Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 20

 

109/ШШ2020/0020

    

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

 зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

            Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Одонтуяа би, “З” ХХК-ий нэхэмжлэлтэй, А аймгийн Ц сумын Засаг даргад холбогдох

А аймгийн Ц сумын Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/36 дугаар захирамжийн “З” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэрэгт А аймгийн Ц сумын Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 03/462 дугаар албан бичгийг хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “З” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... А аймгийн Ц сумын Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/36 дугаар захирамжийн “З” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү ...” гэжээ.

Хариуцагч А аймгийн Ц сумын Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 03/462 дугаар албан бичигт: “ ... “З” ХХК-ий сумын Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/36 дугаар захирамжийн “З” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх “З” ХХК-иас А аймгийн Ц сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “А аймгийн Ц сумын Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/36 дугаар захирамжийн “З” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Нэхэмжлэгч “З” ХХК-ий  тухайд, Анх А аймгийн Ц сумын Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай” 173 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2.2, 33 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Ц сумын А багийн нутагт аялал жуулчлалын зориулалтаар “З” ХХК-д 2 га газар 15 жилийн хугацаатай эзэмшүүлжээ. /х.х-н 85/

Түүнчлэн 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдөр А аймгийн Ц сумын А баг, Халуун ус гэх газарт аялал жуулчлалын зориулалттай 2 га газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, №0298006 дугаартай гэрчилгээ олгож, 2009, 2011, 2013, 2014, 2017, 2018, 2019 онуудад иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна. /х.х-н 21, 23-26, 89-94/

Улмаар А аймгийн Ц сумын Засаг дарга нь 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/36 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А-626 дугаар дүгнэлтийн дагуу тус сумын А багт газар эзэмших захирамжтай хавсралтад дурдсан иргэдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ. Уг хавсралтийн 9 дугаарт “З” ХХК-ий эзэмших эрх бүхий аялал жуулчлалын зориулалттай 2 га газар багтжээ. /х.х-н 5-6/

Хариуцагч Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “Энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана”, 40 дүгээр зүйлийн 40.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.6.-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.” гэж заасан хуулийн зохицуулалтыг үндэслэж маргаан бүхий актаа гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5., Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3., 4.1.4., дэх заалтуудыг тус тус зөрчжээ.

Мөн А аймгийн Засаг даргын 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн “Зөрчил арилгах тухай” 01/171 дүгээр албан бичигт хавсралтаар хүргүүлсэн ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсан зөрчил дутагдлыг арилгаж, үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуй нэгжийн газрын хэмжээг анхны захирамжийн хүрээнд хүртэл татуулах, хууль бусаар олгогдсон газрыг хүчингүй болгох, байгаль орчин, усны талаар дүрэм журам, зааврыг биелүүлэх арга хэмжээг 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн дотор авч, хариуг ирүүлэхийг мэдэгджээ.

Уг дүгнэлтийн “З” ХХК хэсэгт: 2002 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 05 дугаар захирамжаар С.Т-д халуун усанд 0.5 га газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар олгосон. Тухайн ондоо буюу 2002 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128 дугаар захирамжаар 1500м2 газрыг үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар С.Т-д олгосон бөгөөд нийтдээ 6500м2 болсон байна. 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 173 дугаар захирамжаар “З” ХХК-д 2 га газрыг 15 жилийн хугацаагаар А багийн нутагт 15 жилийн хугацаагаар газар эзэмших эрхийг баталгаажуулсан. Гэрчилгээ олгохдоо 2011 оны 10 дугаар сарын 10-ны  өдрийн 173 дугаар захирамжийг үндэслэн аялал жуулчлалын зориулалттай газрыг 2 га болгон бичсэн байна. С.Т-с “З” ХХК-руу шилжүүлсэн захирамж гаргалгүйгээр шууд гэрчилгээ дээр нэмж бичсэн. “З” ХХК нь аялал жуулчлалын зориулалттай газар байхгүй бөгөөд хүлэмж, нарийн ногооны зориулалтаар олгогдсон газар дээр аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж байна гэж дурдсан дүгнэлтийг үндэслэн А аймгийн Ц сумын Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/36 дугаар захирамжаар “З” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус болжээ /х.х-н 64-77/

Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А аймгийн Ц сумын Засаг даргаас 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх тухай” 03/462 дугаар албан бичгийг шүүхэд ирүүлж, “З” ХХК-ий А аймгийн Ц сумын Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/36 дугаар захирамжийн “З” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ./х.х 137/

Хариуцагч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх..., мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан хуулийн зохицуулалттай нийцсэн байна.

Иймд хариуцагч А аймгийн Ц сумын Засаг дарга нэхэмжлэгч “З” ХХК-ий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн хэргийн оролцогч нарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулж, баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1., 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгох

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5., Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3., 4.1.4., 61 дүгээр зүйлийн 61.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “З” ХХК-иас А аймгийн Ц сумын Засаг даргад холбогдуулан гаргасан  “А аймгийн Ц сумын Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/36 дугаар захирамжийн “З” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хариуцагч А аймгийн Ц сумын Засаг дарга бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, “З” ХХК-ий нэхэмжлэлтэй, А аймгийн Ц сумын Засаг даргад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, А аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “З” ХХК-д олгосугай. 

3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.ОДОНТУЯА