Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 184/2018/02361/И |
Дугаар | 001/ХТ2020/00659 |
Огноо | 2020-10-08 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 001/ХТ2020/00659
“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 184/ШШ2019/00851 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 958 дугаар магадлалтай,
“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
“Б” ХХК-д холбогдох,
“Худалдах-худалдан авах гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд 46 665 348 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн өмгөөлөгч Т.Бын хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай “М” ХХК нь “Б” ХХК-тай Оросын холбооны улсаас импортлон оруулж ирдэг “Монгол транс” ХХК-ийн гаалийн хяналтын талбайд хадгалагдаж байсан битумаас худалдаж авахаар тохиролцсон. Манай талаас нийт 754.92 тонн битумыг нийлүүлсэн. Хамгийн сүүлд 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ачуулсан 47 ширхэг буюу 45.6 тонн нэг бүр нь 520 ам.долларын үнэ бүхий нийт 23 712 ам.долларын битумын тооцоо хийгдээгүй. Бусад тооцоо бүрэн хийгдсэн байдаг. Хариуцагч талаас сүүлд ирүүлсэн бутим нь чанарын шаардлага хангахгүй байна гэсэн учраас хоёр талаас хүн томилж газар дээр очиж үзсэн. Тэгэхэд чанарын шаардлага хангаагүй гэх 8 ширхэг битумыг үзүүлсэн. Үлдэгдэл битум хаана байгаа вэ гэхэд газарт булсан учраас үзүүлэх боломжгүй гэсэн. “М” ХХК нь тооцооноос 8 ширхэг битум хасаж тооцоход татгалзах зүйлгүй гэдгийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 05 дугаартай албан тоотоор мэдэгдсэн. Тодруулбал чанарын шаардлага хангахгүй өөр битум байгаа бол бидэнд зарлагын падааны дагуу биетээр буцаалт хийсэн тохиолдолд авлагаасаа хасалт хийхэд бэлэн байна гэдгээ удаа дараа мэдэгдэж байсан. Битум нэг бүр нь 0.970 тонн буюу 970 кг жинтэй. Нэг битумын үнэ нь 520 ам.доллар. Манай талаас 8 битумыг чанарын шаардлага хангахгүй гэсэн учраас хассан байгаа. 8 ширхэг битумын нийт жин нь 7.76 тонн буюу үнийн дүн нь 4 035 ам.доллар. Манай талаас үлдэгдэл битумын үнэ болох тухайн үеийн Монгол банкны ханш буюу 2 416 төгрөгөөр тооцож нийт 47 492 947 төгрөгийг хариуцагч “Б” ХХК-иас гаргуулж өгнө үү.
Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад 8 м.куб битум хүрэх эсэх нь мэдэгдэхгүй битумыг газарт булсан зураг байгаа. 47 м.куб битум гэдэг нь маш том зай эзлэх учиртай. Гэтэл хариуцагч талаас газарт булсан битум нь 47 битум хүрэхгүй. Бид 8 битумыг очиж үзэхэд үлдсэн 39 битумыг үзэх шаардлага гаргасан боловч булсан газраа зааж өгөөгүй. Үзлэг хийхэд 39 битум нь хаана байна гэж асуусан. Тэр нь газарт булаагүй, хайлсан байдалтайгаар газар ухаад асгачихсан байдалтай байгаа. Хайлуулж үзсэн юм бол тэр хайлуулсан битум нь хаана байгаа гэдэг нь тодорхойгүй байгаа. Мөн хариуцагч талаас Хятад компанитай битум нийлүүлэх гэрээ хийсэн боловч чанарын шаардлага хангахгүй гэсэн байсан боловч тэр талаарх баримт нь байдаггүй. Оросын холбооны улсаас чанарын шаардлага хангасан битумыг оруулж ирсэн. Бид өөрсдөө худалдан авч байгаа учраас дагалдах бичгийг үзэж оруулж ирсэн байгаа. Үнэхээр манай талын нийлүүлсэн битум бүгд чанарын шаардлага хангахгүй байсан бол тухайн үед нь цаг алдалгүй мэдэгдэх ёстой байсан. Ямар байдлаар чанарын шаардлага хангахгүй байсан гэдэг баримт байхгүй. Үлдэх 39 битум тэр чигээрээ чанарын шаардлага хангаагүй гэсэн үг биш. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлтэй. Хавтаст хэргийн 7 дугаар хуудсанд байгаа баримт болон 8 дугаар хуудсанд байгаа “Б” ХХК-ийн ирүүлсэн баримтаас харахад хариуцагч тал үнийн дүн болон хэмжээний тал дээр маргадаггүй. Би хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг үндэслээд тооцоолол хийгээд 94 080 113 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн байдаг. Энэ нь үнийн дүнгийн 10 хувь юм. Тэгэхээр нийт 940 801 130 төгрөгийн худалдан авалт хийсэн байна. Хариуцагч тал нь нийт 754.62 тонн битумыг худалдаж авсан. Бид тухайн үед байгаагүй учраас 2017 оны 08 дугаар сарын ам.долларын дундаж ханшаар 2 443 төгрөгөөр үржүүлээд үзэхэд нэг бүрийн үнэ нь 511 ам.доллар болж байна. Нэг битумын жин нь 0.970 тонн болж нийт 37.83 тонн битум болж байгаа. Үүний үнэ нь 19 331 ам.доллар буюу нэхэмжлэл гаргах үеийн ханш буюу 2.414 төгрөгөөр үржүүлэхэд 46 665 348 төгрөг болж байна. Нэхэмжлэлийн шаардлагаас зөрүү 821 894 төгрөг болж байна. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагаас 821 864 төгрөгийг хасаж байна гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус компанийн зүгээс 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн ОХУ-д үйлдвэрлэсэн 754.92 тонн битум нийлүүлснээс 40 ш буюу 39.2 тонн битум нь хайрга чулуу ихтэй байсан учир хайлуулах зууханд ашиглах боломжгүй байсан. Тухайн үед уг битумыг хадгалах нөхцөл бололцоо байхгүй учир газарт нүх ухаж булсан нь үнэн болно. Энэ тайлбарыг мэдэгдэж байсан бөгөөд тухайн үеийн бичлэг хийж баримтжуулсан бөгөөд одоо 2 талаас комисс гарган газар дээр нь очиж үзэхэд бэлэн, тоо ёсоороо байгаа болно. Иймд манай компани “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 184/ШШ2019/00851 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-иас 46 665 348 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 395 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б” ХХК-иас 391 276.74 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Б” ХХК-иас шинжээчийн зардалд 576 000 төгрөгийг гаргуулан шинжээч “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ /РД-5645913/-ын хаан банкны 5013170959 тоот дансанд төлүүлж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 958 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 184/ШШ2019/0000851 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн өмгөөлөгч Т.Баас төлсөн 391 277 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Т.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлал нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэн хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ маргааны зүйл болсон битум бодисын шаардлага, худалдах, худалдан авах гэрээний доголдолтой эсэхэд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1. дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Нэхэмжлэгч өөрийн эд хөрөнгийг чанарын шаардлага хангаагүй болохыг өөрөө хүлээн зөвшөөрч, зарим хэсгийг нь гологдол гэж үзсэн байдаг. Гэтэл уг бүтээгдэхүүний чанарыг илтгэсэн ганц л лабораторийн дүгнэлт хэрэгт авагдсан байдаг. Шүүх доголдолгүй гэж үзээд хэргийг шийдвэрлэж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх журмыг ноцтой зөрчсөнд тооцох үндэслэлтэй байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.
“М” ХХК нь “Б” ХХК-д холбогдуулан “Худалдах-худалдан авах гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд 46 665 348 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, ...нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгч “М” ХХК нь “Б” ХХК-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2017 оны 08 дугаар сарын 18-наас 2017 оны 08 дугаар сарын 31-ний хооронд ОХУ-аас оруулж ирсэн, “Монгол транс” ХХК-ийн гаалийн хяналтын талбайд хадгалагдаж байсан битумаас 754.92 тн-ыг борлуулснаас сүүлд нийлүүлсэн 47ш буюу 45.6 тн битумын тооцоо хийгдээгүй, үүнээс чанарын шаардлага хангаагүй 8ш битумыг хасч үлдэгдэл 39ш буюу 37 тн битумын үнэ 46 665 348 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хариуцагч “Б” ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч, 754.92 тн битум нийлүүлснээс 40ш буюу 39.2 тн битум чанарын шаардлага хангаагүй, хайрга, чулуу ихтэй байснаас хайлуулах зууханд ашиглах боломжгүй, хадгалах нөхцөл бололцоо байхгүй байсан тул газарт нүх ухаж булсан, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д нийцжээ.
Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй тул нийлүүлсэн барааны үнийг шаардсан нэхэмжлэлийн шаардлага хууль зөрчөөгүй байна.
Хариуцагч нь барааг хүлээн авсан боловч чанарын шаардлага хангахгүй байгаа талаар мэдэгдэж, талууд газар дээр нь очиж үзлэг хийхэд 8ш битумыг үзүүлснийг худалдагч хүлээн зөвшөөрч, тооцооноос хассан бөгөөд үлдэх битум бүгд чанарын шаардлага хангаагүй гэх тайлбар, татгалзлаа хариуцагч баримтаар нотлоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 40 дүгээр зүйлийн 40.1., .40.2. дахь заалтыг зөрчөөгүй, шүүх хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 254 дүгээр зүйлийн 254.1., 254.6. дахь заалтыг зөв тайлбарлаж хэрэглэжээ.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1., 254.6.-д худалдан авагч нь худалдан авсан эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх шаардлага гаргах эрхтэй бөгөөд энэ эрхээ барааг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор хэрэгжүүлнэ гэж заажээ.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч “Б” ХХК нь “Шинжиан Бэйшин Роуд Энд Бридж Констракшн” ХХК-тай Битум нийлүүлэх гэрээ байгуулж, 2017 оны 08 дугаар сарын 18-наас 31-ний хооронд 1000 тн битум нийлүүлэхээр тохиролцжээ.
“Ш” ХХК-иас хариуцагч “Б” ХХК-д 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн №XJBXLQMNG-17-231 албан тоотод “...тус компаниас нийлүүлсэн битумнээс 40ш битум чанарын шаардлага хангаагүй, энэ талаар өмнө нь албан ёсоор мэдэгдсэн боловч буцаан татах ажиллагаа хийгдээгүйгээс битум нь халуун наранд хайлж, урсах нөхцөл байдал үүсээд байна. Иймд хадгалах боломжгүй байгаа тул орон нутгийн байгаль орчны хамгаалах хэлтсийн шаардлагаар газарт ухаж булсаныг үүгээр мэдэгдэж байна...” гэж бичигдсэн байх боловч “Б” ХХК нь энэ талаар худалдагч “М” ХХК-д тухайн үед мэдэгдэж, битумаа буцаан авахыг шаардаж байснаа баримтаар нотлоогүй, тухайн үед чанарын шаардлага хангаагүй 8ш битумыг үзүүлсэн үйл баримт тогтоогджээ.
Дээрх үйл баримтын талаар шүүх хэрэгт цугларсан баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул “...нотлох баримтыг бүрэн гүйцэд үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй...” гэх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргаантай харилцааг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байна.
Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 184/ШШ2019/00851 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 958 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгч Т.Бын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн өмгөөлөгч Т.Баас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 391 277 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД