| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2020/00041/Э |
| Дугаар | 154/2020/00042 |
| Огноо | 2020-06-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 154/2020/00042
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бадрахгэрэл даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож
Улсын яллагч Б.Оюунцэцэг
Шинжээч Т.Энэбиш
Шүүгдэгч П.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч******* овогт*******ийн*******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2037000000041 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Булган суманд 1998 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 22 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 8 эцэг, эх, дүү нарын хамт Ховд аймгийн Булган сумын ******* багт оршин суух, РД:ПБ98040915,******* овогт*******ийн*******,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч П.Мөнх-Эрдэнэ нь Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт “Хэвийн хөтөл” гэх газарт 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Б.Даваасамбуутай архидан согтуурч, улмаар Б.Даваасамбуу нь хэрүүл маргаан үүсгэж, П.Мөнх-Эрдэнийг заамдаж газар унагааж, чих орчим газарт нь гараараа цохисон гэх асуудлаар шалтаглан түүний толгой орчим газарт чулуугаар хоёр удаа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.Мөнх-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр найз Б.Даваасамбуу гэртээ очоод ирье гээд бид хамт явсан. Явахдаа дэлгүүрээс 0,75 литрийн Ерөөл нэртэй 1 шил архи аваад Хэвийн хөтөл гэх газар очоод бид 2 архиа хувааж уусан. Архи уучихаад Б.Даваасамбуу зодолдчихье гээд байсан. Тэгээд Б.Даваасамбуу намайг хавсарч унагаагаад гараараа чихрүү цохьсон. Би чулуугаар Б.Даваасамбуугийн толгойнд 2 удаа цохьсон гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч П.Мөнх-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Манай найз Б.Даваасамбуу надтай Булган сумын төвд таараад гэрт очоод ирий гэхээр нь би тэгье гээд бид хоёр миний мотоцикльтой хөдлөөд онцгой байдлын хэлтэсийн үүдэн дээр П.Мандалбаяртай таарсан. Тэндээс би П.Мандалбаярыг бас хамт яваад ирий гэхэд П.Мандалбаяр нь бас тэгье гээд бид гурав хамтдаа Б.Даваасамбуугийн гэрлүү Хагшаал гэх газар луу явсан. Замаараа би дэлгүүр ороод нэг шил 0,75 литрийн ерөөл нэртэй архи авсан. Тэгээд явж байгаад замдаа зогсоод Буурлын харын хойд талд “Хэвийн хөтөл” гэх газар зогсож авсан архиа Б.Даваасамбуу бид хоёр хувааж уусан. Тухайн үед П.Мандалбаяр архи уухгүй гээд архи уугаагүй. Тэгээд байж байтал Б.Даваасамбуу согтчихоод намайг зодолдий гээд заамдаж аваад миний баруун чихрүү цохиж намайг хавсарч унагаасан. Тэгэхээр нь би газраас чулуу авч Б.Даваасамбуугийн толгой хэсэгт нь 2 удаа цохьчихсон юм. Тэгэхэд П.Мандалбаяр ирээд Б.Даваасамбуу бид хоёрыг салгаад намайг миний мотоцикльтой аваад явсан. Б.Даваасамбуу тэр газар ганцаараа хоцорсон. Зүгээр сууж байгаад Б.Даваасамбуу намайг өдөж намайг хавсарч унагаасан тэгээд би толгой руу нь чулуугаар цохисон юм. Тухайн үед тэнд бид гураваас өөр хүн байгаагүй. Бид хоёр хүүхэд байхаасаа нэгийгээ таньдаг сайн найзууд байгаа юм. Бид хоёрын дунд ямар нэгэн өр авлага, өш хонзон байхгүй. Б.Даваасамбуу нь миний баруун чих рүү нэг удаа цохиж намайг хавсарч унагаасан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Даваасамбуугийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Манай найз П.Мөнх-Эрдэнэ, П.Мандалбаяр бид 3 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Булган сумын төвөөс Хагшаал гэх газар орших манай гэрлүү Мөнх-Эрдэний мотоцикльтой явсан. Замдаа хэвийн хөтөл гэх газар зогсож П.Мөнх-Эрдэний авч явсан 0,75 литрийн Ерөөл нэртэй нэг шил архийг хувааж уусан. Тэгж байгаад П.Мөнх-Эрдэнэ бид хоёр маргалдаж улмаар П.Мөнх-Эрдэнэ миний толгой руу чулуугаар хоёр удаа цохиж цус гаргасан. Тэгээд П.Мандалбаяр бид хоёрыг салгаад П.Мөнх-Эрдэнийг аваад явчихсан юм. Тэгээд маргааш нь манай эгч Д.Эрдэнэцэцэг намайг хүнээр зодуулсныг мэдээд цагдаад гомдол гаргасан. Би тухайн үед архи уугаад согтсон байсан болохоор энэ талаар сайн санахгүй байна. Нэг мэдэхэд бид хоёр маргалдаж намайг П.Мөнх-Эрдэнэ чулуугаар цохисон. Тухайн үед тэр газар бид гураваас өөр хүн байгаагүй. Бид хоёр хар багаас нэг нэгнийгээ таньдаг сайн найзууд байгаа юм. Бид хоёрын дунд ямар нэгэн өр, авлага, өс хонзон байхгүй. Би П.Мөнх-Эрдэнийг заамдаж аваад баруун чих рүү нь нэг удаа цохиод хавсарч унагаасан. Тэгээд П.Мөнх-Эрдэнэ босч ирэхдээ чулуугаар миний толгой руу 2 удаа цохисон. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
Гэрч П.Мандалбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Булган сумын төвд Онцгой байдлын хэлтсийн хойд талд би ганцаараа 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр явж байтал над дээр П.Мөнх-Эрдэнэ, Б.Даваасамбуу хоёр мотоцикльтой ирээд Хагшаал ороод хүрээд ирий гэхээр нь би тэгье гээд суугаад явсан. Замаараа П.Мөнх-Эрдэнэ дэлгүүрээс нэг шил архитай нэг кола нэртэй ундаа авсан. Тэгээд Хагшаал явах замд Булган сумын ******* багийн нутаг дэвсгэрт “Хэвийн хөтөл” гэх газар уулын хажууд зогсож авсан архийг Б.Даваасамбуу, П.Мөнх- Эрдэнэ хоёр сууж байгаад хувааж уусан. Тэгээд байж байтал Б.Даваасамбуу нь П.Мөнх- Эрдэнийг арчаагүй пизда минь гэж хэлээд тэр хоёр маргалдаад байхаар нь больцгоо гээд хоёр тийш нь болгож салгасан. Тэгэхэд тэр хоёр намайг хол байж бай бид хоёр эвээр учраа олчихно гэхээр нь би жаахан зайдуу гараад бие засаад сууж байтал Б.Даваасамбуу нь П.Мөнх-Эрдэнийг заамдаж аваад баруун шанаа руу нь гараараа хоёр удаа цохиод хавсарч унгаасан. Тэгтэл П.Мөнх-Эрдэнэ газар унчихаад босч ирэхдээ газраас чулуу аваад Б.Даваасамбуугийн толгой руу нь чулуугаар цохьсон. Тэр үед би гүйж очоод тэр хоёрыг салгаад би П.Мөнх-Эрдэнийг мотоцикльд суулгаад сумын төвд хүргэж өгсөн. Б.Даваасамбуу нь тэр газар суугаад хоцорсон. Би уг нь хоёуланг нь аваад явах гэсэн боловч тэр хоёр бас хоорондоо зодолдох гээд байхаар нь би П.Мөнх-Эрдэнийг нь аваад явсан юм. Тэр хоёрыг яг юунаас болж маргасаныг нь би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан Б.Даваасамбуу нь эхлэж П.Мөнх- Эрдэнийг арчаагүй пизда гээд тэр хоёр маргалдаад эхэлсэн. Мөн зодооныг Б.Даваасамбуу нь эхлүүлсэн. Тухайн үед тэнд бид гурваас өөр хүн байгаагүй. Б.Даваасамбуугийн толгой хагарч толгойноос нь цус гарч байсан. П.Мөнх-Эрдэний баруун чих нь шалбарч цус гарч байсан. Өөр тэр хоёрын биед ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан. Би тэр хоёрыг зодолдохоор нь салгасан...” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Даваасамбуугийн биед учирсан гэмтлийн талаар Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Энэбишийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 473 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
“1. Б. Даваасамбуугийн биед дагзны хэсэгт 2 ширхэг мэс заслын оёдол бүхий шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Б. Даваасамбуугийн биед үүссэн дээрх гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан 2015 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,
- гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл
-ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч П.Мөнх-Эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт “Хэвийн хөтөл” гэх газарт 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Б.Даваасамбуугийн толгой тус газар чулуугаар 2 удаа цохиж түүний биед “... дагзны хэсэгт 2 ширхэг мэс заслын оёдол бүхий шарх” гэмтлийг учруулсан бөгөөд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч П.Мандалбаяр, хохирогч Б.Даваасамбуу нарын мэдүүлэг, шинжээчийн 473 тоот дүгнэлт, хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Тус хэргийн нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч, хохирогч нар хэн аль нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байдал нь тухайн үед хувийн таарамжгүй харилцаа үүсэх нөхцөл болсон байх ба согтуурсан нь гэмт хэрэг гарах шалтгаан болжээ.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч П.Мөнх-Эрдэнэ нь хохирогч Б.Даваасамбуугийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч П.Даваасамбуу нь ...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч П.Мөнх-Эрдэнэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч П.Мөнх-Эрдэнэ нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 30 дугаар тогтоолоор шийдвэрлэж, түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр танилцуулсан байна. Шүүгдэгч П.Мөнх-Эрдэнэ нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын ялын саналыг зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдууллаа.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч П.Мөнх-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч П.Мөнх-Эрдэнэд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хар хүүхэн овогт*******ийн Мөнх-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Мөнх-Эрдэнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мөнх-Эрдэнэд оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч П.Мөнх-Эрдэнэ нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч П.Мөнх-Эрдэнэ нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохирол төлбөргүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар баримт бичгээр ирсэн шүүгдэгч П.Мөнх-Эрдэний ПБ98041915 регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч П.Мөнх-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ