Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2015/0302

 

Иргэн Т.Х-ын  нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.М даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгч Т.Х , хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.А  нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 19 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Т.Х-ын  нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хэнтий аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дүгээр тогтоол, Хэнтий аймгийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/04 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь өөрөө иргэдэд үйлчлэх иргэдээс сонгогдсон байгууллага учраас хуулийнхаа дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Намаас хүн нэр дэвшүүлнэ гэсэн зүйл энэ хуульд нэг ч байхгүй. Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т сумын намын зөвлөлөөс гаргасан хүнийг нэр дэвшүүлнэ гэсэн нэг ч үг байхгүй. Энэ хуульд тухайн хурал дахь намыг бүлэг буюу төлөөлөгч нэр дэвшүүлж болно гэсэн байдаг. Тэгэхээр энэ хүний нэхэмжлэлийн шаардлага үндсэндээ буруу юм. Энэ хүн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан эрхийг ноцтой зөрчсөн гэж хэлж байна. Энэ хүнийг хуралд суугаад би саналаа гаргая, саналаа хураалгая, оролцъё гэхэд нь хурлаас үгүй гэсэн зүйл байхгүй. Хурлыг 15 цагт зарласан. Зарлаад энэ хүн рүү залгахад утас нь холбогдохгүй байхаар нь мэссеж бичээд орхисон байна. Хуралд байхгүй байгаа хүн болгоныг хүлээж хурал хийнэ гэвэл хурлын үйл ажиллагаа явагдахгүй. Олонхоороо тухайн асуудлыг шийдсэн. Түүнээс биш хааж боосон зүйл огт байхгүй, Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Хэнтий аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг өнөөдрийг хүртэл хүчингүй, хууль бус болох талаар ямар нэгэн байгууллага, эрх бүхий албан тушаалтан албан ёсоор аймгийн Засаг даргад мэдэгдээгүй. Иймд аймгийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/04 дүгээр ажилд томилох тухай захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь Бор-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын даргаар ажиллаж байгаад 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын хуралдаанаар сумын Засаг даргад нэр дэвшсэн. Аймгийн Засаг дарга 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн албан бичгээрээ давхар ажил эрхлэлттэй холбоотойгоор хуулийн заалт зөрчсөн байна гэсэн. Үүний дагуу 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын хуралдаанд өөрийн хүсэлтээр ажлаа өгч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар иргэдийн Төлөөлөгчийн Хурал дахь намын бүлгээс дахин нэр дэвшиж, аймгийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/04 дүгээр захирамжаар сумын Засаг даргаар томилогдсон. Миний хувьд хууль тогтоомжийн дагуу нэр дэвшиж сонгогдсон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 19 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 04 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1.Г, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-д тус тус заасныг баримтлан Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дүгээр тогтоол, Хэнтий аймгийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/04 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 38-24 тоот оршин суух Т.Х-ын  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О давж заалдах гомдолдоо: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Ардчилсан намын зөвлөлийн 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаас Д.Э , Т.Х  нарын нэрийг сумын Засаг даргад нэр дэвшүүлэн олонхийн саналаар Т.Х ыг Засаг даргад нэр дэвшүүлэхийг тус сумын Хурал дахь намын бүлэгтээ даалгасан атал 2015 оны 01 дүгээр сарын 05-ны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаан дээр намын бүлэг завсарлага аван тусдаа хуралдаж Ардчилсан намын үндсэн дүрэм, Улс төрийн албан тушаалтанд нэр дэвшигчийг тодруулах журмаа зөрчин Хурлын дарга Д.Э-ийн нэрийг дэвшүүлсэн бөгөөд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас түүнийг олонхийн санал авсан гэж Засаг даргаар томилуулахаар санал уламжилсныг аймгийн Засаг дарга 9/50 дугаар албан бичгээр томилохоос татгалзсан. Ингээд Хурлын төлөөлөгч Т.Х ыг Улаанбаатар хотод байх үед нь буюу 01 дүгээр сарын 12-нд сумын Хурлын нарийн бичгийн дарга оройн цагаар Хурлын ээлжит бус хуралдааны зарыг мэдэгдэхэд төлөөлөгч Т.Х  засаг даргад нэр дэвшүүлэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхэд өөрийн биеэр байлцах тул хойшлуулж өгөхийг хүсч хүсэлт илгээсэн боловч 01 сарын 13-нд иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж хүсэлтийг нь хангаагүй, Хурлын дарга Д.Э  миний бие Засаг даргад нэр дэвшсэн тул чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байна, нэр дэвших боломжоор хангаж өгнө үү гээд асуудлыг санаачлан оруулж хэлэлцүүлсэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3-т заасныг зөрчсөн. Мөн ийнхүү хуралдаан эхэлмэгц нэр дэвшүүлэхтэй холбоотой асуудал хэлэлцэж эхлээгүй байхад Хурлын дарга Д.Э  би нэр дэвшсэн гэж чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байгаа нь 01 дүгээр сарын 05-ны хуралдааны тогтоолыг үндэслэж чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан гэж ойлгогдохоор, энэ асуудлыг хэлэлцсэний дараа Хурлын төлөөлөгч Б.О Ардчилсан намын бүлгээс Д.Э-ийн нэрийг дэвшүүлж байна гэсэн /хуралдааны тэмдэглэлээс үзэхэд/ байгаа боловч намын бүлгээс дахин нэр дэвшүүлсэн гэж үзэх боломжгүй. Шүүх төлөөлөгч Б.О нэр дэвшүүлсэн нь хуулийн дагуу гэж дүгнэсэн нь нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн гэж үзэж байна. Хэрэв Д.Э-ийн нэрийг дахин албан ёсоор дэвшүүлж байгаа бол санал хураагаад олонхийн санал авсны дараа Хурлын даргаас нь чөлөөлөх ёстой атал эсрэгээрээ байгаа нь 01 дүгээр сарын 05-ны ээлжит бус хуралдааны тогтоолыг үндэслэсэн гэж үзэхээр байна. Мөн Д.Э-г Хурлын даргын албан тушаал хашиж байгаа тул Засаг даргаар томилохоос татгалзаад байхад дахин өөр хүний нэр дэвшүүлэх ёстой. Тухайлбал, 01 дүгээр сарын 04-ний Ардчилсан намын зөвлөлийн хуралдааны тогтоолоо үндэслээд Т.Х-ын  нэрийг дэвшүүлж болох байсан.

Иймд 01 дүгээр сарын 13-ны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 04 дүгээр тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.2-т заасныг зөрчсөн.

Мөн дээрх хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-12.1.3-т заасан Хурлын төлөөлөгч Т.Х  бүрэн эрх хөндөгдсөн, тус хуралдаанд оролцох боломж олгоогүй, мөн Улс төрийн намын тухай хуулийн 11.2.3-т намын дүрэмд дараах нийтлэг зүйлийг тусгана: ...гишүүний эрх, үүрэг гэж Үүнийг үндэслэн намын дүрмийн 3 дугаар бүлэгт гишүүн, түүний эрх, үүрэг 3.3.1-д Үндсэн дүрэм, түүнд нийцүүлэн гаргасан бусад журам, шийдвэрийг дагаж мөрдөх үүрэгтэй гэж заасан. Хурал дахь намын бүлгийнхэн намын гишүүнийхээ хувьд тухайн намынхаа дүрэм журмыг мөрдөх ёстой. Ардчилсан намын үндсэн дүрмийн 3.2.1 дэх заалтаар гишүүн нь намын боловсон хүчний хувьд намын эрх бүхий байгууллагын дэмжлэгээр улс төрийн албан тушаалд нэр дэвших, сонгох, сонгогдох эрхтэй гэж заасан. Хуулиар намын бүлэг дотроо хэрхэн улс төрийн албан тушаалд нэр дэвшүүлэх талаар зохицуулаагүй тул Улс төрийн албан тушаалд нэр дэвшигчийг тодруулах журмын 3.5.3 бусад тохиолдолд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг тухайн шатны намын хороо шийдвэрлэнэ гэж заасныг намын бүлэг баримтлах ёстой. Иймд нэхэмжлэгч Т.Х-ын  Хурлын төлөөлөгчийн хувьд эдлэх эрх, мөн намын гишүүний хувьд эдлэх эдгээр эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн атал шүүх нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй гэж дүгнэсэн.

Мөн аймгийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны Б/04 дүгээр захирамж нь дээрх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааны 04 дүгээр хууль бус тогтоолыг үндэслэсэн тул мөн хууль бус гэж үзэж байна. Шүүх эдгээр актуудыг хууль зөрчөөгүй гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь нотлох баримтыг буруу үнэлсэн, хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 13-ны 04 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгчээс Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дүгээр тогтоол, Хэнтий аймгийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/04 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанд төлөөлөгч Б.О сумын Засаг даргад Д.Э-ийн нэрийг дэвшүүлсэн нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 /Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно/, Д.Э-г Засаг даргаар томилуулах саналыг аймгийн Засаг даргад уламжлахаар тогтоосон нь мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 /Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ/, 18.1.1.г/ /Засаг даргыг томилуулах, чөлөөлөх болон огцруулах санал гаргаж аймаг нийслэлийн Засаг даргад уламжлах/-д заасныг зөрчөөгүй байна.

 

Түүнчлэн сумын Засаг даргаар томилуулах нэр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 29 төлөөлөгчийн 20 төлөөлөгч оролцсон хуралдаанаас 18 төлөөлөгч буюу 90 хувийн саналаар сонгосон нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.7 /сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно/, 25 дугаар зүйлийн 25.1 /Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална/-д нийцсэн бөгөөд нэхэмжлэгчийн иргэдийн төлөөлөгчийн бүрэн эрхийг эдлэх боломж олгоогүй гэх гомдол үндэслэлгүй байна.

 

Иймд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд энэ тогтоолыг үндэслэсэн аймгийн Засаг даргын Д.Э-г Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргаар томилсон 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/04 дүгээр захирамж хуульд нийцжээ.

 

Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Захиргааны хэргийн анхан шатны 19 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.М

 

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

 

ШҮҮГЧ Д.БАТБААТАР