Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 994

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд явуулж,

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 17 дугаар байрны 31 тоотод оршин суух, Хатгин овогт Жамъянгийн Дамдинсүрэнгийн /РД:ЖЮ58032308/ нэхэмжлэлтэй

Хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах, “Суурь Өсөх” ХХК-д /РД:3370488/ холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 2.460.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Энхтуяа

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтох нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Дамдинсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дамдинсүрэн миний бие "2012 онд “Суурь Өсөх“ ХХК-ны барьцаат зээлийн газарт өөрийн эхээс өвлөж ирсэн 8  хэрэглэлтэй мөнгөн эмээлийг 360.000 төгрөгийн барьцаанд тавьж , 2013 оны 04 сарын 9-ний өдрийг хүртэл сар бүр 36.000 төгрөгийн хүүг тасралтгүй төлж ирсэн. Гэрээг түүнээс хойш сунгаагүй. 2014 оны 6 сард ломбарданд байдаг Цолмонгэрэлтэй таарч эгч нь мөнгөгүй болоод очиж чадахгүй байна мөнгөтөй болмогц очно гэхэд Цолмонгэрэл тэгээрэй гэсэн. Тэгээд наадмын олон хоног таарч очиж чадахгүй байсаар 2013 оны 7 сарын сүүлчээр очиход Цолмонгэрэл эмээлийг чинь манай нөхөр Архангай аймаг руу  явуулсан гэсэн.  Тэгэхээр нь би эхээс маань өвлөгдөж ирсэн эмээл зарж болохгүй гэдгийг хэлсэн. Танайд барьцаанд тавиад удсан ч гэсэн  хүүг нь байнга төлж байсан, хүний үнэтэй цэнэтэй юмыг зарж болохгүй гэхэд Цолмонгэрэл би мэдэхгүй нөхөр мэднэ гэсэн. 2014 оны 8 сард очиход 1.028.000 төгрөг төлөөд эмээлээ ав гэсэн. Тэгээд 9 сард 1.028.000 төгрөг олоод очтол дахин 550.000 төгрөг нэмж төл гэхээр нь яасан их мөнгө төлдөг юм бэ гэхэд манай нөхөр мэднэ гэсэн тайлбар өгсөн.  Тэгээд миний  эмээл байгаа эсэхийг асуухад таны эмээл анх өгсөн боолттойгоо байгаа гэж байсан. Тэгээд Цолмонгэрэлтэй үл ойлголцсон учир мөнгөө өгч чадалгүй буцсан. 2014 оны 10 сард Цолмонгэрэлтэй утсаар ярихад эмээлийг чинь авсан хүн УБ хот явах гээд байна мөнгөө яаралтай шилжүүл гэхээр нь дансаа явуулчих гэсэн чинь нөхөр Батсуурийнхаа дансыг явуулсан байсан. Энэ мэтээр худлаа яриад  эмээлийг маань өгөхгүй байна. Иймээс Цолмонгэрэлээс эмээлээ гаргуулан авах буюу эмээлийн үнэ  4.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч эмээлийн үнэлгээ 3.000.000 төгрөг гэж гарсан учир эмээлийн үнэ 3.000.000 төгрөгөөс ломбарднаас авсан зээл 360.000 төгрөг, зээлийн алданги 180.000 төгрөгийг тус тус хасч, 2.460.000 төгрөгийг гаргуулан  өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Дамдинсүрэн  нь Суурь өсөх” ХХК-ийн барьцаат зээлийн газраас 360.000 төгрөгийг зээлж, тэдний хооронд барьцааны гэрээ  2012 оны 9 сарын 29-ний өдөр байгуулагдсан бөгөөд Ж.Дамдинсүрэн нь 2013 оны 04 сарын 9-ний өдрийг хүртэл хүү төлсөн болох нь  нотлогдож байгаа.  Ж.Дамдинсүрэнгийн хувьд ломбарданд эмээлээ барьцаанд тавьсан гэдэг нь үнэн бөгөөд  хүү алдангийг  хүртэл төлсөн байдаг. Нэхэмжлэгч барьцаат зээлийнхээ хүү алдангийг төлөх тусам хүү алданги нь өсөөд  байсан учраас энэ 2 хүний хооронд маргаан үүссэн байгаа. Ж.Дамдинсүрэн нь Ц.Цолмонгэрэлд  эмээлийг зарж болохгүй талаар удаа дараа хэлсэн боловч хариуцагч нь нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр эмээлийг  1.000.000 төгрөгөөр 2014 оны 6 сард бусдад зарсан нь  хууль зөрчсөн үйлдэл байна. Ж.Дамдинсүрэнгийн барьцааны зүйлийн гэрээний  сунгалт хийсэн гэж хариуцагч тайлбарлаж буй боловч  Ж.Дамдинсүрэн гэрээг сунгасан тухай гарын үсэг огт зурж байгаагүй, Ц.Цолмонгэрэл л гарын үсгээ зурж тэмдэглэл хийсэн байдаг. Барьцаалан зээлдэх газар нь бусдын эд хөрөнгийг зарж борлуулахдаа зээлдэгчид мэдэгдэх үүрэгтэй байдаг боловч хариуцагч тухайн үүргээ биелүүлэлгүй  бусдын эд хөрөнгийг зарж борлуулсан байна. Дамдинсүрэн анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ломбардны эзэн Ц.Цолмонгэрэлд холбогдуулан гаргасан. Гэтэл Улсын Дээд шүүхээс “Суурь-Өсөх” ХХК-ийг хариуцагчаар оролцуулаагүй гэж хэрэг хүчингүй болсон учраас манай талаас тус компанийг хариуцагчаар татсан байгаа. Эмээл бол үе удам дамжиж ирсэн, хуучин Батноров хийцийн эмэгтэй хүний 8 хэрэглэлтэй, тохоожоороо байсан мөнгөн эмээл байсан. Энэ эмээл байхгүй болсон учраас бид интернетээс хайж байгаад эмээлтэйгээ хийц, загварын хувьд ижил төстэй хийцтэй эмээлийн үнээр жишиг болгож үнэлгээг тогтоолгосон. Хариуцагч уг үнэлгээг зөвшөөрөхгүй гээд байгаа боловч энэ үндэслэлээ шүүхэд нотолж чадаагүй байгаа. Дамдинсүрэнгийн хувьд эмээлээ бусдад зарагдсан гэдгийг 2014 оны 6 сараас хойш мэдсэн. ...Иймд “Суурь Өсөх” ХХК-иас эмээлийн үнэд 2.460.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Эмээл 3.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн учраас 3.000.000 төгрөгөөс ломбарданд төлөх ёстой байсан зээл 360.000 төгрөг, түүний алдангид 180.000 төгрөг буюу 540.000 төгрөгийг хасч, үлдэгдэл 2.460.000 төгрөгийг нэхэмж илсэн гэв.

 

Хариуцагч “Суурь Өсөх” ХХК-ийг төлөөлж, тус компанийн захирал ажилтай Ц.Цолмонгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  2012 оны 09 сарын 29-ны өдөр Ж.Дамдинсүрэн 8 хэрэглэлтэй модон эмээл манай барьцаалан зээлдэх газарт 1 сарын хугацаатай барьцаанд тавьж , 360.000 төгрөг  авсан. Тухайн үед манайх мөнгөн эдлэл барьцаанд авдаггүй байсан боловч  Ж.Дамдинсүрэн эгчийг гуйгаад байхаар нь авсан. Эмээлийг барьцаанд аваад зээлийн гэрээний хугацаа дуусахад Ж.Дамдинсүрэн эгч зээлийн гэрээгээ сунгуулахгүй явсаар байгаад   2 сарын хүү алдангийн мөнгийг л төлсөн өөр ямар ч мөнгө төлж байгаагүй. Би Ж.Дамдинсүрэнд зээлээ төлөх талаар олон удаа хэлж байсан. Гэрээний  хугацаа дууссан учир таны эмээлийг зарж борлууллаа шүү гэхэд Ж.Дамдинсүрэн  эмээлээ буцааж авна гэчихээд ирэхгүй  4-6 сарын хугацаа өнгөрсөн учраас би эмээлийг нь зарж борлуулсан. Эмээлийг зарах гэж зөндөө үзсэн бүр Улаанбаатар хот руу хүртэл явуулж байсан боловч зарагдахгүйгээр буцаж ирдэг байсан. Би Ж.Дамдинсүрэнтэй  хоолны газар таараад таны барьцаанд тавьсан  эмээлийн хүү, алданги  1.500.000 төгрөг болсон шүү гэхэд  удахгүй мөнгийг чинь араас чинь шилжүүлнэ гээд миний дансны дугаарыг авсан боловч ирээгүй.  Эмээлийг 3.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг эмээл нь тохоожоороо эмээл байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтох шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Ж.Дамдинсүрэн Ц.Цолмонгэрэл нарын хооронд  зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан. Гэрээг 2012 оны 09 сарын 29-ний  өдөр 1 сарын хугацаатай байгуулсан. Зээлийн гэрээнд зааснаар зээлийн гэрээний  дууссанаас хойш  14 хоногийг дотор барьцаанд авагдсан эд зүйлийг зарж борлуулахыг хүлээн зөвшөөрч Ж.Дамдинсүрэн зээлийн гэрээг байгуулсан байдаг. Барьцааны эд хөрөнгийг Ц.Цолмонгэрэл гэрээнд заасан 14 хоногийн хугацаа дууссан байхад зарж борлуулалгүйгээр Ж.Дамдинсүрэнд удуу дараа мэдэгдэж байсан. 2013 оны 09 сарын 21-ний өдөр Ц.Цолмонгэрэлтэй утсаар ярьж   хэдэн төгрөг төлж эмээлээ авах талаар асуусан байдаг. Тэр үед Ц.Цолмонгэрэл хүү, алданги төлөх талаар тайлбарлан өгөхөд Ж.Дамдинсүрэн хүлээн зөвшөөрөөд явсан байдаг. Хамгийн  гол нь гэрээ байгуулагдсанаас 4 жил 3 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн эд хөрөнгийн үнэлгээний хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үнэлгээ хийсэн комиссын бүрэлдэхүүн үнэлгээ тогтоох мэргэжлийн хүмүүс биш бөгөөд үнэлгээ хийхэд тухайн үнэлсэн эд хөрөнгө байхгүй байхад юуг баримтлан үнэлсэн нь өөрөө учир шалтгааны хувьд зөрүүтэй байна. Хэрвээ үнэлгээ гаргуулах байсан бол шүүхэд хүсэлтээ өгөөд шүүгчийн захирамжаар мэргэжлийн байгууллагаар  үнэлгээ хийлгэх ёстой байсан боловч тухайн эрхийг эдлэлгүйгээр мэргэжлийн бус хүнээр үнэлгээ хийлгэсэн байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэхдээ шүүхэд нэхэмжлэлийн шаардлага  гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир үнэлгээ гаргуулах хүсэлт гаргах шаардлагагүй гэж үзсэн. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь :

 

Нэхэмжлэгч Ж.Дамдинсүрэн нь хариуцагч Ц.Цолмонгэрэлд холбогдуулан эмээлийн үнэд 4.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж эмээлийн үнэд 2.460.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу шүүх хариуцагч Ц.Цолмонгэрэлийг “Суурь Өсөх” ХХК-иар сольж тус компанийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцуулсан ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг 2.460.000 төгрөг гэж үзнэ.

Шүүх хуралдаанд зохигч талуудын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар нэхэмжлэгч Ж.Дамдинсүрэн нь 2012 оны 9 сарын 29-ний өдөр барьцаалан зээлдүүлэх үйлчилгээг эрхлэн явуулдаг “Суурь Өсөх” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газраас 8 хэрэглэлтэй мөнгөн эмээлийг барьцаалан  360000 төгрөгийг нэг сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлж, улмаар тэдний дунд Монгол Улсын Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-т зааснаар барьцаат зээлийн гэрээ байгуулагджээ.

Хэрэгт авагдсан баримтаар зээлдэгч Ж.Дамдинсүрэн нь зээл авснаас хойш зээлийн гэрээний хугацааг хоёр удаа нэг, нэг сараар буюу 2013 оны 4 сарын 09-ний өдрийг хүртэл сунгуулж зээлийн хүүг төлсөн боловч түүнээс хойш үндсэн зээл болон хүүг төлөөгүй гэх үндэслэлээр зээлдүүлэгч нь 2014 оны 6 сарын 17-ны өдөр Ж.Дамдинсүрэнгийн барьцаанд тавьсан 8 хэрэглэлтэй мөнгөн эмээлийг бусдад 1.000.000 төгрөгөөр худалдан борлуулсан үйл баримтууд тогтоогдож байх ба талууд дээрх үйл баримтуудын талаар тус тус маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч нь “барьцаанд тавьсан эмээлийг минь бусдад худалдахдаа мэдэгдээгүй, тус компани барьцааны эд зүйлийг худалдахдаа дуудлага худалдаагаар худалдан борлуулах журмаа зөрчсөн учир эмээлийн үнэ 3.000.000 төгрөгөөс төлбөл зохих үндсэн зээл 360.000 төгрөгийг алданги 180.000 төгрөгийн хамт хасч, үлдэх 2.460.000 төгрөгийг нэхэмжилнэ” гэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь  “...зээлээ төлөөгүй тул гэрээнд заасны дагуу барьцаа хөрөнгийг бусдад худалдсан, ...хүсэлт болон захирамж гараагүй байхад өөр эмээлийн зургаар эмээлийн үнэлгээг хийлгэсэн, ... шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Монгол Улсын Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т зааснаар зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг буцаан төлөөгүй тохиолдолд  барьцааны эд хөрөнгийг худалдан борлуулах замаар гэрээний үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэх үүрэгтэй бөгөөд ийнхүү мэдэгдсэнээс хойш 10 хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг дуудлага худалдаагаар худалдах... журамтай байхад хариуцагч “Суурь Өсөх” ХХК нь зээлдэгчийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэн зээлийн гэрээний үүргийг хангахдаа барьцааны зүйлийг дуудлага худалдаанд оруулалгүйгээр бусдад худалдсан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна.   

Хэрэгт цугларсан бичгийн баримт болон хариуцагчийн тайлбараар хариуцагч нь барьцааны зүйл болох эмээлийг 2014 оны 6 сарын 15-ны өдөр бусдад худалдан борлуулсан болохоо үгүйсгээгүй ба энэ үеэс эхлэн нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1-т зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

Нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлохын тулд өөрийн эмээлтэй хийц, загварын хувьд ижил төсөөтэй эмээлийн зах зээлийн үнэлгээг Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын үнэлгээний комиссоор үнэлүүлэн ирүүлсэн нь Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасныг зөрчөөгүй байхаас гадна хариуцагч тал уг эмээлийг 3.000.000 төгрөгт хүрэхгүй байсан, дээрх үнэлгээ нь хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримт биш гэх өөрийн татгалзлаа шүүхэд нотолж чадаагүй байна.

Иймд дээрх үндэслэлээр барьцаалан зээлдүүлэх газар нь барьцааны зүйлийг дуудлага худалдаагаар худалдан борлуулж гэрээний үүргийг хангах хуульд заасан журмыг зөрчсөн байх тул хариуцагч “Суурь Өсөх” ХХК-иас эмээлийн үнэд 2.460.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Дамдинсүрэнд олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хариуцагчийн төлөөлөгч Ц.Цолмонгэрэлд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн мэдэгдэх хуудсыг гардуулсан боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанаас чөлөөлүүлэх тухай хүсэлтийг ирүүлсэн байх ба шүүх хуралдаанд түүний эрх ашгийг төлөөлөн өмгөөлөгч нь оролцож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т заасныг баримтлан хариуцагч “Суурь Өсөх” ХХК-иас  зээлийн гэрээний үүрэгт 2.460.000 /хоёр сая дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Дамдинсүрэнд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78.950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Суурь Өсөх” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 54.310 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Дамдинсүрэнд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэхь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.УРТНАСАН