Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 22

 

Б.А-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй         

Шүүх хуралдаанд  

Прокурор                                       Д.Энхтуяа    

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Н.Б-маа

Шүүгдэгч                                        Б.А-

Нарийн бичгийн дарга                  Ц.Туяацэцэг нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны 455 дугаар шийтгэх тогтоолтой Б-ын А-т холбогдох 1818006290515 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай Б- овогт Б-ын А-.

Шүүгдэгч Б.А- нь согтуугаар 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдер Дархан-Уул аймгийн Дархан сумын 7-р багийн Майхантын 2-р гудамжны 7-1 дүгээр худгийн орчим хамт архи ууж байсан иргэн Д.С-ын 280.000 төгрөгийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 455 дугаар шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Б- овогт Б-ын А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т заасан "бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэх" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т зааснаар шүүгдэгч Б.А-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Б.А-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2.т зааснаар шүүгдэгч Б.А-ын цагдан хоригдсон 20 /хорь/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1.т зааснаар шүүгдэгч Б.А-аас 280 000 /хоёр зуун наян мянга/ төгрөг гаргуулж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 7-р баг, Майхантын 6-97 тоотод оршин суух хохирогч Д.С- / ********** /-т олгож...,

-Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.А- давж заалдах гомдолдоо:

...Миний бие Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 455 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.2.т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.А-  тайлбартаа:

...Би урьд нь шоронд орж байгаагүй, хөгшин настай хүн болохоор миний бие дийлэхгүй байна. Иймд ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б-маа  тайлбартаа:

....Б.А- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн, өндөр настай зэрэг байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.д зааснаар түүнд оногдуулсан ялыг 1 жил болгон хөнгөрүүлэх боломжтой гэв

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Энхтуяа дүгнэлтдээ:

...Давж заалдах шатны шүүхээс Б.А-т оногдуулсан ялыг хөнгөрүүлэхэд прокурорын зүгээс татгалзах зүйлгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ :

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.А-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх үйл ажиллагааг болон шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасныг баримтлан бүхэлд нь  хянаж үзлээ.

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Б.А-ыг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүний цагдан хоригдсон 20   хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Б.А-аас 280.000 төгрөг гаргуулж, хохирогч Д.С-т олгохоор шийдвэрлэжээ.

Хэргийн нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Б.А- нь 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдер Дархан-Уул аймгийн Дархан сумын 7-р багийн Майхантын 2-р гудамжны 7-1 дүгээр худгийн дэргэд иргэн Д.С-тай хамт дэлгүүрээс “Түмний хишиг” нэртэй архи авч ууж байхдаа түүний халаасанд байсан өндөр насны тэтгэврийн мөнгөнөөс үлдсэн 280 000 төгрөгийг нь түлхэж унаган хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтууд, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримтууд болох шүүгдэгчийн өөрийнх нь ...С-тай хамт архи ууж байхдаа түүнээс мөнгө гуйсан чинь өгөхгүй болохоор нь хойш нь түлхэж унагаагаад өмдний халаасанд нь байсан мөнгийг нь аваад зугтаасан...гэсэн мэдүүлэг,

-хохирогч Д.С-ын ...Тэр өдөр тэтгэврийн мөнгөө аваад махны худалдагч нараас авсан махны өрөө өгөөд 284.000 төгрөг үлдсэн байсан. Харьж явахдаа А-тай тааралдахад “архи аваад өгөөч” гээд шалаад байхаар нь дэлгүүрээс архи аваад хамт уусан. Тэгтэл гэнэт босч ирээд миний өмдний халаас руу гараад хийгээд мөнгийг маань аваад явчихсан. Тэгтэл худгийн авгай гарч ирээд “яаж байгаа юм бэ” гэхэд тэр нарийн гудамжаар ороод яваад өгсөн. Би таягтай болохоор босч чадахгүй хашгираад үлдсэн...гэсэн мэдүүлэг,

-гэрч Д.Цэцэгмаагийн....Би худаг дээр ус түгээж байтал гэнэт С-ыг хамт архи ууж байсан хүн нь дараад авчихсан халаасыг нь уудлаад байсан. Тэгэхээр нь би “хөөе, яаж байгаа юм бэ, настай хүнийг” гэхэд тэр дээрээс нь босоод нарийн гудмаар ороод яваад өгсөн. С- босч ирээд “миний мөнгийг аваад явчихлаа” гэж хэлсэн...гэсэн мэдүүлэг,

-гэрч Ж.Даваа, С.Уакил нарын ...С- нь мөнгөө дээрэмдүүлсэн гээд явж байсан....гэсэн мэдүүлгүүд болон тухайн үед болсон үйл баримтаар нотлогдож тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.А-т холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж,  хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хэмжээний дотор хэлэлцсэн, түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, шүүгдэгчид хуульд заасан ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирчээ.  

Гэхдээ шүүгдэгч Б.А- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө нөхөн төлж барагдуулсан, түүний нас, биеийн байдал, гэм буруугаа ойлгож гэмшсэн зэрэг хувийн байдал, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.т заасныг журамлан энэ хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял хөнгөрүүлж оногдуулах боломжтой байх тул түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг багасгаж, шийтгэх тогтоолд энэ талаар зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.  

Шүүгдэгч Б.А-ын ...ял хөнгөрүүлж өгнө үү... гэсэн гомдлыг хүлээн авах боломжтой байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 455 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг:   

           -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т зааснаар шүүгдэгч Б.А-ыг 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй. гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

          2. Шүүгдэгч Б.А- нь хохирогч Д.С-т 280.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсныг дурдсугай.

          3.  Шүүгдэгч Б.А-ын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.  

          4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.МАНЛАЙБААТАР

                                                                    ШҮҮГЧИД                          Ц.ТУЯА

                                                                                                               Ц.АМАРЖАРГАЛ