Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/295

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2020/0220/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Хохирогч Б.Э, Т.Д,

Шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Н.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Б овогт .Н ийн М-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018000650177 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б овогт .Н.ийн М /регистрийн дугаар:........../, ......... оны ........ дугаар сарын .......-ний өдөр .......... аймгийн .......... суманд төрсөн, эрэгтэй, .......... настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ....... , хадам ээж, эхнэр хүүхдийн хамт ......... аймгийн ........  сумын . ...... дугаар баг ...........  дугаар гудамжны ........... тоотод оршин суух хаягтай, урьд 4 удаа ял шийтгүүлж байсан. Үүнд:

.......... аймаг дахь сум дундын ......  дугаар шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ....  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.1 дахь хэсэгт зааснаар 20,000 төгрөг торгох ял,

......... аймаг дахь сум дундын ... дугаар шүүхийн 2002 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ......  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

........ аймаг дахь сум дундын ..  дугаар шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ......  дугаартай шийтгэх  тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

........ аймаг дахь сум дундын .... дугаар шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ........... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

Шүүгдэгч Н.М нь 2019 оны 10 дугаар сарын 26-ны шөнийн 04 цагийн үед .......  аймгийн ....  сумын ........ дугаар баг ........... дугаар гудамжны ........ тоотод оршин суух иргэн Н.О-ын гэрт нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 545,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 14 цагийн үед ........  аймгийн ....... сумын .......  дугаар багийн .......  дугаар хэсгийн .........  тоотод оршин суух иргэн Б.Э-ийн гэрт нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 1,145,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2020 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө .......  аймгийн ...... сумын ......  дугаар багийн ............ дугаар гудамжны ......... тоотод оршин суух иргэн Т.Д-ийн гэрт нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 7,303,300 төгрөгийн хохирол учруулсан,

 

2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 12 цагийн үед .... аймгийн ........ сумын .......... багийн ........  хорооллын ............. дүгээр гудамжны ......... тоотод оршин суух иргэн Н.П-ын агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 580,000 хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Дахин мэдүүлэг өгөхгүй.”  гэв.

 

Эрүүгийн 2018000650177 дугаартай хэргээс:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[1],

 

Хохирогч Т.Д-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр мэдүүлсэн: “... Би 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн гэр болох .......  аймгийн ........  сумын .. дугаар багийн ....  дүгээр гудамжны .... тоотод гэртээ ирээд өөрийн зарж байсан комиссын хувцсаа орхиод гараад явсан бөгөөд тухайн үед хаалга үүд маань зүгээр байсан юм. Тэгээд Баянгол сум руу явчхаад гэртээ 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 6 цагийн орчимд ирэхэд хашаагаар нэг зүйл чирч явсан мэт хаалганы урд талаар явсан байсан ба гэрийнхээ хаалгыг харахад эвдэрсэн байсан. Гэрт ороод харахад манай гэрт байсан идэшний 2 гуяын цул мах, өвчүү, үхрийн гэдэс, эд зүйл,  шаргал өнгийн савтай 20 литрийн 2 савтай аньс алга болсон байсан. Тэгэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан. Усны гутал 3 ширхэг хар, цагаан өнгийн тус бүр 41, 40, 42 хэмжээтэй онцлох содон шинж тэмдэгтэй, эмэгтэй хүний хар өнгийн богино түрүүтэй 39 хэмжээтэй нэг ширхэг хавар намрын гутал, 3 ширхэг хөнжил, онцлох содон шинж тэмдгийг дурдвал ягаан болон цоохор өнгөтэй цэцгэн дүрстэй хоёр ширхэг хөнжил, нэг ширхэг гудасны эрээн цоохор, нэг хос хөшиг, цагаан ногоон өнгө хосолсон, саарал өнгийн тор 23 ширхэгт, 100 төгрөгийн уяа 10 боодол, чийгний гудас 1 ширхэг зэрэг эд зүйлийг эрүүгийн мөрдөгч Х.Б-оос хүлээж авсан тул тухайн эд зүйлийг үнэлгээнд оруулаагүй байсан. Дээрх эд зүйлийг эцсийн байдлаар үнэлүүлээд хохирлын тооцоог нэг мөр болгоно.” гэх мэдүүлэг[2],

 

Гэрч С.Я-ын мөрдөн байцаалтад 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн: “... ..........сумын ....  дугаар баг .....  тоот хаяг дээр миний төрсөн охин Я-ын Б нь нөхөр М-ийн хамт амьдардаг. Би яг хугацааг нь хэлж мэдэхгүй байна. Намайг нэг өдөр ирсэн чинь гурван цонхондоо цагаан саарал хөшиг, үхрийн өвчүү, чөмөг, шар өнгийн хуванцар хувинтай аньс, нэлээд олон ширхэг хөнжил, гудас, 5 литрийн ургамлын тос, 5, 7 кг-ийн нэрийг нь мэдэхгүй ногоон дээр цагаан бичигтэй угаалгын нунтаг 1 уут, цагаан чийгний гудас 1 ширхэг, хэд хэдэн бөмбөг байхаар нь  “Та нар хэзээ хаанаас ийм их юм авсан юм.” Гэхэд манай охин Б, нөхөр нь болох М хоёр гөлөлзөөд дуугарахгүй байсан. Тэгэхээр нь би “та нар айл ухаа юу” гэхэд хоёулаа гөлөлзөөд нэг ч үг дуугарахгүй байхаар нь уур хүрээд гараад явсан. Манай хүргэнийх энэ жил огт идэш идээгүй. Үхрийн мах, өвчүү хаанаас авсныг нь мэдэхгүй. Эд зүйлийг хаанаас авсныг нь  мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг[3],

 

Гэрч Я.Б-ын мөрдөн байцаалтад 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр мэдүүлсэн: “...Манай нөхөр М 2020 оны 01 дүгээр сарын 11-ний орой ирэхдээ цагаан шуудайтай үхрийн хавирга, жижиг цэнхэр ууттай үхрийн гэдэс, шар савтай 20 литрийн аньс жимс, хөнжил, цамц зэрэг эд зүйлийг авчирсан. Бусад зүйлийг нь анзаарч хараагүй. Авчирсан махыг нь чанаж, хоол хийж идээд дуусгасан. Цамцыг нь таарахгүй болохоор нь шатаасан. Би тухайн үед нөхрийнхөө авчирсан зүйлүүдийг хулгайн зүйл гэж мэдэж байсан.” гэх мэдүүлэг[4],

 

Эд хөрөнгийн үнэлгээ хийсэн “Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “...иргэн Т.Д-ийн гэрээс алдагдсан бүтэн үхрийн мах 180кг, аньс жимс 40кг, гутлын үдээс 400ш, комиссын цамц 86ш, комиссын өмд 58ш, ажлын бээлий 130ш, оймс 180ш, газын плитка 1ш, угаалгын нутаг /6кг/ 5ш, хөнжлийн углаа даавуу 7ш, гудасны углаа даавуу 7ш, цонхны хөшигнүүд 6 хос, ургамлын тос /5л/ 1ш, хуучин нэхий хүрэм 1ш, хавар намрын гутлын үдээс /хуучин/ 8 хос, бүргэд хаалга /эвдэрсэн/ 1ш зэрэг эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэн нь 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 6,990,000 /зургаан сая есөн зуун ерэн мянган/ төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт[5],

 

Эд хөрөнгийн үнэлгээ хийсэн  “Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “...иргэн Т.Д-ийн байшингийн хаалгыг эвдэн орж 9 нэрийн бараа, эд зүйл алдагдсан  тул 2020 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар болон 2020 оны 7 дугаар сарын 20-ны байдлаар зах зээлийн үнэ цэнийг тус тус тогтоож, шинжээчийн дүгнэлтийг хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх бараа, эд зүйлийн зах зээлийн үнэ цэнэ нь 2020 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар 313300=00 /гурван зуун арван гурван мянга гурван зуу/ төгрөг, Дээрх бараа, эд зүйлийн зах зээлийн үнэ цэнэ нь 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 313300=00 /гурван зуун арван гурван мянга гурван зуу/ төгрөгийн үнэтэй байна.” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт[6],

 

Хохирогч Б.Э-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 02 дугаар сарын 02, 05 дугаар сарын 05-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...2019 оны 12 дугаар сарын 20-ны орой 21:00 цагийн орчим гэрээ цоожлон гараад дүү О-ийнд хонохоор яваад 2 хоноод 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоожийг хэн нэгэн эвдэн дотогш орж тавиур дээр байсан 40 инчийн Sharp нэртэй хавтгай зурагт, орны дэргэд байсан 2 ширхэг аккумулятор / 60 болон 100 амперын хүчин чадалтай/, хаалганы дэргэд байсан 40 литрийн хөнгөн цагаан бидон /40 литрийн багтаамжтай/ зэрэг эд зүйлийг авсан байсан. Телевизороо 2019 оны 09 дүгээр сард PC mall дэлгүүрээс 699,000 төгрөгөөр шинээр нь авч байсан. Бидон нь их эртнийх учраас үнийг нь хэлж мэдэхгүй байна. 2 ширхэг аккумулятор нь өнгөрсөн оны 10 дугаар сард, 2017 онд тус тус Солонгос улсаас машинтайгаа ирж байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээж авсан зурагтаа 700,000 төгрөгөөр үнэлж байна. Одоо 445,000 төгрөгийн хохирол үлдсэн. Энэ хохирлоо барагдуулж авмаар байна.” гэх мэдүүлэг[7],

 

Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[8],

 

Иргэний нэхэмжлэгч Н.Б-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн: “...2019 оны 12 дугаар сарын сүүлээр би гадуур ажилтай явж байхад манай дүү Б над руу залгаад гэртээ зурагт авсан юм уу гэж асуухаар нь авч амжаагүй. Мөнгөө цуглуулж байгаа гэж хэлэхэд Б надад энд нэг хүн хямдхан зурагт зарах гээд явж байна. Та үзэх үү гэж хэлэхээр нь за тэгье хаана байгаа юм гэхэд Б би тэгвэл энэ хүнийг танай гэр лүү дагуулаад яваад очъё гэж хэлсэн. Би гэрийн гадаа яваад очиход манай дүү Б манай гэрийн гадаа нэг залуугийн хамт намайг хүлээгээд зогсож байсан. Би машинаас буугаад тэр зурагт тэвэрсэн залуутай уулзаад ямар зурагт зарах гэж байгаа талаар асуухад хар өнгийн Sharp гэсэн бичигтэй зурагт надад харуулсан. Би тэр залууд надад одоо бэлэн мөнгө байхгүй. Тэгээд ч наад зурагт чинь ямар учиртай зурагт юм. Хулгайн юм биш биз дээ гэхэд М гэдэг залуу үгүй ээ энэ миний өөрийн зурагт байгаа юм. Гэр оронд хоолгүй болчхоод хүүхдүүд өлсөөд бас ажил төрөлгүй болчхоод хэцүү байна. Та энэ зурагтыг 180,000 төгрөгөөр бодоод авчих тал мөнгийг нь одоо өгөөд үлдсэн мөнгийг нь дараа нь өгчих тэгэх үү гээд байхаар чи наад зурагтаа ломбардад тавиач гэхэд зурагтын удирдлага байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд би М-д  80,000 төгрөг өгөөд тус зурагтыг гэртээ оруулж тавьсан. Тэгээд 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр цагдаагаас хүн ирээд манай гэрээс М-ийн надад зарсан Sharp гэсэн бичигтэй хар өнгийн зурагтыг хурааж авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг[9],

 

Эд хөрөнгийн үнэлгээ хийсэн “Капитал зууч” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “...иргэн Б.Э-ийн гэрээс алдагдсан Sharp маркийн 40 инчийн  led өнгөт зурагт /шинэвтэр/ 1ш, 80 ампер аккумулятор /хуучин/ 1ш, 100 ампер аккумулятор /шинэ/ 1ш, 40 литрийн бидон 1ш, DBS кабелын холбогч 1ш, DBS удирдлага 1ш зэрэг эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 1,145,000 /Нэг сая нэг зуун дөчин таван мянга/ төгрөгөөр тогтоов.” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт[10]

 

Хохирогч Н.О-ын мөрдөн байцаалтад 2020 оны 04 дүгээр сарын 10, 07 дугаар сарын 16-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...Би ...  аймгийн ..  сумын ..  дугаар баг ......  тоотод амьдардаг бөгөөд өвөл тус байшингаа эзэнгүй орхиод .....  сумын ...... багт байр түрээслэн амьдарч байгаад дулаан орохоор байшиндаа ирж амьдардаг. 2019 оны 10 дугаар сарын сүүлээр ......  сумын ..  дугаар багт байдаг өөрийн эзэмшлийн байшингаа эргэж очтол байшингийн хаалганы цоожийг эвдэж ороод дотроос нь хөргөгч, айргийн хул, эрэгтэй хромон гутал, ногоон өнгийн өсгийтэй гутал, эмэгтэй хавар намрын ногоон өнгийн гутал, 10 хос таваг алга болсон байсан. Би алга болсон гэх хөргөгчөө 2015 онд Улаанбаатар хотоос 350,000 төгрөгөөр, айргийн хул, 10 ширхэг таваг зэргийг Дархан захаас тус тус авч байсан. Хромон гутлаа Улаанбаатар хотоос худалдан авч байсан. Би алдсан эд зүйлээ 800,000 төгрөгөөр үнэлж байна. Эд зүйлийн үнэлгээтэй санал нийлж байна. Үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй.” гэх мэдүүлэг[11],

 

Эд хөрөнгийн үнэлгээ хийсэн “Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “...иргэн Н.О-ын гэрээс алдагдсан Престиж маркийн хоёр хаалгатай хөргөгч /хэрэглэж байсан/ 1 ширхэг, айргийн хул 1 ширхэг, эмэгтэй хүний ногоон өнгийн хавар намрын гутал 1 хос, эрэгтэй хүний хромон гутал 1 хос, ногоон өнгийн өсгийтэй гутал 1 хос, жижиг таваг 10 ширхэг зэрэг эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн дундаж үнэ цэнэ нь 2020  оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 545,000 /таван зуун дөчин таван мянган/ төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт[12],

 

Эд хөрөнгийн үнэлгээ хийсэн “Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “...иргэн Н.О-ын эзэмшлийн байшингийн цоожийг эвдэж эд зүйл хулгайлсан гэх хэрэгт хаалганы ил цоож 1 ширхэг эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 5 дугаар сарын 13-ны байдлаар 10,000 /арван мянган/ төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт[13],

 

Хохирогч Н.П-ын мөрдөн байцаалтад 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн мэдүүлсэн: “...2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр .......  сумын .........  багийн .... хорооллын ....  тоотод байх хашаагаа эргэж очиход хашааны хаалга цоожгүй байхаар нь яваад ортол манай байшингийн агуулахын хаалганы цоожийг эвдэж ороод өвлийн идэшний махнаас үлдсэн махыг аваад явсан байсан. Тухайн үед нь цагдаад дуудлага өгсөн. Өвлийн идэшнээс ах дүү нараараа хувааж аваад үлдсэн 30 кг орчим адууны ястай мах, 40кг орчим цул үхрийн мах байсан.” гэх мэдүүлэг[14],

 

Гэрч Г.А-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн: “...2020 оны 01 дүгээр сарын дундуур М манай ажил дээр ирээд үхрийн мах авах уу гэж асуусан. Тэгэхээр нь би хэдээр өгөх юм гэсэн чинь килограммыг нь 5,000 төгрөгөөр өгнө гэхээр нь би тухайн үед мөнгөгүй байсан болохоор авч чадаагүй. Ямар учиртай мах зарах гэж байгаа талаараа яриагүй мөнгөний хэрэг гараад мах зармаар байна гэж хэлсэн. Өөрөө надад хэлэхдээ урд нь 2-3 удаа хулгай хийгээд шоронд орж байсан гэж ярьж байсан. Би тухайн үед нь чи дэмий юм хийж байхаар миний дугуй засвар дээр ажил хийгээч гэж хэлж байсан. М нь архинд нэлээн дуртай.” гэх мэдүүлэг[15],

 

Гэрч Н.Б-ын мөрдөн байцаалтад 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр мэдүүлсэн: “...2020 оны 01 дүгээр сарын дундуур М над руу залгаад гэрт хүрээд ирээч гэж хэлэхээр нь гэрт нь 10 цагийн орчимд очсон. Гэрт нь ороход эхнэр хүүхдүүдтэйгээ байж байсан. Тэгээд М үхрийн мах хямдхан авах уу гэхээр нь би үзье гэж хэлэхэд тэрээр надад дунд зэргийн өвчүү, гуя, цул мах зэрэг хөлдүү үхрийн мах харуулсан. Би түүнд 50,000 төгрөг тоолж өгөөд 10 кг орчим мах худалдан авсан. Надад өөр эд зүйл зараагүй. Надад хаанаас авсан мах зарж байгаа талаар мэдээгүй.” гэх мэдүүлэг[16],

 

Гэрч Л.Д-ийн мөрдөн байцаалтад 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр мэдүүлсэн: “... 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 15 цагийн үед ....... сумын ....... баг ..... хороололд байрлах охин Пын хашаа байшинг эргэх гээд охин П, ач хүү Бын хамт очиход хашааны гадна хаалганы цоож байхгүй. Хашааны хаалга хаалттай байхаар нь хашаагаа онгойлгож ороход хашаан дотор байрлах агуулахын хаалгыг онгойлгож үзтэл дотор байсан манай өвлийн идэшний адуу болон үхрийн мах байхгүй болихсон байсан. 2019 оны 12 дугаар сард ___  сумын _ дугаар багт өөрийн эзэмшлийн малаас 1 үхэр, 1 адуу идшинд бэлдсэн. Тэгээд тухайн үедээ хүүхдүүддээ хувааж өгөөд үлдсэн үхрийн хаа, хавиргыг яснаас нь салгаж шулаад 2 ширхэг уутанд цул мах 40 кг орчим хийгээд ясыг нь шуудайд багцлаад хийсэн. Адууны бүтэн 2 хаа, хавирга ястай 30 кг мах байсан юм. Тэгээд охин П цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг[17],

 

Эд хөрөнгийн үнэлгээ хийсэн “Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “...иргэн Н.Пын эзэмшлийн агуулахаас үхрийн цул мах 40 кг, адууны ястай мах 30 кг эд зүйлийн алдагдсан тул зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар 580,000 /таван зуун наян мянган/ төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт[18],

 

Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[19],

 

Н.М-ийн яллагдагчаар 2020  оны 04 дүгээр сарын 19, 05 дугаар сарын 05, 05 дугаар сарын 08, 05 дугаар сарын 12-ны өдөр тус тус мэдүүлсэн: “... 2020 оны 01 дүгээр сарын 10-ны орой 21 цагийн үед гэрээсээ гараад бирж ороод тэнд байдаг дэлгүүрээс нэг шил 0,5 литрийн Нийслэл нэртэй пиво авч уугаад гэр лүүгээ явсан. Гэр лүүгээ явах замдаа төмөр замын урд байдаг дэлгүүрээс нэг шил 0,5 литрийн Хараа нэртэй архи аваад гэрийн үүдний амбаарт авсан архиа нуугаад гэрт орсон. Гэрт манай эхнэр Бүжинлхам байсан. Би бие засах гэж гэрээс гараад нуусан архиа уугаад зурагт үзэж байгаад дахиад пиво авах санаатай дэлгүүр хайсан боловч дэлгүүрүүд бүгд хаалттай айсан. Тэгээд гэрийн тэр орчимд тойроод явж байгаад манайхаас хоёр гудамжны ард байдаг ........  тоот хашааны гадаа ирээд хартал хашаан дотор цагаан болон улаан тоосгон хоёр байшин байсан. Би хашааны завсраар харж байгаад хашааны жижиг хаалгыг давж ороод хашааны жижиг хаалгыг дотроос нь нээгээд хашаан дотор байсан хоёр байшингийн цонхоор харах гэтэл цагаан байшингийн цонх хөшигтэй байсан тул дотор нь буюу байгаа болон эд зүйл нь харагдахгүй байсан. Тэгээд улаан тоосгон байшингийн цонхоор хартал хөшиггүй, дотор нь баахан шар шуудайтай эд зүйл харагдаж байсан. Тэгээд улаан байшингийн хаалгыг төмрөөр хөшиж нээгээд байшин дотор ороход үхрийн мах, 20 литрийн савтай аньс 2 ширхэг, шар шуудайтай хувцас, оймс, угаалгын нунтаг, хуучин нэхий хүрэм, хэдэн хуучин гутал, ор хөнжлийн даавуу, хувцас хунар байсан. Өөр тустай ууттай бээлий байсан. Тухайн үед хэдэн ширхэг бээлий байсныг мэдэхгүй байна. Бас гутлын үдээс, оймс  байсан. Би тэр байшингаас авсан юм аа бэлдэж тавиад гэр лүүгээ гурван удаа ганцаараа зөөсөн. Намайг гэрийн амбаарт хулгайлсан эд зүйлээ хураасан байхад эхнэр Бүжинлхам надаас юу юм авчраад байгаа талаар асуухаар нь хүнд хөлсөөр юм хийж өгөөд мөнгөнийх нь оронд мах авсан гэж хэлсэн. Нөгөө шуудайтай хувцас зэргийг хүнээс хямд бөөндөж авсан гэж хэлсэн. Би хулгайлсан махаа өвөл гэртээ идээд дууссан. Бээлий оймс зэргийг хот руу аваад хямдхан бөөндсөн. Үлдсэн юмнууд нь манай гэрт байсан. Хэрэггүй хуучирсан хувцаснуудыг нь шатаасан.

...2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гэрээсээ 10:00 цагийн үед гарч таксинд суугаад Олон улс худалдааны төвийн гадаа буугаад танил ах болох Д-ийн гэрт цай ууж зурагт үзэж байгаад 14 цаг болж байхаар нь гэрээс нь гараад гудамжаар алхаад явж байхад хашаандаа байшин, Монгол гэртэй айл байхаар нь хашааны завсраар харахад гэр цоожтой, байшин нь дотроо  хүнгүй юм шиг байхаар нь тэр хашааны хойд талаар нь давж ороод гэрийн хаалганы цоожийг гадна талаас нь чулуугаар цохиж эвдээд гэрт ороход гэрийн хойд хэсэгт “Sharp” гэсэн бичигтэй хар өнгийн зурагт байхаар нь орон дээр байсан даавуугаар боогоод хашааны гадаа гаргаж тавиад буцаад гэр рүү ороход миний зүүн гар талын орон дээр 2 ширхэг аккумулятор байхаар нь авч хашааны гадна гаргаж тавиад буцаад гэрт ороход зүүн талд 40 литрийн хөнгөн цагаан бидон байхаар нь аваад зурагт байсан тавиур дээрээс удирдлага холбогч зэргийг нь авсан. 40 бидоныг 27,000 төгрөгөөр, зурагтыг танихгүй залууд 80,000 төгрөгөөр, аккумуляторыг Сэлэнгэ аймаг явах зам дээр зогсож байгаад замын унаанд 1 ширхгийг нь 30,000 төгрөгөөр буюу хоёр аккумулятораа 60,000 төгрөгөөр худалдсан.

...2019 оны 10 дугаар сарын дундуур хуучин Дарханд архи ууж байгаад шөнийн 04 цагийн үед гэр лүүгээ алхсан. Явж байх замдаа Дархан сумын 3 дугаар баг Хар усны 3 дугаар гудамжаар алхаад явж байхад ногоон өнгийн хашааны хаалгатай хашаан дотор хоёр байшин байхаар нь харахад гаднаа цоожтой байсан. Би тэр хоёр байшин дотроо хүнгүй байгаа гэдгийг мэдээд хашааны хойд хэсгээр нь давж ороод хоёр байшингийн цонхоор харахад саарал тоосгон байшинд эд хогшил байхгүй хоосон байсан. Тэгэхээр нь нөгөө талын цайвар ягаан байшингийн цонхоор харахад байшин дотор хөргөгч, нэг ширхэг буйдан, хэдэн хайрцагтай эд зүйл харагдаж байхаар нь цоожийг нь эвдэх зүйл хайсан боловч олигтой төмөр олдохгүй байхаар нь гудамжаар явж байгаад нэг 40 см орчим урттай төмөр олоод буцаад нөгөө байшингийн хашаа руу давж ороод том өрөөний хувцасны шүүгээнээс хувцсыг нь гаргаж үзээд өөрт таарах хувцас байхгүй болохоор нь шүүгээнд нь хийгээд гал тогооны өрөөнд орсон. Гал тогооны өрөөний тавилгын хажууд 2 хаалгатай дунд зэргийн цагаан өнгийг хөргөгч байхаар нь хашааны гадаа гаргаад буцаад байшин руу ороод үүдний өрөөнд байсан эрэгтэй хүний хромон гутал, эмэгтэй хүний гутал хоёр ширхэг, айргийн хул, хэдэн жижиг таваг зэргийг үүдний өрөөнд байсан нэг цаасан хайрцагт хийгээд гэрийнхээ амбаарт аваачиж тавьчхаад буцаад нөгөө байшин руу очиж хашааны гадаа байгаа хөргөгчөө гэрийн үүдний амбаарт даавуугаар бүтээгээд гэртээ орж унтсан.

....2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 12 цагийн үед гэрээсээ гараад хуучин Дархан орж захын цаана байдаг А гэдэг найзынхаа дугуй засварын гадаа дэлгүүрээс авсан Хараа нэртэй 0,5 литрийн архийг ганцаараа уугаад 13 цагийн үед тоосгоны үйлдвэрийн тэнд байдаг Хөтөл хороололд дундуур гудамжаар алхаж байтал ногоон өнгийн гүйдэг хаалгатай, саарал өнгийн блокон хашаатай 14-19 тоот хаягтай хашаа байсан. Хашааны завсраар харсан чинь цэнхэр өнгийн дээвэртэй, улаан тоосгон байшин байсан ба хажуудаа агуулахтай байсан. Тэр байшингийн цонх гэрэлгүй байхаар нь хүнгүй байна гэж бодоод хашааны хаалганы хажуугаар нь давж  ороод  байшингийн цонхоор харахад хөшиг нь хаалттай, эд зүйл харагдахгүй байсан. Тэгэхээр нь саарал өнгийн төмөр хаалгатай агуулахын цоожийг хашааны хажуугаас олсон алхаар 2-3 удаа цохиж онгойлгосон. Агуулахын голд байсан цагаан өнгийн шуудайтай зүйлийг онгойлгож үзэхэд мах байсан. Тэгэхээр нь махнуудыг нийлүүлж үүрээд гэр лүүгээ явсан. Махаа гэрийн урд байдаг хүнгүй шатсан байшинд хийгээд гэр лүүгээ орж унтчихаад маргааш нь 10 дугаар худгийн хажууд нэг танихгүй хүнд хулгайлсан махаа бүгдийг нь 130,000 төгрөгөөр худалдсан. Би хулгай хийхдээ ганцаараа байсан.” гэх мэдүүлэг[20],

 

            Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[21], шийтгэх тогтоолын хуулбарууд[22] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь  хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн гэрч, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч Н.М-ийн холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Н.М нь үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 10 дугаар сарын 26-ны шөнийн 04 цагийн үед ....  .... сумын ....  дугаар баг ......  дугаар гудамжны .....  тоотод оршин суух иргэн Н.О-ын гэрт нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 545,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 14 цагийн үед ....  аймгийн .. сумын 15 дугаар багийн ....дугаар хэсгийн 1-10в тоотод оршин суух иргэн Б.Э-ийн гэрт нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 1,145,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2020 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө ..  аймгийн .. сумын ...  дугаар багийн ....  дугаар гудамжны .... тоотод оршин суух иргэн Т.Д-ийн гэрт нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 7,303,300 төгрөгийн хохирол учруулсан,

 

2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 12 цагийн үед .... аймгийн ..  сумын ... багийн ..  хорооллын ....  дүгээр гудамжны ....  тоотод оршин суух иргэн Н.П-ын агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 580,000 хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хүний орон байрны халдашгүй байдал, өмчлөх эрх нь хуулиар хамгаалагдсан байдаг тул өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр орон байр, агуулахад нэвтрэх, өмчид халдах нь хууль бус үйлдэл юм.

Дээрх хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөөгүй, нэвтрэхийг хориглосон орон зай байх бөгөөд шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгаж, хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлтэй болно.

Улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч Н.М-г хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэв.

Шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Н.Баярмаа нар нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Н.Мг үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан тул шүүгдэгч Н.М-ийн үйлдлийг үргэлжилсэн үйлдэлд тооцлоо.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгчийн шунахай сэдэлт, амар хялбар аргаар амьдрах гэсэн зорилго нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор хуульчилжээ.

Шүүгдэгч Н.М нь хохирогч Т.Д-т 223,300 төгрөгийн, хохирогч Б.Эт 700,000 төгрөгийн, хохирогч Н.О-д 150,000 төгрөгийн үнэлгээтэй эд хөрөнгийг буцаан өгсөн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтуудыг шинжлэн судлаад Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-ээс нийт 8,490,000 /найман сая дөрвөн зуун ерэн мянган/ төгрөг гаргуулж, хохирогч Т.Д-т 7,070,000 /долоон сая далан мянган/ төгрөг, хохирогч Б.Эт 445,000 /дөрвөн зуун дөчин таван мянган/ төгрөг, хохирогч Н.О-д 395,000 /гурван зуун ерэн таван мянган/ төгрөг, хохирогч Н.П-д 580,000 /таван зуун наян мянган/ төгрөг тус тус олгох нь зүйтэй байна. 

Иргэний нэхэмжлэгч нь Н.Б нь мөрдөн байцаалтад “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй.” гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч Н.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 7 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн цагдан хоригдсон 107 хоногийн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож эдлэх ялаас нь хасах саналтай байна.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа дүгнэлтдээ: “Шүүгдэгч Н.М нь урьд ял шийтгүүлж байсан боловч тухайн ялаа эдэлж хариуцлагаа хүлээсэн тул урьд шийтгэлтэй байсныг нь эрүүгийн хариуцлага оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал гэж үзэхгүй. Шүүгдэгчид олон жилийн хорих ял оногдуулбал хохирогч нарын хохирлыг төлөх боломжгүй болно. Тиймээс шүүгдэгч Н.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна.” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Н.М-д эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Н.М нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч Н.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Ял шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр шүүгдэгч нь урьд 4 удаа ял шийтгэгдсэн хувийн байдалтай боловч эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.

Шүүгдэгч Н.М нь хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Н.М-ийн цагдан хоригдсон нийт 107 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н.М нь 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс нийт 107 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг престиж маркийн хөргөгчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Н.Оод буцаан олгохыг шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Н -ийн .М-г үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.М-д 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мд оногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-ийн 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс энэ өдрийг хүртэл цагдан хоригдсон 107 хоногийн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож эдлэх ялаас нь хассугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-ээс 7,070,000 /долоон сая далан мянган/ төгрөг гаргуулж ....  аймгийн .. сумын .. дугаар баг ...  тоотод оршин суух хохирогч Т.Д /утас-... /-т, 445,000 /дөрвөн зуун дөчин таван мянган/ төгрөг гаргуулж . аймгийн ....сумын .  дугаар багийн .. дугаар хэсгийн ....  тоотод оршин суух хохирогч Б.Э /утас-. , ...... /-т, 395,000 /гурван зуун ерэн таван мянган/ төгрөг гаргуулж Дархан-Уул аймгийн ..  сумын .... дугаар баг ..  дугаар гудамжны ...... тоотод оршин суух хохирогч Н.О /утас-......../-д, 580,000 /таван зуун наян мянган/ төгрөг ...  аймгийн Дархан сумын .. багийн ..  хорооллын .. дүгээр гудамжны ...  тоотод оршин суух хохирогч Н.П /утас-.../-д тус тус олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Престиж маркийн хөргөгчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Н.О-д буцаан олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.ИДЭР

 

 

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 4-8, 55-58, 148-150, 187-190  тал

[2] Хавтаст хэргийн 11-12, хавтаст 2 дахь хавтаст хэргийн 53-54 тал,

[3] Хавтаст хэргийн 16-18 тал

[4] Хавтст хэргийн 19 тал

[5] Хавтаст хэргийн 23-24 тал

[6] 2 Хавтаст хэргийн 58-60 тал

[7] Хавтаст хэргийн 67-68, 69 тал

[8] Хавтаст хэргийн63, 64-65 тал

[9] Хавтаст хэргийн 71-72 тал

[10] Хавтаст хэргийн 79-80 тал

[11] Хавтаст хэргийн 156-157,  2 хавтаст хэргийн 48-50 тал

[12] Хавтаст хэргийн 162-163 тал

[13] Хавтаст хэргийн 168-169 тал

[14] Хавтаст хэргийн 193 тал

[15] Хавтст хэргийн 195 тал

[16] 1 дэх автаст хэргийн 196 тал

[17] 1 дэх хавтаст хэргийн 197 тал

[18] 1 дэх хавтаст хэргийн 202-203 тал

[19] 2 Хавтаст хэргийн 41-48 тал

[20] 1 дэх хавтаст хэргийн 33-35, 89-91, 177-179,  210-211 тал

[21] 1 дэх хавтаст хэргийн 123,

[22] 1 дэх хавтаст хэргийн 126-136 тал