| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2019/0112/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/113 |
| Огноо | 2019-12-04 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 2019/ШЦТ/113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Алаг адуун овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч ******* овогт *******гийн ******* Шүүгдэгч ******* овогт *******ийн ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.*******ад холбогдох 1923001840118 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1971 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, , эхнэр хүүхдийн хамт Завхан аймгийн Алдархаан сумын багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ийн *******, Регистрийн дугаар:*******; Шүүгдэгч *******ийн ******* нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* овогт *******ийн ******* нь 2019 оны 10 дугаар сарын дундуур Завхан аймгийн сумын Хэц-Улаан багийн нутаг дэвсгэр “Шүүт” гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 0.41 метр куб, нойтон шинэс мод бэлтгэсэн хэргийн үйл баримт нь түүний энэ үйлдлээ хүлээн мэдүүлсэн А.*******ын “...Манайх сумын Хэц-Улаан багийн “Нурамт” гэдэг газар намаржиж байхдаа манай гэртэй ойрхон “Шүүт” гэдэг газрын уулнаас би ганцаараа явган яваад бүдүүн нарийн 2 ширхэг мод өөрийн цахилгаан хөрөөгөөр тайрч унагаагаад дундуур нь богино болгож тайраад, гэрийн гадаа 7 ширхэг мод явган зөөж аваачиж буулгасан юм. Тухайн моднуудыг би явганаар зөөхөд амархан болгож өөрийнхөө даах хэмжээнд тааруулж богино тайрсан юм. Уг моднуудыг зүсүүлж үхэр тэрэг хийх гэж бэлтгэсэн юм. Гэрийн гадаа байлгаж байгаад манай дүү ******* машинтайгаа ирж манайхыг нүүлгэчихээд аймгийн төв рүү буцах үед нь тухайн модыг *******ын машинд ачаад ...аргалаар дараад нуугаад аччихсан юм. ...Нойтон хар мод байсан, нарийн бүдүүн нийлсэн 1 метр гаран 3 метрийн орчим урттай 7 ширхэг мод байсан...” гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч А.*******ыг ойн сан бүхий газраас зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн талаар мэдүүлсэн дээрх үйл баримтыг нотолсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.ын “...2019 оны 10 дугаар сарын сүүлээр А.******* нь над руу утсаар яриад танаас хэрэглээний модны гоожин авах гэсэн юм гэхээр нь ямар учиртай мод юм гэсэн чинь би 2 ширхэг нойтон мод унагаагаад үхэр тэрэг хийлгэхээр аймаг руу дүүдээ ачуулаад явуулсан чинь цагдаад баригдчихлаа гэхээр нь чи зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн байна, манайх нөхөн гоожин олгодоггүй юм аа, наад асуудлаа цагдаагийн байгууллагаар шийдүүлээрэй гэсэн. ...Манай Засаг даргын тамгын газарт 55.104 төгрөгийн хохирол учирсан, үүнийг иргэн А.******* хуулийн дагуу нугалж төлж хохирлыг бүрэн барагдуулсан” гэсэн мэдүүлэг, Гэрч А.*******ын “...26-ны өдөр ахынхыг ...нүүлгэхээр гэрийг нь ачихад гэрийнх нь гадаа мод байсан, би гэртээ нь хамт ачаад нүүлгэж буулгасан юм. Би ******* ахыг миний машин дээр мод ачсаныг мэдээгүй аймгийн төв рүү орж ирээд цагдаа шалгаад мод ачсан байна гэхээр нь мэдсэн юм. ...Манай ах *******ын мод юм, 7 ширхэг, ойролцоогоор 130 см-ээс 270 см урттай нойтон мод байсан. ...Нойтон мод байсан, ...өөрийн Бонго маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр сумын Хэц-Улаан багийн “Шомбон цахир” гэдэг газраас ачаад аймгийн төв рүү орж ирсэн. Ах надад мод ачсан талаараа хэлсэн бол би модыг ачиж ирэхгүй байсан. ...Зөвшөөрлийн бичиг байсан бол ******* ах надад хэлээд ил ачих байсан байх, надаас нууж ачсан надад зөвшөөрлийн талаар юм хэлээгүй болохоор зөвшөөрөл байхгүй байх. ...Далд ачсан байсан, ил ачсан байсан бол би хараад мэдэх байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч А.*******ы “...гэрийг нь нүүлгэх гээд ******* ахынд очиход тэдний гэрийн гадаа цөөхөн хэдэн ширхэг мод байсан, ...******* ахын гэрийг нь нүүлгэчихээд аймгийн төв рүү буцахад *******ын ахын машин дээр ******* ах аргал ачсан гэж байсан. Дараа нь сонсоход ******* ахын машин дээр ******* ах, ******* ахыг байхгүй хойгуур өөрт нь хэлэлгүй аргал доор цөөхөн мод ачиж явуулаад тэр нь цагдаад баригдсан гэж сонссон...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ц.гийн “...манай нөхөр ******* нь мориор модонд явсан юм, дараа нь хийсэн модоо гэрийн гадаа явганаар зөөж авч ирсэн юм, авч ирсэн модыг нь харахад бүдүүн нарийн нийлсэн 6, 7-н ширхэг мод байсан, ...Ганцаараа явж бэлтгэсэн, хаанаас бэлтгэсэн гэдгийг мэдээгүй, нарийн бүдүүн нийлсэн 6, 7 ширхэг богино тайрсан нойтон мод байсан. ...Зөвшөөрлийн бичиг байхгүй байсан. ...*******ыг манайхыг нүүлгэх гэж ирэхэд нь *******ыг байхгүй хойгуур машин дээр нь манай нөхөр тэр моднуудыг ганцаараа ачаад дээрээс нь аргал ачаад нуусан гэсэн. Би *******ыг *******ын машин дээр мод ачсаныг сүүлд нь өөрийг нь ярихаар нь мэдсэн юм...” гэсэн мэдүүлэг болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр нотлогдож байна. Шүүгдэгч А.*******ын ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн үйлдлийн улмаас ойн санд 55104 төгрөгийн хохирол учирсан болох нь Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 09 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, гэрч, хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Монгол Улсын Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-д зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэхийг хориглосон ба мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.2-д зохих ...зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэснийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр заажээ. Түүнчлэн Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.4-д зааснаар иргэн ахуйн хэрэглээнд шаардагдах мод бэлтгэх хүсэлтээ ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/-д гаргаж, сумын эрх бүхий албан тушаалтан мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу тухайн иргэнд олгохоор хуульчилсан. Мөн Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А-153 дугаартай тушаалаар баталсан “Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-ын 4.1, 4.2-д ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэх эрхийн бичиг олгох болон зохих журмын дагуу бэлтгэсэн мод, модон материалыг тээвэрлэхэд гарал үүслийн гэрчилгээ олгох талаар зохицуулсан байна. Шүүгдэгч А. ******* нь хууль болон журмын дээрх заалтуудыг зөрчиж ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр ахуйн хэрэглээний зорилгоор нойтон шинэс мод бэлтгэсэн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй. Шүүгдэгч нь дээрх хуулийг зөрчиж зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Иймд шүүгдэгч А.*******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохин зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Шүүгдэгч А.******* нь дээрхи гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үйлдлийн улмаас ойн санд учруулсан 55104 төгрөгний хохирол учирсан бөгөөд уг хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учруулсан хохирлыг ойн экологи эдийн засгийн үнэлгээг 3/гурав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлэн тооцно” гэснийг үндэслэн 55104х3=165312 төгрөгийн хохирол учирч хохирлоо төлсөн. Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байна. Шүүгдэгч А.******* нь тогтоол гаргахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдаж, А.*******ын эд хөрөнгө болох 1850000 төгрөгийн үнэлгээтэй Хятад үйлдвэрлэсэн Кост маркийн мотоциклийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 14 см-ийн диаметртэй, 268 см-ийн урттай мод 1 ширхэг, 14 см-ийн диаметртэй, 214 см-ийн урттай мод 1 ширхэг, 17 см-ийн диаметртэй, 200 см-ийн урттай мод 1 ширхэг, 24 см-ийн диаметртэй, 199 см-ийн урттай мод 1 ширхэг, 26 см-ийн диаметртэй, 195 см-ийн урттай мод 1 ширхэг, 29 см-ийн диаметртэй, 137 см-ийн урттай мод 1 ширхэг, 27 см-ийн диаметртэй, 184 см-ийн урттай мод 1 ширхэг зэрэг нийт 7 ширхэг нойтон шинэс мод улсын орлого болгож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Хятад улсад үйлдвэрлэсэн моторт хөрөөг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна. Шүүгдэгч А.*******ад холбогдох хэргийг хялбаршуулсан журмын дагуу шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр улсын яллагчийн саналын хүрээнд ял ногдуулах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 1.8, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.******* овогт *******ийн *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.*******ад 455 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 455000 /дөрвөн тавин таван мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ад оногдуулсан 455000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 455000 /дөрвөн зуун тавин таван мянган/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойших 3/гурав/ сард сар тутам тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ад торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж/15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай. 5.Шүүгдэгч А.*******ад 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6.Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1,4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч А.*******ын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 14 см-ийн диаметртэй, 268 см-ийн урттай мод 1 ширхэг, 14 см-ийн диаметртэй, 214 см-ийн урттай мод 1 ширхэг, 17 см-ийн диаметртэй, 200 см-ийн урттай мод 1 ширхэг, 24 см-ийн диаметртэй, 199 см-ийн урттай мод 1 ширхэг, 26 см-ийн диаметртэй, 195 см-ийн урттай мод 1 ширхэг, 29 см-ийн диаметртэй, 137 см-ийн урттай мод 1 ширхэг, 27 см-ийн диаметртэй, 184 см-ийн урттай мод 1 ширхэг зэрэг нийт 7 ширхэг нойтон шинэс модыг улсын орлого болгосугай. 7.Шүүгдэгч А.*******ын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан гэх Хятад улсад үйлдвэрлэсэн моторт хөрөөг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай. 8.Шүүгдэгч А.******* нь тогтоол гаргахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай. 9.Шүүгдэгч А.*******ын эд хөрөнгө болох 1850000 төгрөгийн үнэлгээтэй Хятад үйлдвэрлэсэн Кост маркийн мотоциклийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 11.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА