| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2017/0321/И |
| Дугаар | 309 |
| Огноо | 2017-12-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 309
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж, Дорноговь аймгийн Өргөн сумын Засаг даргын тамгын газрын хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Өргөн суманд 1959 онд төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Өргөн сумын 1 дүгээр багт нутаглах, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, Б овогт Ч.Ц-н хүсэлтээр
Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх, нэхэмжлэгч Ч.Ц, гэрч Т.О, Ш.Б, Д.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Ц шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1974 оны 06 сард Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд аавынхаа суурьт малчинаар томилогдсон. Энэ цагаас хойш нэгдлийн малыг 1994 он дуустал тасралтгүй малласан юм. Энэ хугацаанд хонь, үхэр, адуу зэргийг малласан. Аав маань сумын аварга малчин Ч гэж хүн байсан. 1978 онд аавынхаа хамт нэгдлийн 600 үхрийг авч маллаж байгаад 1980 онд адуу авч малласан. Одоо тэтгэврээ тогтоолгох гэтэл хөдөлмрийн дэвтэр маань үрэгдсэн тул боломжгүй болоод байна. 1997 онд компани хөдөлмөрийн дэвтрийг баталгаажуулж өгнө гэж аваад буцааж өгөөгүй, алга болсон. Архиваас өөртэйгээ холбоотой бичиг баримтыг шүүлгэхэд авч байсан цалин бүгдээрээ гарч ирсэн. Мөн илгээлтээр гарч байсан үеийн тушаал гарч ирсэн. Иймд намайг Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1974 оны 06 сарын 08-ны өдрөөс эхлэн 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчинаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Үндэслэл нь :
Нэхэмжлэгч Ч.Ц нь Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1974 оны 06 сарын 08-ны өдрөөс эхлэн 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд нэхэмжлэгч Ч.Ц нь Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1974 оны 06 сарын 08-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчинаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч Ч.Ц-н шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон түүний шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан хуулийн шаардлага хангасан нотлох баримт болох
Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 11 сарын 14-ний өдрийн “ Тус аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан Ч.Ц-н 1977-1990 оны дуустал хугацаанд авч байсан цалингийн тодорхойлолтыг хүргүүлэв” гэсэн архивын лавлагаа,
Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдлийн 1974 оны 06 сарын 08-ны өдрийн “ ...1 дүгээр бригадад сумын аварга малчин Ч-н суурьт Ц-г ... гэсэн “ илгээлтээр нэгдэлд ирж байгаа хүүхдийг малчинаар томилох тухай 29 тоот тушаалын хуулбар,
Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдлийн 1977 оны 11 сарын 01-ний өдрийн “ бриуцеллёз өвчтэй үхэр маллагч Ч, Ц нарыг 1977 оны 10 сарын 01-нээс эхлэн тус ажлаас чөлөөлж, үхэрчинээр ажиллуулсугай” гэсэн ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай 35 тоот тушаалын хуулбар,
гэрч Д.С-н шүүх хуралдаанд өгсөн “ Намайг 1979 онд илгээлтээр нэгдэлд ороход Ц нь нэгдэлд аавынхаа хамт үхэр, адуу малладаг байсан. Бид 1984 онд гэр бүлд болсон ба тэр үед Ц өөрийнхөө нэр дээр нэгдлийг адууг, би өөрийнхөө нэр дээр нэгдлийн хонь малладаг байсан. Ингээд нэгдэл тарж хоршоо, компани болсон ба бид энэ үед мөн л малаа маллаж л байсан. Ц-н хөдөлмөрийн дэвтрийг 1997, 98 оны үед компаниас аваад буцааж өгөөгүй үрэгдсэн юм” гэсэн мэдүүлэг,
гэрч Т.О-н шүүх хуралдаанд өгсөн “ Ц бид нэг нутаг усных, залуу байхаас нэгдэлд орж мал малласан хүмүүс байгаа юм. Ц нь намайг 1975 онд цэргээс халагдаад ирэхэд нэгдэлд малчин болсон байсан. Аав нь сумын аварга малчин Ч, ээж нь О гэж хүн байсан ба аавтайгаа үхэр, адуу малладаг байсан. Нэгдэлд мал маллаж байгаад мал хувьчлагдах үед малаа авч хөдөө гарсан, одоо ч мал маллаж амьдардаг хүн юм” гэсэн мэдүүлэг,
гэрч Ш.Б-н шүүх хуралдаанд өгсөн “ Ц нь 1974 онд Хувьсгал залуучуудын эвлэлд элсэж, илгээлт авч, эвлэлийн үүрийн дарга Д гэж хүн энэ хүнд үнэмлэхийг нь анх гардуулан өгч байлаа. Ингээд малчины гараагаа эхэлж, сумын аварга малчин Ч гэж аавынхаа суурьт мал малласан хүн байгаа юм. Нэгдэл тарах хүртэл тасралтгүй үхэр, адуу малласан. Миний хувьд 1 дүгээр бригадын 2 дугаар хэсгийн ахлагчаар ажиллаж байсан. Хадлан хадах, ноос ноолуур тушаах гээд л бүгд гар нийлэн хамтарч ажиллаж байсан хүмүүс дээ. Нэгдэлд ажиллаж байсан хүмүүсийн бичиг баримт нэгдэл тарах үед алга болцгоосон. Биднийг нэг удаа дуудахад нь би очиж нэг шүүгээнээс өөрийнхөө бичиг баримтыг олж авч байсан юм” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Ч.Ц-г Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1974 оны 06 сарын 08-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчинаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-120, 133 дугаар зүйлүүдийг дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар нэхэмжлэгч Б овогт Ч.Ц-г Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1974 оны 06 сарын 08-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчинаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйл 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.ЦЭРЭНХАНД