| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2017/0313/И |
| Дугаар | 301 |
| Огноо | 2017-11-22 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, Эцэг тогтоосон, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 301
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг оршин суух, Б овогт О.Н-н хүсэлттэй
“З.О-тай хамтын амьдралтай байснаа, хүү З эцгээр З.О-г тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч О.Н, гэрч Г.О, З.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч О.Н шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд: “Миний бие нь З.О-тай 2008 оны 07 сард танилцаж, 2009 оны 08 сараас хамтран амьдарч эхэлсэн. 2010 оны 07 дугаар сарын 07-нд хүү Н.З нь төрсөн юм. Тэр цагаас хойш бид хоёр нэг гэрт хамтран амьдарч хилийн цэргийн 0168, 0146, 0285, 0130 дугаар ангиудад ажилласан. Нөхөр маань 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэж яваад ослоор нас барсан. Бид хоёр энэ хугацаанд хилийн цэргийн байранд хамт амьдарч байсан. Хоёулаа мөнгөн хуримаа хийхдээ гэрлэлтээ батлуулна гэж байсан юм. Бид байнга нэг газраа суурин байдаггүй ийш тийшээ их явдаг байсан учраас хуримаа хийх боломж олдоогүй юм. Хүү Н.З-д тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох болсон тул бид хоёрыг 2009 оноос 2017 оны 05 дугаар сарыг хүртэл хамтран амьдарч байсныг тогтоож, Н.З-г З.О-н хүүхэд мөн болохыг тогтоож өгнө үү. Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан учраас хүү маань надаар овоглож төрсний гэрчилгээг нь авсан юм” гэв.
Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч О.Н нь асан М овогт З.О-тай хамтын амьдралтай байснаа мөн хүү Н.З-н эцгээр З.О-г тогтоолгох хүсэлтүүдийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч О.Н, асан З.О нар нь 2008 онд танилцаж, 2009 оноос хамт амьдарсан, тэдний хамтын амьдралын хугацаанд хүү Н.З нь 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, асан З.О нь 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр нас барсан болох нь гэрч асан З.О-н төрсөн эгч З.О-н “...2009 оноос О.Н нь манай дүүтэй хамт амьдарч, тэдний дундаас хүү З төрсөн нь үнэн. Дүү маань ажлаа хийж яваад нас барсан. Дүү маань тагнуулын байгууллагад ажилладаг болохоор ийш тийшээ их явдаг, О.Н нь мөн дагаад л явдаг байсан...” гэсэн, гэрч Г.О “...миний охин 2009 оноос З.О-тай хамт амьдарч, ажиллаж байсан. Хамт амьдарч байхдаа хүү З төрсөн. Бид 2009 оноос 2011 он хүртэл хамт амьдарч байсан...” гэсэн мэдүүлгүүд, нас барсны гэрчилгээний хуулбар, хүү З-н төрсний гэрчилгээний хуулбар, тэдний хамт амьдарч байхдаа авахуулсан гэр бүлийн болон асан З.О, О.Н нарын цуг авахуулсан фото зураг зэргээр нотлогдон тогтоогдож байна. Иймд хүсэлт гаргагч О.Н, асан З.О нарыг 2009 оноос 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байсан, 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү З-н эцэг асан З.О мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтүүдийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Б овогт О.Н, асан М овогт З.О нарыг 2009 оноос 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-т зааснаар 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Н.З-г эцэг М овогт З.О нь мөн болохыг тогтоосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ