Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2017/ШЦТ/215

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, Улсын яллагч В.Дэлгэрмаа, Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ, Шүүгдэгч П.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, Далай нуг овогт ******* ******* / *******регистрийн дугаартай/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.******* нь 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4.5.7 тоот хашаанд иргэн ******* зодож, иргэн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч П.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2017 оны 10 дугаар сарын 06-ны орой 17 цагийн үед би хадам аав Дорждагвын гэрт орох гээд явж байтал манай 2 хүүхэд хадам аав Дорждагвын гэрээс уйлсан гараад ирсэн тэгтэл араас нь хадам аав гарч ирээд 2 хүүхэд рүү аяга шидсэн. Тэр аяга манай хүүхдийг оноогүй би хадам аавд “ та чинь хөгшин хүн байж юу болж байгаа юм бэ” гэтэл хадам аав “ та нарыг бүгдийг чинь ална” гээд байхаар нь би буцаад гэр лүүгээ орох гэхэд хадам аав араас хүрч ирээд үснээс зулгаагаад авсан. Тэгсэн чинь хадам ээж “чи болиоч хүний хүүхэд алах нь байна ш дээ” гэж хадам аав Дорждагва руу хэлсэн. Тэгээд хадам аав үснээс зулгаагаад байхаар нь эргэж харж байгаад нүүр лүү гараараа самардаж авсан чинь нүүр нь шалбарч цус гараад хойшоо унасан. Тэгээд хадам ээж “наадахаа хүлж байгаад цагдаа дуудаж өг” гэхээр нь би хадам аавыг дээрээс нь дарж байгаад хүлэх гэхэд дийлэхгүй болохоор нь хадам ээж Лхамдулам хөл дээр нь дарж өгөөд бид хоёр хадам аавыг хүлсэн. Тэгээд цагдаа дуудаад цагдаа ирээд хадам аавыг аваад явсан. ... Хадам аав 2 хоног архи уугаад агсан согтуу тавиад байсан ... Би өөрийн гэм бурууг сайн дураар хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг. /хх-ийн 36-38 /,

2. Шүүгдэгч П.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй.

3. Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Миний бие 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр архи уусан үедээ хүүгийндээ орсон, тэгэхэд манай хүүхэд байгаагүй, эхнэр нь байсан. Хүүгийн эхнэртэй маргаад тэр намайг хүлээд зодсон. Би бэрдээ зодуулсны улмаас миний баруун нүдэнд цус хуралт, баруун хацар, зүүн шанаанд зулгаралт үүссэн байсан. Мөн толгой ихээр өвдөж байсан. Одоо миний биеийн байдал гайгүй, толгойны өвдөлт намдахгүй л байна бусдаар гайгүй....Манай бэр хүүхдээ өмөөрч надтай маргалдсан...Надад одоо гомдол санал алга миний буруугаас болж асуудал үүссэн түүнийгээ ойлгож байна...Би согтуу байсан. Манай бэр ******* бүсээр баглаж байгаад зодсон үйл явдлыг санаж байна ... гэх мэдүүлэг. /хх-ийн 24-26 /,

4. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 10-ний 499 дугаартай “1. биед тархи доргилт, баруун нүдэнд цус хуралт, баруун хацар, зүүн шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30 /, хавтаст хэргийн 27 дугаар хуудсанд авагдсан багийн засаг даргын тодорхойлолт, 52-54 дүгээр хуудсанд авагдсан эвлэрэлийн гэрээ, хавтаст хэргийн 51 дугаар хуудсанд авагдсан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ. Шүүгдэгч П.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгч П.*******д холбогдох хэргийн үйлчлэл зөв, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул шүүхээс “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар торгох ял оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ эдэлж, шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүх хуралдаанд “улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцэх зүйлгүй, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэж илэрхийлсэн зэргийг дурдав. Шүүгдэгч П.*******гийн эзэмшлийн таван ханатай монгол гэрийг битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх таван ханатай гэрийг эзэмшигч П.*******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв. Шүүгдэгч П.*******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч П.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Далай нуг овогт ******* *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Далай нуг овогт ******* *******г дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450000 / төгрөгийг шүүгдэгч П.*******г 2017 оны 12 дугаар сарын 03-ний өдөр төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.2, 160.3-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван / 15 / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

5. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч П.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1. 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч П.*******гийн эзэмшлийн “таван ханатай гэр”-ийг битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи таван ханатай гэрийг эзэмшигч П.*******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч П.*******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.*******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ