Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 00162

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  Орхон аймгийн Татварын хэлтсийн

                                 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2017/00808 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:  Гликоль ХХК, Э.Эрдэнэбат нарт холбогдох

“Аж ахуй нэгжийн орлогын албан татварын өр 18.309.485 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч Гликоль ХХК-ийн захирал С.Гүрсэдийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан, хариуцагч Гликоль ХХК-ийн захирал С.Гүрсэд, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Гликоль ХХК нь татварын хэлтэст 2009 онд 4379624 тоот регистрийн дугаартайгаар бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 2014 оноос хойшхи аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 1,187,212.8 төгрөгийн албан татварын өртэй байгаа бөгөөд үүсгэн байгуулагдсанаас албан татвар төлөөгүй байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 17,122,272.7 төгрөгийн татвар ногдуулан тайлан гаргасан боловч хуулийн хугацаанд нь төлж барагдуулаагүй байна. Татварын ерөнхий хуулийн 61.2, 33, 62 дугаар зүйлүүдэд заасан шаардлагатай өр барагдуулах ажиллагааг гүйцэтгэн ажилласан боловч өр төлбөрөө барагдуулахгүй байгаа юм. Татварын улсын байцаагч хугацаандаа төлөгдөөгүй татварын өрийг төлүүлэхээр хууль тогтоомжид заасан ажиллагааг шат дараалан хийж гүйцэтгэсэн байгаа.

Иймд Гликоль ХХК-ийн захирал С.Гүрсэдэээс 18,309,485.5 төгрөгийн татварын өрийг гаргуулан төсөвт төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Гликоль ХХК-ийн захирал С.Гүрсэд шүүхэд гаргасан тайлбартаа:

Манай компани 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Хөргөх шингэн үйлдвэрлэл, гадаад дотоод худалдаа зуучлалын чиглэлээр бүртгэгдэн 4379624 тоот регистрийн дугаартай үйл ажиллагаа явуулж ирсэн. Компани нь нэхэмжлэлд дурьдсан 2014 оноос хойшхи аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 1 187 212,8 төгрөгний өртэй байгаа нь үнэн болно. Үүнийг компани хариуцан төлөх ёстой учир хүлээн зөвшөөрч байна. Харин нэхэмжлэлийн шаардлагаас 17 122 272,7 төгрөгийг компани хариуцан төлөх үндэслэл байхгүй юм. Учир нь манай компани 2014 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй юм. Тодруулбал компанийн захирал миний зээ охин хүнд өвчнөөр өвдөж 2014 оноос зээ охиндоо эмчилгээ хийлгэж Улаанбаатар хотод удаан хугацаагаар эмнэлэгт сахиж байсан. Тухайн үед компанийн үйл ажиллагааны тайлан, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг Э.Эрдэнэбат гаргадаг байсан бөгөөд үйл ажиллагааны тайлан, нэмэгдсэн өртгийн албан татварын Х тайланг намайг компаний үйл ажиллагаа явуулахгүй байгаа тул гаргаж байя хэмээн Э.Эрдэнэбат компаний тамга тэмдэг, аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ өөр бусад хологдох бичиг баримтуудыг авч үлдсэн одоо компанийн бүх бичиг баримт тамга тэмдэг, бланкууд Эрдэнэбатад байгаа юм. Ийнхүү компани 2014 оноос үйл ажиллагаа явуулаагүй байтал Э.Эрдэнэбат дураараа аашилж намайг мэдээгүй байхад бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж компанийг 17 122 272 төгрөгний татварын өрөнд оруулсан. Иймд компани хариуцах ёсгүй бөгөөд Эрдэнэбатын дээрх үйлдэл нь гэмт хэрэг байх тул Цагдаагийн газарт гэмт хэргийн талаар гомдол гаргаж уг асуудлыг шийдвэрүүлэх болно гэжээ.

Хариуцагч Э.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Глюколь ХХК-тай ямар нэгэн холбоо байхгүй. Тус компаниас хувьцаа эзэмшдэг, нийгмийн даатгал төлүүлдэг, тайлан тооцоо гаргадаг асуудал байхгүй.Би физикч мэргэжилтэй.Өөр компанийн захирал хийдэг. Татварын хэлтэсийн нэхэмжилж байгаа өр төлбөр нь Глюколь ХХК-тай холбоотой. Хууль хяналтын байгууллагаар шалгуулахад надад татгалзах зүйл байхгүй гэсэн тайлбар гаргасан гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2017/00808 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.2, 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг баримтлан хариуцагч Гликоль ХХК захирал Э.Гүрсэдээс 18 309 485 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэст олгож, хариуцагч Э.Эрдэнэбатад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Гликоль ХХК-иас 249 497 төгрөг гаргуулан Төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч Гликоль ХХК-ийн захирал С.Гүрсэд давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх хуралдаанд нотлох баримт дутуу гаргасан учир ялагдсан. Учир нь Гликоль ХХК-ийн тамга, албан бланк зэрэг нь Эрдэнэбатад байдаг учир би Татварын хэлтсээс албан ёсоор хүсэлт гаргаж нотлох баримтыг цуглуулж чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

                                             ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтсээс хариуцагч Гликоль ХХКомпанид холбогдуулан Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 1.187.212 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 17.122.272 төгрөг нийт 18.309.485 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч тус аймгийн Татварын хэлтсээс Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлд заасны дагуу татвар төлөгчийн хугацаанд нь төлөөгүй татварын өрийг хуульд заасан журмын дагуу барагдуулах, мэдэгдэх хуудас гардуулах, эд хөрөнгийн лавлагаа авах зэрэг холбогдох арга хэмжээ авсан боловч татвар төлөгч өрийг барагдуулаагүй тул шүүхэд хандсан байна.

Нэхэмжлэгч Татварын хэлтсээс хариуцагч Гликоль ХХКомпаниас “татвараа өөрөө тодорхойлж төлөх” аргаар ногдуулж хураадаг татварын өрийг нэхэмжилсэн байх бөгөөд хэрэгт авагдсан аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан зэргээс үзвэл хариуцагч компанид Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 1.187.212 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 17.122.272 төгрөг нийт 18.309.485 төгрөгийн татвар ногдуулсан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Э.Эрдэнэбатад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Хариуцагч Гликоль ХХКомпаний захирал С.Гүрсэд нь нэмэгдсэн өртгийн албан татварыг би хариуцахгүй, Э.Эрдэнэбатад өөрийн компаний тамга тэмдгийг өгсөн, тэр хүн татварын тайлан хийсэн гэж тайлбарлаж байх боловч Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, 43, дугаар зүйлийн 43.1-д зааснаар “...холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, татварын тайланд тусгаж, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр татвар төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу дээрх татварыг өөрөө хариуцан төлөх үүрэг хүлээх ба харин хариуцагч Э.Эрдэнэбат татварын өрийг хариуцах эсэх талаарх гомдлоо зохих газарт гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурьдах нь зүйтэй.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын хүсэлтээр Э.Эрдэнэбатыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар татан оролцуулсан, хариуцагч С.Гүрсэд нь хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гаргах, цуглуулах талаар ямар нэг хүсэлт гаргаагүй байх тул түүний гаргасан “...компаний тамга, тэмдэг Эрдэнэбатад байгаа тул шүүхэд нотлох баримт дутуу гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажилагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв .

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2017/00808 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагч Гликоль ХХК-ийн захирал С.Гүрсэдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Гликоль ХХК-ийн захирал С.Гүрсэдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249.497 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           С.УРАНЧИМЭГ

 

                     ШҮҮГЧИД                                                            Б.БАТТӨР

                                                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ