Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 154/2018/00048

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Түвшинжаргал даргалж,

        Улсын яллагчаар хяналтын прокурор З.Алтансолонго

        Нарийн бичгийн дарга Н.Алтантуяа

        Шүүгдэгч Х.Мөнхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Х.Мөнхбаатарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1837000000044 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1963 оны 10 сарын 28-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ховд аймгийн Мөст сумын Улаантолгой багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай******* овогт*******гийн*******.

        Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

        Шүүгдэгч Х.Мөнхбаатар нь Ховд аймгийн Мөст сумын Улаантолгой багийн нутаг дэвсгэрт 2018 оны 7 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Н.Баатарболдтой хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг нүүрэн тус газарт зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

       Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжпэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:Шүүгдэгч Х.Мөнхбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би 2018 оны 07 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө сумын төвд тоглолт үзчихээд тараад дээшээ

гэрлүүгээ явах замдаа Баатарболдын гэрт орсон. Баатарболд, Мянгандаваа нар унтаж байсан. Тухайн үед би Баатарболдыг чи тасарчихсан юм уу гээд ханцуйнаас нь татаад сэрээхэд Баатарболд гэнэт хажууд байсан жижиг ширээгээр цохиод авахаар нь би эргүүлээд нэг удаа цохьсон. Дахиад бид хоёр маргалдаад би Н.Баатарболдын нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохьсон. Намайг цохисны дараа Н.Баатарболдын нүд нь хавдаж, шүд нь унасан байсан. Эмчилгээ хийлгэ, шүдээ янзлуулаад ир гээд мөнгө өгье гэсэн боловч аваагүй” гэх мэдүүлэг,

           Шүүгдэгч Х.Мөнхбаатарын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Тэгээд явж байгаад Н.Баатарболдын гэр гэрэлтэй байхаар нь тэднийд ороход ангийнхан нийлж байгаа гээд архи ууцгааж байсан. Тэнд бид хоёр жаахан суугаад хийж өгсөн архинаас нь ууж байгаад гарсан. Тэдний гадна мотоцикль дээр нь Отгонбаярыг үлдээгээд би өөрөө тэдний хашаа руу машинтайгаа ороод гэрт нь орсон. Гэрт нь ороод Баатарболдыг чи тасарчихсан юм уу гээд ханцуйнаас нь татаад сэрээхэд тэр гэнэт хажуудаа байсан жижиг ширээгээр намайг цохиод босоод ирэхээр нь чи яаж байгаа юм бэ гээд бид хоёр гэрт нь зодолдоод бид хоёр барилцаад гэрээс гараад зодолдож байхад Отгонбаяр, Мянгандаваа нар бид хоёрыгсалгасан. Би Н.Баатарболдын нүүр, нүд, шүдрүү нь гараараа хэдэн удаа цохиход түүний нүд хавдаж, амнаас нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг,

         Гэрч Л.Мянгандаваагийн хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Мөст сумын Улаантолгой багийн нутаг дэвсгэрт 2018 оны 07 сарын 23-24-нд шилжих шөнө манайд манай ангийнхан нийлээд сууж байтал гаднаас******* ах Отгонбаяр хоёр орж ирээд гараад явсан. Тэгээд манай ангийнхан манайхаас гараад явахаар нь том өрөөнд ороод унтаж байтал шөнийн 04 цагийн үед гэр дотор зодолдох чимээ гарахаар нь сэрээд ирсэн манай нөхөр Баатарболд******* ах хоёр барилцчихсан Баатарболдын нүүр цус болчихсон манай Мөст сумынхан аллаа гээд хашгираад барилцаад гэрээс гарсан тэгээд би босоод араас нь гарсан чинь******* ах Баатарболдыг дараад авчихсан Отгонбаяр хажуунаас цохих гээд дайрч байхад нь Отгонбаярыг татаж аваад болиулсан тэгээд Баатарболдыг салгаж аваад гэр лүүгээ оруулсан тэгээд*******, Отгонбаяр нар яваад өгсөн...” гэх мэдүүлэг,

            Гэрч Б.Отгонбаярын “...Ховд аймгийн Мөст сумын Улаантолгой багийн нутаг дэвсгэрт 2018 оны 07 сарын 23-24-нд шилжих шөнө******* ахтай архи уугаад архи дуусахаар нь******* ах Баатарболдын гэрлүү шөнийн 04 цагийн үед орсон тэгээд араас Баатарболдын гэрт ороход******* ах Баатарболд хоёр нэг нэгийгээ заамдаад авчихсан байсан. Тэгээд тэр хоёр гэрээс гараад******* ах Баатарболдыг цохиодавсан тэгэхээр нь би салгах гээд хоёр гарыг нь тавиулаад******* ахыг аваад машинд суулгасан.******* ах Баатарболдын шанаалуу гараараа нэг удаа цохисон. Гэрт юу болсоныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг,

              2018 оны 08 сарын 01-ний өдрийн 419 дугаартай “....Н.Баатарболдын биед гэмтэл учирсан байна, Н.Баатарболдын биед тархи доргилт, 2 нүдний доод зовхинд тус бүр 2x1 см бус хуралтууд, доод эгнээний үүдэн хэсгийн баруун 1-р шүд уналт, зүүн доод 2, 3-р шүднүүдийн сулрал, цээжний урд хэсэгт 2x0,5 см өнгөц зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Н.Баатарболдын биед учирсан дээрх гэмтэл нь цохигдох мөргөлдөх, унах үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, Н.Баатарболдын биед учирсан дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарна. Н.Баатарболдын биед учирсан дээрх гэмтлүүд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт,

             Хохирогч Н.Баатарболдын: “...2018 оны 07 сарын 23-24-нд шилжих шөнө Би Ховд аймгийн Мөст сумын Улаантолгой багийн нутагт байрлах гэртээ унтаж байтал шөнө 04 цагийн орчимд нэг хүн манай гэрт орж ирээд миний нүүрэн дээр дэвсчихсэн, би юу болж байна гээд босоод харахад Мөст сумын иргэн******* гэх хүн байсан, би гэрээс гараад чи яагаад хүн цохиж байгаа юм бэ? гэхэд гэрийн гадна би чамайг ална гэж хэлээд нүүрлүү гараараа нэг удаа цохиод намайг тонгойход бас гараараа цээж хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд бид хоёр барилцаж аваад байж байтал Отгонбаяр гэх хүн бас хажуунаас дайрч байсан. Энэ үед манай эхнэр Мянгандаваа гэрээс гарч ирээд бид нарыгсалгасан..., Х.Мөнхбаатар нь миний нүүрэн дээр нэг удаа хөлөөрөө дэвсэж, нүүрлүү нэг удаа гараараа цохиж бас нэг удаа гараараа элэгдсэн. Б.Отгонбаяр нь над руу тухайн үед дайрч байсан боловч намайг цохиж амжаагүй...., Миний үүдэн нэг шүд унаж, 2 шүд хөдөлгөөн орж 2 нүдэнд цус хурсан...” гэх мэдүүлэг,

          - Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

           Эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэллээ.

          Шүүгдэгч Х.Мөнхбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

         Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдпыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыгхүндрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэл тогтоогдохгүй байгааг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.

          Шүүгдэгч Х.Мөнхбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1,36.8*дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Гөрөөчин овогт*******гийн*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мөнхбаатарыг дөрвөн зуун тавин нэгж буюу 450.000 /Дөрвөн зуун тавин мянга /төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

          З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Х.Мөнхбаатар нь оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

           4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Х.Мөнхбаатар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

           5.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Х.Мөнхбаатарын согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.

            6.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

           7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар эд хөрөнгө битүүмжлэх тухай 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 54 дугаартай 6000.000 /зургаан сая/ төгрөгний үнэлгээтэй “М155АЫ Х-ТгаП” маркийн 92-46 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

 

           8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          9. Давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчинтэй болтол шүүгдэгч Х.Мөнхбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Л.ТҮВШИНЖАРГАЛ