| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2017/0315/И |
| Дугаар | 298 |
| Огноо | 2017-11-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 298
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Э.Болормаа би, О.У-н нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Ж-д холбогдох 1.110.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.У миний бие Хятад Монгол улсын хооронд хувиараа зорчигч тээвэр эрхэлдэг болно. 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Эрээн хотоос гадна пасатны шил ачиж Замын-Үүд эскпрес каргонд байрлах Т.Ж гэх илгээгчид ачуулан Улаанбаатар хүртэл явах замд эвдэрч гэмтэн хагарсан болно. Уг барааны эзэн ачааны төлбөр гэх 8000 юань нөхөн төлбөр гаргуулна гэхэд тал мөнгийг төлнө үлдэгдлийг төлөхгүй хэмээн мэлзсэн. Үлдсэн тал мөнгийг миний бие бүрэн бүтэн өгсөн учир ямар ч үндэслэлгүйгээр эрээн хотод 3 хоног ачуулсан өвөрмонгол залууд паспортоо булаалган барьцаанд орж 3000 юань төлсөн билээ. Энэ нь өнөөдрийн ханшаар 1.110.000 төгрөг юм. Иймд энэхүү мөнгийг иргэн Т.Ж-с нэхэмжилж байгааг минь харгалзан үзэж хуулийн дагуу шийдэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт оршин суух Б овогт Т.Ж шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ....Миний бие Т овогтой Ж нь О.У-н нэхэмжилсэн 1.110.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Тиймээс тус шүүхэд ирүүлсэн О.У-н нэхэмжлэлтэй иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Тэмдэгтийн хураамжийн 50 хувийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие уг 1.110.000 төгрөгийг 15 хоногийн дотор төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгч О.У шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...О овогтой У миний бие Т овогтой Ж-д нэхэмжилсэн 1.110.000 төгрөгийг 15 хоногт багтаан нөхөн төлж өгье гэснийг хүлээн зөвшөөрч байна. Иймд иргэн миний шүүхэд нэхэмжилсэн иргэний хэргийг хялбаршуулсан аргаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.У хариуцагч Т.Ж-д холбогдуулан 1.110.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч О.У нь хариуцагч Т.Ж-д 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Эрээн хотоос гадна пасатны шил ачуулсан боловч Улаанбаатар явах замд эвдэрч гэмтэн 1.110.000 төгрөгийн хохирол учирсан болох нь зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Ж нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 1.110.000 төгрөгийг 15 хоногийн хугацаанд төлж барагдуулахаар хариу тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлжээ. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. О.У-н нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Ж-д холбогдох 1.110.000 төгрөг гаргуулах иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31190 төгрөгийн 50 хувь болох 15.595 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 15.595 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Т.Ж-с улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 15.595 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Т.Ж нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.БОЛОРМАА