| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2018/00065/Э |
| Дугаар | 154/2018/00049 |
| Огноо | 2018-09-14 |
| Зүйл хэсэг | 21.2.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 154/2018/00049
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Түвшинжаргал даргалж,
Улсын яллагч З.Алтансолонго
Нарийн бичгийн дарга Б.Батзул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Бурдууд овогт Нямаагийн Энхбатад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1837000000046 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1975 оны 01 сарын 05-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хот Баянгол дүүргийн 18 дугаар хороо 72А байр, 29 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ПБ75010519 регистрийн дугаартай, Бурдууд овогт Нямаагийн Энхбат.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Энхбат нь 2017 оны 12 сарын 06-ны өдрөөс 2018 оны 04 сарын 03- ны өдрийг хүртэлх хугацаанд эрүүгийн 171600153 дугаартай хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжпэн судласан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжпэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Энхбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би худал мэдүүлэг өгсөн хэргээр яллагдагчаар татагдсан. Г.Эрдэнэ-Очир тухайн үед уулзаад уг шороог Булган сумын төвөөс ачсан гэж хэлээд өгөөч гээд гуйгаад байхаар нь би худал мэдүүлэг өгсөн
юм. Ийм хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Уг хэрэгт би нэг удаа мэдүүлэг өгсөн. Отрядын хашааны урд талаас шороо ачсан гэж мэдүүлсэн. Уг шороог Булган сумын Байтаг багийн нутаг Цагаан толгой гэх газраас ачсан юм...” гэх мэдүүлэг.
Шүүгдэгч Н.Энхбатын хэрэг бүртгэлтийн шатанд гэрчээр өгсөн: “...Намайг Булган суманд явж байхад Г.Эрдэнэ-Очир шороо ачих гэсэн юм жолооч байдаггүй, ковш бариад шороо ачаад өг гэж хэлсэн. Тэгээд би 2017 оны 12 дугаар сарын эхээр өдрийг нь сайн санахгүй байна. Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг 325 дугаар ангийн хашааны урд талд очиход шалаанз автомашин ковш бэлэн байсан. Би тэнд байсан овоолготой шорооноос ковш бариад автомашин дээр ачиж өгөөд явсан...” гэх мэдүүлэг,
Н.Энхбатын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Г.Эрдэнэ-Очир намайг нөхөн сэргээлт хийж байгаа газраас шороо авсан гэж хэлж болохгүй, Булган сумын төвөөс шороо авсан гээд хэлчих гээд гуйгаад байхаар нь анх мэдүүлэг өгөхдөө Булган сумын төвөөс шороо ачсан гэж худал мэдүүлэг өгсөн. Уг шороог Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн Цагаантолгой гэх нэртэй газарт БГЭЭМ ХХК-ны нөхөн сэргээлт хийж байгаа газраас авсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Г.Эрдэнэ-Очирын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2017 оны 12 сарын 01-ний өдөр Эрдэнэбаяртай танилцаад Улаанбаатар хот руу шороо ачуулахаар болоод 2017 оны 12 сарын 02-ны өдөр шороо ачуулаад Улаанбаатар хот руу явуулсан. Ховд аймгийн Булган сумын Баянсудал багийн айлын хашаан дотор байсан шорооноос ачаад явсан. Манай төрсөн дүү Г.Уламбаяр 2017 оны 11 сард нас барсан, ламаас асуусан чинь нутгийн шорооноос авч ирж хашаандаа дэвс гэж хэлэхээр нь хашаандаа дэвсэх зорилгоор авч явсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Г.Эрдэнэ-Очирын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Ховд аймгийн Булган сумын Байтаг багт байрлах нөхөн сэргээлт хийж байгаа газраас шороо ачаад Баянхонгор аймагт угаалгаж дээжийг нь үзэх гэж яваад Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт саатуулагдсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Н.Эрдэнэбаярын хэрэгбүртгэлтийн шатанд өгсөн: “...Би 2017 оны 12 сарын 03-ны өдөр Улаанбаатар хот руу арьс ачих гээд зогсож байхад Баянхонгор луу шороо ачих уу түлшийг чинь хийгээд өгье гэхээр нь ачихаар болсон. 2017 оны 12 сарын 05- ны өдөр лакаторын ард талд машин аваачиж ачаад дууслаа гэхээр нь хоол түлшээ аваад найз Алтанхуягыг аваад явсан. Маргааш нь Говь-Алтай аймаг дээр явж байхад журамлагдсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Ганбаатарын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:БГЭЭМ ХХК-ны үйл ажиллагаа нь 2017 оны 11 сарын 15-ны үед хүйтрээд зогссон. Би Ганбаатар, Ганбат, Жавхаа бид нар гэр болон компаний эд зүйл хараад байж байхад Г.Эрдэнэ-Очир нь Н.Энхбат, Н.Эрдэнэбаяр гэх хүмүүсийг дагуулж ирээд шороо ачна гээд шалаанз автомашинтай ирсэн. Шороо чулуу ачаад явсан. Шороо ачиж явснаас хойш 3-4 хоногийн дараа Говь-Алтай аймагт саатуулагдаад баригдчихлаа гэж ярьсан...” гэх мэдүүлэг,
- Ял шийтгэлийг шалгах хуудас зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Н.Энхбат нь 2017 оны 12 сарын 06-ны өдрөөс 2018 оны 04 сарын 03- ны өдрийг хүртэлх хугацаанд эрүүгийн 171600153 дугаартай хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч Г.Эрдэнэ-Очир, Н.Эрдэнэбаяр, Б.Ганбаатар нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Бурдууд овогт Нямаагийн Энхбатыг гэрчээр зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Н.Энхбат нь цагдан хоригдсон хоноггүй бөгөөд хэрэгт прокурорын тогтоолоор битүүмжлэгдэн ирсэн Н.Энхбатын эзэмшлийн 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг, шүүгдэгч Н.Энхбатын ПБ75010519 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хамт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохыг шүүгчийн туслах Б.Цагаанцоожид даалгах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, Зб.Ю.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Бурдууд овогт Нямаагийн Энхбатыг мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Энхбатыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Энхбатад оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Энхбат нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Н.Энхбат нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурьдаж, шүүгдэгчийн 300.000 /гурван зуун мянга/ төгрөг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
6.Шүүгдэгч Н.Энхбатын ПБ75010519 регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгохыг шүүгчийн туслах Б.Цагаанцоожид даалгасугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчинтэй болтол шүүгдэгч Н.Энхбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ