Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/143

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2020/0090/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхзул,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.ЧинБ,

Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э.Бт холбогдох эрүүгийн 1918001790046 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б овогт Э.Б /РД:/, Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, илчит тэрэгний машинч мэргэжилтэй, хөдөлмөрийн чадвар алдалтын группд байдаг, ам бүл 4, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын 214 тоот өрөөнд 14 цаг 05 минутаас 15 цаг 00 минутын хооронд гэрчээр, 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын 214 тоот өрөөнд 15 цаг 48 минутаас 16 цаг 24 минутын хооронд хохирогчоор тус тус мэдүүлэг өгөхдөө мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “Цд баруун нүд рүүгээ цохиулж гэмтсэн...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

-Шүүгдэгч Э.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Цгоос мөнгө авах санаатай худал мэдүүлсэн. Ц нь миний цээж рүү түлхсэн. Би хууль зүйн зөвлөгөө авч, буруу үйлдэл хийснээ ухаарч сайн дураараа дахин үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Худал мэдүүлэг өгснөө хүлээн зөвшөөрч байгаа” гэх мэдүүлэг,

 

-Шүүгдэгч Э.Баас 2017 оны 12 дугаар сарын 07-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн 34 дүгээр байрны урд Ц гэгчид зодуулж эрүүл мэндэд нь хохирол учирсан гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 3/,

 

-Шүүгдэгч Э.Баас Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /1 дүгээр хавтаст хэргийн 4-5/,

 

-Шүүгдэгч Э.Быг хохирогчоор тогтоож, түүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасан эрх, үүргийг тайлбарласан тухай мөрдөгчийн тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 9/,

 

-Шүүгдэгч Э.Бын мөрдөн байцаалтын шатанд буюу 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр гэрчээр өгсөн: “...Сг гэр лүү нь дөхүүлж өгөх гээд 34 дүгээр байрыг зүүн талаар нь тойроод гараад иртэл Ц өөдөөс гарч ирээд миний баруун нүд рүү гараараа цохиход би газарт унасан. Тэгээд нүднээс цус гоожоод хэвтэхэд С Цтой ноцолдоод байсан. Эхнэр Баг дуудаад эмнэлэгт очиж үзүүлэхэд “нарийн мэргэжлийн эмчид ханд” гэж хэлсэн. Маргааш өглөө нь нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхэд “яаралтай хагалгаанд ор, нүдний алим хагарсан байна” гэсэн. Тэгээд “Бид” эмнэлэгт хагалгаанд ороход “11-2 цагийн байрлалд нүдний алим хагарсан цааш үзэх боломжгүй, цус хуралт ихтэй гэсэн учир УлаанБ хот руу нарийн мэргэжлийн эмчид очиж үзүүлээд хараа орох боломжгүй гэсэн тэрнээс болоод баруун нүд сохорсон. Цд цохиулж нүдгүй болсноор би ажилгүй болж группд гарч сарын 375000 төгрөг авдаг. Тийм болохоор би гомдолтой байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 17-18/,

-2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хохирогчоор өгсөн: “...С бид 2 гарааш доторхоо цэгцлээд гараашаа түгжээд 34 дүгээр байрны зүүн талын булан тойроод гараад ирэхэд Ц урдаас ганцаараа гараа өргөөд орилж ирээд миний баруун нүд рүү цохиод унагаасан. Би газарт унаад нүүрээ дарахад миний нүднээс шингэн зүйл гарсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 49-50/,

-2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хохирогч, иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “...Ц өөдөөс хүрч ирээд надтай зууралдаж байгаад намайг газарт түлхээд унагаасан. Миний баруун талын нүдний зовхины доод талын шалбархайнаас шингэн зүйл гоожоод байхаар нь үзэхэд цус байхаар нь Сд хэлсэн. Тэгээд Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт очиж нүдээ үзүүлсэн. Тэгэхэд миний нүдийг “зүгээр байна, доод талд нь бага зэрэг шалбарсан байна” гээд цусыг нь цэвэрлэж өгсөн. Тухайн үед миний хөхөрсөн ямар нэгэн зүйл байгаагүй, мөн өөр ямар нэгэн гэмтэл байгаагүй. Тэгээд эхнэр Ба бид хоёр 04 цаг 30 минутын орчим гэртээ орж унтаж амарсан. Өглөө нь 07 цагийн орчим байх бөөлжмөөр санагдаад унтлагын өрөөнөөс гараад коридорын хивсэнд бүдрээд гутал өмсөхдөө суудаг жижиг сандлыг толгойгоороо мөргөж уначихаад ариун цэврийн өрөөнд бөөлжсөн. Энэ үед миний 2 нүднээс нулимс гараад байхаар нь бөөлжсөн нулимс байна гээд тоогоогүй орондоо ороод эргээд унтсан. 09 цагийн орчим эхнэр Ба “чиний баруун талын нүд чинь яагаад сонин болчихсон юм бэ? Өчигдөр хүмүүстэй уусан гэсэн наад нүд амаа цохиулсан юм биш биз дээ?” гэсэн. Миний хувьд Ц гэх хүнээс хэдэн төгрөг салгаж авъя гэж бодоод шунахайн сэдлээр Цагдаагийн байгууллагад худлаа гомдол гаргасан. Миний хувьд буруу мэдүүлэг өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 65-67/,

-2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хохирогчоор өгсөн: “...Би Цгоос эмчилгээний зардал авах зорилгоор “энэ гэмтлийг Ц учруулсан” гэж түүнээс эмчилгээний зардал авсан юм. Түүнээс яг үнэндээ энэ гэмтлийг Ц учруулаагүй бөгөөд түүнээс мөнгө авсан нь жаахан муухай юм болчихсон. Цгоос хэдэн төгрөг авах гэж л ийм их хугацааны дараа өргөдөл гаргах болсон. Айлгаж байгаад хэдэн төгрөг салгаад авъя гэсэн бодолтой байсан. Миний хувьд худал мэдүүлэг өгсөн үйлдэлдээ хариуцлага хүлээхэд гомдол байхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 162-164/,

-2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хохирогчоор өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 08-ны орой Ц нь гүйгээд явсны дараа миний баруун талын хацар орчимд цус болсон байсан. Тэгээд эмнэлэгт очиж үзүүлэхэд баруун хацар шалбарч цус гарсан байсныг цэвэрлүүлээд явсан. Тухайн үед миний нүд зүгээр байсан. Тэгээд эмнэлэг дээр Цг дуудаж ирүүлээд машинаар гэр лүүгээ хүргүүлсэн. Шөнө унтаж байгаад бөөлжих гэж ариун цэврийн өрөө рүү явах замдаа бүдэрч унаад сууж гутал өмсдөг сандлыг мөргөж унаж нүдээ гэмтээсэн. Манай гэр бүлийнхэн унтаж байсан, эхнэр мэдээгүй. Би тухайн өдөр Ц, С хоёр маргалдсаныг далимдуулан Цоос мөнгө нэхэмжилж авъя гэж бодоод Цагдаагийн байгууллагад “Ц нь намайг цохиж гэмтээсэн” гэж худал мэдүүлэг өгсөн юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 208-209/,

-2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр яллагдагчаар өгсөн: “Хэдэн төгрөг олж авъя гэж бодсон өөрийн буруу бодлоос болоод хүнийг гүтгэж мэдүүлэг өгсөн нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Энэ гэмтлээс болоод хөдөлмөрийн чадвараа алдаж ажлаасаа 2018 оны 3 дугаар сард чөлөөлөгдсөн. Ингээд хөдөлмөрлөх боломжгүй болж санхүүгийн хувьд хүнд байдалд орсон тул цагдаа, шүүх гэж явж байгаад хэдэн төгрөг Цгоос авъя гэж бодоод 2019 оны 02 дугаар сард Цагдаагийн байгууллагад хандсан юм. Тэгээд сүүлд өмгөөлөгч авч болсон асуудлын талаар үнэн зөвийг хэлж зөвлөгөө аваад буруу зүйл хийж байгаагаа ухаарч үнэнээ хүлээсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 224-225/,

-Гэрч Б.Цн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...С, Б, бид 3 алхаж байгаад юунаас болж маргалдсаныг санахгүй байна маргалдаад би Сг хавсарч унагаад Б нь миний мөрнөөс татахаар нь “намайг тавиач” гэж хэлээд Бын цээж рүү түлхээд зугтаасан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 15-16/,

“Би Бтай ямар нэгэн байдлаар маргалдсан зүйл байхгүй. Стэй маргалдаад түүний хөл орчимд хавираад унагаасан. Энэ үед хамт явж байсан Б араас “боль” гээд татахаар нь эргэж хараад түлхсэн. Өөр ямар нэгэн байдлаар цохисон асуудал байхгүй. Ингээд гэртээ ороод унтах гээд хэвтэж байхад С залгаад аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүрээд ир гэж дуудсан. Би очиход Б нь “миний нүд өвдөөд байна. Чи намайг янз бүр болгочихлоо” гэхээр нь таны нүд рүү цохиогүй гэдгийг хэлсэн. Б эхнэрийн хамт “зүгээр байна” гээд гараад ирсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 70-71/,

“...С ах “чи ахыгаа хаяж явлаа” гээд намайг барьж аваад агсарч байхад Б гэх найз нь хажуугаас “больцгоо л доо” гээд салгах гээд ирэхээр нь би “за зүгээрээ ах, та цаашаа байж бай” гэж хэлээд гараараа цээж хэсэг рүү түлхэж цаашлуулсан. Яаралтай түргэн тусламжийн гадаа зогсож байхаар нь чи явж очоод “юу яриад байгаа юм бэ? Би таныг ерөөсөө цохиж зодоогүй биз дээ?” гэхэд “за зүгээрээ ах нь, явцгаая” гэж хэлсэн. Баруун хацрынхаа дээд хэсэгт цагаан лент наачихсан “энд л жаахан шалбарчихаж” гэсэн. Түүнээс биш нүд нь хөхөрч хавдаж гэмтсэн зүйл байгаагүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 212-213/,

“...2017 оны 12 дугаар сарын 08-ны өглөө Стэй Б ахынд очиж уулзахад нүдний цагаан дээр нь хар толбо шиг зүйл үүссэн байсан. Анх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт дуудагдаж очиход хар толбо байгаагүй. Хацрын дээд хэсэгт шалбарч цус гарсныг л цэвэрлүүлж юм наалгаад гарч ирлээ гэж байсан. Би Э.Б гэдэг хүнд өөрийг нь цохиж гэмтээгээгүй гэдгээ тухайн үед зөндөө хэлж тайлбарлаж эмчилгээний зардалд нь бол тус дэм болно гэж хэлсэн. 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр архи уухад нь хамт байсан болохоор хүн гэмтчихээд байхад нь яаж зүгээр байхав гэж бодоод эмчилгээний зардалд нь мөнгө өгч тусалсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 214-215/,

-Гэрч Э.Багийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...эмнэлэгт үзүүлэхэд нүүрэнд нь ил харагдах гэмтэл байгаагүй, баруун нүдний доод зовхи бага зэргийн халцарсан юм шиг шарх байсан. Эмч миний дэргэд үзээд нүдийг нь нээж хараад байсан. Тэр үед бол нүдний цагаан хэсэг зүгээр байсан. Уг нь тэр цөцгий нь гэмтсэн бол тэр үед ч мэдэгдмээр юм гэж бодоод байгаа юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 77-78/,

“...2019 оны зун 7 билүү 8 сард хот руу хуулийн зөвлөгөө авахаар явсан байсан. Тэгээд над руу утсаар яриад надад үнэнээ хэлье гээд “шөнө босож явж байгаад бүдэрч унаад сандал мөргөж өөрөө гэмтсэн” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 218-219/,

 

-Гэрч Б.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Анх Дарханы Нэгдсэн эмнэлэг дээр очиход Бын нүдэнд нь ямар ч гэмтэл байгаагүй. Маргааш өглөө нь гэрийнхэн гадаа очиж уулзахад нүдээ алчуураар дарсан гарч ирсэн. Ямар учраас нүдээ алчуураар дарсныг нь хараагүй мэдээгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 216-217/,

 

-Шинжээч Э.Отгончимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Э.Бын биед үүссэн баруун нүдний торлогийн ховхрол гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсэж болно. Мөн толгойгоор юм мөргөх буюу сандал мөргөх үед нүдний ойролцоо дух, хөмсөг, чамархай, шанаа хэсэгт хүчтэй цохисны улмаас баруун нүдний торлогийн ховхрол гэмтэл нь үүсэж болно. Нүдний торлогийн ховхрол гэмтлийн шалтгаан нь битүү гэмтэл болон нэвтэрсэн гэмтлээс шууд үүсдэг” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 220/,

 

-Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Б, гэрч Б.Ц нарыг нүүрэлдүүлэн байцаасан: “Хохирогч Э.Б – би өмнө худлаа мэдүүлэг өгсөн байсан. Тэгээд сүүлд үнэнээ хэлье гэж бодоод болсон асуудлын талаар өөрөө сандал мөргөсөн талаараа мэдүүлсэн байдаг, Гэрч Б.Ц – Миний хувьд худлаа мэдүүлэг өгсөн асуудал байхгүй. Анх Б гэж хүнийг түлхсэн гэж мэдүүлсэн. Миний хувьд энэ хүнийг цохисон асуудал байхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 124-125/,

“Гэрч Б.Ц – Би Б ахыг ерөөсөө цохиж зодоогүй, Хохирогч Э.Б – Ц намайг түлхсэний дараа нүд зүгээр байсан. Тухайн үед хацар шалбарснаас болоод цус болсон байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 210-211/,

 

-“Э.Б нь 12 дугаар сарын 07-ны өдөр зодуулсан, баруун нүд зовхи цус гарна” гэх Дархан-Уул аймгийн яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэгсдийн бүртгэл /1 дүгээр хавтаст хэргийн 83/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын 214 тоот өрөөнд 14 цаг 05 минутаас 15 цаг 00 минутын хооронд гэрчээр, 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын 214 тоот өрөөнд 15 цаг 48 минутаас 16 цаг 24 минутын хооронд хохирогчоор тус тус мэдүүлэг өгөхдөө мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “Цд баруун нүд рүүгээ цохиулж гэмтсэн...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

 

Иймд шүүгдэгч Э.Быг гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Э.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байх бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийгөө илчилсэн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.5-т тус тус зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн нөхцөл байдлуудыг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд сар бүр 150000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Э.Бт анхааруулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Э.Быг гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б овогт Э.Бт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар шүүгдэгч Э.Бт оногдуулсан торгох ялын 450000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд сард 150000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Э.Бт үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Э.Бт анхааруулсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бт хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Я.ТУУЛ