Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2018/ШЦТ/341

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч П.Отгончимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Ганбат,

Шүүгдэгч Г.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гын Цт холбогдох эрүүгийн ************дугаар хэргийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Г.Ц нь 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр иргэн А.Аын гарал үүслийн гэрчилгээгүйгээр хус мод тээвэрлэж явсан гэмт хэргийн шинжтэй үйлдэлд санаатайгаар хууль буруу хэрэглэж, иргэн Г.Шд торгуулийн арга хэмжээ авч өөрийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ажиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.Ц нь Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны хуулийн хэрэгжилт, хяналт, шалтгалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр иргэн А.Аын гарал үүслийн гэрчилгээгүйгээр хус мод тээвэрлэж явсан үйлдэлд нь иргэн Г.Шд хамааруулан торгуулийн арга хэмжээ авч, өөрийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Г.Цын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ”Г.Ш нь 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Хатгал тосгонд хууль бусаар хус мод тээвэрлэж явж байгаад манай байгаль хамгаалагч Г.Ад шалгуулсан байсан. Тэгээд Г.А нь зөвшөөрөлгүй хус мод тээвэрлэсэн Г.Шг саатуулж, хус модыг надад хүлээлгэж өгсөн. Нийт 20 ширхэг богино хус, 13 ширхэг урт хус мод хураагдсан байдаг. Г.А надад хус модоо хүлээлгэж өгөхөөс өмнө нь манай хамгаалалтын захиргааны даргаар ажиллаж байсан. Л.Дын таньдаг хүн гэсэн шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би Л.Д даргыг цаанаас нь гуйгаад байгаа юм байна гэж Огоод зөрчлийг нь өөрчилж "Байгалийн дагалдах баялаг ашигласан” гэдэг байдлаар торгуулийн арга хэмжээ авсан. Яг хуулийн дагуу арга хэмжээ авсан бол Байгаль орчны тухай хуулийн дагуу нөхөн төлбөр тавьж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэх ёстой. ...Дээд хэсгээс нь хус мод авч үлдэхэд цаана нь бас тэр хэмжээний хус мод үлдэж байсан. ... Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. Хүнд сайн санаж тусалснаас ийм байдалд хүрлээ. Мөнгө, төгрөг, ашиг, хонжоо харсан юм байхгүй. Би эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. 2 оюутан хүүхэдтэй, бага хүүхэд маань 4 дүгээр ангид сурдаг. Эхнэр бие муутай группд орох гээд чадахгүй байгаа. Олон хүндрэл бирхшээлтэй асуудал байна. Хэрвээ ажилгүй болвол, шүүхээр шийтгэгдвэл ар гэрийн маань амьдралд сөргөөөр нөлөөлөхөд хүрч байна. Тиймээс миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж ял шийтгэлд ялгамжтай хандаж өгнө үү” гэх мэдүүлэг /хх- ийн 29-31, 100 дугаар хуудас/,

Хохирогчоор тогтоогдсон Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "...Миний хувьд Хөвсгөл аймаг дахь байгаль орчин аялал жуулчлалын газрын ойн албаны дарга ажилтай. ... би үүргийнхээ дагуу Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумаас хус мод зөвшөөрөлгүй бэлтгэсэн байна гэдгийг сонссон. Манай газрын дарга уг хэрэгт намайг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцуулахаар томилож. Би уг хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

Гэрч Л.Дын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "...Би тухайн үед ажилгүй байсан. Тухайн шөнө над руу танихгүй залуу утсаар яриад Бийн найз байна. Зөвшөөрөлгүй мод ачиж яваад хураагдчихлаа. Та байгаль хамгаалагч руу яриад өгөөч гэсэн. Тэгэхээр нь би О.Өтэй утсаар холбогдоод юу болсон талаар нь асуухад зөвшөөрөлгүй мод тээвэрлэж яваад хураагдлаа гэсэн. Хэн ахлаж ажиллаж байгаа юм бэ гэсэн чинь Г.А ахлаад байж байна гэсэн. Тэгээд Г.Атай ярьсан чинь Д.Б даргад мэдэгдчихсэн байгаа, одоо байгууллагын хашаан руу аваад явах гэж байна гэсэн. Тэгэхээр нь за за Д.Бт мэдэгдсэн бол би гуйгаад яахав гэж хэлээд орхисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

Гэрч Г.Аын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "...2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Эгийн голын гүүрний хяналтын пост дээр байгаль хамгаалагч

О.Өийн хамт "Хууль бус мод бэлтгэл, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх” арга хэмжээний хүрээнд хяналт шалгалт явуулсан. Тэгэхэд портер маркийн автомашинтай мод ачсан жолоочийг зогсоож шалгахад гарал үүслийн гэрчилгээгүй, мод бэлтгэх эрхийн бичиггүй тээвэрлээд явж байсан. Хаанаас бэлтгэсэн юм бэ гэж асуухад Цагаан-Үүр сумаас бэлтгэж явж байна гэсэн.Тус портер машинтай хүний араас жижиг портер машинтай хүн дагаад явж байсан. Ингээд тэр шөнөдөө модыг хураахаар Хамгаалалтын захиргаа руу явсан чинь Хамгаалалтын захиргааны хашааны үүдэнд очоод портерийн жолооч, энэ модыг чинь би мэдэхгүй, хүн гуйсний дагуу явж байна гээд хашаа руу орохгүй байсан Ингээд портерийг хашаа руу оруулах гээд жолоочтой маргалдаж байх үеэр Л.Д дарга над руу утсаар яриад "мод хураачихсан байгаа юм уу. Наадахаа боломжоор нь шийдээд явуулчих аа, модыг нь хураалгүйгээр торгоод явуулаач гэж гуйсан. Тэгэхээр нь би юу ч гэсэн би Г.Ц мэргэжилтэн рүү ярья гэж хэлээд утсаа таслаад Г.Ц мэргэжилтний гэрт нь очиж уулзсан. ГЦ мэргэжилтэнтэй уулзаад зөрчлийнх нь талаар хэлээд мөн Л.Д дарга яриад боломжоор нь шийдчих гээд байгаа гэдгийг бас хэлсэн. Тэгээд Г.Ц мэргэжилтэнтэй цугтаа ажил дээр очоод жижиг суудлын машинтай хүнтэй уулзаад ачиж явсан модноос нь 20 орчим мод буулгаж авч үлдээд, маргааш өглөө ирээрэй гэж хэлээд машиныг нь явуулсан. О.Ө бид 2 эргээд пост руугаа явсан. Тэрнээс хойш 2 хоногийн дараа Г.Ц ахаас нөгөө модны нөхдүүд юу болсон бэ гэж асуухад торгохоор болсон гэж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 33- 34 дүгээр хуудас/,

Гэрч Б.Шын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "...Би 2017 оны 09 дүгээр сард Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уйлган багийн Армагийн могойн бэлчээр гэх газраас 10 гаран тооны унаанг хус модыг тайрч бэлтгэж авсан. Тухайн газарт түймрийн улмаас шатаж харласан хус мод зөндөө байсан. Би тухайн модыг бэлтгэхдээ зөвшөөрөл аваагүй. Уул нь нутгийн байгаль хамгаалагч Чойжоо гэх хүнээс хус мод бэлтгэх эрхийн бичиг олгож байгаа эсэх талаар асуухад энэ жил хус мод бэлтгэх эрхийг бичиг олгохгүй байгаа гэж байсан. Би тухайн модыг бэлтгэхдээ зөвшөөрөл аваагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,

Гэрч А.Аын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумаас Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон руу хүнээс мал худалдаж авахаар явах гэж байхад манай хамаатны ах Ш ирж уулзаад хэдэн хус мод ачаад явчих гэхээр нь бид хоёр Ш ахын гаднаас хэдэн ширхэг хус мод миний машины тэвшин дээр ачсан. ...Тэгээд Хөвсгөл аймгийн Хатгал тосгон орох гэж яваад гүүрэн дээр саатуулагдаад тэгээд намайг зохих зөвшөөрөлгүй мод тээвэрлэсэн гэх үндэслэлээр 300.000 төгрөгөөр торгоно гээд, тэр мөнгийг нь А гэх хүний ажилчин болох Ш гэх хүнээс дараа өгнө гэж хэлж аваад Байгаль хамгаалагч нарт өгсөн. Би өөрөө хөөцөлдөж чадахгүй, мөнгө төгрөггүй байсан болохоор Ш гэх хүн миний өмнөөс бүх зүйлийг хөөцөлдөж, торгуулийн мөнгийг төлсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/,

Гэрч Г.Шгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "А.А над уу утсаар яриад Хатгал руу орох гүүрэн дээр хус мод ачсан мшин ирж байгаа чи очоод тосоод аваач гэсэн. ...А надад зөвшөөрөлгүй ирж байгаа мод гэж юу ч яриагүй. Би гайхаад А.А рүү утсаар яриад зөвшөөрөлгүй гээд саатуулагдаа байна гэсэн чинь за түр байж байгаарай эргээд залгая гэсэн. ...Тэндээсээ байгаль хамгаалагч нартай Хатгалын хамгаалалтын захиргаан дээр очсон ба улсын байцаагч Г.Ц ирсэн. ...тэгээд ачиж явсан модны дээд хэсгээс 20 гаран мод буулгаад үлдсэнийг нь аваад явсан. Г.Ц намайг Зөрчлийн тухай хуулиар 300.000 төгрөгөөр торгосон. Ямарч байсан хураалгаагүй авч үлдсэн модоор А.А захирал тавилга хийлгээд дуусгасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/,

Гэрч Д.Өийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...А бид хоёрыг түр саатуулах гээд байгууллагын хашаанд оруулаад байж байхад Хус модоо хураалгасан машины жолооч надад утсаа өгөөд танай дарга ярья гэж байна гэхээр нь би сайн мэдэхгүй А эгчтэй яриул гээд А эгч одоо байгууллагын даргаар ажиллаж байсан Д дарга яриад та хоёр модных нь хэмжээг багасгаад торгуулийг бага тавиад боломжтой байдлаар шийдээд явуулчих гэж байна гэсэн. Тэгээд дамжуулаад Ц мэргэжилтэнтэй утсаар ярьсан. Тэгээд Цт бид хоёрт хэлэхдээ Д дарга хэмжээг нь багасгаад торгуулийг нь багасгаад явуулчих гэж байна гээд нөгөө мод ачиж явсан машины хус модны талаас баг хэсгийг нь буулгаад бусад модыг нь явуулсан. Буулгасан модон дээр нь торгууль нь тавигдсан” гэм мэдүүлэг /хх-ийн 53 дугаар хуудас/,

Г. Шд холбогдох Зөрчлийн хэргийн хуулбар /хх-ийн 177-187 дугаар хуудас/,

“Нарс шинэсэн төгөл” сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 82 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 85 дугаар хуудас/, зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Хэрэгт тусгагдсан нотлох баримтуудаас үзэхэд:

Шүүгдэгч Г.Ц нь Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны хуулийн хэрэгжилт, хяналт, шалтгалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр иргэн А.Аын гарал үүслийн гэрчилгээгүйгээр хус мод тээвэрлэж явсан үйлдэлд нь иргэн Г.Шд

хамааруулан Зөрчлийн тухай хуульд зааснаар торгуулийн арга хэмжээ авсан үйлдэл тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдэл, хэргийн талаар тогтоогдсон нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Г.Ц нь улсын байцаагчийн эрхтэй, байгаль хамгаалагч буюу эрх бүхий албан тушаалтны бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа А.А, Б.Ш нарын гэмт хэргийн шинжтэй үйлдэлд зөрчил шалгах ажиллагаа явуулахдаа хууль тогтоомжид заасан журам баримтлалгүйгээр, үндэслэлгүйгээр иргэн Г.Шд торгох шийтгэл оногдуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэв.

Шүүгдэгч Г.Цын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг харьцуулахад хэрэгт тусгагдсан мэдүүлэг нь агуулгын хувьд нотлох баримтуудаар батлагдсан гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.

Иймд шүүгдэгч Г.Цыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Г.Цт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, 2 оюутан хүүхэдтэй гэр бүлээ тэжээн тэтгэдэг хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Г.Цт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг тэнсэж, үүрэг хүлээлгэх

албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж шүүх үзэв.

Эрүүгийн ************дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7,

36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч О овогт Гын Цыг эрх мэдэл, албан тушаалын байдла урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, хорих ялыг

оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 2.5 дахь хэсгүүдэ зааснаар шүүгдэгч Г.Цыг оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй, зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн ************дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан э зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

б.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалда гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Цын урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай..

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР