Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 19

 

109/ШШ2020/0019

    Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас хэсэгчлэн

татгалзаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Б.Дуламсүрэн нарыг оролцуулан

Г.Б-ын нэхэмжлэлтэй, А аймгийн Засаг даргад холбогдох “А аймгийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн “Г.Б-ын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/21 дүгээр захирамжийг хүчингүй болгож, А аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажиллаагүй хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг А аймгийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэх явцад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Г.Б миний бие нь нэхэмжлэлийн шаардлага болох ажиллаагүй байх хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даалгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагаасаа татгалзаж байна. Учир нь миний биеийг ажлаас халсан захирамж түдгэлзэж цалин хөлсөө бүрэн авч байгаа болно ...” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... Г.Б-ын гаргасан нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх Г.Б-с А аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “А аймгийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн “Г.Б-ын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/21 дүгээр захирамжийг хүчингүй болгож, А- аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажиллаагүй хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг А- аймгийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Хариуцагч А аймгийн Засаг дарга 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 01/644 дүгээр албан бичгээр иргэн Г.Б-ын нэхэмжлэлтэй аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр А аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Ц.М-г томилж, Ц.М-д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21, 27, 28 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг олгож, хариуцагчийн эрх, үүргийн бүрэн эдлүүлэхээр тусгажээ./1-р х.х-н 27/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий Б/21 дүгээр захирамжийг тус шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 109/ШЗ2020/0102 дугаар захирамжаар шүүх уг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэжээ. /1-р х.х-н 84-85/

Дээрх шүүгчийн захирамжийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр давж заалдах журмаар гомдол гаргаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 535 дугаар тогтоолоор 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 109/ШЗ2020/0102 дугаар захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг тус шүүх 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсан байна. /1-р х.х-н 220-222/

Хэргийн үйл баримтын тухайд, А аймгийн Засаг дарга 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Б/11 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.4, Засгийн газрын 2018 оны 382, 2019 оны 25, 472 дугаар тогтоолууд, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 109/ШШ2019/0006 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 221/МА2019/0406 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 354 дүгээр тогтоолыг үндэслэн Г.Б-ыг 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс Х сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилжээ./1-р х.х-н 8/

Улмаар хариуцагч А аймгийн Засаг дарга нь 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр “Г.Б-ын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/21 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4 дэх хэсэг, Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалтыг үндэслэн төрийн албаны тухай хуулиар хориглосон үйл ажиллагааг явуулж тус төрийн намын үйл ажиллагаанд оролцсон, төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр Г.Б-ын хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. /1-р х.х-н 6/

Маргаан бүхий Б/21 дүгээр захирамжид заасан дээрх үндэслэлийн тухайд, улс төрийн намын дотоод сонгуульд оролцсон гэж тайлбарлажээ.

            А аймгийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 21 дүгээр албан бичигт: Иргэн Г.Б нь 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Ардчилсан намд элсэх улмаар аймгийн намын хорооны гишүүн болох хүсэлтээ гаргасан боловч 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр өөрийн энэхүү хүсэлтээсээ татгалзсан өргөдөл гаргасан учир намын хорооны гишүүн болон намын гишүүнээр бүртгээгүй болно гэжээ. /2-р х.х-н 23-24/

            Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын “Ажиллаагүй хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг А аймгийн Засаг даргад даалгах” хэсгээс татгалзаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс үлдсэн “А аймгийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн “Г.Б-ын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/21 дүгээр захирамжийг хүчингүй болгож, А аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох” шаардлагыг хүлээн зөвшөөрсөн талаар тайлбарыг  гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1. дэх хэсэг Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1.-д “ ..., нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэр”,  21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх..., 66 дугаар зүйлийн 66.1. дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.”, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно”, 109 дүгээр зүйлийн 109.1. дэх хэсэгт “Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус заасан хуулийн зохицуулалттай нийцсэн болно.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас хэсэгчлэн татгалзаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсгийг хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас хэсэгчлэн татгалзаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн хэргийн оролцогч нарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулж, баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйл, 109 дүгээр зүйлийн 109.1.,111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгох

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5.,  Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15. /2012 оны/ дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б-ын нэхэмжлэлтэй А аймгийн Засаг дарга холбогдох нэхэмжлэлийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн “Г.Б-ын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/21 дүгээр захирамжийг хүчингүй болгож, А аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох” шаардлагыг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Б  нь “Ажиллаагүй хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг А аймгийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан хэсгийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, А аймгийн Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Б-д олгосугай. 

4. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.ОДОНТУЯА