Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 020/2014/0510/З |
Дугаар | 221/МА2015/0133 |
Огноо | 2015-03-18 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2015/0133
2015 оны 3 сарын 18 өдөр | Дугаар 133 | Улаанбаатар хот |
“Х” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, О.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 577 дугаар шийдвэртэй, “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн захирал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 600 метр квадрат газрыг шатахуун түгээх станцын зориулалтаар эзэмшиж ирсэн бөгөөд уг газрын эргэн тойронд амьдрагч иргэдийн хүсэлт, шаардлагаар Бид өөрийн санаачилгаар шатахуун түгээх станцыг татан буулгасан билээ. Ингээд дээрх үндэслэлээр өөрийн эзэмшил газрын зориулалтыг өөрчлөн орон сууцны барилга барих зориулалттай болгож өөрчлөх хүсэлтээ дүүргийн Засаг даргад гаргаж, барилгын зураг хийлгэх, материал татан авах, ажлаа эхлүүлэх шатандаа явж байхад 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн өглөө манай газрын барилгын төмөр хашааг дүүргийн Газрын албаны хүмүүс гэх хэсэг хүмүүс хүч хэрэглэн буулгаж эхэлсэн байна. Эдгээр хүмүүс нь энэхүү хууль бус ажиллагаагаа явуулахдаа танай газрыг дүүргийн Засаг дарга хүчингүй болгосон тул газрыг чөлөөлнө гэж тайлбарласан бөгөөд манай компанийг асуудлыг тодруулах, дүүргийн Засаг даргын шийдвэртэй танилцах, улмаар уг шийдвэрийг эс зөвшөөрсөн бол шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хангахгүйгээр манай компанийн эрхийг зөрчсөн үйл ажиллагаа явуулсан болно. Баянзүрх дүүргийн газрын албанаас манай компанийн хашааг ачаад явсны дараа бид тус дүүргийн Газрын албанд хандан дүүргийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/532 дугаар захирамжаар манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож, улмаар мөн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/195 дугаар захирамжаар манай компанийн эзэмшил газрыг хууль бус гэж үзэн компанийн эд хөрөнгийг газраас минь албадан чөлөөлсөн ажиллагаа явуулсан болохыг олж мэдэж, эдгээр шийдвэрүүдийн хуулбар хувийг тус байгууллагаас авсан билээ. Баянзүрх дүүргийн Засаг дарга нь дээрх захирамжуудаа гаргасан талаар манай компанид мэдэгдээгүй бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж заасныг зөрчин манай компанийг гомдол гаргах эрхээр хангаагүй хууль бус ажиллагаа явуулсан байна. Баянзүрх дүүргийн Засаг дарга нь 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/532 дугаар захирамжаараа манай компанийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосон, эсхүл цуцалсан аль эрх зүйн дагавар үүсгэсэн нь тодорхой бусаас гадна, уг шийдвэртээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2, 29.3, 33.1, 37., 39.1.1, 40.1.1, 61.1 дэх заалтуудыг баримталжээ. Гэтэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байх бөгөөд дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж, 37 дугаар зүйлийн 37.1-д Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийг цогцолбороор хөгжүүлэх, хөрөнгө хүч төвлөрүүлэх томоохон асуудлыг Хурал, түүний Тэргүүлэгчид, Засаг дарга нар хамтран хэлэлцэж шийдвэрлэх буюу саналаа холбогдох дээд шатны байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ гэж заасныг манай компанийн газар эзэмших эрх ямар нэг байдлаар холбоотой гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, мөн хуульд 39.1.1, 40.1.1, 61.1 гэсэн хэсэг болон заалт байхгүй байхад ийм заалт баримтлан манай компанийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосон, эсхүл цуцалсан үр дагавар үүсгэсэн хууль бус шийдвэр гаргасан байна. Түүнчлэн Баянзүрх дүүргийн Засаг дарга нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/535 дугаар захирамждаа "дүүргийн Засаг дарга инженерийн шугам сүлжээ бүхий газарт газар эзэмшүүлэх хууль зүйн үндэслэлгүй, газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлэх хуулийн заалтыг зөрчин газар олгосон, газар эзэмших эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас өмнө газар эзэмшигч хугацаа сунгуулах өргөдлөө гаргаагүй байхад газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан гэсэн үндэслэлийг дурджээ. Энд бичсэнээс үзвэл дүүргийн Засаг дарга өөрийн хуульд нийцээгүй ажиллагаанд өөрийгөө буруутгаж байгаагийн хариуцлагыг манай компанид хамаатуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь манай компани газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших хүсэлтээ хуулийн дагуу гаргаж шийдвэрлүүлсэн, харин дүүргийн Засаг даргаас манай компанийн эзэмших газар дээр дуудлага худалдаа огт явуулаагүй өөрөө буруутай атлаа газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлээгүй гэсэн үндэслэлээр манай компанийн газрын эзэмших эрхийг цуцалж байгаа нь Газрын тухай хуульд нийцэхгүй байна. Манай компани шударгаар, төрийн хуулийн дагуу томилогдсон дүүргийн Засаг дарга гэгч албан тушаалтанд хандаж "газар эзэмших" хүсэлтээ гаргасны дагуу уг албан тушаалтан манай компанид газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан тул манай компани нь Иргэний хуулийн дагуу уг газрын шударга эзэмшигч юм. Ийнхүү нэгэнт шударгаар газар эзэмшиж, бид хоорондоо газрын эрх зүйн харилцаа үүсгэсэн бол энэхүү харилцааг болон манай компанийн газар эзэмших эрхийг зөвхөн Газрын тухай хуулийн дагуу дуусгавар болгох, цуцлах ёстой байхад дүүргийн Засаг дарга өмнө олгосон шийдвэрээ хүчингүй болгож байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Иргэний хуулийг зөрчин манай компанийн шударгаар газар эзэмших эрхийг зөрчиж байна. Дүүргийн Засаг дарга нь өөрийн хууль бус шийдвэрийг үндэслэн манай компанийн газар эзэмшлийг дуусгавар болгон, Газрын тухай хуулийн ... заасны дагуу манай компанид урьдчилан мэдэгдэлгүйгээр, улмаар шүүхэд гомдол гаргахыг эрхийг хангахгүйгээр газрыг албадан чөлөөлж, хууль бус ажиллагаа явуулсан нь хууль бус учир эдгээр хууль бус захиргааны актын улмаас манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн тул Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/532 дугаар захирамж болон мөн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/195 дугаар захирамжийг үндэслэн тус компанийн эзэмшил газраас компанийн эд хөрөнгийг албадан чөлөөлсөн ажиллагааг хууль бус болохыг тогтоон тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч нийслэлийн Засаг даргын хариу тайлбарт болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 361 дүгээр захирамжаар 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний ард шатахуун түгээх станц, авто засварын үйлчилгээний зориулалттай 600 м2 газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн бөгөөд дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн A/390 дүгээр захирамжаар уг газрын эзэмших хугацааг сунгасан байдаг. Сунгахдаа зориулалтыг хэвээр үлдээсэн бөгөөд мөн 6 жилийн дараа хугацааг сунгасан байдаг. “Х” ХХК-ийн эзэмшиж байсан газар нь Газрын тухай хуулийг зөрчиж олгогдсон байсан бөгөөд дүүргийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн A/535 дугаар захирамж нь хуулийн дагуу зөрчигдсөн хууль тогтоомжийг дурдсан байгаа бөгөөд 2014 оны A/195 дугаар захирамж нь Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд дүүргийн гудамж талбайн тохижилтыг сайжруулах зорилгоор нийтийн эзэмшлийн газар, зам талбай дээр үйл ажиллагаа явуулж буй зөвшөөрөлгүй баригдсан болон байрлуулсан объектыг буулгах, нүүлгэх шилжүүлэх, төрийн өмчийн газрыг чөлөөлөх, Газрын тухай хууль, Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль зэрэг хууль болон бусад дүрэм, журмыг хэрэгжүүлж шалгах зөрчлийг арилгуулах зорилготой юм. Иймд “Х” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 577 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 37 дугаар зүйл, 40 дүгээр зүйл, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А\532 дугаар захирамж, 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/195 дугаар захирамжийг үндэслэн тус компанийн эзэмшил газраас компанийн эд хөрөнгийг албадан чөлөөлсөн ажиллагааг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 577 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргав.
Шүүхээс маргааны гол зүйл болох газрыг үзэж шалгалгүй хэргийг шийдвэрлэсэн байна. Газрын үзлэгийг хийх бөгөөд бодит байдал дээр маргаан бүхий газар нь яг хаана, ямар байдалтай байгаа болон, яагаад хүчингүй болгосон, хүчингүй болгох үндэслэлтэй эсэхийг шүүхийн журмаар шийдэхэд газрын үзлэг чухал байдаг. Гэтэл үзлэг хийгээгүй нь шүүх хэргийг шийдвэрлэхэд хэргийг бүх талаас нь үнэн бодит шийдвэрлэсэн гэхэд эргэлзээ төрүүлж байна.
Тухайн газар дээр өөр эрх ашиг сонирхол бүхий этгээд байгаа эсэх талаар шалгаж тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь гуравдагч этгээд болох “А” ХХК байсан бөгөөд маргаан бүхий газар дээр өөрийн хөрөнгөөр тохижуулалт хийж хөрөнгө оруулж зориулалтын дагуу буюу нийтийн эзэмшлийн талбай, автомашины зогсоолын зориулалтаар засаж засварласан байдаг. Энэ байдлыг тодруулан шалгахгүйгээр шийдвэрлэсэн “А” ХХК-ийн эрх ашгийг хөндсөн бөгөөд шүүхийн ажиллагаа дутуу хийгдсэн гэх үндэслэлтэй юм.
Шүүхээс газар чөлөөлсөн ажиллагааг хууль бус гэж тогтоосон нь үндэслэлгүй бөгөөд газрыг албадан чөлөөлөхтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг зөрчиж үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд Газрын тухай хуульд заагдсан хугацаатай мэдэгдэл хүргүүлж, шаардлага тавьсны үндсэн дээр газрыг чөлөөлсөн бөгөөд нэхэмжлэгч тал мэдэх боломжгүй байсан гэх тайлбар нотлогдохгүй бөгөөд тухайн газарт мэдэгдэх хуудсаар мэдэгдэх болсон газрыг албадан буулгах үед хашаан дотор айл байсан гэх бөгөөд энэ нь мэдээгүй байх боломжгүй.
Мөн хуулиар зохицуулсан тодорхой заалт байхад гэрээний заалтыг үндэслэн шийдвэрлэсэн нь хуулийг буруу болон хэрэглэж чадаагүй байна гэж үзэж байна.
Иймд, дээрх үндэслэлүүдээр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 577 дугаартай шийдвэрт гомдолтой байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж, дүгнээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Нэхэмжлэгч “Х” ХХК-д шатахуун түгээх станцын зориулалтаар тус дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний ард байршилтай 600 м.кв газрыг эзэмшүүлсэн нь Газрын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Барилгын тухай хууль, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулиудын холбогдох заалтуудыг зөрчсөн нь мэргэжлийн байгууллагын актуудаар тогтоогдсон гэж үзэж Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/535 дугаар захирамжаар дээрх газрыг эзэмшүүлсэн захирамжуудыг хүчингүй болгожээ.
Улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Газар албадан чөлөөлөх тухай” А/195 дугаар захирамжийн дагуу уг газрыг дүүргийн өмч, газрын харилцааны албанаас 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр албадан чөлөөлжээ.
Нэхэмжлэгчээс “...маргаж буй газар дээр шатахуун түгээх станцын зориулалтаар үйл ажиллагаа явуулаагүй орон сууцны барилга барихаар холбогдох ажлуудыг эхлүүлэх шатандаа явж байтал Газрын албаны хүмүүс ирж бидэнд мэдэгдэлгүйгээр “танай газрыг хүчингүй болгосон” гэж хашааг буулган авч явсан байна. Шүүхэд гомдол гаргах эрхийг хангахгүйгээр хууль бус үйл ажиллагаа явуулж, компанийн газар эзэмших эрхийг зөрчсөн...” гэж маргаж байна.
Хариуцагчаас давж заалдах гомдолдоо “...хуульд заасан хугацаатай мэдэгдэл хүргүүлж, шаардлага тавьсны үндсэн дээр газрыг чөлөөлсөн, тухайн газрыг “А” ХХК хөрөнгө оруулалт хийж, нийтийн эзэмшлийн авто зогсоолын зориулалтаар тохижуулсан байсан, хашаан дотор айл байсныг мэдээгүй гэх боломжгүй, хууль бус үйл ажиллагаа явуулаагүй, шүүхээс маргааны гол зүйл болох газрыг үзэж шалгаагүй, тухайн газар дээр өөр эрх ашиг бүхий этгээд байгааг тодруулалгүйгээр шийдвэрлэсэн...” гэжээ.
Маргаж буй газар нь хаана байршилтай, бодит байдалд хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлүүд байгаа эсэх, уг газрыг хүчингүй болгосон үндэслэлүүд болох инженерийн шугам сүлжээ бүхий газарт хамаарч байгаа эсэх, тухайн байршил шатахуун түгээх станцын зориулалтаар эзэмшүүлэхээр дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлэхээр тусгагдсан эсэх, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 0,1 га газар эзэмшүүлэхээр тусгагдсан нь маргаж буй газар байршлын хувьд тохирч байгаа эсэх, дүүргийн Засаг даргын эрх хэмжээний хүрээнд эзэмшүүлж болохоор газар мөн эсэх, захирамжид заасан холбогдох хуулиуд зөрчсөн үйлдэл байгаа эсэх нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүх хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй эсэх, газар чөлөөлсөн ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан эсэх, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй байна.
Нэхэмжлэгчээс газрыг албадан чөлөөлөх ажиллагаа явагдсаныг мэдээгүй гэж, хариуцагчаас газар чөлөөлөх тухай шаардах хуудас, мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч заасан хугацаанд газар чөлөөлөөгүй, хашаанд нь айл байсан, мэдээгүй гэх боломжгүй гэж маргаж байх бөгөөд анхан шатны шүүх хариуцагчаас мэдэгдэл, шаардах хуудсыг хэдийд хаана, хэнд хүргүүлж байсан, нэхэмжлэгч энэ талаар мэдсэн эсэх, чөлөөлөх ажиллагаа явагдаж байхад тухайн хашаанд айл байсан эсэхийг газар чөлөөлөх ажиллагаанд оролцсон хүмүүсээс гэрчээр асууж мэдүүлэг авах замаар, түүнчлэн маргаан бүхий захирамжид дурдсан хууль зөрчсөн гэх зөрчил үндэслэлтэй эсэхийг тухайн газарт үзлэг хийж, нотлох баримт цуглуулж, шалгаж тодруулсны үндсэн дээр хэргийг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл, хариуцагчийн шийдвэр, үйл ажиллагаа хууль ёсны эсэх, нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зөрүүтэй тайлбаруудад үнэн зөв дүгнэлт өгөхийн тулд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Мөн анхан шатны шүүх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/535 дугаар захирамжаар нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байхад шийдвэрийн тогтоох хэсгийн заалтаараа А/532 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь алдаатай болжээ.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр, мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 577 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ