Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 00160

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     М.Мэндбаярын нэхэмжлэлтэй

                                            иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 142/ШШ2017/00868 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: М.Мэндбаярын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг дахь ШШГА-нд холбогдох

“Үнэлгээ хүчингүй болгуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хүдэрчулуун, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч М.Мэндбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

М.Мэндбаяр миний эзэмшилд байгаа Орхон аймаг, Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-24а-17, 18, 1, 22, 23, 46 тоот 90 метр квадрат талбайтай авто зогсоолын нэг бүрийг нь 20,000,000 төгрөгөөр 2015-11-30-нд Найдвар-Од ХХК-аар үнэлүүлсэн. Өнөөдрийн байдлаар ханш, валютын ханш /2495,29/ өссөн байгаа тул би үнэлгээ дахин хийлгэх санал тавьсан тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба миний саналыг хүлээн зөвшөөрөөгүй. Хүлээн зөвшөөрөхгүй байсаар анхны дуудлага худалдааг явуулсан. Энэ тухай би 2016.08.06-ны өдөр шүүхэд өгсөн боловч 2016.09.13-ны 142/ШЗ2016/04833 дугаартай шүүгчийн захирамж гарсан. Өнөөдрийн байдлаар миний хөрөнгийг бага дүнгээр үнэлж дуудлага худалдаа явуулсанд гомдолтой байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар 15-ны өдрийн 284 дүгээр шүүгчийн захирамжаар М.Мэндбаяр 122.671.365 төгрөг гаргуулж, аймгийн

Төлбөр төлөгч М.Мэндбаярын өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 24 байр а-17, 18, 21, 23, 46, а-22 авто зогсоолыг 2016 оны 04 сарын 14-ний өдөр 56/05 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх актаар битүүмжилж, 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 56/05 дугаартай эд хөрөнгө хураасан актаар хураасан. 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлбөр төлөгч М.Мэндбаяр нь төлбөрт хураагдсан тус авто зогсоолыг тус бурийг нь 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр үнэлж үнийн санал өгсөн.

Төлбөр авагч Төрийн банк нь төлбөр төлөгч М.Мэндбаярын үнийн саналтай танилцаж, үнийн саналыг зөвшөөрсөн тул /Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гуйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтооно/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу төлбөрт хураан авсан төлөгч М.Мэндбаярын өмчлөлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум Уртбулаг баг 24 дүгээр байр а-17, 18, 21, 23, 46, а-22 авто зогсоолыг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 15 цагт тус бүрийг нь 20000000 төгрөгөөр тоггоосон үнэлгээний 70 хувь болох 14,000,000 /арван дөрвөн сая/ төгрөгөөр дуудлага худалдаанд, 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 10 цагт тус бүрийг 22,000,000 төгрөгөөр тогтоосон үнэлгээний 50 хувь болох 10,000,000 /арван сая/ төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь дуудлага худалдаанд оруулсан боловч сонирхогч этгээд оролцлоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасны дагуу мөн борлогдоогүй тус эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох хурлыг 2017 оны 01 дүгээр 30-ны өдөр зохион байгуулж, төлбөр авагч Төрийн банк нь худалдан борлогдоогүй тус 6 зогсоолыг хоёр дахь дуудлага худалдааны доод үнэ болох тус бүрийг нь 10,000,000 төгрөг, 50,000,000 төгрөгөөр тооцон авсан гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 142/ШШ2017/00868 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн д заасныг баримтлан М.мэндбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШЗ2017/00941 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.д заасны дагуу нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурьдаж,

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгч М.Мэндбаярт олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа давж заалдсан гомдолдоо:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо М.Мэндбаярын анх 20.0 сая төгрөгөөр үнэлсэн үнийн санал нь 14.0 сая болж буурсныг хүлээн зөвшөөрөөгүй, хуулийн заалтын дагуу дуудлага худалдаанд оруулах үед анхны үнийг бууруулдаг болохыг ойлгоогүй байна гэсэн дүгнэлтийг хийгээд 2017-06-09-ны өдрийн ШШГТХ-ийн 55-р зүйлийн 55.7, 55.2 дахь заалтуудыг үндэслэлээ болгосон атлаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон явдал нь зүйд нийцсэнгүй. Иймд: Дээрх шийдвэртэй хэргийг тал бүрээс нь хянан үзэж шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                             ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч М.Мэндбаяр нь Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулж “...миний хөрөнгийг бага үнээр үнэлж дуудлага худалдаа явуулсанд гомдолтой байгаа тул шийдвэрлэж өгнө үү...” гэх агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх М.Мэндбаярын нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 693 дугаар шүүгчийн захирамжаар “шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох” тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй байхад шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзүүлсэн тухай захирамж, шийдвэрийн удиртгал хэсэгт “үнэлгээг хүчингүй болгох” тухай гэж шаардлагыг тодорхойлж бичсэн атлаа шийдвэрийн үндэслэх хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох, тогтоох хэсэгт ямар шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаар огт дурьдаагүй байна.

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг өөр өөр байдлаар бичсэн ба нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзэхэд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох эсхүл Шийдвэр гүйцэтгэлийн ямар ажиллагааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан нь тодорхойгүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэж ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Түүнчлэн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаар гаргасан хариу тайлбар ирүүлэхдээ нэхэмжлэгч М.Мэндбаяр шийдвэр гүйцэтгэлийн журмаар хураагдсан гражийн нэг бүрийн үнийг 20.000.000 төгрөгөөр үнэлсэн, төлбөр авагч түүний гаргасан үнийн саналыг зөвшөөрсөн тул дээрх үл хөдлөх эд хөрөнгөнд үнэлгээ хийлгэх шаардлагагүй байсан гэсэн байх боловч энэхүү хэрэгт 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн № 254 дугаар бүхий Найдвар Од аудит ХХКомпаний үнэлгээ авагдсан түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр 2 удаа Шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь ойлгомжгүй болжээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 142/ШШ2017/00868 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       С.УРАНЧИМЭГ

 

                     ШҮҮГЧИД                                                        Б.БАТТӨР

                                                                                              Б.ОЮУНЦЭЦЭГ