Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2014/0026

 

2014 оны 01 сарын 08 өдөр                    Дугаар 26                                      Улаанбаатар хот

 

Т.Б-ийн нэхэмжлэлтэй захиргааны

хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, хариуцагчийн өмгөөлөгч Л.Д нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 467 дугаар шийдвэрт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Т.Б-гийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа Байгаль орчин ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрх шийдвэрийн дагуу Байгаль орчин ногоон хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан тушаалд томилох шийдвэр гаргахыг даалгуулах” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “...Т.Б нь Цөмийн энергийн газрын Цөмийн материалын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа... албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн, хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв гаргах үүргээ биелүүлээгүй гэдэг үндэслэлээр нэг жил төрийн албанд эргэж орох эрхгүйгээр халагдсан. Тэрээр төрийн жинхэнэ албан тушаалд ажилтныг сонгон шалгаруулах журамд заасан шаардлагыг хангахгүй байсан тул уг журмын 9.36-д заасан нэр дэвшүүлсэн иргэдээс сонгон томилох эрхийн дагуу томилолгүйгээр дахин сонгон шалгаруулалт явуулах шийдвэр гаргуулахыг хүссэн. Мөн нэхэмжлэгч нь ажлын байрны тодорхойлолтод заасан туршлага, мэргэжил, боловсролын шаардлагыг хангаагүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 467 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 39 дүгээр зүйлийн 39.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа Байгаль орчин ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Т.Б-г Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийн дагуу Байгаль орчин ногоон хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан тушаалд томилох шийдвэр гаргахыг даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Нэгдүгээрт: Шүүгч 2013 оны 11-р сарын 06-ны өдөр болсон шүүх хурал дээр гэнэт шинээр нотлох баримт гаргаж ирсэн. Энэ нь 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 495, 10 дугаар сарын 10-ны өдрийн 1098, 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1232 дугаартай 3 албан бичиг гаргаж ирсэн. Төрийн албаны зөвлөлөөс удаа дараа албан бичгийн хариуг шаардахад өгөөгүй атлаа тухайн өдөр гаргаж ирсэн. Шинээр ирсэн нотлох баримт нь тодорхойгүй хариулт ирсэн тул тодруулж танилцах, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээн авалгүй шүүх хуралдааныг эхлүүлсэн. Хүсэлтийг хэлэлцэхдээ зөвлөлдөх тасалгаанд оролгүйгээр шууд шийдвэрлэсэн. Энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1.2- д заасан эрхийг маань ноцтой зөрчсөн юм. Эдгээр баримт нь Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд ирж байгаагүй бичиг баримтууд байсан бөгөөд эдгээр баримтад тайлбар өгөх боломжгүй болгосон.

Хоёрдугаарт: Төрийн албаны зөвлөлийг төлөөлөх эрх бүхий субъект нь Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Ц гэж албан тушаалтан байдаг гэж ойлгон, сонгон шалгаруулалтыг дахин явуулах хүсэлтийг удаа дараа тавьж ирсэн. Гэтэл Төрийн албаны зөвлөлөөс Б.Ц, Д.Д, С.Ц гэсэн 3 өөр утга агуулгатай 3 өөр албан тушаалтны гарын үсэгтэй баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа юм.

Тухайлбал: Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Ц 05 сарын 10-ны өдрийн 480 дугаартай "...нэр дэвшигчийн их, дээд сургууль төгссөн дипломын хүчинтэй эсэх лавлагааг холбогдох байгууллагаас авах", 2013 оны 08 дугаар сарын 06-ны 894 дугаартай албан бичгээр "...Т.Б-д холбогдох асуудлыг нягтлан шалгахад тодорхой хугацаа шаардлагатай" гэсэн агуулгатай албан бичиг ирүүлж, түүнд ажлын албаны дарга С.Ц Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1211 тоот албан бичгээр".. Т.Б-тай холбоотой захиргааны хэрэг үүссэн эсэх, хэрэг үүсэж хэлэлцэгдэж буй бол ямар шатандаа яваа, хэрхэн шийдвэрлэгдсэн талаар тодруулга хүсэж" албан бичиг ирүүлж байгаа нь БОНХЯ- ны хүсэлтийг хангаж асуудлыг шалгаж байдаг.

Гэтэл орон тооны гишүүн Д.Д 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 495, 5 дугаар сарын 29-ны өдрийн 585, дээрх албан бичгийг гаргаж өгөлгүй тухайн шүүх хурлын өдөр нотлох баримт болгон 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1232 дугаартай албан тоотыг гаргаж ирүүлсэн. Ингэхдээ хэт нэг талыг барьж, БОНХЯ-ны хүсэлтийг огт хангалгүй хариу өгсөн ба шүүх нотлох баримтыг тал бүрээс нь дүгнээгүй гэж үзэхэд хүргэж байгаа юм.

Энэ байгууллагыг хэн төлөөлж байгаа юм бэ гэдэг нь эргэлзээ төрүүлж байгаа төдийгүй эргэлзээтэй баримтын зөрүүг гаргалгүй шүүгч утсаар тодруулж асуусан хэмээн хууль бус нотлох баримтыг шүүх үндэслэн шийдвэрээ гаргасан. Ингэснээрээ шүүхийн шийдвэр шаардлага хангасан маргаан эцэслэн шийдвэрлэх хууль ёсны үндэслэлтэй нотлох баримтыг үндэслэсэн байх зарчим, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4,62.2 дахь хэсгүүдийг зөрчсөн.

2013 оны 11-р сарын 05-ны өдрийн 1232 дугаартай Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн Д.Д-ын гарын үсгээр батлан албан тоотод дурдсанчлан БОНХЯ нь шалгаруулалт хууль бус явагдсан тухай огт маргаагүй бөгөөд сонгон шалгаруулалтад тэнцсэн, томилуулахаар санал болгосон Т.Б нь манай яамны ажлын шаардлагыг хангахгүй, шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллах боломжгүй удаа дараа хууль зөрчиж байсан, ёс зүй, сахилгын зөрчил гаргаж байсан нэр дэвшигч байгаа тул Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам»-ын 9.37-д заасныг үндэслэн томилохоос татгалзсан юм.

Бид Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилд сонгон шалгаруулах журам"-ын 9 дүгээр зүйлийн "б", 33 хэсгийг зөрчин "2-оос доошгүй иргэнийг нэр дэвшүүлэх" - заалтын дагуу өөр нэр дэвшигчийг санал болгохыг Төрийн албаны зөвлөлд удаа дараа хандсан ба шаардлага хангасан иргэнийг томилоход бэлэн байгаа төдийгүй өөр нэр дэвшигч байхгүй бол дахин сонгон шалгаруулалт явуулж өгөөч хэмээн Төрийн албаны зөвлөлд хандаж байгаа билээ.

Гэтэл шүүх Т.Б-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байгаа ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны үндэслэл бүхий гэж үзэхгүй байна. Иймд энэхүү шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх хүсэлтэй байна.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Төрийн захиргааны удирдлагын газрын даргын ажлын байрны сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас Төрийн албаны зөвлөлд хүргүүлснээр Төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулалтыг явуулж 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 82 дугаар тогтоолоор Т.Б-г тухайн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж, санал болгосныг эс зөвшөөрч Байгаль орчин ногоон хөгжлийн яам 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 3/2592 албан бичгээр Т.Б “Төрийн албаны тухай”, “Авлигын эсрэг”, “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хууль, Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм” болон Цөмийн энергийн газрын “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг зөрчсөний улмаас төрийн албанаас халагдсан, түүнийг нэр дэвшүүлж буй нь Улсын Их Хурлын 2003 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 1.6, 1.7, 3.13 дах хэсгийг зөрчиж байгаа тул журмын 9.37-д заасныг үндэслэн тухайн ажлын байранд дахин сонгон шалгаруулалтыг явуулах саналыг хүргүүлсэн.

Мөн Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1/4211 дүгээр албан бичгээр Төрийн албаны зөвлөлд хандаж Т.Б нь удирдах албан тушаалд 3-аас доошгүй, байгаль орчны салбарт 5-аас доошгүй жил ажилласан” байх шаардлагыг хангаагүй, мөн Цахилгаан холбооны инженер мэргэжилтэй байгаа нь байгаль орчны мэргэжил, мэдээлэл, холбооны технологийн инженер байх гэсэн шаардлагыг хангахгүй байгааг дурдаж асуудлуудыг нягтлан шалгаж өгөхийг хүссэн боловч Төрийн албаны зөвлөлөөс дээрх асуудлаар тодорхой шийдвэрийг гаргаж, хариуг хүргүүлээгүй. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын Ес-ийн 37-д “Томилох эрх бүхий этгээд Төрийн албаны зөвлөл...- ийн санал болгосон нэр дэвшигчийг тухайн албан тушаалд томилохоос татгалзвал энэ тухайгаа зохих үндэслэлийн хамт... Төрийн албаны зөвлөл...д бичгээр мэдэгдэнэ. Энэ тохиолдолд Төрийн албаны зөвлөл... нь тухайн сонгон шалгаруулалтад тэнцэж нөөцийн жагсаалтад орсон иргэдээс нэр дэвшүүлэх, эсхүл сонгон шалгаруулалтыг дахин явуулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасны дагуу асуудлыг шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй байна.

Өөрөөр хэлбэл Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн Д.Д 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 585 дугаар албан бичгээр Т.Б-г томилохоос татгалзсан үндэслэл нь бодитой бус гэж үзэн Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6-д заасныг хэрэгжүүлэн ажиллахыг зөвлөсөн нь дээрх журамд заасны дагуу Төрийн албаны зөвлөлөөс гаргасан шийдвэр гэж үзэх боломжгүй төдийгүй Төрийн албаны зөвлөлийн даргаас 1/4211 дүгээр албан бичгийн хариуд “ажлын байранд санал болгосон Т.Б... нарт холбогдох албан бичигт дурдсан асуудлуудыг нягтлан шалгахад хугацаа шаардахыг 7ХХ-1-225/, мөн 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нэр дэвшигч нарын сонгон шалгаруулалтад оролцохдоо бүрдүүлсэн материалыг хүргүүлэх боломжгүй /ХХ-1-221/талаар Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад мэдэгдэж байсан, Байгаль, орчин, ногоон хөгжлийн сайд асуудлыг шийдвэрлэж өгөхийг 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шаардаж байсан/ХХ-1-229/ зэргээс харахад тухайн шийдвэрийг Төрийн албаны зөвлөл гаргаагүй байж болохоор байна.

Үүнээс шалтгаалж Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтод заасан Дээд боловсролын магистрын зэрэгтэй, Байгаль орчны мэргэжилтэй, Мэдээлэл, холбооны технологийн инженер, удирдах албан тушаалд гурваас доошгүй, байгаль орчны салбарт таваас доошгүй жил ажилласан туршлагатай байх ерөнхий шаардлагыг Т.Б хангасан эсэх, Төрийн албаны зөвлөл “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын Нэг-ийн 6 “Төрийн жинхэнэ албан тушаалд тавих ерөнхий болон тусгай шаардлага, ёс зүйн хэм хэмжээ, Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол хангасан Монгол Улсын иргэн сонгон шалгаруулалтад орно” гэх заалтын дагуу сонгон шалгаруулалтыг явуулсан эсэх нь тодорхойгүй болсон, анхан шатны шүүх дээрх асуудлыг тодруулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ. Зүй нь шүүх нэхэмжлэлийн “эс үйлдэхгүй”-г тогтоолгох шаардлагатай холбогдуулж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан үүргийнхээ хүрээнд Т.Б-ийн мэргэжил, ажлын туршлагатай холбоотой баримтуудыг бүрэн цуглуулж, хариуцагчийн татгалзлын үндэслэл болоод буй асуудал буюу тэрээр ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байгаа эсэх, түүнчлэн Төрийн албаны зөвлөл “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын Ес-ийн 37-д заасны дагуу шийдвэрээ гаргасан эсэхийг тодруулсны дараа маргааны үйл баримтад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх байжээ.

Иймд давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэх боломжгүй гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 467 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд буцаасугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.