Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 143/ШШ2017/00374

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: А.М

 

   Хариуцагч: Э.Э

 

Гэрлэлт цуцлуулж, 2 хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг, хариуцагч Э.Э, нарийн бичгийн дарга П.Цэнднасан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “А.М миний бие нь 2002 оноос Э.Этай хамтран амдарч эхэлсэн бөгөөд 2006 оны 10 дугаар сарын 02-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ баталгаажуулсан юм. Ийнхүү биднийг хамт амьдрах хугацаанд буюу 2007 оны 07 дугаар сарын 26-ны өдөр том хүү Э.Хишигсайхан, 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр бага хүү Э.Хишигтөгөлдөр төрсөн. Бага хүүгээ төрснөөс хойш Э.Э нь гэртээ ирэхгүй, гэр бүлээс гадуур өөр хүнтэй уулзах болж сүүлдээ тэр хүнтэйгээ хамт амьдрах болсон. Ингээд бид хоёр тусдаа амьдраад 2 жил гаруй болж байгаа, одоо цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулж, хоёр хүүхэддээ тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна.” гэжээ.

Нэхэмжлэгч А.М шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “А.М миний бие нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 2 хүүхдийн асрамж тогтоолгох хүсэлтэй байна.” гэжээ.

Хариуцагч Э.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Э.Э миний бие А.М эхнэрээсээ салах хүсэлгүй байгаа бөгөөд 2 хүүхдээ өнчрүүлэхийг хүсэхгүй байгаа тул миний хүсэлтийг хүлээн авна уу. А.Мийн шүүхэд ирүүлсэн хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Би хүүхдүүдээ хэзээ ч орхиж байгаагүй. Үргэлж санаж, шаардлагатай тоглоом, дугуй гээд хүссэн бүх зүйлийг нь өгдөг. Хүүхдүүд маань аавтайгаа уулзахдаа маш их санасан байдаг. Харин А.Мийн ээж намайг хүүхдүүдтэйгээ уулзах, эцэг хүний үүргээ биелүүлэхэд саад учруулж байна. А.М нь архи дарс уудаг, гадуур хонож өнжиж явдаг. Миний хүүхдүүдийг орхиод хил, гааль явчихдаг. Түүний өндөр настай ээж миний хүүхдүүдийг харж өсгөж байна. Эрх зүйн бүрэн чадамжтай эцэг нв байсаар байхад эмээ нь хүүхдүүдийг маань өсгөж байна. А.М өөрөө хүүхдүүдээ өсгөж чадахгүй. Тэгээд ч А.М нь нөхөртэй болсон тул миний хүүхдүүд хойд эцэгтэй өсөх болж байна. Бага насны хүүхдүүдээ би хойд эцгийн гар харуулж эмээгээр нь өсгүүлэхийг хүсэхгүй байна. Би одоо ч ээжтэйгээ амьдарч байгаа. Хүүхдүүдээ, ядаж нэг хүүхдээ авсан тохиолдолд Оюу толгойн гүний уурхай дахь ажлаасаа гарч хүүхдүүддээ цаг гаргах боломжтой газарт ажиллана. А.М нь миний хүүхдүүдийг мөнгө болгон харж хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүсч байгаагаас үр хүүхдийнхээ хүмүүжил, ирээдүйд санаа тавихгүй байна. Миний хоёр хүүхдийг эцэг Э.Э миний асрамжид үлдээж өгнө үү.

 

Хариуцагч Э.Э шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “...М бидний гэрлэлт цуцлах шалтгаан нь нэхэмжлэгч өөрөөс нь үүдэлтэй. Тэрээр хамтран амьдарч байх хугацаандаа надад мэдэгдэлгүйгээр гэмт хэрэгтэн /эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт ял шийтгэгдэн одоо ялаа эдлэж буй этгээд/-тэй хамтран миний ах, дүү хамаатан садан, бусдаас их хэмжээний мөнгө зээлж намайг санхүүгийн хүнд байдалд оруулсан. Мөн гэр орондоо ирдэггүй гадуур хонож үр хүүхдээ харж хандах эх хүний үүргээ биелүүлдэггүй байсан. Би эрж хайж явдаг байсан. Нэг удаа өөр эрэгтэй хүнтэй айлд дотно харилцаанд орж байхад нь таарсан. Тэрнээс хойш миний тэвчээр алдарч гэрээсээ явсан. Би хэдийгээр гэрээсээ явсан ч үр хүүхдээ орхиогүй. Хамтран амьдарч байхдаа. Голомт банкнаас 15.000.000 /арван таван сая/ төгрөг зээлж машин аван үлдсэнийг нь амьдрал ахуйдаа хэрэглэсэн. Уг зээлийг би ганцаараа төлж байгаа бөгөөд 9.000.000 төгрөгний үлдэгдэл байгаа. Би машин болон гэр орноосоо юу ч аваагүй. Бүгдийг нь эхнэр хүүхэддээ үлдээсэн. М миний бэр эгчээс зээлсэн 9 сая орчим төгрөгийг ч миний ах, дүү нар миний хүүхдүүдийг бодоод нэхэмжлэгчээс нэхэж байгаагүй. Би хүүхдүүдтэйгээ хүссэн боломжтой хугацаандаа уулзаж чаддаггүй. М өөрөө хүүхдүүдээ хардаггүй, байнга хил гаалиар яваад хэдэн долоо хоног сараар орхиод явчихдаг. Энэ хугацаанд хүүхдүүдийг маань Мийн ээж хардаг бөгөөд намайг хүүхдүүдтэйгээ уулзах гэхээр уулзуулдаггүй. Би хэчнээн гуйгаад ч хүүхдүүдийнхээ барааг хараагүй хоёр cap болж байна. Хүүхдүүд маань эх эцэггүй юм шиг өсч байна. Иймд би Мийг миний хоёр хүүхдийг хэвийн өсгөж, хүмүүжүүлж чадахгүй гэж үзэж байгаа. Энэ хүнд хүүхдүүдээ өсгөх санхүүгийн болоод хувь хүний чадвар байхгүй гэж бодож байна. Тэгээд ч өөр хүнтэй гэр бүл болсон тул би бага насны хүүхдүүдээ хойд эцэгийн гар харуулмааргүй өөрөө авч өсгөх хүсэлтэй байна. Хүүхдүүд маань надтай уулзахад уйлаад аавыгаа их санасан байдаг. Гунигтай, дарамттай байгааг нь би мэдэрдэг. Мөн миний зээлийн үлдэгдэл болох 9 сая төгрөгийн талыг буюу 4.500.000 төгрөгийг нэхэмжлэгч А.Мээс гаргуулах ёстой гэж үзэж байна. Нэгэнт гэр бүл цуцлах тухай асуудал яригдаж байгаа учраас Монгол улсын гэр бүлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу шүүх гэрлэгчдийн буруутай үйлдэл, гэрлэлт цуцлахад хүргэсэн шалтгааныг бодитоор тогтоож, хүүхдүүдээ хэн өсгөх хүмүүжүүлэх, эрх ашгийг нь хамгаалж чадах эсэхийг үнэн зөвөөр тодруулж миний хоёр хүүхдийг эцэг Э.Э миний асрамжинд үлдээж нэхэмжлэгчээс 4.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгч А.М сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “А.М миний бие хариуцагч Э.Эын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Э.Э нь намайг хүнд залилуулж өрөнд ороод хэцүү байхад амин хувиа хичээж өөр хүнтэй суухаар гэр бүлээ хаяж явсан бөгөөд бидэнтэй огт холбоо барьдаггүй байсан. Мөн өөрөө цалингийн зээл авч машин авсан бөгөөд тус машин нь одоо ах, эгч хоёрт нь байгаа. Тус зээлийн гэрээнд миний бие Э.Эын итгэмжлэлээр гарын үсэг зурсан нь үнэн боловч мөнгийг нь өөрөө авч хэрэглээгүй учир төлөх боломжгүй болно.” гэжээ.

 

Нэхэмжлэгч А.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хүүхдээ өөр дээрээ авахаар болсон. Хариуцагч сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж сөрөг нэхэмжлэл дээрээ эвлэрсэн. Гэрлэлтээ цуцлуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх юм бол манайх хүүхдийн тэтгэлэг дээр тохирч болно” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “А.М, Э.Э нар нь 2006 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон байдаг. Хамт амьдрах хугацаанд 2 хүүхэд төрсөн байдаг. 2 жил гаруй хугацаанд тусдаа амьдарсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5 дахь хэсэгт гэрлэгсэд тогтоосон хугацаанд эвлэрээгүй бол шүүх гэрлэлтийг цуцлах шийдвэр гаргана гэж заасан байдаг. Шүүхээс гэрлэгсдэд эвлэрэх арга хэмжээ авсан боловч эвлэрээгүй тул гэрлэлтийг цуцлуулах, 2 хүүхдээ А.Мийн асрамжид үлдээх, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5 дахь хэсэгт зааснаар гэрлэлт цуцалж хүүхдүүдийг ээжийнх нь асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар тэтгэлэг тогтоож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэрлэлт цуцлуулах хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагыг зөвшөөрч, сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох хамт зээл авсан 4.500.000 төгрөг, мөн 1 хүүхдээ өөр дээрээ авах нэхэмжлэл гаргасан байсан. Үүнээс татгалзаж байна” гэжээ.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Эын Хишигсайхан, Эын Хишигтөгөлдөр нарын төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэгчдийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, “Энхийн хүслэн” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, хариуцагчийн хариу тайлбар, хүүхэд асуусан тухай тэмдэглэл, өмгөөлөгчийн хүсэлт зэргийг шинжлэн судлав.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.М нь Э.Эаас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд ханджээ.

Хариуцагч Э.Э нь гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөөрч маргахгүй байх бөгөөд хүүхдүүдээ өөрийн асрамжинд авах, дундын хөрөнгө хуваалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргадаг.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд А.М, Э.Э нар нь 2006 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэр бүл болсныг 2006 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага бүртгэн, хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2007 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүү Э.Хишигсайхан, 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүү Э.Хишигтөгөлдөр нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт “Гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална.” гэж заажээ. Иймд гэрлэгчид шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан хугацаанд эвлэрээгүй байх тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт зааснаар эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд тэдний хэн нэг нь хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа тохиолдолд энэ үүргээ биелүүлэх үүрэгтэй. 2007 оны 07 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Э.Хишигсайхан, 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Э.Хишигтөгөлдөр нарын эцэг Э.Э болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байх тул эцэг Э.Эаас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Хариуцагч Э.Э нь хүүхдийн асрамж тогтоолгох, дундын хөрөнгө хуваалгах  тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан “Гэрлэлт цуцлуулах хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагыг зөвшөөрч, сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага хамт зээл авсан 4,500,000 төгрөг мөн  хүүхдээ өөр дээрээ авах нэхэмжлэл гаргасан байсан. Үүнээс татгалзаж байна” гэсэн тайлбараар нотлогдож байна.

 

А.Мийн гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад 70200 төгрөг, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70200 төгрөг, нийт 140400 төгрөгийг, хариуцагч Э.Э дундын хөрөнгө хуваалгах нэхэмжлэлийн шаардлагад 86950 төгрөгийг тус тус төлсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч А.Мийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Эаас гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох 70200 төгрөгийг, хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 46476 төгрөгийн хамт гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамж 23724 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулан буцаан олгох нь зүйтэй байна.

 

Хариуцагч А.Эаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 86950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 43475 төгрөгийг гаргуулан Э.Эад олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар А.М, Э.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.
  2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт зааснаар хүү Э.Хишигсайхан, Э.Хишигтөгөлдөр нарыг эх А.Мийн асрамжид үлдээсүгэй.
  3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
  4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Эаас хүү Э.Хишигсайхан, Э.Хишигтөгөлдөр нарыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
  5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Эаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
  6. Хариуцагч Э.Э хүүхдийн асрамж тогтоолгох, дундын хөрөнгө хуваалгах  тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдсугай.
  7. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Мийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Эаас 116,676 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос 23724 төгрөгийг тус тус гаргуулан А.Мт буцаан олгож, хариуцагч А.Эын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 43475 төгрөгийг гаргуулан Э.Эад олгож шийдвэрлэсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Р.УРАНЧИМЭГ