Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 222

 

 

 

 

 

 

 

 

 

      Ж.Г-, Д.М-, Б.Б- нарт

         холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ш.Хосбаяр,

яллагдагч Ж.Г-ын өмгөөлөгч О.Баяраа,

яллагдагч Б.Б-ий өмгөөлөгч З.Хүрэлсүх,

нарийн бичгийн дарга Ц.Б- нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 198 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ш.Хосбаярын бичсэн 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 5 дугаартай эсэргүүцлээр Ж.Г-, Д.М-, Б.Б- нарт холбогдох 1802001270049 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Б овгийн Ж-ийн Г-, 1969 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн ........ тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:...../,

             Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 487 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 88 дугаар зүйл, 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 3 жилийн хорих ялаар,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 386А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгүүлсэн;

 

2. Б овгийн Д-ийн М-, 1997 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хэрэгт холбогдох үедээ Монгол Улсын Их сургуулийн 4 дүгээр курст суралцаж байсан, ам бүл 3, өвөг эцэг, эмэг эхийн хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 хороолол, 4 байр, 13 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...../;

 

3. Б овгийн Б-ийн Б-, 1992 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хэрэгт холбогдох үедээ Шинжлэн Ухаан Технологийн Их сургуулийн 3 дугаар курст суралцаж байсан, ам бүл 8, эцэг, эх, 2 дүү, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ...... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:....../;

 

Ж.Г- нь 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 48-04 тоотод Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай гялгар уутанд савласан 6.4 грамм /Д.М-ын биеэс хураан авсан 1.6 грамм, Б.Б-ий биеэс хураан авсан 4.8 грамм/ мансууруулах сэтгэцэд нөлөөт “Шавар” гэх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Д.М-т 600.000 төгрөгөөр худалдсан,

мөн өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 48-04 тоотод 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай гялгар уутанд савласан 20.2 грамм “Шавар” гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан,

 

Д.М-нь 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 9 дүгээр байрны 3 дугаар орцны орчим Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай гялгар уутанд савласан мансууруулах сэтгэцэд нөлөөт “Шавар” гэх бодисыг 600.000 төгрөгөөр худалдан авч, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бусдад өгсөн,

мөн 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 9 дүгээр байрны 3 дугаар орцны орчим Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай гялгар уутанд савласан 1.6 грамм “Шавар” гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан,

 

Б.Б- нь 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 9 дүгээр байрны 3 дугаар орцны орчим Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай гялгар уутанд савласан 4.8 грамм “Шавар” гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Ж.Г-аас 600.000 төгрөгөөр худалдан авч, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Ж.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, Д.М-, Б.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Ж.Г-ын яллагдагчаар өгсөн: “... Би М-ыг нэг удаа манай гэрт ирэхэд  ах нь нэг ийм “Шавар” гэх зүйл олсон гэж хэлсэн. Тэгээд М-мэддэг болсон ба надаас асуухаар нь би сүүлийн тохиолдлыг оруулахгүйгээр 2-3 удаа өгч байсан, хэмжээний хувьд багахан хэмжээтэйг өгсөн. Яг хэдэн грамм байсан зэргийг бол санахгүй байна. ...” гэх мэдүүлэг /1хх 178-181/,

2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Д.М-ын сэжигтнээр өгсөн: “... Г- ахаас урьд өмнө 3 удаа хар тамхи авч хэрэглэж байсан ба 2018 оны 1 дүгээр сарын эхээр анх удаа авч байсан нь цагаан сарын өмнөхөн, тэгээд өнөөдөр авч байна, урьд 2 удаа авахад би Г- ахад ямар нэгэн мөнгө төгрөг өгч байгаагүй зүгээр авч байсан юм. ...” гэх мэдүүлэг /1хх 188-189/,

2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Д.М-ын яллагдагчаар өгсөн: “... Би Г-аас “Шавар” гэх бодисыг нийт 3 удаа авсан, эхний удаа 2018 оны 01 дүгээр сарын эхээр Г-ын гэрт орсон. ...Тэр үед надад “Шавар” гэх нэртэй зүйлийг анх танилцуулж, надад чигчий хурууны эхний үеийн хэмжээтэй баримлын шавар шиг бор өнгөтэй зүйлийг сонирхож үзээрэй гээд өгсөн. Тэрийг би юуг нь мэдэхгүй учраас гэрээс нь гараад хаячихсан. 2018 оны 02 дугаар сард Г- над руу залгаад гэрт хүрээд ирээч гээд намайг очиход нөгөөхөөсөө дахиад авах уу гээд нөгөө “Шавар” нэртэй юмнаасаа дахиад өмнө нь өгч байсан хэмжээтэйг өгсөн. Тэрийг нь би гэрээс нь гараад хогийн савны дэргэд нөмөр хэсэгт нь орж зогсож байгаад хогийн савны дотор тал руу нь хаячихаад явсан. ...” гэх мэдүүлэг /1хх 191-193/,

2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Б.Б-ий сэжигтнээр өгсөн: “... би Маадайгаас “Шавар” гэх хар тамхийг нийт гурван удаа авсан. Хамгийн анх 2018 оны сар шинийн баярын өмнөхөн 100.000 төгрөгөөр, дараа нь сар шинийн дараа 100.000 төгрөгөөр дахин нэг аваад хамгийн сүүлд өчигдөр орой 600.000 төгрөгөөр аваад л цагдаад баригдлаа. Худалдаж авах үедээ грамм хэмжиж авч байгаагүй. Сар шинийн өмнө тааралдаад би түүнээс чамд “Шавар” олдох уу?, надад хэрэгтэй байна гэж хэлсэн чинь эргээд яръя гэж салаад орой нь над руу залгаад олчихлоо, эргээд яръя гэж утасдаад уулзалдаж байгаад авсан. ...” гэх мэдүүлэг /1хх 199-200/,

2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Б.Б-ий яллагдагчаар өгсөн: “... Би М-аас нийт 3 удаа “Шавар” авсан. Эхний удаа цагаан сарын өмнө, дараа нь мөн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 100.000 төгрөгөөр 2 удаа авсан, би хэмжээг нь мэдэхгүй багахан хэмжээтэй л байсан. Эхний хоёр удаа авсан 100.000 төгрөгийг Чингис зочид буудлын урд талд уулзалдаад бэлэн өгч байсан. ...” гэх мэдүүлэг /1хх 201-202/ зэргээс үзэхэд тэдгээр мэдүүлэгт дурдсан 2018 оны 1 болон 2 дугаар сарын үйлдлийг тодруулж нягтлан шалгаагүй байна.

Мөн прокурорын яллах дүгнэлт /3хх 70-73/-ийн хавсралтад дурдагдсан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн эд зүйлийн нэрсийн эцэст “Ж.Г-ын гэрээс хураан авсан пүүз 1 ширхэг” гэж бичсэн нь яллагдагч нарт гардуулж өгсөн яллах  дүгнэлтийн хувиудад тусгалгүй орхигдуулсан зөрүүтэй байдлыг зөвтгөн залруулах шаардлагатай бөгөөд энэ талаар гаргасан яллагдагч Ж.Г-ын өмгөөлөгч О.Баяраагийн хүсэлтийг хангаж, харин уг алдааг техникийн шинжтэй гэж үзэн залруулах тухай прокурорын хүсэлтийг нэгэнт хэрэг прокурорт буцсан учир хүлээн авах шаардлагагүй. Иймд мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул мөрдөн байцаалтын ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

 

Прокурор Ш.Хосбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт урьд 2-3 удаа мансууруулах төрлийн бодис өгч, авч байсан талаар зөвхөн яллагдагч нарын сэжигтэн болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгт дурдсанаас өөр нотлох баримт байхгүй, цаг хугацааны хувьд тэднээс мэдүүлэг авах замаар тодруулахаас өөрөөр энэ талаар шалгавал зохих ажиллагааг хийж гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал байгаа. Нэгэнт хангалттай нотлох баримт байхгүй учир тэдэнд дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4 дүгээр зүйлд зааснаар прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шийдвэр гараагүй, энэ талаарх эрх зүйн зохицуулалт хуульд тусгагдаагүй болно.

Харин тэдний холбогдсон 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар хэргийг шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг заасан бөгөөд мөн зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах учиртай.

Яллах дүгнэлтийн хавсралтад гарсан техникийн шинжтэй алдааг залруулах хүсэлтийг өмгөөлөгч гаргасан ба шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр үүнийг залруулах боломжтой. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 198 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

 

Яллагдагч Б.Б-ий өмгөөлөгч З.Хүрэлсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжийн 1 дэх заалтад дурдсан ажиллагааг хийх шаардлагагүй. Яллагдагч нарын мэдүүлэгт дурдагдсан 2018 оны 1, 2 дугаар сард үйлдэгдсэн байж болзошгүй гэх үйлдлийг нөхөн гүйцэтгэх замаар тогтоох боломжгүй гэж үзэж байна. Харин шүүгчийн захирамжийн 2 дахь заалтыг дэмжиж байна. Прокурорын яллах дүгнэлт нь зөрчилгүй үйлдэгдэх ёстой. Ялангуяа яллагдагч нарт гардуулж байгаа яллах дүгнэлт нь хэрэгт байгаа яллах дүгнэлтээс зөрүүтэй байвал яллах дүгнэлтийг гардуулсан гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, яллах дүгнэлтийн хавсралтад эд мөрийн баримтаар хураасан, битүүмжилсэн эд зүйлийн талаар дурдахдаа энэ хэрэгт хураагдсан пүүзний асуудлыг орхигдуулсан. Сүүлд шүүх дээр хэрэг байхад өөрчилж бичсэн гэдэг. Яллах дүгнэлтийн зөрүүтэй асуудал энэ хэрэгт 2 дахь удаагаа яригдаж байгаа. ...” гэв.

 

Яллагдагч Ж.Г-ын өмгөөлөгч О.Баяраа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч З.Хүрэлсүхийн гаргасан тайлбарыг дэмжиж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Хэргийн материалыг судлахад, мөрдөн шалгах ажиллагаагаар /1 жилийн хугацаанд/ сэжигтэн, яллагдагч, гэрч нарын мэдүүлгийг үндэслэн “гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, яллагдагч нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцооны талаар хангалттай шалгасан байх тул хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх нь зүйтэй.

Тодруулбал; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан тогтоох боломжтой тул энэ талаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзлээ.

 

 Харин шүүгчийн захирамжид “...прокурорын яллах дүгнэлт /3хх 70-73/-ийн хавсралтад дурдагдсан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн эд зүйлийн нэрсийн эцэст “Ж.Г-ын гэрээс хураан авсан пүүз 1 ширхэг” гэж бичсэн нь яллагдагч нарт гардуулж өгсөн яллах дүгнэлтийн хувиудад тусгаагүй орхигдуулсан зөрүүтэй байдлыг зөвтгөн залруулах шаардлагатай...” гэж заасан асуудлын тухайд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4-т заасны дагуу “прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах хүсэлт”-ийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр засах боломжтой.

 

Иймд прокурор Ш.Хосбаярын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, Ж.Г-, Д.М-, Б.Б- нарт холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 198 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ж.Г-, Д.М-, Б.Б- нарт холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

2. Хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцтэл Ж.Г-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, Д.М-, Б.Б- нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР                                           

                                    ШҮҮГЧ                                                             Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН