Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 295

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “*******” ХХК

Хариуцагч: Өмнөговь аймгийн *******

81600844 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч М.*******, прокурор Б.Болор-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Ц.Үрлэнцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “*******” ХХК нь Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас дулаан хангамжийн ЦТП-2, ЦТП-3-ыг барих нийт 496,250,760 төгрөгийн төсөв бүхий ажлын тендерийн шалгаруулалтад оролцож шалгарснаар Өмнөговь аймгийн *******тай ӨМ2013/90 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг гэрээгээр 50 хоногийн дотор ашиглалтад оруулахаар харилцан тохиролцсон. Гэрээт ажлын хянлтын төсвийг 2012 оны төсвөөр төсөвлөж, 2013 оны 12 дугаар сард талуудын хооронд гэрээ байгуулахдаа өвлийн улиралд барилгын ажлыг гүйцэтгэх боломжгүйг харгалзаж 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ажлаа эхлүүлэхээр гэрээнд заасан. Гэтэл 2014 онд гадаад валютын ханш огцом өсч, эдийн засаг хямарч импортын тоног төхөөрөмж төсөвт өртөгт багтахгүй нөхцөл байдал үүссэн. Энэ талаар захиалагч байгууллагад удаа дараа танилцуулахад ямар ч байсан эхлээд гэрээт ажлыг өөрийн боломжоор хийх, дараа нь төсвийн өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэж өгөх амлалтыг өгсөн учир ажлаа эхлүүлсэн. Ханшийн зөрүүнээс үүдэн 384,935,931 төгрөгөөр авах байсан тоног төхөөрөмжийг 412,217,824 төгрөгөөр авах болсныг захиалагчид удаа дараа мэдэгдэж, нэмэлт санхүүжилтыг шийдвэрлэж өгөхийг хүсэлт болгож байсан. Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа энэ нөхцөл байдлыг ойлгож ямар нэг байдлаар уг ажлыг яаралтай хийж өгөхийг хүсч, төсвийг иргэдийн хурлаар шийдвэрлүүлж өгөхийг удаа дараа амлаж байсан учир бид гэрээт ажлыг амжилттай хийж дуусгасан. Бид ажлыг ямар нэг доголдолгүй хийж гүйцэтгэсэн. Барилгын ажилд зарцуулагдах бараа материалын 70 хувь нь импортын материал байсан. Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-т зааснаар захиалагч тал гүйцэтгэсэн ажлын шинж, шаардлага, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдлыг харгалзан тухайн зах зээлийн дундаж үнэлгээгээр төсвийн алдагдлыг нөхөн олгож, гүйцэтгэгч талыг хохиролгүй болгох үүрэгтэй ‘’Даланзадгад орон сууцны хорооллын гадна дулаан хангамжийн ЦТП-2, ЦТП-3-г барих ажлын гэрээний ‘’Магадлашгүй ажил’’ гэдэгт үнийн тохируулга хийхгүй гэж заасан боловч төсөв хямралын нөхцөл байдлыг харгалзан талууд 2015 оны 05 дугаар сарын 15 өдөр нэмэлт гэрээ байгуулахдаа захиалагч тал  ‘’Энх эрчим’’ ХХК-иас ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, ‘’Шинэ суурьшлын бүсийн ЦТП-2, ЦТП-3-ын барилга угсралтын ажлыг гадаад валютын ханшийн огцом өсөлт, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, санхүүжилт зэргийг үндэслэн барилга угсралтын  ажлын гэрээний хугацааг 2015 оны 06 сарын 08-ныг хүртэл сунгасан. Энэхүү гэрээний өөрчлөлт нь гэрээний ‘’үнийн тохируулга хийхгүй’’ гэсэн тохиролцоог өөрчилж, гүйцэтгэгч талаас удаа дараа гаргаж байсан танилцуулга, хүсэлтийг хүлээн зөвшөөрч байсныг нотолсон баримт юм. Энэхүү нэмэлт гэрээ хүчин төгөлдөр байна. Тухайн үед захиалагч санхүүжилт нэмж өгнө гэж хүлээн зөвшөөрч байснаа энэхүү гэрээгээр баталгаажуулсан. Тэгээд ч 2012 оны төсвөөр 2015 онд барилгын ажил гүйцэтгэх боломжгүй юм.

Манай компани гэрээт ажлыг хийж дуусгахын тулд бараа материал захиалсан БНХАУ-ын компанийн керамикийн үйлдвэрийн эзэмшлийн нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах 23 500 м.кв талбай бүхий газрыг барьцаанд тавьж, зээлээр бараа материал авсны үндсэн дээр угсралтын ажлыг хийж дуусгасан. 2015 оны 06 сарын 16-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисст хүлээлгэн өгч, гэрээний үүргээ хангалттай биелүүлсэн. Худалдан авсан барааны үнийн 1 051 166 юаны төлбөрийг эхний ээлжинд төслөөс авсан мөнгөөр төлж, одоо 295 423 юаны төлбөрийн үлдэгдэлтэй байна. Энэ үлдэгдэл төлбөрийг бараа худалдагч тал ‘’зээлээр худалдах-худалдан авах гэрээ’’ болгон дахин тохиролцоо хийж, төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулж, гэрээний хугацаанд төлбөрийг төлөхгүй бол алданги төлөх, улмаар 23 500 м.кв талбай бүхий газрыг барьцааны хэрэгсэл болгоод байна.

‘’*******’’ ХХК нь төлбөрөө төлж чадахгүй байгаагаас, орон нутагт бүтээн байгуулалтын ажил хийсний төлөө ашиг олох байтугай, өмч хөрөнгө, эзэмшил газраа алдахад хүрч байгаа нь захиалагч 2014 онд хийх барилгын ажлын төсвийг 2012 оны үлдэгдэл төсвийг захиран зарцуулах зорилгоор тооцсон ажиллагаа, нөгөөтэйгүүр зах зээлийн эдийн засгийн уналт, валютын ханшны өсөлт зэрэг нөлөөлсөн гэж үзэж байна.

Иймд бодитоор хийсэн бүтээн байгуулалтын ажлыг улсын комисс актаар захиалагч хүлээн авч, өмчдөө бүртгэсэн, орон сууцны дулаан хангамжийн бүтээн байгуулалтын үнэ цэнэ улам өсч байгаа бодит үр дүн бий болсон нөхцөл байдлыг харгалзан гэрээний гүйцэтгэгч тал болох “*******” ХХК нь хохирч, дампуурах ёсгүй гэж үзэж байна. Барьцаанд байгаа 23,500 м.кв талбай бүхий газар 500,000,000 төгрөгөөс доошгүй үнэтэй байна. Барьцааны гэрээгээр далимдуулан хятадын тал өөрийн компанийн нэр дээр шилжүүлэхээр нийслэлийн Баянзүрх дүүргийн засаг даргын газрын албанд хандаад байна.

Тухайн үеийн эдийн засгийн хямрал, ханшийн зөрүүгээр 1 юань 320 төгрөг хүрч байсан нь бодит үнэн боловч, шүүхэд хандахад шаардлагатай байгаа юаны ханшийн зөрүүний талаарх баримтыг “Найман шарга” ченжийн захаас авах гэтэл олдохгүй байна. Иймд Монгол банкны лавлагааг үндэслэл болгож, ханшийн зөрүүг хохиролтой ч гэсэн тооцож үзэхэд гэрээ байгуулах үеийн нэг юань 285 төгрөг байснаа 306 төгрөг болж өссөн дүнгээр валютын ханшийн зөрүүг тооцлоо. Энэхүү тооцоогоор 38,011,665 төгрөгийн алдагдал зөрүү, зээлээр бараа материал худалдан аваад төлөөгүй байгаа 295,423 юань ханшийн зөрүүг нэхэмжлэл гаргах болсон 2016 оны 08 сарын 11-ний өдрийн ханш болох 322.18 төгрөгөөр тооцоход 10,729,763 төгрөг, төлбөрийн хугацаа алдсаны алданги 43,589,188 төгрөг, нийт 81,600,844.5 төгрөгийн алдагдал хүлээгээд байна. Энэхүү алдагдал нь гүйцэтгэгчийн үйл ажиллагаанаас шалтгаалаагүй тул гүйцэтгэгч, нийлүүлэгчтэй шууд гэрээлэлтийн аргаар инфляци, бодит нөхцөл байдлыг харгалзан тохируулга хийж гэрээний үнийг хэлэлцэн, шинээр тохиролцож болдог зарчмыг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцоор хүлээсэн. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр  бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Өмнөговь аймгийн ******* захиалагч учир энэ хэргийн хариуцагч мөн. Нэхэмжлэгч “*******” ХХК гэрээний үүргийн биелэлттэй холбоотойгоор хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн, өөрөөр хэлбэл олон улсын хэмжээнд нийтлэг хэрэглэгддэг “Хардшип” буюу хүнд нөхцөл байдал үүссэн болох нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын 2016.05.03-ны өдрийн 03/317 дугаар гэрчилгээгээр нотлогдсон. Иймд “*******” ХХК нь гэрээний үүргээ биелүүлэхийн тулд өөрийн хөрөнгөөр ажил гүйцэтгэж, үр дүнг Өмнөговь аймгийн ******* хүлээн авч, орон нутгийн өмчид хүлээн авсан дулаан хангамжийн ЦТП-2, ЦТП-3-г барих гэрээний дагуу төсөвт ажлын алдагдал төлбөр болох 81,600,844 /наян нэгэн сая зургаан зуун мянга найман зуун дөчин дөрөв/ төгрөгийг Өмнөговь аймгийн засаг даргын тамгын газраас гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “*******” ХХК нь Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газраас зарласан дулаан хангамжийн ЦТП-2, ЦТП-3-ыг барих тендэрт шалгарснаар 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Даланзадгад орон сууцны хорооллын гадна дулаан хангамж ЦТП-2, ЦТП-3-ыг барих ажлын 496.250.760 төгрөгийн төсөвт өртөгийн 2013/90 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг гэрээгээр барилгын норм дүрэмд зааснаар тухайн үед өвлийн улирал байсан учраас 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ажлыг эхлүүлэхээр гэрээгээр тохирсон байгаа. Энэ үед Монгол улсын эдийн засаг хямарч валютын ханш өссөнөөр хүнд нөхцөл байдал үүссэн. Барилга барих нийт бараа материалын 70 хувь нь импортын бараа буюу БНХАУ-аас оруулж ирдэг материал байсан. Тухайн гэрээ байгуулсан үед юаны ханш 285 төгрөг байсан бол 2014 онд 320 төгрөг болж өссөн байгаа. Иймээс гүйцэтгэх ажил төсөвтөө багтахгүй болсон талаар манай зүгээс Иргэний хуулийн 445 дугаар зүйл, төсвийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа материал худалдан авах тухай хуульд зааснаар захиалагч талд удаа дараалан мэдэгдэж байсан. Энэ мэдэгдлийг захиалагч талаас хүлээн зөвшөөрч, нөхцөл байдлыг ойлгоод “танай компанийн энэ ажлыг хийж гүйцэтгэх санхүүгийн асуудлыг иргэдийн төлөөлөгчдийн хурлаар оруулан шийдвэрлэж өгнө” гэсэн учраас тухайн ажлыг үргэжлүүлэн хийж гүйцэтгэсэн. Хэрвээ тухайн үед энэ амлалтыг өгөөгүй байсан бол “*******” ХХК нь гэрээнээс татгалзах боломжтой байсан. Нэгэнт ингэж амлалт өгч байсан учир манайх иргэний хуулийн 349 дүгээр зүйлд заасны дагуу ЦТП-2, ЦТП-3-ыг барих ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ талаар захиалагчийн зүгээс одоог хүртэл ямар нэгэн гомдол санал гаргаагүй байгаа. Захиалагч тал тухайн үеийн хүнд нөхцөл байдлыг ойлгож 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр нэмэлт гэрээг байгуулахдаа гэрээний хугацаа, эдийн засгийн санхүүгийн байдал, валютын өсөлт, манай байгууллагаас гаргасан саналын хуудастай тохируулга хийсэн. Иймд бараа материалыг Хятад улсаас зээлээр худалдан авах ханшийн зөрүү, алданги нийтдээ 81.600.844 төгрөгийг хариуцагч талаас нэхэмжилж байна. Иргэний хуулийн 342 дугаар зүйлийг үндэслэн тайлбар хэлэхэд, захиалагч тал гүйцэтгэгч талын шинэ шаардлага, ажил гүйцэтгэхгүй болсон нөхцөл байдлыг харгалзан тухайн зах зээлийн төсвийн алдагдлыг нөхөн олгож гүйцэтгэгч талыг хохиролгүй болгох үүрэгтэй. Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт Гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй. Мөн хуулийн 220.2 дахь хэсэгт Гэрээ байгуулах үндэслэлийн талаар талуудын төсөөлөл буруу байсан бол түүнийг гэрээ байгуулах нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй адилтгаж үзнэ. Мөн төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа материал худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.2 дахь хэсэгт, суурь үнэ огцом өөрчлөгдсөн бол худалдан авах бараа, ажил, үйлчилгээний тоног төхөөрөмж, үндсэн материал, түүхий эд, хөдөлмөрийн хөлсний үнэд захиалагч дараахь тохиолдолд тохируулга хийхээр гэрээнд тусгаж болно гэж заасан байгаа. ЦТП-2, ЦТП-3-ыг барих ажлын 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн гэрээнд тохируулга хийхгүй гэж заасан боловч төсвийн хүнд нөхцөл байдал, хямралын нөхцөл байдлыг харгалзаад талууд 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр нэмэлт гэрээ байгуулахдаа гадаад валютын ханшийн огцом өсөлт, санхүүжилт зэргийг үндэслэж сунгасан нь гэрээгээр харагддаг. Хэрвээ ингэж тохируулга хийгдээгүй бол манайх энэ ажлыг үргэлжлүүлэн хийх боломжгүй болоод гэрээнээс татгалзах эрхтэй байсан. Нэгэнт Засаг даргын тамгын газраас энэ нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөөд гэрээний тохируулга хийсний үндсэн дээр бид ажлаа үргэлжлүүлж хийсэн. Энэ нь манай байгууллагаас Засаг даргын тамгын газар болон иргэдийн төлөөлөгчдийн хурал болон захиалагч талд хандаж байсан албан бичгүүдээр нотлогдож байгаа. Мөн худалдаа аж үйлдвэрийн танхимын хүнд нөхцөл байдал буюу Hardship-ийн гэрчилгээ хэрэгт авагдсан байгаа. Монгол банкны ханшийн лавлагааны талаар хариуцагч тал тайлбар хэлсэн. Үүнтэй холбогдуулж тайлбар хэлэхэд, нэгэнт л гадаад валютын ханш өсчихсөн байна гэдэг нөхцөл байдлаа танайд тайлбарлаад хүлээн зөвшөөрсөн учраас танайх санхүүжилтээ үргэжлүүлж “бид үүнийг иргэдийн төлөөлөгчдийн хурлаар шийдвэрлэж өгнө” гэсний дагуу бид БНХАУлсын компаниас бараа материал, техник тоног төхөөрөмжийг зээлээр худалдан авах гэрээ байгуулсан юм. Энэхүү гэрээ нь 2014 оны 11 дүгээр сард байгуулагдсан ба энэ гэрээтэй уялдаад 11 дүгээр сарын 09-ний өдөр ханшийн лавлагааг Монгол банкнаас авсан байгаа. Дээрээс нь алданги болон ханшийн зөрүү тооцох үүднээс нэхэмжлэл гаргах үеийн буюу 2016 оны 08 дугаар сарын ханшийн лавлагааг авсан байгаа юм. Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа материал худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйл, Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар энэ ажил нэгэнт хийгдсэн ба гэрээний үр дүн бодитоор бий болчихсон байгаа. Гэрээний хүчин төгөлдөр байдал дээр талууд маргаагүй. 2014 оны 11 дүгээр сарйын 09-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээнд манай компани нь Баянзүрх дүүрэгт байрлах 23 метр квадрат бүхий өөрийн газраа барьцаанд тавьчихсан байгаа. Зээлийн гэрээний дагуу энэ газрыг маань одоо Хятадын компани өөрийн болгохоор Баянзүрх дүүргийн шүүхэд маргаан үүсгэчихсэн явж байгаа. Хэрвээ танайх энэ нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөхгүй, тохируулга хийхгүй гэж анхнаасаа мэдэгдсэн бол манай компани энэ ажлыг хийж гүйцэтгэж дуусгахгүй байх байсан. Харин санхүүжилтыг зохицуулж өгнө гэсэн үүднээс бид ажлаа хийж дуусгасан юм шүү гэдгийг нэмж хэлмээр байна гэв.

Хариуцагч Өмнөговь аймгийн ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас ажил гуйцэтгэх гэрээ, түүнтэй холбоотой худалдан авалтын ханшны зөрүү 38 011 656 төгрөг, алданги 43 589 188 төгрөг, нийт 81 600 844 төгрөгийг гаргуулах “*******" ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу Даланзадгад орон сууцны хорооллын гадна дулаан хангамжийн ЦТП-2, ЦТП-З-г барих ажлын сонгон шалгаруулалтыг зохион байгуулан “*******” ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ӨМ2013/90 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан юм. Даланзадгад орон сууцны хорооллын гадна дулаан хангамжийн ЦТП-2, ЦТП-З-г барих ажлын гэрээний ерөнхий зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу ажил гүйцэтгэгчийн төсөв болох 496 250 760 төгрөгийн санхүүжилт хийх үүргийг захиалагч тал хүлээсэн байна. Гэрээний тусгай нөхцөлд заасны дагуу барилгын ажил гүйцэтгэх хугацааг 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэхээр харилцан тохиролцож, захиалагч тал нь 148 875 228 төгрөгийн санхүүжилтийг нэхэмжлэгч компанид 2013 онд төлсөн. Үүнээс нэхэмжлэгч компанид 2013 оны 12 дугаар сарын 19-ны өдөр 134 415 467 төгрөг, зураг төсвийн өртөгт 7 016 000 төгрөгийг тус тус төлсөн. Гэрээнд заасны дагуу баталгаат хугацааны барьцаа хөрөнгө 7 443 761 төгрөгийг суутган авсан болно. 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч компанид 137 091 373 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 19-ны өдөр 86 256 034 төгрөг, техникийн хяналтын ажилд 4 340 095 төгрөг, баталгаат хугацааны барьцаанд 11 983 552 төгрөг, нийт 239 671 054 төгрөгийн ажлын гүйцэтгэлийн санхүүжилт хийсэн байна. 2015 онд нэхэмжлэгч компанид 102 315 000 төгрөг төлж, баталгаат хугацааны барьцаа хөрөнгөнд 5 385 000 төгрөгийг суутган нийт ажлын төсөвт 496 246 281 төгрөгийн санхүүжилтийг төлж захиалагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гуйцэтгэсэн байна. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 “Ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг унэлгээний жагсаалт байвал жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө” гэсэн заалтыг болон 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Гэрээний сунгалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна. Энэхүү үндэслэл болгож байгаа хуулийн заалт нь талууд ажил гүйцэтгэсэн ажлын хөлсийг тохиролцоогүй тохиолдолд хэрэглэх үндэслэл юм. 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ӨМ2013/90 тоот гэрээнд ажлын гүйцэтгэлийн төсвийг талууд урьдчилан тохиролцсон болно. Ажлын төсөв, санхүүжилтийг гэрээнд урьдчилан тохиролцсон нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно” гэсэн заалтад нийцэж байна. 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн барилга угсралтын гэрээний сунгалт нь гүйцэтгэгч “*******” ХХК-ийн хүсэлтийг үндэслэн зөвхөн ажлыг хүлээлгэн өгөх хугацааг 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл сунгасан хэлцэл юм. Гэрээний сунгалтанд захиалагч нь нэхэмжлэгч талтай барилга угсралтын ажил гүйцэтгэх үнийн өөрчлөлт, түүнийг нэмэгдүүлэх амлалт өгч, үүрэг хүлээж байсан нь нотлогдохгүй байна. Нэхэмжлэлийн хавсралтаар нэхэмжилсэн үнийн дүнгийн тооцооллыг гаргаж 2014 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн Монгол банкны ханшаар тооцож төсвийг нэмэгдүүлсэн байна. Гэрээний дагуу төлөх төлбөрийг 2013 болон 2014 оны нэгдүгээр улиралд багтаан гүйцэтгэл тус бүрээр нь гэрээний дагуу нэхэмжлэгчид төлсөн байхад худалдан авсан бараа, материалын үнэ гэж тооцоолсон нь талуудын хооронд байгуулсан гэрээ, түүнийг үүргийг зөрчсөнөөс үүсэн гарах нөхцөл байдал бус юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендер шалгаруулалтыг ажил гүйцэтгэгч “*******” ХХК-ийн гаргаж өгсөн төсөвт өртгийг үндэслэл болгон гэрээг байгуулсан юм. Мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.2-д гэрээний үнийг нэмэгдүүлэн өөрчлөхийг хориглосон байдаг тул үндэслэлгүй нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 онд Даланзадгад орон сууцны дулаан хангамж ЦТП-2, ЦТП-3-ыг барих ажлын тендерт “*******” ХХК шалгараад 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 2013/90 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газартай байгуулсан байдаг. Өвлийн улирал болж байгаатай холбогдуулаад энэхүү гэрээнд 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш 50 хоногийн дотор ажлыг гүйцэтгэж, ашиглалтанд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Өөрөөр хэлбэл 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гэхэд “*******” ХХК ЦТП-2, ЦТП-3-ыг бариад Засаг даргын тамгын газарт хүлээлгэн өгөхөөр тохирч гэрээ байгуулсан юм. Хэдийгээр Засаг даргын тамгын газраас ажлын гүйцэтгэлээр санхүүжилтыг олгоно гэж гэрээнд заасан боловч “*******” ХХК-ийн хүсэлтээр 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 134 415 467 төгрөгийг, 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 137 091 373 төгрөгийг, ингээд ажлыг гүйцэтгэн хүлээлгэж өгөх хугацаанаас өмнө үндсэндээ нийт санхүүжилтын 56.2 хувийг олгосон байдаг. Гэрээнд бол ажил гүйцэтгэн хүлээлгэн өгөх хүртэл 80 хувь хүртэлх санхүүжилтыг олгосон байна, үлдсэн 20 хувийг ажил гүйцэтгэх актыг үйлдсэний дараа олгоно гэж заасан байдаг. Тэгээд 2013 оноос 2014 онд нийт санхүүжилтын 80 хувь буюу 388 546 282 төгрөгийг олгосон нь хавтаст хэрэгт авагдсан мөнгө шилжүүлсэн баримтаас харагдаж байгаа. Гүйцэтгэгч компани нь хугацаандаа ажлаа хүлээлгэж өгөхгүй байсан болохоор хугацаандаа ажлаа хүлээлгэж өгөхийг удаа дараа шаардаж байсан. Ингээд гэрээнд заасан ажил хүлээлгэн өгөх хугацаа дууссан учир 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр зөвхөн ажил хүлээж авах хугацааг өөрчилсөн утга бүхий гэрээний сунгалт хийж үндсэн гэрээнд өөрчлөлт оруулсан байгаа. Энэхүү нэмэлт гэрээ нь зөвхөн ажил хүлээж авах хугацааг өөрчилснөөс биш, гэрээний бусад заалт өөрчлөгдөхгүй гэсэн агуулгыг нэмэлт гэрээнийхээ 2  дугаар заалтад оруулж өгсөн. Үндсэн гэрээнд бол үнийн тохируулга хийхгүй гэдгийг “*******” ХХК хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Гэрээнийхээ хугацаанд ажлаа гүйцэтгээгүйгээс болж хугацаа сунгасан ба “*******” ХХК гэрээт ажлаа хугацаанд нь гүйцэтгээгүйгээс үүссэн үр дагавар болгож Засаг даргын тамгын газраас 81 600 844 төгрөг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би түрүүнд хэлсэн 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гэхэд ажил хүлээлгэж өгсөн байх ёстой байсан. “*******” ХХК-аас хамгийн анх 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Засаг даргын тамгын газарт хандаж албан бичиг ирүүлсэн байдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч санхүүжилт өгнө гэж амлалт өгсөн гэж яриад байна. Засаг даргын тамгын газраас ямар нэгэн нэмэлт санхүүжилт өгөх боломжгүй ба ажлаа дуусгаад хүлээлгэж өг гэж шаардлага тавьж байсан. Нэмэлт санхүүжилтыг шийдвэрлэнэ гэж амалсан нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа. Барьцаанд газраа тавьсан гэж ярьж байна. Нэхэмжлэгч компанийн гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үр дагаврыг Засаг даргын тамгын газар хариуцах үндэслэлгүй юм гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Х.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд миний бие Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ганзоригийг төлөөлж эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэж байгаа. Үүнд 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний хэв шинжийг агуулдаг. Талууд энэ гэрээг анх байгуулахдаа 2 талын харилцан тохиролцсоноор “*******” ХХК-ийн гаргаж өгсөн төсөвт үндэслэн хийсэн. Тухайн үед тендерт шалгарахдаа 496 250 760 төгрөгөнд багтааж энэ ажлыг гүйцэтгэх бүрэн боломжтой гэж материалаа ирүүлсний дагуу Засаг даргын тамгын газраас энэ материалыг шалгаруулж авах үндэслэл болсон юм. Гэрээнд нийт үнийн дүнгийн төлбөр, санхүүжилт хийх хугацаа, ажил үүргийг нарийн тусгаж өгсөн. Үүний дагуу “*******” ХХК нь ажил эхлэх өдрийг гэрээний 2.2-т зааснаар 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хооронд газар шорооны ажил болон бараа материал татах ажлыг гүйцэтгэнэ. 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн нийт 50 хоногийн хугацаанд барилгын ажлыг хийж гүйцэтгэнэ гэсэн байдаг. Засаг даргын тамгын газраас гэрээний үүргийг бүрэн биелүүлж заасан хугацаанд буюу бүр ажил эхлээгүй байхад нь санхүүжилтын тодорхой хэмжээний хувийг шилжүүлсэн байдаг. Гүйцэтгэгч тал тухайн үед энэ санхүүжилтээр шаардлагатай бараа материалыг авах бүрэн боломж байсан. Гэтэл өнөөдөр ийм ханшийн зөрүү гэсэн үндэслэлээр төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь энэхүү гэрээнд Хятад улсын юанаар төлбөр тооцоо хийнэ, ханшийн зөрүүнээс үүссэн хохирол алдагдлыг Засаг даргын тамгын газар хүлээнэ гэсэн ямар ч үг үсэг байдаггүй. Тэгэхээр энэ маргааныг шийдвэрлэхийн тулд талуудын хооронд байгуулагдсан гэрээг үндэслэх нь зүйтэй гэж бодож байна. Нэмэлт гэрээний хувьд тайлбарлахад нэхэмжлэгч “*******” ХХК хугацаандаа гэрээний үүрэгт ажлаа гүйцэтгэж чадаагүйгээс болж гэрээний хугацааг сунгасан. Энэ нэмэлт гэрээний агуулга нь бол гүйцэтгэгч талын ирүүлсэн хүсэлтийн дагуу зөвхөн хугацааг сунгасан ба гэрээний бусад заалт хэвээр байна гэсэн товч тодорхой заалтыг оруулж өгсөн. Гэтэл тухайн үеийн ханшийн зөрүүний байдлыг хүлээн зөвшөөрсөн гэдэг утгаар ашиглаж байгаа нь тохиромжгүй юм. Хэрэв үнэхээр төлбөр тооцоотой холбоотой асуудлыг тохирсон бол тусгайлан энэ талаар заалт оруулах байсан. Гэтэл тэгээгүй, гагцхүү нөхцөл байдлыг ойлгож хугацааг сунгасан нэмэлт гэрээ хийсэн гэж үзэж байгаа. Ханшийн зөрүүний талаар нэхэмжлэгч тал Монгол банкнаас лавлагаа авч ирсэн байдаг. 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн буюу гэрээ байгуулах үеийн ханш, мөн 2014 оны 11 дүгээр сарын юанын ханш, энэ бол гэрээ байгуулагдсанаас бараг 1 жилийн дараа буюу гэрээнд заасан ажил хүлээлгэж өгөх хугацаа дууссан байх үеийнх байдаг. Мөн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн юаны ханш байгаа, энэ бол бүх ажил дуусаад улсын комисс хүлээж авснаас хойших үеийнх байгаа. Тэгэхээр энэ Монгол банкны лавлагаа ханш бол нэхэмжлэгчийн хэлж байгаа валютын ханшны зөрүүнээс болж алдагдал хүлээсэн гэх нөхцөл байдлыг бүрэн тодорхойлох боломжгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал мөн зээлээр худалдах, худалдан авах гэрээ болон барьцааны гэрээг нотлох баримтаар гаргаж өгдөг. Үүнийг энэ хэрэгт төдийлөн ач холбогдолтой гэж үзэхгүй байна. Учир нь нэхэмжлэгч талын гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээ нь энэ маргаанд хамааралгүй гэж үзэж байна. Иймд гэрээний үндэслэлийн дагуу нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа юаны ханшийн зөрүүг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх болон нэмэлт гэрээ нь утга агуулгынхаа хувьд гэрээний үүргийн үнийн дүн болон бүх зүйлийг урьдчилан тохиролцсон. Ажил гүйцэтгэх гэрээний саналыг аль ч тал илэрхийлж болох бөгөөд уг саналыг нөгөө тал бүрэн хүлээн зөвшөөрсөн нөхцөлд тухайн гэрээ хууль ёсоор байгуулагдаж, тухайн ажлыг цаашид гүйцэтгэх үүрэг, шаардах эрх талуудад үүсэх учраас урьдчилан тохиролцсон гэрээ гэж үзэж байгаа. Хэрэв ямар нэгэн алдагдал хүлээх байсан бол урьдчилаад энэ гэрээнээс татгалзах боломжтой байсан. Нэгэнт хүчин төгөлдөр байгуулагдсан учраас гэрээний үндэслэлийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгчийн нэмэлт тайлбарт хариу тайлбар өгье. Гэрээний суурь үнэ өөрчлөгдсөн гэж тайлбар гаргалаа. Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа материал, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.2 дахь хэсэгт гэрээний үнийг нэмэгдүүлэн өөрчлөхийг хориглосон байдаг. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт суурь үнэ огцом өөрчлөгдсөн бол тохируулга хийж болно гэж заасан. Суурь үнэ яг ямар байдлаар огцом өөрчлөгдсөн гэдгийг нэхэмжлэгч тал нотолж чадахгүй байна. Учир нь хэргийн материалтай танилцахад гуравдагч этгээдтэй байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гээд 2014 оны 11 дүгээр сар гээд өдөр нь тодорхойгүй гэрээ байдаг. Тэр гэрээгээр суурь үнэ огцом өссөн гэж дүгнэх боломжгүй. Валютын ханш болон гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээнээс болоод энэхүү гэрээний суурь үнэ огцом өөрчлөгджээ гэдгийг нэхэмжлэгч тал нотолж чадахгүй байна гэж үзэж байгаа. Тэгэхээр хариуцагч Засаг даргын тамгын газар нь үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гэрээ сунгасан нэмэлт гэрээ байгуулсан учраас танайхыг хүлээн зөвшөөрсөн гэж үзээд ажлаа үргэлжлүүлэн хийсэн гэж нэхэмжлэгч тайлбарлаад байна. 2015 оны 05 дугаар сарын 15-ны  өдөр байгуулагдсан энэ гэрээг бүхэлд нь уншиж сонсгоё. Нэгд, захиалагч нь “*******” ХХК-аас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Өмнөговь аймгийн шинэ суурьшилын бүсийн ЦТП-2-3-ын барилга угсралтын ажлыг гадаад валютын ханш огцом өсөлт, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, санхүүжилт зэргийг үндэслэн барилга угсралтын ажлын гэрээг 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаагаар сунгав. Хоёрт, Дээрх заалтаас бусад үндсэн гэрээний заалт хэвээр байх болно гэсэн хоёрхон зүйлтэй гэрээ байгаа. Тэгэхээр эндээс “*******” ХХК-иас хүсэлт ирүүлж, хүсэлтийг хүлээж аваад хугацаагаа сунгаж, бусад заалт нь хэвээрээ байгаа гэдэг нь тодорхой харагдаж байна. Гэтэл нэхэмжлэгч тал танайх хүсэлт хүлээж авснаараа валютын ханшны зөрүүг хүлээх нөхцөл байдал үүссэн гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй юм. Өмнөговь аймгийн Засаг дагын тамгын газар нь төрийн өмчит төсвийн байгууллага. Та бид бүгдийн татварын хөрөнгөөр санхүүждэг байгууллага учраас Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа материал, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.2 дахь хэсэгт зааснаар төрийн өмчийг хамгаалж гэрээний үнийг нэмэгдүүлэн өөрчлөхийг хориглоно гэсэн. Гэрээний хугацааг зөвхөн сунгасан байдлыг зөвшөөрсөн гэж ярьж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн амлалт өгсөн гээд байгаа талаар нэг ч нотлох баримт хэрэгт байхгүй. Нэхэмжлэгч компани тухайн үедээ болно бүтнэ гэж тендэрийг авчихаад өнөөдөр төсвийн хөрөнгөөс дахин мөнгө гаргуулах гээд байгаа үндэслэлгүй гаргаж ирсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энэ тухай ч бас үндсэн гэрээнд магадлашгүй ажилд гэрээний ерөнхий нөхцлийн дагуу үнийн тохируулга хийж болохгүй гэж хатуу хориглосон. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна гэв.

Прокурор Б.Болор-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн эрх ашгийг хамгаалан тус шүүх хуралдаанд оролцож байгаа прокурор дараах тайлбарыг гаргаж байна. “*******” ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ӨМ2013/90 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газартай байгуулж гэрээний нөхцөлд заасан үйл ажиллагааг хийж байх хугацаандаа өвлийн улирлын байдлаас хамаараад 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээг сунгасан талаар хариуцагч тал тайлбар гаргасан. Энэ тайлбарыг миний бие дэмжиж байх бөгөөд нэмэлт тайлбар хэлэхэд 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр, 2014 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр, 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрүүд дэх Монгол банкны лавлагааг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнд үнэлэлт хийхэд, гэрээг анх 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан ба хугацааг сунгасан нь 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байдаг. Тэгэхээр энэ лавлагаа нь тухайн үйл ажиллагааг явуулсан өдрүүдтэй уялдахгүй байна. Гаргаж өгсөн энэ лавлагаан дээрээ үндэслээд нэхэмжилж байгаа 81 600 844 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэл нь зөвхөн Монгол банкны лавлагаагаар нотлогдож байгаа юм. Засаг даргын тамгын газар нь “*******” ХХК-тай боломжит нөхцлийг зааж харилцан тохиролцож уг гэрээг байгуулсан. Гэхдээ энэ гэрээнд өвлийн улиралд хийх боломжтой ажлыг харилцан тохиролцсон байгаа учраас нэхэмжлэгч тал өөрөө энэ ажлаа тооцоолсон байгаа гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдож байна. Иймээс хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарыг дэмжиж байна. “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг сонслоо. Байгуулсан гэрээн дээр юаны ханш болон ажил гүйцэтгэх гэрээг заасан байхаас биш сая өмгөөлөгчийн хэлсэнчлэн суурь үнэ огцом өөрчлөгдөх талаар дурдаагүй байдаг. Тэгэхээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаа ажил гүйцэтгэх гэрээнээс улбаалаад гарч байгаа 81 600 844 төгрөгийг өгөх боломжгүй байгаа нь нотлогдож байна. Засаг даргын тамгын газраас  “*******” ХХК-д боломж олгоод гэрээний дагуу бүх хууль зүйн үндэслэлүүдээ тооцоод өгчихсөн байхад гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээнд үндэслэн Засаг даргын тамгын газраас мөнгө нэхэмжилж байгаа явдал буюу цаашлаад төсвийн мөнгөнөөс нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Сүүлд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт гэрээгээр Засаг даргын тамгын газар нь хүлээн зөвшөөрсөн учраас энэ мөнгийг гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарлаж байна. Энэ нэмэлт гэрээнд бол зөвхөн ажил гүйцэтгэх гэрээний хугацааг танай талын хүсэлтээр сунгасан боловч үнийн огцом өөрчлөлтийн талаар сунгаагүй гэдгийг нэмж хэлэх нь зүйтэй гэв.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох нэхэмжлэлийн үнийн дүнгийн тооцоолол /хх-5/, 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Монгол банкны ханшийн мэдээний лавлагаа /хх-7/, ******* ХХК-ийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 16/33 дугаартай итгэмжлэл /хх-8/, 000030249 дугаартай ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-9/, ******* ХХК-ийн дүрэм /хх-10-13/, 2014 оны 11 дүгээр сарын зээлээр худалдах худалдан авах /хх-14/, хятад бичиглэл бүхий баримт, орчуулгын хамт /хх-15-21/, иргэд хоорондын харилцан тохиролцсон гэрээ /гар бичмэл/ /хх-22/, 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн барьцааны гэрээ /хх-23/, Т.Идэр, Р.Батхишиг нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-23-н ар тал/, 9011134019 дугаартай Энхсэржим ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-24/, Энхсэржим ХХК-ийн дүрэм /хх-25-27/, 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Даланзадгад орон сууцны хороололын гадна дулаан хангамжийн ЦТП-2, ЦТП-3-г барих ажлын гэрээ /хх-28-30/, 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Өмнөговь аймгийн Шинэ суурьшлын бүсийн ЦТП-2,3-ын барилга угсралтын ажил”-ын гэрээний сунгалт /хх-31/, ******* ХХК-ийн хүсэлтүүд /хх-32-35/, 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт /хх-36/, ЦТП-2,3-ын улсын комиссын өгсөн үүрэг даалгаврын биелэлт /хх-37/, ******* ХХК-ийн хүсэлт /хх-38/, 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 01/317 дугаартай хүнд нөхцөл байдлын гэрчилгээ /хх-39/, 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2-1329 дугаартай Өмнөговь аймгийн засаг даргын тамгын газрын итгэмжлэл /хх-43/, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2-1388 дугаартай хариу тайлбар /хх-48-49/, ******* ХХК-ийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 16/45 дугаартай итгэмжлэл /хх-55/, 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ӨМ2014/03 дугаартай Өмнөговь аймгийн шинэ суурьшлын бүсэд дулаан түгээх төв ЦТП-4-ийн барилга угсралтын ажлын гэрээ /хх-57-58/, 2013, 2014 онуудын төлбөрийн хүсэлт, төлбөр төлсөн баримтууд /хх-59-71/, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 410 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл /хх-72-74/,  Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 143/ШШ2016/00487 дугаартай шүүхийн шийдвэр /хх-75-79/, Өмнөговь аймгийн засаг даргын тамгын газрын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2-1663 дугаартай давж заалдах гомдол /хх-85-86/, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбар /хх-96-99/, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл /хх-103-104/, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 203/МА2017/0001 дугаартай магадлал /хх-105-114/, 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн нэхэмжлэгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол /хх-118-120/, Хяналтын шатны шүүх хуралдааны 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 001/ТМ2017/00391 дугаартай тэмдэглэл /хх-128-130/, Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 001/ХТ2017/00453 дугаартай тогтоол /хх-131-137/, Өмнөговь аймгийн засаг даргын тамгын газрын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2-1225 дугаартай итгэмжлэл /хх-142/, 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Даланзадгад орон сууцны хороололын гадна дулаан хангамжийн ЦТП-2, ЦТП-3-г барих ажлын гэрээ /хх-159-161/, 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 17/23 дугаартай ******* ХХК-ийн итгэмжлэлээс татгалзах тухай хүсэлт, 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 17/24 дугаартай ******* ХХК-ийн итгэмжлэл, 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-170/, 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн нэхэмжлэгчийн нэмэлт тайлбар /хх-175-178/ зэргийг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

“*******” ХХК нь Өмнөговь аймгийн Засаг даргын газраас гэрээ байгуулах болон барилгын ажилд суурилагдах тоног төхөөрөмж худалдан авах үеийн юанийн ханшийн зөрүү 27 281 893 төгрөг, бусдад төлөгдөөгүй байгаа бараа материалын үнийн юанийн ханшийн зөрүү 10 729 763 төгрөг, алдангид 43 589 188 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэжээ.

“*******” ХХК нь  дулаан хангамжийн ЦТП-2, ЦТП-3-ыг барих ажлын тендэрт шалгарснаар 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Даланзадгад орон сууцны хорооллын гадна дулаан хангамж ЦТП-2, ЦТП-3-ыг барих ажлыг 496 250 760 төгрөгийн төсөвт өртгийн ажил гүйцэтгэхээр ӨМ2013/90 дугаартай гэрээг Өмнөговь аймгийн засаг даргын тамгын газартай байгуулжээ.

Тус гэрээгээр ажил гүйцэтгэгч “*******” ХХК дулаан хангамж ЦТП-2, ЦТП-3-ыг өөрийн материалаар барьж гүйцэтгэх, захиалагч Өмнөговь аймгийн засаг даргын тамгын газар  дулаан хангамж ЦТП-2, ЦТП-3-ыг хүлээн авч 496 250 760 төгрөгийн төсөвт өртгийн хөлс төлөх үүргийг тус тус хүлээж, ажлыг 2013 оны 12 дугаар сарын 09-ны өдөр эхэлж 2013 оны 12 дугаар сарын 15-ны хооронд газар шорооны ажил, бараа материал татах ажлыг гүйцэтгэхээр, 12 дугаар сарын 20-ны өдрөөс барилгын ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрөхгүй тул 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 50 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон байх ба талууд гэрээний гол нөхцлийн талаар тохиролцож гарын үсэг зурсан байх тул уг гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байх ба энэ талаар талууд маргахгүй байна.

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдуулж ажил гүйцэтгэх гэрээний үнэ өөрчлөгдсөнөөс барилгын ажилд суурилагдах тоног төхөөрөмж худалдан авах үеийн юанийн ханшийн зөрүү 27 281 893 төгрөг, бусдад төлөгдөөгүй байгаа бараа материалын үнийн юанийн ханшийн зөрүү 10 729 763 төгрөг, алдангид 43 589 188 төгрөг, нийт 81 600 844 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй маргана.

2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр талууд “Өмнөговь аймгийн Шинэ суурьшлын бүсийн ЦТП-2,3-ын барилга угсралтын ажил”-ын гэрээний сунгалт нэртэйгээр “захиалагч нь “*******” ХХК-аас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Өмнөговь аймгийн шинэ суурьшлын бүсийн ЦТП-2-3-ын барилга угсралтын ажлыг гадаад валютын ханш огцом өсөлт, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, санхүүжилт зэргийг үндэслэн барилга угсралтын ажлын гэрээг 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаагаар сунгав, Дээрх заалтаас бусад үндсэн гэрээний заалт хэвээр байх болно” гэж харилцан тохиролцон гэрээ байгуулжээ.

Дээрхи гэрээг нэхэмжлэгч тал “Монгол улсын эдийн засаг хямарч валютын ханш өссөнөөр хүнд нөхцөл байдал үүссэн, барилга барих нийт бараа материалын 70 хувь нь импортын бараа буюу БНХАУ-аас оруулж ирдэг материал байсан учир гэрээ байгуулах үеийн үнээр барилгын ажилд суурилагдах тоног төхөөрөмжийг худалдан авах боломжгүй байдал бий болж  гүйцэтгэх ажил төсөвтөө багтахгүй болсон талаар манай зүгээс захиалагч талд удаа дараалан мэдэгдэж байсан. Энэ мэдэгдлийг захиалагч талаас хүлээн зөвшөөрч, нөхцөл байдлыг ойлгоод “танай компанийн энэ ажлыг хийж гүйцэтгэх санхүүгийн асуудлыг иргэдийн төлөөлөгчдийн хурлаар оруулан шийдвэрлэж өгнө” гэсэн учраас тухайн ажлыг үргэжлүүлэн хийж гүйцэтгэхээр нэмэлт гэрээ байгуулсан тул юанийн зөрүү мөнгийг гаргуулах үндэслэлтэй” гэж, хариуцагч тал нэмэлт гэрээгээр зөвхөн хугацааны асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд төсөвт өртгийг нэмэгдүүлэх талаар тохиролцоогүй тул юанийн зөрүү мөнгийг төлөх үндэслэлгүй” гэж тайлбарлан маргадаг.

2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн талуудын хооронд байгуудагдсан ӨМ2013/90 дугаартай гэрээний хугацаа 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр дууссан байна.

2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гэрээний сунгалт нэртэйгээр байгуулагдсан гэрээ нь ажил гүйцэтгэх хугацааг 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр дуусгахаар тохиролцсон ба 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ӨМ2013/90 дугаартай гэрээний бусад заалтууд хэвээр байхаар тохиролцжээ.

Дээрхи нэмэлт гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус байх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул уг гэрээ нь хүчинтэй гэрээ байна.

Гүйцэтгэгч тал 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ажлын гүйцэтгэлийг хүлээлгэж өгсөн, захиалагч тал 496 250 760 төгрөгийн хөлсийг төлж ажлыг хүлээж авсан болох нь мөнгө шилжүүлсэн баримтууд /хх-59-71/, 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт /хх-36/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иргэний хуулийн 345 дугаар зүйлд 345.2 дахь хэсэгт “Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй” гэжээ.

Гүйцэтгэгч “*******” ХХК нь 2014 онд гадаад валютын ханш огцом өсч, эдийн засаг хямарч импортын тоног төхөөрөмж төсөвт өртөгт багтахгүй нөхцөл байдал үүссэн талаар захиалагч Өмнөговь аймгийн засаг даргын тамгын газарт мэдэгдэж байсан болох нь“*******” ХХК-ийн захиалагч талд гаргаж байсан хүсэлтүүд /хх-32-35/, нэхэмжлэгчийн тайлбар, Монгол банкны ханшийн мэдээний лавлагаа /хх-7/, Худалдаа аж үйлдвэрийн танхимын 01/317 дугаартай хүнд нөхцөл байдлын гэрчилгээ /хх-39/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

2014 оны 11 дүгээр сард “*******” ХХК нь барилгын ажилд суурилагдах тоног төхөөрөмжийн үнэ болох 1 346 589 юанийн бараа материалыг БНХАУлсаас худалдан авсан болох нь 2014 оны 11 дүгээр сарын зээлээр худалдах худалдан авах гэрээ /хх-14/, хятад бичиглэл бүхий баримт, орчуулгын хамт /хх-15-21/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд хариуцагч тал үүнийг үгүйсгэж баримтаар няцааж чадахгүй байна.

Иймд гүйцэтгэгч “*******” ХХК нь төсөвлөгдсөн хэмжээнээс нэмэгдсэн гэрээний үнийг шаардах эрхтэй байна.

2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр захиалагч тал 134 415 467 төгрөгийг гүйцэтгэгч талд шилжүүлсэн байх ба тухайн үед юанийн ханшийн зөрүү байсан гэдгээ нотлохгүй байх тул 134 415 467:285,86=470 214 юанийн бараа авах боломжтой байжээ. Хохирлыг тооцоолбол 1 345 589-470 214=876 375 юань болж байна.

2013 он 876 375*285,86=250 520 557

2014 он 876 375*306,12=268 275 915

286 275 915-250 520 557=17 755 358 төгрөг болж байна.

Иймд Өмнөговь аймгийн засаг даргын тамгын газраас төсөвлөгдсөн хэмжээнээс нэмэгдсэн гэрээний үнийн юанийн зөрүү болох 17 755 358 төгрөгийг гаргуулан “*******” ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь тухайн ажил гүйцэтгэхэд зарцуулсан бараа материалын үнийг бусдад төлөөгүй гэх боловч үүнийгээ баримтаар нотлохгүй байх тул юанийн ханшийн зөрүү 10 729 763 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй, түүнчлэн алданги 43 589 188 төгрөг нь төсөвт өртөгт багтаагүй ажлын хөлсөнд хамааралгүй байх тул нэхэмжлэлийн эдгээр шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Даланзадгад орон сууцны хороололын гадна дулаан хангамжийн ЦТП-2, ЦТП-3-г барих ажлын гэрээ /хх-28-30/, 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ӨМ2014/03 дугаартай Өмнөговь аймгийн шинэ суурьшлын бүсэд дулаан түгээх төв ЦТП-4-ийн барилга угсралтын ажлын гэрээ /хх-57-58/ зэргийг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг, 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн засаг даргын тамгын газраас 17 775 358 төгрөгийг гаргуулан “*******” ХХК-д олгосугай.

2. “*******” ХХК-ийн нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 63 845 486 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56  дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 757 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өмнөговь аймгийн засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 246 726 төгрөгийг гаргуулан “*******” ХХК-д  олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Р.УРАНЧИМЭГ