Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 19

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

Нарийн бичгийн дарга О.Баясгалан,                                         

Улсын яллагч Н.Бадамцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Болормаа / 0201/,

Шүүгдэгч Ш.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2, 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баячууд овогт Шагдаржавын Өлзийбаярт холбогдох эрүүгийн 201601000067 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1958 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 59 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин, эсгүүрчин мэргэжилтэй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот, Боргүвээ 5-р баг,  3-40 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, /РД:РЭ58061000 /  Баячууд овогт Шагдаржавын Өлзийбаяр нь:

- 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хооронд нийт 11 удаагийн үйлдлээр өөрийн төрсөн дүү Шагдаржавын Цэрмаасүрэнгийн Е0683324 дугаартай энгийн гадаад паспортыг ашиглан Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар боомтуудаар хууль бусаар Монгол улсын хил нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хилийн зөрчлийг шалгасан нотломж / хх 5 /,

Баримт бичигт үзлэг хийсэн тухай “...Ш.Өлзийбаярын Е1314409 дугаартай энгийн гадаад паспорт дээр хамгийн сүүлд 2015 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гарсан гэх цохиур хэв, 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр орсон гэх цохиур хэв дарагдсан байв... Ш.Цэрмаасүрэнгийн Е0683324 дугаартай энгийн гадаад паспорт дээр 12 0454834 дугаартай ОХУ-ын виз, 23 0548294 дугаартай ОХУ-ын виз наалттай байв. Мөн 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Алтанбулаг болон Сүхбаатар боомтоор 11 удаа хил нэвтэрсэн байв…” гэжээ. / хх 21-25 /,

Гэрч Ц.Алтанчимэг мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “... Би “Хөвсгөл дуулга” ХХК-ийн Баялаг хүнсний дэлгүүрт 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш худалдагчаар ажиллаж байна. Ш.Цэрмаасүрэн нь Хөвсгөл дуулга ХХК-д нягтлан бодогчоор ажилладаг. Нягтлан Ш.Цэрмаасүрэн нь гадагшаа явдаггүй, эндээ байж байдаг. 2015 оны 10 дугаар сард хот руу явж байсан. Тэрнээс өөр хаашаа ч яваагүй, эндээ ажиллаж байгаа. Би Ш.Цэрмаасүрэнд өдөр болгон орлогоо тушаадаг...” гэжээ. / хх 47-48 /,

Гэрч П.Лхагвадорж мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Би Ш.Цэрмаасүрэнгийн нөхөр нь байгаа юм. Эхнэр маань гадагшаа яваад байдаггүй. 2008 онд 1 удаа Бээжин рүү явж байсан. Тэрнээс хойш хаашаа ч яваагүй...” гэжээ. / хх 50 /,

Гэрч Л.Давааням мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ:  “... Миний ээж Ш.Цэрмаасүрэн нь ер нь гадагшаа яваад байдаггүй. 2008 онд Хөвсгөл аймгийн Тариалан сумын сургуулийн нягтлангаар ажиллаж байхдаа Бээжин явж байсан. Ингэж явж ирснээс хойш хаашаа ч яваагүй…” гэжээ. / хх 80 /,

Гэрч Б.Пүрэвдамба мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Оросын талаас манай талд нэг хүн хүлээлгэн өгөх гэж байна гэсэн мэдээлэл ирсний дагуу Хилийн төлөөлөгчийн туслагчийн хэмжээний уулзалтаар Ш.Өлзийбаяр гэх эмэгтэйг хүлээн авсан. Тэр эмэгтэй өөрийнхөө паспорт дээр хар даруулсан байсан. Тэгээд Хөвсгөлд байдаг дүүгийнхээ энгийн гадаад паспортыг аваад 2015 оны 8 дугаар сард ОХУ-руу явсан. Тэгж явахыг хэн ч мэдээгүй болохоор Монгол, Оросын хилээр нааш, цааш 6 удаа явсан гэж тайлбарлаж байсан…” гэжээ.  / хх 71 /,

Гэрч О.Отгондаваа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “... 2016 оны 03 дугаар сарын 25-ны өглөө Оросын талаас хүн хүлээлгэж өгөх тухай мэдээ ирсэн. Тэрний дагуу Алтанбулаг боомтын сэтгэлзүй, мэдээлэл, соёл сурталчилгаа эрхэлсэн орлогч д/ч Г.Баярхүү, 0101 дүгээр ангийн тагнуулын ажилтан д/ч Пүрэвдамба, миний бие гэсэн бүрэлдэхүүнтэй тус Хилийн төлөөлөгчийн туслагчийн хэмжээний уулзалтанд явах болсон. Тэгээд Шагдаржавын Өлзийбаяр гэх эмэгтэйг Оросын талаас манай талд хүлээлгэн өгсөн. Оросын талаас тайлбарлахдаа Ш.Өлзийбаярыг өөрийн дүү Ш.Цэрмаасүрэнгийн энгийн гадаад паспортыг ашиглан Монгол, Оросын хилээр хууль бусаар 11 удаа нэвтэрсэн байна гэсэн…” гэжээ. / хх 72 /,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2342 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

 “... Шинжилгээнд ирүүлсэн Ш.Цэрмаасүрэнгийн нэр дээрх Е0683324 тоот гадаад паспорт дээрхи зураг нь Ш.Өлзийбаярын нэр дээрх Е1314409 дугаартай гадаад паспорт дээрх зургууд болон Ш.Өлзийбаярын гэх Зх4см хэмжээтэй цээж зургуудтай тохирохгүй байна. Харин Ш.Өлзийбаярын нэр дээрх Е1314409 тоот гадаад паспорт дээрх зураг болон Ш.Өлзийбаярын гэх 3x4 см хэмжээтэй цээж зургууд нь нэг хүний зураг мөн байна…’’ гэжээ. / хх 83 /,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2343 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

 1. Шагдаржав овогтой Өлзийбаярын гэх Е1314409 дугаартай, Шагдаржав овогтой Цэрмаасүрэнгийн гэх Е0683324 дугаартай гадаад паспортууд шинжилгээний чанарын үзүүлэлтийг хангаж байна.

2. Шагдаржав овогтой Өлзийбаярын гэх Е1314409 дугаартай, Шагдаржав овогтой Цэрмаасүрэнгийн гэх Е0683324 дугаартай гадаад паспортуудад засвар хийгдээгүй… гэжээ ” /хх 86 /,

Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 03/1874 дугаартай албан бичгээр ирүүлсэн хилийн лавлагаа / хх-118-120 /,

Шүүгдэгч Ш.Өлзийбаярыг 2016.04.04-нд сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 94-95, 96-97 /, 2016.05.04-нд яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 98-100 /,

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 103 / зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Өлзийбаяр мэдүүлэхдээ: “ …Би 2014 оноос хойш өөрийн гадаад паспортоор ОХУ-руу зорчин Итгэлт хамбын рашааны эмчилгээнд орж эмчлүүлж байсан. Би 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ОХУ-руу яваад 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр буцаж ирэхдээ хил дээр 15 цагийн үед ирж, хил их ачаалалтай байж таараад очерлож зогссоор байгаад 00 цаг 10 минутанд штамп дээр очиход “ 00 цаг өнгөрсөн байна. Та визнийхээ хугацааг хэтрүүлсэн байна. Та визээ даруулаад ир ” гээд Улаан-Үүдийн виз олгодог газар руу явуулсан юм. Тэр хооронд визээ сунгуулах гэж нааш, цааш явсаар байгаад 2015 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр эх орондоо ирсэн. Тэр үед надад хар дарсан юм байна лээ. Би тэрийг сүүлд 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр ОХУ-руу гарахдаа мэдсэн. Тэгээд би ОХУ-руу 3 жил орж чадахгүй болсон. Би Хөвсгөл рүү “Далай ээж” үзчихээд буцахдаа дүү Ш.Цэрмаасүрэнгийн гэрээр дайраад Цэрмаасүрэнгээс гадаад паспортыг нь “надад өгч байгаач” гэж хэлээд авсан. Тэгээд 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр анх удаа Ш.Цэрмаасүрэнгийн гадаад паспортоор ОХУ-руу галт тэрэгээр явсан. Тэгж явахад намайг хэн ч анзаараагүй улсын хилээр нэвтрүүлсэн. Тэрнээс хойш би нааш цааш 11 удаа явсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч Ш.Өлзийбаяр нь 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хооронд нийт 11 удаагийн үйлдлээр өөрийн төрсөн дүү Шагдаржавын Цэрмаасүрэнгийн Е0683324 дугаартай энгийн гадаад паспортыг ашиглан Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар боомтуудаар хууль бусаар Монгол улсын хил нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

- Хилийн зөрчлийг шалгасан нотломж / хх 5 /,

- Баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл / хх 21-25 /,

- “...Ш.Цэрмаасүрэн нь Хөвсгөл аймгийн Хөвсгөл дуулга ХХК-д нягтлан бодогчоор ажилладаг, гадагшаа явдаггүй эндээ ажиллаж байгаа…” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Ц.Алтанчимэгийн мэдүүлэг / хх 47-48 /,

- “... Эхнэр маань 2008 онд 1 удаа Бээжин рүү явж байсан. Тэрнээс хойш хаашаа ч яваагүй…” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч П.Лхагвадоржийн мэдүүлэг / хх 50 /,

-  “... Ээж Ш.Цэрмаасүрэн нь ер нь гадагшаа яваад байдаггүй. 2008 онд Бээжин явж байсан. Түүнээс хойш хаашаа ч яваагүй…” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Л.Даваанямын мэдүүлэг  / хх 80 /,

- “...2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Оросын талаас манай талд нэг хүн хүлээлгэн өгөх гэж байна гэсэн мэдээлэл ирсний дагуу Хилийн төлөөлөгчийн туслагчийн хэмжээний уулзалтаар Ш.Өлзийбаяр гэх эмэгтэйг хүлээн авсан. Өөрийнхөө паспорт дээр хар даруулаад Хөвсгөлд байдаг дүүгийнхээ энгийн гадаад паспортаар Монгол, Оросын хилээр нааш, цааш 6 удаа явсан байсан…” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Б.Пүрэвдамбын мэдүүлэг  / хх 71 /,

-  “... 2016 оны 03 дугаар сарын 25-ны өглөө Оросын талаас хүн хүлээлгэж өгөх тухай мэдээ ирсэн. Тэгээд Шагдаржавын Өлзийбаяр гэх эмэгтэйг Оросын талаас манай талд хүлээлгэн өгсөн. Ш.Өлзийбаярыг өөрийн дүү Ш.Цэрмаасүрэнгийн энгийн гадаад паспортыг ашиглан Монгол, Оросын хилээр хууль бусаар 11 удаа нэвтэрсэн байна…” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч О.Отгондаваагийн мэдүүлэг / хх 72 /,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2342 дугаартай шинжээчийн дүгнэлт / хх 83 /,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2343 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 86 /,

- Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 03/1874 дугаартай албан бичгээр ирүүлсэн хилийн лавлагаа / хх-118-120 / зэрэг болно.

Шүүхээс шүүгдэгч Ш.Өлзийбаярыг давтан үйдлээр улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн, хуурам бичиг баримт давтан үйлдлээр ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж, чин санаанаас гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар  зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                               ТОГТООХ нь:          

1. Баячууд овогт Шагдаржавын Өлзийбаярыг  давтан үйлдлээр улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн, хуурамч бичиг баримт давтан үйлдлээр ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар 2 / хоёр / жил, 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар  1 /нэг/ жил, 6 / зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Ш.Өлзийбаярт оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 / хоёр / жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Өлзийбаярт 2/ хоёр / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Ш.Цэрмаасүрэнгийн Е0683324 дугаартай, Ш.Өлзийбаярын Е1314409 дугаартай энгийн гадаад паспортуудыг холбогдох эрх бүхий байгууллагад  шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болмогц шилжүүлж, шүүгдэгч Ш.Өлзийбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус  дурьдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4  дэх хэсэгт   зааснаар шүүгдэгч Ш.Өлзийбаярт оногдуулсан 2 / хоёр / жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 / нэг / жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн хэлтэст даалгасугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ш.Өлзийбаярт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.ОЛЗОД