| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2017/0322/И |
| Дугаар | 310 |
| Огноо | 2017-12-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 310
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж, Дорноговь аймгийн Өргөн сумын Засаг даргын тамгын газрын хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Өргөн суманд төрсөн, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, дүүгийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр баг оршин суух, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, С овогт Г.Б-ны хүсэлтээр
Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх, нэхэмжлэгч Г.Б, гэрч Ц.Ш, Ш.Б, Т.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1978 оны 11 сараас эхлэн малчнаар ажилд орсон юм. Энэ үед манай аав, ээж 2 нэгдлийн малыг малладаг байсан учраас намайг ээж И, аав Г-н суурьт туслах малчнаар томилсон юм. Манайх нэгдлийн хонь, ямааг дагнан малласан. Ингээд ээж, аав маань өөд болоход би хэдэн дүү нарын хамт нэгдлийн хонь, ямааг авч үлдэн нэгдэл тарах хүртэл малласан. Би одоо ч мал малласаар хөдөө амьдрал ахуйгаа залгуулж байна. Миний хувьд одоо тэтгэвэрт гарах гэтэл архиваас анх ажилд орсон тушаал гарч ирэхгүй байгаа юм. Ер нь нэгдэлд анх ажилд томилох тушаал гардагаас дунд нь өөр тушаал гарч байгаагүй. Ингээд аймгийн архиваас авч байсан цалингаа 2013 онд шүүлгэж лавлагаа авсанаа шүүхэд өгсөн. Мөн надад нэгдэлд ажиллаж байхдаа нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч бүрэн бичилт хийгдээгүй байна. Иймд намайг Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1978 оны 11 сарын 1-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал малчинаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Үндэслэл нь :
Нэхэмжлэгч Г.Б нь Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1978 оны 11 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал хугацаанд ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд нэхэмжлэгч Г.Б нь Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1978 оны 11 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон түүний шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан хуулийн шаардлага хангасан нотлох баримт болох
Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэл, Г.Б, 1962 онд төрсөн, нэгдлийн даргын 1978 оны 11 сарын 01-ний өдрийн 32 тоот тушаалаар 1 дүгээр хэсэгт туслах малчнаар гэсэн тэмдэглэгээ бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
1981 оны 05 сарын 15-ны өдөр нээсэн Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэл, Г.Б, 1981-1989 оны цалин хөлс, ажилласан хоногийг тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2013 оны 05 сарын 16-ны өдрийн “ Дорнговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдлийн 1980-1989 онуудын цалингийн цэсийг шүүж тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан Г.Б ажилласан жилийн цалингийн тодорхойлолтыг хавсралтаар хүргүүлэв” гэсэн архивын лавлагаа, нэхэмжлэгч Г.Б Шинэ-Амьдрал нэгдэлд ажиллаж байсан 1980-1989 онуудын цалин, хөлсний жагсаалт,
гэрч Ц.Ш шүүх хуралдаанд өгсөн “ би 1971 онд Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд Зүүнбаянгаас илгээлтээр ирж байсан юм. Намайг нэгдэлд малчин байхад Б нь аав Г-н суурьт туслах малчинаар томилогдон ирж ажилласан. Тухайн үед аав, ээж, 1 эгч, 2 дүүгийнхээ хамт нэгдлийн малыг малладаг, манайх эднийхтэй айл саахалт байсан бөгөөд Өргөний 2 ихэр бууц гэдэг газрын зүүн, баруун бууцанд өвөлжиж, хаварждаг айлууд байлаа. Аав ээж нь нилээн эрт өөд болцгоож хэдэн хүүхдүүд нэгдлийн малыг маллаж үлдсэн. Б нь нэгдэл, хоршоо, компанид мал маллаж байгаад одоо тэр хэвээрээ нэг дүүгийн хамт мал маллаж амьдарч байгаа хүн юм. Би 1991 онд тэтгэвэрт гарсан. Нутгийн хүүхэд учраас энэ айлын талаар сайн мэдэж байна “ гэсэн мэдүүлэг,
гэрч Ш.Б-н шүүх хуралдаанд өсгөн “ Б нь 1978 онд хувьсгал залуучуудын эвлэлд элсэж, илгээлтээр хөдөө гарч байсан юм. Аав, ээж нь хөдөө нэгдлийн мал малладаг байсан учраас аавынхаа суурьт мал малласан. Бид чинь нэг үеийн хүмүүс байгаа юм. Ингээд л нэгдлийн юу хий гэснийг хийгээд л, ноос ноолуур өгөх, өвс хадланд явах, нэгдлийн мал маллах гээд явдаг байсан. Ер нь их эвсэг ажилладаг байлаа. Би тэр үед хэсгийн ахлагчаар нь ажилладаг байсан юм. Ингээд Б нь нэгдэлд мал малладаг байхаас эхлээд одоо хүртэл мал маллаж байгаа хүн юм. Манай нэгдлийн хүмүүсийн бичиг баримт их дутуу байдаг юм. Нэгдэл тарах үеэс л алга болсон, хөдөлмөрийн дэвтэрт цалин хөлс нь дутуу бичигдсэн байдаг, миний хувьд хөдөлмөрийн дэвтрээ бүүр сүүлд олж авсан ” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Хэрэгт нэхэмжлэгчээс ирүүлсэн Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын 2017 оны 11 сарын 22-ны өдрийн 666 тоотоос үзэхэд Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдлийн 1978-1979 оны даргын тушаалаас шүүхэд Г.Б ажилд орсон тушаал гараагүй байна гэх боловч хэрэгт авагдсан Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал бүрэн бус хариуцлагатай компанийн захирлын 1994 оны 11 сарын 28-ны өдрийн 53 тоот тушаалаар Г.Б-г малчинаас чөлөөлсөн тушаал, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, архивын лавлагаагаар гарч ирсэн цалингийн тодорхойлолт, гэрч нарын мэдүүлгийг шүүх үнэлэх нь зүйтэй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч Г.Б нь гэрч Ц.Ш, Ш.Б нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбарыг нотариатаар батлуулан шүүхэд нотлох баримтаар өгсөн бөгөөд дээрхээс үзэхэд гэрч Ц.Ш, Ш.Б нар нь нэхэмжлэгчтэй хамт Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд ажиллаж байсан нь тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Г.Б-г Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1978 оны 11 сарын 1-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-120, 133 дугаар зүйлүүдийг дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар нэхэмжлэгч С овогт Г.Б-г Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1978 оны 11 сарын 1-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал хугацаанд малчинаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйл 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.ЦЭРЭНХАНД