж бүртгэгдсэн байна” гэсэн хариуг өгсөн. ...” гэв.     

 

Шүүгдэгч Д.Т-ын өмгөөлөгч Х.Баатарбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эмчилгээний зардал болох 1.400.000 төгрөгийг гаргах ёстой гэж хохирогчийн өмгөөлөгч тайлбарлаж байна. Хэрэгт авагдсан нотлох баримт, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн баримтаар нотлогддоггүй. Хохирогч  худал зүйлийг үнэн гэж түүнийгээ нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Хохирсон ч гэсэн илүү мөнгө нэхэмжилж болохгүй. Мэс ажилбарт 1.500.000 төгрөг өгсөн гэж яриад байна. Гэрч Д.Батчулуун мэдүүлэг өгөхдөө “...Мэс ажилбар, хагалгаа хоёр өөр, Ш.Т- гэх хүнд мэс ажилбар хийсэн. Мэс ажилбар нь 150.000 төгрөгийн үнэтэй. Мэс ажилбар хийгдсэн үед эмнэлэгт хэвтэх шаардлагагүй. Үүнтэй холбоотойгоор хагалгаанд орох, хүндрэх, эмнэлэгт хэвтэх зэрэг байдал 18 жил намайг ажиллах хугацаанд гараагүй...” гэж мэдүүлсэн. 1.500.000 төгрөгийг хохирогчийн ээж нь тушаагаад буцааж авсан байдаг. Баримт хэвлэгдсэн ч буцаагаад авсан учраас аж ахуй нэгж баримтыг илгээгүй байсан. Д.Батчулуун эмч “хэрвээ хамрын мэс ажилбар хийвэл заавал дамжиж, чих хамар хоолойн тасагт хэвтэх ёстой” гэж хэлсэн. Анхан шатны шүүх өвчин намдаах тарианы үнийн дүнг хохиролд тооцож шийдвэрлэсэн. Ажилгүй байсан хугацааны цалин 3.834.544 төгрөгийг анхан шатны шүүх иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Д.Т- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. Миний алдаан дээр дөрөөлөөд хохирогч Ш.Т- нь бодит бус зардал нэхэмжилж байгаад харамсалтай байна. Ш.Т- нь ажлын байрандаа тэнцэхгүй гэдэг үндэслэлээр ажлаасаа халагдаад, 3 шатны шүүхээр орсон. Ш.Т-д худал мэдүүлэг өгч, хуурамч нотлох баримт бүрдүүлсэн гэдэг үндэслэлээр хэрэг үүсгэсэн. Хийсэн хэрэгтээ харамсаж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:    

 

Шүүгдэгч Д.Т- нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Corporate” зочид буудалд 2017 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө Б.Т-тэй маргалдан, түүний хамар луу толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

            Хохирогч Б.Т-гийн “...2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “Ази фарма” ХХК-ийн харилцагчийн баярын арга хэмжээг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах “Corporate” зочид буудлын 2 давхарт зохион байгуулсан. Тус арга хэмжээ өндөрлөөд хүмүүс тарж байх үед буюу 2017 оны 12 дугаар сарын 1-ний 00 цаг 08 минутын орчим Т-т хамран тус газраа мөргүүлж гэмтсэн. ...” гэх мэдүүлэг /хх 10-11/,

            гэрч Ж.Золзаяагийн “...Т- дээр ирэхэд Т-тай зууралдаад зогсож байсан. Манайхан очоод салгасан чинь хамарнаас нь цус гарчихсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 17/,

            гэрч Т.Ганхуягийн “...Арга хэмжээ дуусаад хүмүүс явах гэж байхад ахлах эдийн засагч Т- над дээр ирээд “виски олж өг” гэхээр нь “за” гээд ширээн дээгүүр хайж байгаад тал виски олж өгсөн чинь “би ийм юм уудаг хүн биш, чи намайг өдөж байна уу бацаан минь, чи надад бүтэнг олж өг, би мөнгөөр нь авах чадалтай” гэхээр нь “угаасаа виски дуусчихсан” гэсэн чинь “чи мөнгөөр нь ч хамаагүй олж ир, би хүний уусан тал шавх руу уудаг хүн биш” гээд өөдөөс орилоод дайраад байхаар нь орхиод явчихсан. ...Нойлоос гараад ирсэн чинь Т- ах, Т- ах хоёр хоорондоо хэрэлдээд Т-гийн хамар нь цус болчихсон байсан. ...” гэх мэдүүлэг /хх 19/,

            гэрч С.Ганбаярын “...Арга хэмжээ дуусаад хүмүүс явах гэж байхад Б.Т- гэх манай ахлах эдийн засагч залуу хүмүүсээс виски нэхээд хүн болгон дээр явж очоод байсан. Над дээр ирээд виски нэхээд байхаар нь ингэж болохгүй, бид нар харилцагч нартаа зориулж уг арга хэмжээг зохион байгуулж байгаа гэхэд шууд миний элэг рүү цохисон чинь хүмүүс салгаад аваад явсан. Т- тэнд үлдчихээд хүмүүс рүү агсраад байсан. ...Т- луу явж очоод агсам тавиад тэр хоёр маргалдаад Т- Т-г нэг удаа мөргөсөн. Манайхан очоод салгасан чинь хамарнаас нь цус гарчихсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 20/,

            гэрч Д.Батчулууны “...Б.Т- гэх хүн ирж үзүүлсэн. Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр оёдол тавиулсан байсан. 2 хоногийн дараа ир гэж явуулсан. ...Үзлэг хийхэд хамрын шинэ хугаралтай байсан ба хоёр хоногийн дараа хамар тэгшлэх мэс ажилбар хийсэн. Уг ажилбар нь 150.000 төгрөгийн үнэтэй ба түүний дагуу хийсэн. ...Хэд хоногийн дараа хүлээн авахаас над руу залгаад 1.500.000 төгрөгийн хагалгаа хийсэн юм уу гэж асуухад тийм юм байхгүй, 150.000 төгрөгийн мэс ажилбар хийгдсэн гэсэн. Тэгээд дараа нь ажил дээр очоод хүлээн авахын хүнтэй уулзахад Т- нь хамартаа хагалгаа хийлгэсэн 1.500.000 төгрөг картнаасаа уншуулаад хэсэг хугацааны дараа андуурсан байна гээд 1.350.000 төгрөгийн буцаалт хийсэн байсан. Манай эмнэлэгт 1.500.000 төгрөгийн үнэтэй чих, хамар хоолойн хагалгаа гэж байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 21/,

            Д.Т-ын яллагдагчаар өгсөн “...Арга хэмжээ дуусаад уригдсан хүмүүс гараад явсны дараа ажиглагсад үлдээд ширээн дээрх үлдэгдэл зүйлсийг нь янзалж байхад эдийн засагч Б.Т- нилээн согтчихсон хүн хүнээс архи нэхээд гэдэс рүү цохиод яваад байсан. ...Намайг холдоод явахад  Б.Т- буцаж над дээр ирээд “чиний олон жил ажилласан надад хамаагүй, виски олж ир” гээд миний гэдэс рүү хоёр удаа цохихоор нь би түлхэж холдуулаад Б.Т-тэй барьцалдаж авангуутаа нүүр лүү нь нэг удаа мөргөчихсөн. Хүмүүс салгасны дараа харахад Б.Т-гийн хамраас нь цус гоожсон харагдсан. ...” гэх мэдүүлэг /хх 121-122/,

 “...Б.Т-гийн биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл...” учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 14902 дугаартай дүгнэлт /хх 23/ болон бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Д.Т- нь хохирогч Б.Т-гийн нүүр лүү толгойгоороо мөргөж,  түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хүзүүнд зулгаралт бүхий  хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

 

Д.Т-ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд тухайн гэмт хэрэг нь 2017 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө үйлдэгдсэн байх ба анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцэх үед Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Д.Т-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогч Б.Т-, түүний өмгөөлөгч Ч.Нямцоож нар нь “...анхан шатны шүүх иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг буруу шийдвэрлэсэн, 7.251.874 төгрөгийг гаргуулж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Анхан шатны шүүх гэм хорын хохирлын хэмжээг тогтоохдоо, хохирогчоос гаргаж өгсөн баримтын хэмжээнд хохирлыг тооцон гаргаж, тооцоолох боломжгүй буюу ажилгүй байсан хугацааны цалингаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг зааж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 3 дах хэсэгт заасантай тус тус нийцэж байгаа ч нэхэмжлэлийн шаардлагаас 7.251.874 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

 

 Тодруулбал, ажилгүй байсан хугацааны цалинг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн атлаа хохирогчийн нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин 3.834.544 төгрөг, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний 2.417.330 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөг, нийт 7.251.874 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

 

Хохирогч Б.Т- нь хэдийд, ямар үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдсөн болон хөдөлмөрийн чадвар түр алдсанаас хэдий хэмжээний цалин хөлс дутуу авсан /тэтгэмж цалингийн зөрүү нэхэмжлэх ёстой/ болох нь тодорхойгүй, мөн хамрын хагалгааны  төлбөр 1.500.000 төгрөг төлсөн гэх боловч 1.350.000 төгрөгийг буцааж авсан, “Гурван гал” эмнэлэгт 1.500.000 төгрөгийн үнэтэй хамрын хагалгаа байдаггүй талаар тус эмнэлгийн эмч Д.Батчулуун гэрчийн мэдүүлэг өгсөн, бусад эмчилгээний зардлын тухайд тухайн гэмтэлтэй холбоотой эмчилгээ, сувилгаа хийлгээгүй гэж талууд марган эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлэхэд тодорхой тооцоо гаргах боломжгүй, эргэлзээ бүхий байх тул ажилгүй байсан хугацааны цалин 3.834.544 төгрөг, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний зардал 2.417.330 төгрөг, нийт 6.251.874 төгрөгийг нэхэмжлэлийн баримтаа зохих журмын дагуу бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг зааж, харин хохирогч нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчмын үндсэн дээр төлбөртэй хийгдсэн хэлцлийн төлбөр буюу 1.000.000 төгрөгийг энэ гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол гэж үзэхгүй тул хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, хохирогч Б.Т-, түүний өмгөөлөгч Ч.Нямцоож нарын хамтран гаргасан “...анхан шатны шүүх иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг буруу шийдвэрлэсэн, 7.251.874 төгрөгийг гаргуулж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...нэхэмжлэлийн шаардлагаас 7.251.874 /долоон сая, хоёр зуун тавин нэгэн мянга, найман зуун далан дөрөв/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, ...” гэснийг “...нэхэмжлэлийн шаардлагаас 1.000.000 /нэг сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, ...” гэж өөрчилж, “...хохирогч Б.Т- нь гэмт хэргийн улмаас ажилгүй болсон хугацааны цалинтай холбоотой зардлаа…” гэсний дараа “ ...болон 6.251.874 /зургаан сая хоёр зуун тавин нэгэн мянга, найман зуун далан дөрөв/ төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай” гэсэн нэмэлт оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, хохирогч Б.Т-, түүний өмгөөлөгч Ч.Нямцоож нарын хамтран гаргасан “...анхан шатны шүүх иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг буруу шийдвэрлэсэн, 7.251.874 төгрөгийг гаргуулж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                   ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН