Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2015/0425

 

Б.Эгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч О.Зоригтбаатар, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н, нэхэмжлэгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д. эн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 9 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Эгийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Гурвансайхан сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие төрийн албаны удирдах ажилтны шалгалтыг 2011 оны 01 сард өгч тэнцэн улмаар тус сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажилласан. Гэтэл намайг 2015 оны 01 сарын 05-ны өдрийн Б/01 тоот захирамжаар ажлаас гэнэт халлаа. Ажлаас халах тухай үндэслэл нь үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн тул ажлаас халлаа гэсэн байна. Миний хувьд 2013 онд үр дүнгийн гэрээгээ сайн биелүүлж 85 хувьтай дүгнэгдэж В үнэлгээ аван сумын Засаг даргын захирамжаар цалингийн урамшуулал авч ёс зүйн аливаа зөрчил гаргалгүй ажилладаг байхад намайг ажлаас үндэслэлгүйгээр халсанд би туйлын гомдолтой байна. Төрийн албаны зөвлөлөөс сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон шийдвэр ирсний дагуу ажилд эргэн орох хүсэлтийг сумын Засаг даргадаа гаргасан боловч эргүүлэн авах боломжгүй гэсэн хариу өгсөн. Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг сумын Засаг дарга биелүүлэхгүй байна. Иймд Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэхийг сумын Засаг даргад даалгаж, Засаг даргын 2015 оны 01 сарын 05-ны өдрийн 6/01 тоот захирамжийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны /2015 оны 1, 2, 3 сар/-ын цалин 2986740 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д. н шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... Э ажлаас халагдаад 1 хоногийн дараа Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөлзахирамжийг үндэслэлгүй гарсан байна гээд Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5-д зааснаар хүчингүй болгосон. Тухайн үед хариуцагчийн хувьд уг шийдвэрийг хүлээн аваад хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй юм байна. Иймд энэ тогтоолыг хүчин төгөлдөр гэж үзэж байна. Энэ шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтан заавал биелүүлэх үүрэгтэй. Мөн ажлаас халах болсон нөхцөл байдал нь тогтоогдохгүй байна. Хариуцагч хариу тайлбартаа 2014 онд нэхэмжлэгчтэй үр гэрээ байгуулаагүй гэдэг ч өнөөдрийн хурал дээр байгуулсан гэж байна. Хэрвээ ийм үр дүнгийн гэрээ гарч ирээгүй байсан бол Засаг даргын буруу юу, Тамгын газрын даргын буруу юу гэдэг асуудал яригдах байсан.

2013 онд Эгийн үр дүнгийн гэрээг дүгнэж, сайн ажилласан гэж цалингийн 30 хувийн урамшуулал олгосон байдаг. Энэ нь нийгмийн даатгал шимтгэл төлсөн байдлаас нь харагддаг. Харин 2014 оны үр дүнгийн гэрээг нь дүгнээгүй.

 

 

Мөн нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчилтэй. Энэ тухай судалгаа авсан гэдэг. Ёс зүйн зөрчил гаргасан эсэх асуудал нь төрийн жинхэнэ албан хаагч учраас Төрийн албаны зөвлөлийн 129 дугаартай тогтоолоор зохицуулагдах ёстой. Сумын тамгын газар нь ёс зүйн хороотой, дарга нь Б.Э байсан байна. Дарга нь ёс зүйн зөрчлийн асуудал гаргавал аймгийн салбар хороонд хэлээд асуудлаа шийдүүлэх боломжтой байсан. Гэтэл ёс зүйн хорооны дүгнэлт болон төрийн албаны салбар зөвлөлийн тогтоол гараагүй. Мөн ямар асуулгаар, ямар хүнээс яаж судалгаа авсан нь тодорхойгүй байгаа.

Сумын 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн ажлын тайланг гаргах үүргийг өгөхдөө захирамждаа Эгийн нэрийг заагаагүй үүрэг өгөөгүй байж хариуцлага тооцох нь үндэслэлгүй. Иймд хариуцлага алдсан асуудал байхгүй. Хурал тасалсан гэдэг ч 12 сарын 5-нд Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаагүй тухай баримт бий. Засаг даргын бүрэн эрхэд халдсан тухай яригддаг. Нэхэмжлэгч удирдах албан тушаалтныхаа өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх үүрэгтэй ч ажлаа сайжруулах талаар шүүмжлэлтэй хэлсэн үгийг нь өлгөж аваад бүрэн эрхэд халдсан гэж байгаа нь ойлгомжгүй байна.

Засаг даргын захирамжийн дүнгийн нэгтгэлд сумдын Засаг дарга болон түүний тамгын газрын үйл ажиллагааны үр дүн гэж байдаг. Иймээс Засаг даргын захирамж нь хуульд нийцээгүй байна. Төрийн албаны зөвлөлийн тогтоол хууль зүйн үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Гурвансайхан сумын Засаг дарга Д.Тө шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:...Дор дурьдсан үндэслэлээр үүрэгт ажлаас нь 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/01 тоот захирамжаар халсан болно. Төрийн албаны тухай хуульд заасан үүрэг, засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн. Сумын 90-н жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах аж ахуйн комиссын даргаар ажилласан боловч хангалтгүй зохион байгуулсан. Комиссын хувьд баяр наадмын хандивын тооцоог иргэдэд тайлагнах үндсэн үүргээ огт биелүүлэлгүй хаясан. 2014 оны 12 сарын 05-ны өдөр сумын Иргэдийн хурлаар баяр наадмын комиссын ажилд үнэлэлт дүгнэлт өгөх хандивын тайлан тавих ээлжит хуралдаанд засаг даргын ажлын албаны дарга, комиссын дарга болох Б.Э нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдааныг үл тоон ирээгүй тэр ч бүү хэл тайланг нэгтгэж хуралдаанд оруулах материалыг бэлтгээгүй. 2013 онд нийт сумын хэмжээнд 70 гаруй төрийн албан хаагч нараас ёс зүйн талаар санал асуулгын хуудсаар үнэлэлт дүгнэлт өгүүлэхэд сумын хамгийн ёс зүйгүй төрийн албан хаагч болсон. Санхүүгийн сахилга бат муу бөгөөд аймгийн Аудитын газраас 2014 онд төсвийн хөрөнгийг зориулалтын бус зарцуулж аудитын газрын 2014 оны 03 дугаарсарын 04-ний өдрийн 01/41 тоот акт тавигдсан. Тус газраас 4 албан шаардлага ирүүлснийг хуулийн хугацаанд нь барагдуулж хариу өгөөгүй. 2015 оны 01 сарын 05-ны өдөр сумын удирдах албан тушаалтнуудын шуурхай хуралдаан дээр Засаг дарга миний биеийг элдвээр гүтгэн үг хэлээр доромжилж олны өмнө ёс зүйгүй байдал гарган албан тушаалтнуудыг үл хүндэтгэн удирдах, удирдуулах зарчмыг зөрчсөн. Төсвийн ерөнхий менежер буюу ЗДТГ-ын дарга төсвийн ерөнхийлөн захирагчтай 2014 онд үйл ажиллагааны үр дүнгийн гэрээгээ байгуулаагүй ажилласан нь ажлаас халах үндэслэл болсон. 2014 оны үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-аас үнэлгээ өгч хангалтгүй үнэлгээ авсан нь ажил үүргээ туйлын хангалтгүй гүйцэтгэж байсныг нотолно.

Дээрх үндэслэлүүдээс үүдэн Б.Эгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй бөгөөд зөвшөөрөхгүй байгаа тул сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/01 тоот захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 9-р шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 05 тоот шийдвэрээрТөрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.1.3, 26.3, 39 дүгээр зүйлийн 39.7-д заасныг тус тус баримтлан Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэхийг тус сумын Засаг дарга Д.Төмөртогтоход даалгаж, Дундговь аймгийн Гурвансайхан сумын Засаг даргын 2015 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 6/01 тоот захирамжийг хүчингүй болгож, Бандисүрэнгийн Эг хуучин ажилд нь буюу Гурвансайхан сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 128, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Эд ажилгүй байсан хугацааны цалин олговорт 4598624 төгрөгийг Гурвансайхан сумын Засаг даргын тамгын газраас гаргуулан олгож, үлдэх 379276 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: ЗДТГ-ын дарга Б.Эг ажлын хариуцлага алдсан, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан, санхүүгийн сахилга бат алдсан,өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, захирах захирагдах зарчмыг биелүүлээгүй зэрэг үндэслэлээр үүрэгт ажлаас нь халсан.

Дундговь аймгийн Захиргааны хэргийн 9-р шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч хянаад 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 05 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

Миний бие Б.Эгийн Төрийн албанд тэнцэхгүй дипломын зэрэгтэй,ёс зүйгүй төрийн албан хаагчаар тодорсон, санхүүгийн сахилга бат алдаж АУДИТ-ын газраас акт, албан шаардлага удаа дараа тавиулж байсан зэрэг хууль бус үйлдлүүдийг дахин шалгуулах хүсэлтэй байна. Иймд Захиргааны хэргийн 9-р шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нотлох баримтыг дахин шалгуулахаар буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулж, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлын талаар үндэслэлтэй дүгнэж хэргийг шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, харин Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т заасны дагуу хэргийг бүхэлд нь хянахад эрх бүхий этгээдийн шийдвэрээр нэгэнт хүчингүй болсон захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь буруу байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо ... Б.Э нь удирдах албан тушаалд тэнцэхгүй, дипломын зэрэгтэй төгссөн, ёс зүйгүй төрийн албан хаагчаар тодорсон, санхүүгийн сахилга бат алдаж, акт болон албан шаардлага гаргуулж төсвийн хөрөнгийг зориулалт бусаар ашигласан хууль бус үйлдлийг дахин шалгуулах хүсэлтэй байна гэжээ.

Дундговь аймгийн Гурвансайхан сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн б/01 дүгээр захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасныг үндэслэн Тамгын газрын дарга Б.Эг өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй биелүүлэн ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж, ажлаас нь халсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийг хэрэглэсэн үндэслэлээ Б.Эг өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй гэж тайлбарлах боловч хэзээ өгсөн ямар үүрэг даалгаврыг хэрхэн биелүүлээгүй тухай тодорхой тайлбар, баримт ирүүлээгүй, гагцхүү төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулдаг санхүүгийн сахилга бат муу болох нь удаа дараагийн аудитын дүгнэлтээр тогтоогдсон гэх боловч хэрэгт авагдсан аудитын газрын актуудаар тогтоосон зөрчил нь Төсвийн тухай хуульд заасан албан тушаалаас халагдах зөрчил биш байна. Түүнээс гадна мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.5-д Зөрчлийн хэлбэр, хүлээлгэх хариуцлагаас үл хамааран энэ хуулийг зөрчсөний улмаас төрд хохирол учруулсан буруутай этгээд уг хохирлыг төлж барагдуулна гэж заасны дагуу Б.Э нь зориулалтын бусаар зарцуулсан төлбөрүүдийг төлж барагдуулсан болох нь тогтоогдож байна.

Мөн хариуцагч нь Б.Эг ямар ёс зүйн зөрчил гаргасныг хэрхэн тогтоосон талаар баримтгүй, зөвхөн иргэдээс авсан санал асуулгаар ёс зүйгүй гэдэг нь тогтоогдсон гэж төрийн албанаас халсан нь Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар дээд шатны байгууллагад гомдол гаргах журмын дагуу зөрчлийг шалгаж тогтоосны үндсэн дээр зөрчлийн шинж байдалд нь тохируулан сахилгын шийтгэл ногдуулахаар заасан Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.9-д заасныг зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.

Үүнээс үзвэл Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албанхаагчийн хооронд гарсан Төрийн албаны тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан асуудлаар гарсан маргааныг Төрийн албаны төв байгууллага шийдвэрлэнэ гэж, 39.5-д Төрийн жинхэнэ албаны хүний нөөцийн удирдлагатай холбогдон гарсан эрх бүхий албан тушаалтны шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол төрийн албаны төв байгууллага хүчингүй болгох эрхтэй. гэж тус тус заасны дагуу Б.Эгийн гомдлыг хэлэлцэж, түүнийг ажлаас халсан Дундговь аймгийн Гурвансайхан сумын Засаг даргын2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн б/01 дүгээр захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж хүчингүй болгосон нь үндэслэлтэй байна.

Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хүчингүй болсон дээрх захиргааны актыг захиргааны хэргийн шүүх дахин хүчингүй болгох тухай ойлголт байхгүй тул энэ талаарх Б.Эгийн нэхэмжлэл нь захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус байхад анхан шатны шүүх захиргааны хэрэг үүсгэж шийдвэрлэсэн нь буруу болжээ. Иймд тухайн нэхэмжлэлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6-д Төрийн албаны төв байгууллагын гаргасан шийдвэрийг холбогдох байгууллага албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй гэж, 39.7-д Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэрийг гарснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдолд гаргаж болно гэж тус тус заажээ. Хариуцагч Дундговь аймгийн Гурвансайхан сумын Засаг дарга хуульд заасны дагуу гомдол гаргаагүй атлаа хүчин төгөлдөр Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлж Б.Эг Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилох шийдвэр гаргахгүй байгаа нь Төрийн албаны хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6-д заасныг зөрчсөн байх тул Б.Эг Гурвансайхан сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулан олгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 09 дүгээр шүүхийн[1] 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Дундговь аймгийн Гурвансайхан сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 5-ны өдрийн б/01 дүгээр захирамжийг хүчингүй болгож гэснийг хасч, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасныг баримтлан Б.Эгийн нэхэмжлэлийн Дундговь аймгийн Гурвансайхан сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 5-ны өдрийн б/01 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн 3 дахь заалтыг нэмж, шийдвэрийн 3, 4 дэх заалтын дугаарыг 5, 6 болгон өөрчилсүгэй.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ