Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 308

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж, Дорноговь аймгийн Өргөн сумын Засаг даргын тамгын газрын хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Өргөн суманд 1962 онд төрсөн, 56 настай,  бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, ам бүл 2, нөхрийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр багm оршин суух, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, Б овогт Д.С-н хүсэлтээр

Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх, нэхэмжлэгч Д.С, гэрч П.Д, Ч.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Д.С шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1979 оны 06 сарын 09-ний өдрийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдлийн даргын 12 тоот тушаалаар илгээлтээр мал маллахаар гарсан юм. Тухайн үед манай ангиас 15 хүүхэд илгээлтээр гарч байсан юм. Ингээд би 1989 оныг дуустал нэгдэлд мал малласан бөгөөд 1990 оны эхэн үед зах зээлд шилжиж, нэгдэл хоршоо болсон. Ингээд хоршоонд 1994 оныг дуустал мал малласан. Одоо миний бие нь тэтгэвэр тогтоолгох гэхээр 1979 оны 06 сард илгээлтээр гарч ажилласан тушаал байгаа хирнээ хөдөлмөрийн дэвтэрт 1979, 1980, 1987-1990 он хүртэл авч байсан цалин маань хагас дутуу бичигдсэн, мөн 1987-1990 он хүртэл цалингийн тэмдэглэгээ дээр компаний тамга дарагдсан учраас ажилласан жилд орж тооцогдохгүй байгаа юм. Мөн хөдөлмөрийн дэвтэрт 1981-1986 оны дуустал тэмдэглэгээ хийж тамга дарагдсан нь хүчинтэй гэж аймгийн нийгмийн даатгалаас хэлсэн боловч нэг мөр шүүхээр тогтоолгож ир гэж хэлсэн. Ингээд архиваас цалингийн лавлагаа авахад Х гэж хүнийхтэй хамт гарч ирсэнийг хувааж бичсэн гэж байсан. Х нь манай суурийн ахлагч байсан бөгөөд тухайн үед бидний цалинг суурийн ахлагчийн нэр дээр олгодог байсан. Бид суурийн ахлагчаас гадна 15-уулаа илгээлтээр гарч бөөндөө амьдарч, мал маллаж байгаад гэр бүлтэй болоод гарцгаадаг байсан. Тэгээд гэр бүлийнхээ хүнээс тусдаа өөрийнхөө нэр дээр малтай бол цалингаа тусдаа авдаг, харин нөхөр нь бод малтай бол эхнэр нь саальчин нь болж нөхрийнхөө нэр дээр цалингаа нэг авдаг байсан. Миний хувьд аавыг минь нас барахад нэгдлээс маллаж байсан хонийг нь надад өгсөн болохоор би нөхрөөсөө тусдаа цалин авдаг байсан. Иймд намайг Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1979 оны 06 сарын 09-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-нийг дуустал малчинаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж,  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Үндэслэл нь :

Нэхэмжлэгч Д.С нь Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1979 оны 06 сарын 09-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчинаар ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд нэхэмжлэгч Д.С нь Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1979 оны 06 сарын 09-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчинаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч Д.С-н шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон түүний шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрэлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан хуулийн шаардлага хангасан нотлох баримт болох

Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдлийн даргын 1979 оны 06 сарын 09-ний өдрийн “ илгээлтээр ирсэн... Х.А, П.Д, Д.С, Ч.О... нарыг  3 дугаар хэсэгт үхэрчинээр томилсугай” гэсэн 12 тоот тушаалын хуулбар,

Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын  Архивын тасгийн 2017 оны 11 сарын 14-ний өдрийн “ Д.С-н 1979, 1980, 1987-1990 оны цалингийн тодорхойлолт олгов” гэсэн архивын лавлагаа,

1981 оны 05 сарын 15-ны өдөр нээсэн, Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэл, Д.С, 1979 оны 06 сарын 09-ний өдрийн 12 тоот тушаалаар 3 дугаар хэсэгт үхэрчинээр гэсэн тэмдэглэгээ бүхий, 1981-1990 онуудын ажилласан хоног, авсан цалин хөлсийг бүрэн тэмдэглэж, гарын үсэг зурсан хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

гэрч П.Д шүүх хуралдаанд өгсөн “ Бид дунд сургуулиа төгсөөд 1979 оны 06 сард Өргөн сумын Шинэ-амьдрал нэгдэлд илгээлтээр гарсан бөгөөд энэ үед бидэнтэй хамт С илгээлтээр гарч байсан. Ингээд С нь үхэр хүлээн авч малласан бөгөөд удахгүй гэр бүлтэй болсон. Тэгээд нэгдэл тарах хүртэл буюу 1989 оныг дуустал үхэр, хонь малласан хүн байгаа юм. Гэр бүлийнх нь хүн нь адуу малладаг байсан. Ер нь бол нэгдэл тарч компани болоход мал маллаж байсан юм. Биднийг илгээлт аваад гарахад Х гэж хүн манай суурийн ахлагч байсан юм. Тэр үед цалин хөлсийг суурийн ахлагчийн нэр дээр бичдэг, тэгээд бид нар авдаг байсан, миний ярьсан зүйл үнэн юм” гэсэн мэдүүлэг,

гэрч Ч.О-н шүүх хуралдаанд өгсөн “ Анх С-тай 1979 оны 6 сард Шинэ-Амьдрал нэгдэлд илгээлтээр гарч байлаа. Бид нэг ангийн хүүхдүүд байгаа юм. Нэг ангиас 15-уулаа илгээлтээр гарахад Хачинсүрэн бидний суурийг ахалж, 2 гэрт  хуваагдаж амьдарч, ажиллаж, цалин буухаар гурил будаагаа хувааж авдаг, тэндээсээ гэр бүлтэй болж, өрх тусгаарлаж гарч байсан юм. С-н хувьд 3 жил нэг гэрт амьдарсан юм. Ингээд С нь нөхөрт гарч нэгдэл тартал нэгдэлд үхэр, хонь малласан. Нэгдэл тарж хоршоо, компани болох үед мөн мал маллаж л байсан. Нэг нутаг усанд олон жил нэгдлийн мал малласан хүмүүс байгаа юм. Цалин хөлсний хувьд зарим нь нөхрийнхөө нэр дээр, зарим нь суурийн ахлагчийн нэр дээр цалингаа авдаг байсан. Мөн хөдөлмөрийн дэвтэрт бичилт бүрэн бичих, бичихгүй байсан байгаа юм” гэсэн мэдүүлэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Хэдийгээр нэхэмжлэгч Д.С-н 1989 оны 12 сард ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй боловч түүний шүүхэд нотлох баримтаар өгсөн Шинэ-Амьдрал нэгдлийн даргын илгээлтээр ирсэн хүүхдүүдийг үхэрчинээр томилсон тушаалын хуулбар, ажилд томилогдсон болон цалин хөлсний талаар тэмдэглэгээг бүрэн бичсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, цалин хөлсний талаарх архивын лавлагаа, мөн түүнийг хэрхэн ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч нарын мэдүүлгийг шүүх үнэлэх нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгч Д.С-г Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1979 оны 06 сарын 09-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчинаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-120, 133 дугаар зүйлүүдийг дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар нэхэмжлэгч Б овогт Д.С-г Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1979 оны 06 сарын 09-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчинаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйл 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ   А.ЦЭРЭНХАНД