| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2018/0008/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/27 |
| Огноо | 2018-09-01 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.И |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 2018/ШЦТ/27
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Ц.И
Хохирогч Э.Э
Шүүгдэгч Ж.Э
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С
Гэрч Л.Мягмардорж, Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Э-д холбогдох эрүүгийн 1725000160168 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Ж.Э
Шүүгдэгч Ж.Э нь 2017 оны 04 сарын 04-ний өдөр Л.Мягмардоржийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн 9б-01 тоот /Яргуйт баг Овоотын 2-10 тоот/ хашаа, байшинг газрын хамт “Голомт” банкны зээлээр худалдан авна, материал бүрдүүлж өгсөн гэж хуурч, бодит байдлыг нуух замаар худалдах, худалдан авах гэрээ байгуулан, өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авч 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр “Бэрс капитал” ББСБ-д 3.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж өмчлөх эрхийг залилж 30.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Ж.Эийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мягмардорж, Бямбасүрэн нараас хашаа байшинг худалдан авахаар болж Голомт банкнаас зээл хөөцөлдөөд бүтээгүй. Тэгээд Батцэнгэлээс үлдэгдэл мөнгө авах ёстойгоо нэхэхэд удахгүй данс руу шилжүүлнэ гэсэн. Тэгээд Мягмардорж, Бямбасүрэн хоёрын хашаа байшингийн гэрчилгээг өөрийнхөө нэр дээр болгуулж, ББСБ-д барьцаанд тавьж 3.000.000 төгрөгийн зээл авсан юм. Миний өргөж авсан 2 хөгшин нас барьж, би хөлөө хугалаад мөнгийг нь өгч чадаагүй. Би залилъя гэж бодоогүй. Бэлэн мөнгө орж ирэхээр нь хашаа байшинг нь авъя гэж бодож байсан. Батцэнгэл над руу 20.000.000 төгрөг шилжүүлнэ гэхээр нь энэ хашаа байшингийн гэрчилгээг нь барьцаанд тавьж 3.000.000 төгрөг аваад, дээр нь дүүгийн өгөх 3.000.000 төгрөгийг нэмээд гэж байсан юм. Одоо хохирлын хувьд гэрчилгээг нь Бямбасүрэн, Мягмардорж нарт шилжүүлж өгье гэж бодож байгаа. Тэр 2 ч гэсэн өөрсдийн нэр дээр шилжүүлье гэж байгаа. Энэ хашаа байшинг барьцаанд тавьснаа Мягмардорж гуайд хэлээгүй байсан. Батцэнгэлээс мөнгө орж ирнэ гэж бодсон юм. Батцэнгэл надад өгөх ёстой 21.000.000 төгрөгөө цувуулж өгсөн юм. Одоо Бямбасүрэн, Мягмардорж нарт 700.000 төгрөгийг дансаар шилжүүлж төлсөн гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Э.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Энхгэрэл эгчийг хашаа байшин нь худалдан авч байгаа талаар аав, ээжээсээ сонсож байсан. 200.000 төгрөгийг авахаар ирэхдээ Голомт банкнаас зээл авах гэж байгаа гэж хэлж байсан. Тэгээд 5 сарын эхээр хот руу яваад алга болсон. Утсаа ч авахаа больсон. Уг нь зээл авна гээд ярьж эмнэлгээс гараад хот яваад алга болсон. Би Голомт банкуудаар явж зээлийн талаар нь асуухад Энхгэрэл гэдэг хүн зээл аваагүй гэж байсан. Одоо гэрчилгээг нь буцаан авч хоёр хөгшнийхөө нэр дээр шилжүүлж авахыг хүсч байна. 2 хөгшин маань ч ингэж хүсч байна. Өөр гомдол санал алга. Мягмардорж нь миний хойд эцэг юм. Энэ хоёрынхоо өмнөөс хохирогчийг төлөөлж байгаа. Гэрчилгээгээ 2 хөгшинийхөө нэр дээр болгоод авчихад болно. Өөр гомдол санал алга гэсэн мэдүүлэг,
-Гэрч Л.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Энхгэрэл нь манай хашаа байшинг авах гэж байгаа гэж хэлсэн. Манайд ирж хашаа байшинг үзсэн. Мөн нотариат дээр очсон. Тэрнээс өөр уулзаж бариагүй. Бид 2 хөдөө явчихдаг болохоор охин Энхтуулыг энэ талаар хөөцөлдөөрэй гэсэн. Одоо хашаа байшингийнхаа гэрчилгээг буцааж авмаар байна. Түлхүүрийг нь Энхгэрэлд өгөөгүй, надад байгаа гэсэн мэдүүлэг,
-Гэрч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Их залуу багийн 9б-01 тоот хашаа байшингийн гэрчилгээ манай нөхөр Мягмардоржийн нэр дээр байсан. Энхгэрэл нь Эрдмин гэдэг компанид лобарант хийдэг. Голомт банкинд 30 %-г байршуулсан гэж байсан. Тэгээд манай байшинг худалдан авъя гээд нотариат дээр очоод худалдах худалдан авах гэрээн дээр гарын үсэг зурсан. Дараа нь хашаа байшинг барьцаанд тавьсныг мэдээгүй. Би байнга л утсаар ярьж асууж байсан. Тэгээд удаад байсан. Тэгтэл эмнэлэгт хэвтсэн байсан. Намайг очиж уулзахад “таны юмыг бэлэн болгож байтал хүнд зодуулчихлаа” гэж байсан. Тэгээд эмнэлгээс гартлаа утсаар ярьж байсан. Эмнэлгээс гарчихлаа Голомт банк нь дээр хүрээд ир гэхээр нь очсон. Тэгтэл ирэхгүй болохоор нь залгатал өөдөөс утсаар эмээ өвөө 2 өнгөрчихлөө гэж байсан. Нотариат дээр байхад үл хөдлөх эд хөрөнгийн татвар гэж надаас 450.000 төгрөг, Энхгэрэл 150.000 төгрөг өгсөн. Энхгэрэл нь удаагүй надаас татварт өгсөн 150.000 төгрөгөө нэхэхээр нь би өгсөн. Дараа нь 100.000 төгрөг үнэлгээний мөнгө гэж гарсан. Нийт 700.000 төгрөг өгсөн байсан. Одоо төлөгдсөн байгаа гэсэн мэдүүлэг,
-Гэрч Р.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Ж.Э эгч Улаанбаатар хотод байсан байраа бусдад худалдан борлуулаад байрныхаа үнэнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 26-13 тоотод байх хашаа байшинг авч үүнийгээ зарна гэхээр нь нөхөр бид хоёр ярилцаж байгаад гэрээ хотын төв рүү ойртуулах зорилгоор тухайн хашаа байшинг 15 сая төгрөгөөр бодож Ж.Э эгчээс худалдаж авсан. ...2017 оны 5 сарын 25-ны өдөр байсан санагдаж байна Наран багийн 26-13 тоот хашаа байшинг “Хос капитал” банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж 3 сая төгрөг аваад мөнгийг Ж.Э эгчийн охин Өгөөмөр гэж эмэгтэйд өгсөн. Үүний дараа 2017 оны 11 сарын 03-ны өдөр Ж.Э эгчид 3.275.000 төгрөг өгсөн гэсэн мэдүүлэг /хх 62 ху/,
-Гэрч Ж.Л мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн 9б-1 тоот хашаа байшинг 2017 оны 4 сарын 13-ны өдөр Жанчин овогтой Энхгэрэл гэж эмэгтэй 12 сарын хугацаатай 3 сая төгрөгийн барьцаанд барьцаалсан. Ж.Э нь эхний нэг сарын төлбөрийг өгөөд 4 сарын хүү мөнгийг өгсөн. 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш нэг ч төгрөг төлөөгүй байсан. 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 3.274.430 төгрөг төлөөд зээлээ хаагаад барьцаанд байсан хашаа байшингийн улсын бүртгэлийн гэрчилгээг авсан гэсэн мэдүүлэг /хх 64 ху/,
-Гэрч М.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2016 оны 1 сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Тарвалин” хороололд 1 өрөө буюу 31.2 мкв байрыг Энхгэрэлээс 41 сая төгрөгөөр тооцон авахаар болоод бэлнээр нь 21 сая төгрөгийг хоёр хувааж өгсөн. 15 сая төгрөгийг нь эхэнд нь 6 сая төгрөгийг дараа нь өгсөн. Мөн Орхон аймагт байрлах Наран багийн 26-13 тоотод байрлах хашаа байшингаа 15 сая 500 мянган төгрөгөнд тооцон өгч улмаар Энхгэрэлд шилжүүлэн өгсөн гэсэн мэдүүлэг /хх 68 ху/,
-Гэрч Т.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .... Би “Голомт” банкны Орхон аймаг дахь салбарын Согоот баг “Пирамид” үйлчилгээний төвд үйл ажиллагаа явуулдаг салбарт 2012 оноос хойш эдийн засагчаар ажиллаж байна. ...Би Энхгэрэл гэж хүнийг танихгүй. Энэ хүн манай банкнаас зээл аваагүй. ...Энэ хүн манай банкинд 1905105176 тоот дансыг эзэмшдэг юм байна. Энэ онд энэ хүний дансанд мөнгө ороогүй байна гэсэн мэдүүлэг /хх 70-71 ху/,
-Эд зүйлийн үнэлгээ /хх 25-30 ху/,
-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 31-34 ху/,
-Ж.Эийг яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 81-85 ху/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 77 ху/
-Эд мөрийн баримтын хураан авсан тухай тэмдэглэл /хх 88 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгч Ж.Э нь 2017 оны 04 сарын 04-ний өдөр Л.Мягмардоржийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн 9б-01 тоот /Яргуйт баг Овоотын 2-10 тоот/ хашаа, байшинг газрын хамт “Голомт” банкны зээлээр худалдан авна, материал бүрдүүлж өгсөн гэж хуурч, бодит байдлыг нуух замаар худалдах, худалдан авах гэрээ байгуулан, өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авч 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр “Бэрс капитал” ББСБ-д 3.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж өмчлөх эрхийг залилж 30.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөн хохирогч Э.Эын “Энхгэрэл эгчийн хашаа байшинг нь худалдан авч байгаа талаар аав, ээжээсээ сонсож байсан. 200.000 төгрөгийг авахаар ирэхдээ Голомт банкнаас зээл авах гэж байгаа гэж хэлж байсан. Тэгээд 5 сарын эхээр хот руу яваад алга болсон” гэсэн, гэрч Л.Мягмардоржийн “...Энхгэрэл нь манай хашаа байшинг авах гэж байгаа гэж хэлсэн. Манайд ирж хашаа байшинг үзсэн. Мөн нотариат дээр очсон. Тэрнээс өөр уулзаж бариагүй. ...Одоо хашаа байшингийнхаа гэрчилгээг буцааж авмаар байна” гэсэн, гэрч Б.Бямбасүрэнгийн “...Энхгэрэл нь Эрдмин гэдэг компанид лобарант хийдэг. Голомт банкинд 30 %-г байршуулсан гэж байсан. Тэгээд манай байшинг худалдан авъя гээд нотариат дээр очоод худалдах худалдан авах гэрээн дээр гарын үсэг зурсан. Дараа нь хашаа байшинг барьцаанд тавьсныг мэдээгүй. Би байнга л утсаар ярьж асууж байсан. ...Нотариат дээр байхад үл хөдлөх эд хөрөнгийн татвар гэж надаас 450.000 төгрөг, Энхгэрэл 150.000 төгрөг өгсөн. Энхгэрэл нь удаагүй надаас татварт өгсөн 150.000 төгрөгөө нэхэхээр нь би өгсөн. Дараа нь 100.000 төгрөг үнэлгээний мөнгө гэж гарсан. Нийт 700.000 төгрөг өгсөн байсан. Одоо төлөгдсөн” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Р.Болормаа /хх 62 ху/, Ж.Лувсандагва /хх 64 ху/, М.Батцэнгэл /хх 68 ху/, Т.Батзориг /хх 70-71 ху/ нарын мэдүүлгүүд, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Э-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг бусдын өмчлөлийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлж барагдуулсан зэрэг байдлуудыг ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.
Хохирлын хувьд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн 9б-01 тоот хувийн сууц болон газрын гэрчилгээ нь тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн байх тул №000534190, №000452699 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн болон гэр бүлийн хэрэгцээний газрын улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн газарт шилжүүлж, хуучин өмчлөгч Л.Мягмардоржийн нэр дээр буцаан улсын бүртгэлд бүртгэхийг даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь үл хөдлөх хөрөнгийн татвар болон үнэлгээний зардал 700.000 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж.Э-г бусдын өмчлөлийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн болон гэр бүлийн хэрэгцээний газрын улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн газарт шилжүүлж, хуучин өмчлөгч нэр дээр буцаан улсын бүртгэлд бүртгэхийг даалгасугай.
7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА