Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 303

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг оршин суух, Ш овогт Х.С-ын нэхэмжлэлтэй,

Хүүхэд үрчилсэнийг хүчингүйд тооцуулах тухай иргэний нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр  иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маралмаа, нэхэмжлэгч Х.С нар оролцов.                                                     

ТОДОРХОЙЛОХ нь:          

Нэхэмжлэгч Х.С хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ:  Миний хүү О.Б нь 2005 оны 10 дугаар сарын 20-нд төрсөн. Түүнийг өөрийн хамаатны ах /ээжийн талын/ Х овгийн П.П-д 2009 оны 03 дугаар сарын 16-ны өдөр үрчлүүлсэн юм. Гэтэл Х овогтой П.П нь 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр нас барсан тул хүүгээ өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна. Иймд үрчлэлтийг хүчингүйд тооцож  өгнө үү гэв.                         

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч Х.С-н гаргасан хүүхэд үрчилсэнийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Х овгийн П.П-д 2009 оны 03 дугаар сарын 16-ны өдөр О.Б-г үрчлүүлсэн болох нь үрчилсний бүтгэлийн 110/001466 тоот лавлагаа, хүүхдийн төрсний 0241051/169 дугаартай гэрчилгээ, гэрч Б.Б, С.С нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. Х овгийн П.П нь 2017 оны 03 сарын 06-ны өдөр нас барсан болох нь 0000197642 дугаартай нас барсныг бүртгэсэн гэрчилгээгээр нотлогджээ.

2005 оны 10 дугаар сарын 20-нд төрсөн  П.Б одоо төрүүлсэн эх Ш овогт Х.С хамт амьдардаг, Замын-Үүд сумын Ерөнхий боловсролын Үлэмжтэнгэр сургуулийн ангид суралцдаг гэх тодорхойлолт, үрчлэж авсан Х овгийн П.П нь нас барсан тул Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т зааснаар 2005 оны 10 дугаар сарын 20-нд төрсөн  П.Б-г П.П-д үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, төрүүлсэн эх Х.С-н асран хамгаалалтанд шилжүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт зааснаар 2005 оны 10 дугаар сарын 20-нд төрсөн  П.Б-г П.П-д үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

2. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7 дахь хэсэгт зааснаар П.Б-г төрүүлсэн эх Ш овогт Х.С-н асран хамгаалалтанд шилжүүлсүгэй.

3. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ     Э.БОЛОРМАА