| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2017/0322/И |
| Дугаар | 300 |
| Огноо | 2017-11-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 300
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Э.Болормаа би, Д.Ч-н нэхэмжлэлтэй, хариуцагч Ю.Ц-д холбогдох 6.270.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг оршин суух Б овогт Д.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ч нь 2015.08.15-нд Ю.Ц-д 6,270,000 мянган төгрөгний самар зээлдүүлсэн боловч одоог хүртэл өгөөгүй тул 6,270,000 мянган төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2-р баг оршин суух, Б овогт Ю.Ц шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ю.Ц миний бие 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Д.Ч-т 4.270.000 төгрөгийг харилцан тохиролцож сар бүр хэсэгчлэн хувааж өгөхөөр хоёр тал тохиролцож өгөхөөр боллоо. 4.270.000 төгрөгийг 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сард дунджаар 300.000 төгрөг өгөхөөр 2 тал тохиролцсон. Иймд 6.270.000 төгрөгнөөс 4.270.000 төгрөг өгөхийг Д.Ч зөвшөөрсөн болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Тэмдэгтийн хураамжийн 50 хувийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгч Д.Ч шүүхэд гаргаж өгсөн нэмэлт тайлбартаа: Миний бие нь Ю.Ц-с 6.270.000 төгрөгний нэхэмжлэл гаргасан. Ц нь нэхэмжлэлийн дагуу 6.270.000 төгрөгнөөс 4.270.000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн. Миний бие 4.270.000 төгрөгийг төлөхийг нь зөвшөөрч байна. Ю.Ц нь 4.270.000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний дотор сар бүр 300.000 төгрөг төлөхөөр бид хоёр тохиролцсон. 2.000.000 төгрөгөөс татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ч нь хариуцагч Ю.Ц-д холбогдуулан 6.270.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ю.Ц нь 4.270.000 төгрөгийг 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс 2019 оны 01 дүгээр сарын 01-ний дотор хэсэгчлэн сард дунджаар 300.000 төгрөг төлж дуусгахаар харилцан тохиролцсон, нэхэмжлэгч Д.Ч нь нэхэмжлэлийн шаардлага 2.000.000 төгрөгөөс татгалзсан талаарх тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхолыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Ч-н нэхэмжлэлтэй, хариуцагч Ю.Ц-д холбогдох 6.270.000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нь 4.270.000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс 2018 оны 01 дүгээр сарын 01-ний дотор хэсэгчлэн сард дунджаар 300.000 төгрөг төлж дуусгахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Д.Ч нь нэхэмжлэлийн шаардлагаас 2.000.000 төгрөгөөс татгалзсаныг баталсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115.270 төгрөгийн 50 хувь буюу 57.635 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос үлдэх 57.635 төгрөгийг, хариуцагч Ю.Ц-с 4.270.000 төгрөгийн тэмдэгтийн хураамж 83.270 төгрөгийн 50 хувь болох 41.635 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Ч-т олгосугай.
4. Энэхүү захирамжийг хариуцагч Ю.Ц нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
5. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.БОЛОРМАА