Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 306

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандах би

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар баг оршин суух, Б овогт Л.Ө-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг оршин суух, Ө овогт Ч.М-д холбогдох

“450,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Ө нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ч.М-с өмнө нь манай нөхөр истанагийн хропоо зарах талаар асууж байсан. 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр манай нөхөр Н рүү Ч.М утсаар яриад истанагийн хроп асуугаад байсан биз дээ өнөөдөр авна гэвэл бэлэн 500,000 төгрөг өгөөд ав гэж ярихаар нь 450,000 төгрөг л байна гэхэд ав ав манай дүү Г Сайншандад байгаа тайлуулаад авчих гэхээр нь 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Ч.М данс руу Истана маркийн машины хропны үнэ болох 450,000 төгрөгийг шилжүүлсэн юм. Ч.М дүү Г-с истанагийн хроп гэж өгсөн сэлбэгийг нь 2017 оны 08 дугаар сарын эхээр авсан. Уг сэлбэгийг авч ирээд Улаанбаатар хотод хроп нь эвдэрсэн байсан машиндаа авч очоод тавих гэхэд уг хропных нь дотор талынх нь араа шүд нь байхгүй, ямар ч ашиглаж болохооргүй байсан. Тэгээд энэ нөхцөл байдлыг Ч.М-д хэлээд буцаая гэхэд манай дүү Г та нарт тайлж өгсөн болохоор надад мэдэх зүйл алга гэсэн. Ч.М дүү Г руу ашиглаж болохгүй байна. Доторх араа шүд нь алга гэхэд надад мэдэх зүйл алга Ч.М ахыг тайлаад өгчих гэсэн болохоор л тайлж өгсөн гээд нэг нэг рүүгээ чихээд байсан. Дахин Ч.М руу залгаад мөнгө төгрөгөө авъя, эвдэрхий хропыг чинь буцаая гэхэд өөдөөс зохисгүй үг хэлээр доромжлоод би тагнуулд ажиллаж байсан гэсэн зүйлийг ярьж сүрдүүлэх байдлаар хандаж эхэлсэн. Би Ч.М-тай эв зүйгээр ярилцаад учир нөхцлийг нь хэлэх хүртэл хүний үг хэлийг сонсохгүй, эвдэрхий хроп өгснөө ч хүлээн зөвшөөрөхгүй байдаг. Миний хувьд худалдан авсан эд зүйл нь доголдолтой, хэрэглэж болохооргүй, хропны дотор талын эд анги болох араа шүд нь байхгүй байгаа болохоор Ч.М-с авсан эвдэрхий хропыг нь буцаан өгч хропны үнэ гэж шилжүүлсэн 450,000 төгрөгөө гаргуулан авах хүсэлтэй байна” гэжээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: “...Л овогтой Ө миний бие шүүхэд Ч.М-с 450,000 төгрөг авахаар нэхэмжлэл гаргасан. Шүүх хянан шийдвэрлэх явцад Ч.М-тай харилцан ярилцаад 450,000 төгрөгнөөс 300,000 төгрөгийг хаан банкны дансанд 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор Ч.М нь өгөхөөр тохиролцов. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч Л.Ө нь хариуцагч Ч.М-д холбогдуулан худалдан авсан машины сэлбэгний үнэ 450,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Л.Ө, хариуцагч Ч.М нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага болох 450,000  төгрөгнөөс 300,000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, нэхэмжлэгч 150,000 төгрөгнөөс татгалзсан байна.

Зохигчид эвлэрэхдээ хариуцагч Ч.М нь Л.Ө-т 300,000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож гарын үсгээ зурцгаасан байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Л.Ө-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,150 төгрөгнөөс 50 хувь болох 7,075 төгрөгийг төрийн сангаас, хариуцагчаас зохигчдын эвлэрсэн 300,000 төгрөгөнд тохирох тэмдэгтийн хураамж 9,650 төгрөгнөөс 50 хувь болох 4,825 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна..

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74   дүгээр зүйлийн 74.1,  74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Л.Ө, хариуцагч Ч.М нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 300,000 /гурван зуун мянган/ төгрөгийн хэмжээнд эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банкны 100061400941 тоот дансанд 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн 14,150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 7,075 төгрөг, хариуцагч Ч.М-с 4,825 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Л.Ө-т олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ    Б.НАРМАНДАХ