Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 305

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг, Нефть гудамж 1-10 тоотод оршин суух хаягтай, одоо Замын-Үүд сумын 3-р баг Амандо гудамж 1-14 тоотод түр оршин сууж байгаа, эрхэлсэн тодорхой ажилгүй, Боржигон овогт Ганхуягийн Мөнхзул /РД: ЦХ92050203/-гийн нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг, Нефть гудамж 1-10 тоотод оршин суух, одоо Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо цэргийн хотхон 280 тоотод түр оршин суух, Боржигон овогт Батхүүгийн Мөнх-Эрдэнэ  /РД: МК91102213/-д холбогдох,

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маралмаа, нэхэмжлэгч Г.Мөнхзул нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Мөнхзул шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2009 онд Батхүү овогтой Мөнх-Эрдэнэтэй танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2012 оны 08 дугаар сарын 21-нд хүү Мөнх-Эрдэнэ овогтой Содбилэг төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлт албан ёсоор батлуулаагүй байсан. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. 2014 онд салж тус тусдаа амьдрах болсон юм. Тэр үеэс хойш хүү маань миний асрамжинд амьдарч өсч торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул  Мөнх-Эрдэнийн Содбилэг хүүд тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Мөнх-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Батхүү овогтой Мөнх-Эрдэнэ миний бие нэхэмжлэгч Г.Мөнхзулын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүү М.Содбилэгтээ хүүхдийн тэтгэлэгийг хуульд заасны дагуу төлөх болно. Миний бие Батхүү овогтой Мөнх-Эрдэнэ нь Г.Мөнхзулын нэхэмжлэлтэй өргөдлийг хүлээн зөвшөөрч байна. Шүүх хуралдаанд оролцож чадахгүй тул намайг оролцуулахгүйгээр шийдэж  өгнө үү гэжээ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Г.Мөнхзул нь хариуцагч Б.Мөнх-Эрдэнэээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.Мөнх-Эрдэнэ нь хүүхдийн тэтгэлэг өгөхийг зөвшөөрсөн байна.

Нэхэмжлэгч Г.Мөнхзул, хариуцагч Б.Мөнх-Эрдэнэ нар нь 2009 онд танилцаж хамтран амьдарч байсан. Зохигчдын хамтран амьдрах хугацаанд 2012 оны 08-р сарын 21-нд хүү М.Содбилэгийг төрүүлж, эцэг, эх болон гэр бүлийн эрх, үүргийг үүсгэн хамтран амьдарч байгаад 2014 оноос хойш тусдаа амьдарч, М.Содбилэг нь эхийн асрамжинд үлдсэн нь болох нь зохигчдын тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, өрхийн эмнэлгийн эмчийн тодорхойлолт зэрэг үйл баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч Б.Мөнх-Эрдэнэ нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүлээн зөвшөөрсөн, 2014 оноос хойш тусдаа амдарч байгаа байдлыг харгалзан нэхэмжлэгч Г.Мөнхзулын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2012 оны 08-р сарын 21-нд хүү М.Содбилэгийг сар бүр эцэг Б.Мөнх-Эрдэнээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

2012 оны 08-р сарын 21-нд хүү М.Содбилэг эх Г.Мөнхзулын асрамжинд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг, Нефть гудамж 1-10 тоотод суудаг болох нь тус сумын Засаг даргын тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбар, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, өрхийн эмчийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул хариуцагч Б.Мөнх-Эрдэнэ нэг жилд төлөх хүүхдийн тэтгэлэгийг Дорноговь аймагт мөрдөгдөж буй амьжиргааны доод түвшингийн хэмжээ болох 166.200 төгрөгөөр бодож Улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулах нь зүйтэй байна.

Хариуцагч Б.Мөнх-Эрдэнэ нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул түүний эзгүйд шүүх хуралдааныг хийх хүсэлтээ шүүхэд ирүүлсэн, нэхэмжлэгч нь уг хүсэлтийг хүлээн зөвшөөрч байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2012 оны 08-р сарын 21-нд хүү М.Содбилэгийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18-н нас/ хүртэл амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээгээр эцэг Б.Мөнх-Эрдэнээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28.483 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мөнх-Эрдэнээс 28.483 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Мөнхзулд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Э.БОЛОРМАА